Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөх нуурын үзэсгэлэнт газрыг тольдож болох үзэсгэлэн нээгдлээ


А.АКЭРКЭ


Чинхай буюу Хөх нуурын хүн амын 54 хувийг хятад, 21 хувийг нь Төвд, 16 хувийг нь хотонгууд, дөрвөн хувийг нь монгол, үлдсэн таван хувийг нь бусад үндэстэн ястнууд бүрдүүлж байдаг аж. 2005 оны байдлаар 86 мянга орчим монгол амьдарч буйг нь тогтоосон байдаг. 1509 онд Өмнөд Монголын нэгэн ноён өөрийн цэргийг авч Хөх нуурт довтлон орж суурьшсан нь Их Монгол Улсаас хойш монголчууд Хөх нуур орчмыг захирах болсон анхны тохиолдол болсон гэдэг. Энэ мэт олон үүх, түүхтэй Хөх нуурын өв соёл, ёс заншилтай танилцаж болох “Үзэсгэлэнт Чинхай” фото зургийн үзэсгэлэн өчигдөр Централ тауерын долоон давхарт байрлах Хятадын Соёлын төвд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, Чинхай мужийн соёлын болон хэвлэл мэдээллийн танхим хамтран зохион байгуулж буй бөгөөд урлагийн тоглолтын нээлтийн арга хэмжээ ч болсон юм. Мөн энэ үеэр Хятадын Соёлын төв болон Архангай аймаг “Хятадын Соёлын баяр”-ыг хамтран зохион байгуулах болсноо дуулгаж гэрээнд гарын үсэг зурав.

Үзэсгэлэнд Чинхай мужтай холбоотой фото зургуудыг монгол тайлбартайгаар тавьсан  байлаа. Тухайлбал, “Ус болон амьд бие концерт” хэмээх зурагт “Хятадын Засгийн газар болон ард түмний “Үзэсгэлэнт Хятад улс” гэсэн мөрөөдлийг дамжуулах үүднээс Чинхай мужийн Засгийн газар болон байгаль орчныг хамгаалах зорилгыг биелүүлэхээр тус мужид жил бүр шар мөрний хөвөөнд “Дэлхийн цөлжилт болон ган гачигаас сэргийлэх” тусгай сэдэвт концертоор нийт долоон удаагийн тоглолт хийсэн. Ийнхүү Чинхай муж нь эх орон, хүн төрөлхтөн, хойч үедээ дэлхийтэйгээ харилцан зохицох, ус болон амьд биеийг хайрлан хамгаалах хариуцлагыг илэрхийлж хүргэдэг” гэжээ. Энэ мэтээр 40 фото зургийг тайлбарын хамт тавьсан байв.

Түүнчлэн шүтээн зургийг даавуун дээр байгалийн шороон будаг болон есөн эрдэнийн будгаар өнгийн зураасаар бүтээдэг Танка  урлагийг цөм болгосон үндэсний соёлын брэндийг бий болгохын тулд тус мужийн Засгийн газраас “Чинхайн олон улсын Танка урлаг болон соёлын өвийн үзэсгэлэн” зохион байгуулдаг аж.

Энэ үед биет бус өв хөрөнгийг хамгаалах тухай лекц хүртэл тавьдаг байна. Энэ нь Танка урлагийг олон нийтэд таниулах, сонирхогч, цуглуулагч нарт харилцан солилцох нэг сайхан орчин бүрдүүлдгээрээ ач холбогдолтой хэмээн холбогдох хүмүүс нь ярьж байлаа. Чинхайн нууцлагдмал өв уламжлал, ёс заншил, соёлтой танилцахыг хүсвэл тус үзэсгэлэнг зориорой.

Син Хаймин: Анхны айлчлалаа Архангай аймгаас эхлэх гэж байна

/БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
-Хүрэлцэн ирсэн хүн бүрт баярлалаа. Миний хувьд Монгол Улсад ирээд анхны айлчлал Архангай аймгаас эхлэх гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын соёлын харилцаа их өндөр төвшинд байгааг харуулж буй хэрэг. Тун удахгүй хоёр улсын хооронд их чухал айлчлал болно. Үүнээс өмнө чухал соёлын арга хэмжээ болж буйд баяртай байна. Олон муж дундаас Чинхай нь их онцлогтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ мужид айлчилсан. Тэгэхдээ тус мужийн ёс заншилтай танилцаад ирсэн. Хамгийн үзэсгэлэнтэй Хөх нуур энэ мужид л бий.

Д.Гантөмөр: Эдийн засгийн харилцааны амин сүнс нь соёлын харилцаа

/БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга /

-Монгол Улс БНХАУ хоёр олон зуун жилийн түүхэндээ уул усаараа холбогдож, ах дүүгийн, найрсаг хөршийн харилцаатай байсан. Миний хувьд их баяртай явдаг нэг зүйл нь энэхүү түүхэн уламжлалт харилцаа өнөөдөр бидний амьдарч, ажиллаж байгаа энэ цаг үед хамгийн гүн гүнзгий болж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нар харилцан айлчилж, хоёр улсын хооронд бүх талын иж бүрэн харилцааг гүнзгийрүүлж байна. Эдийн засгийн харилцааны хамгийн гол амин сүнс нь соёлын харилцаа юм гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Бурханыг эдийн засгийн бодгал гэж үзэх юм бол соёлын харилцаа нь яг тэр бурханы амин сүнс нь гэж ойлгож болно. Ийм нандин харилцааг хоёр улсын хооронд бий болгох үүргийг гүйцэтгэх нэг байгууллага нь Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв юм. Тийм учраас БНХАУ-аас Улаанбаатар хотод байгаа Хятадын Соёлын төв нь хоёр улсын хоорондын соёлын харилцааг амьдрал дээр хэрэгжүүлэхэд, ялангуяа Хятадын соёлыг монголчуудад хүргэх тал дээр олон удаагийн томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан. Энэ дашрамд талархал илэрхийлж байна. Хөх нуурын үзэсгэлэнт Чанхай фото зургийн үзэсгэлэнг, УДБЭТ-т болох дуу, бүжгийн урлагийн тоглолтыг нь үзэж сонирхоорой гэж уриалмаар байна. Өвөг дээдэс маань эрт дээр үеэс Хөх нуурын монголчуудыг дээд монголчууд гэж хүндэтгэдэг байсан. Соёлын шашины, оюун санааны гүн гүнзгий харилцаатай байсан нутгийнх нь соёлын талаар бид илүү гүнзгий таних боломж олдож байгаад баяртай байна. Тиймээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүст гүн талархал илэрхийлж байна. Хятадын  Соёлын төв нь Архангай аймагтай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэ дагуу Хятадын соёлын өдрийг аймагтаа зохион байгуулахаар болсон байна. Үүнд их баяртай байгаа. Архангай манай улсын үзэсгэлэнт аймгуудын нэг. Харин Чинхай Хятадын үзэсгэлэнт мужуудын нэг юм билээ. Энэ хоёрыг нэгтгэж арга хэмжээ зохион байгуулахаар болсон нь аз завшаантай хэрэг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан