Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тосны үнийн өсөлт Монголд хэрхэн нөлөөлөх вэ

Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс өнгөрсөн долоо хоногийн ням гарагт “Clubhouse” аппликейшнд “Газрын тосны үнийн өсөлт Монголд хэрхэн нөлөөлөх вэ” өрөө нээж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Эдийн засагч Д.Ангар, Ц.Лут-Очир, “Голомт капитал” брокер, дилерийн компанийн дэд захирал Г.Мөнх-Эрдэнэ, “Голомт” банкны ахлах эдийн засагч Г.Батзориг нар оролцож байр сууриа илэрхийлэв. Мөн уул уурхай, ашигт малтмал, газрын тосны салбарыг хариуцсан яамны газрын даргаар ажиллаж байсан Ч.Отгочулуу, Б.Батхүү нар байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлэг хийсэн өдөр буюу өнгөрсөн ням гарагт www.ввс.сом цахим хуудсанд мэдээлснээр дэлхийн зах зээлд “brent” маркийн газрын тосны үнэ баррель нь 65 ам.долларт хүрсэн байв. Энэ төрлийн газрын тосны ханш жилийн өмнө баррель нь 19 ам.доллар руу “гулсаж”, дэлхий нийтэд шатах, тослох материалын үнэ хямдрах үндсэн шалтгаан болж байлаа. Тэгвэл өдгөө газрын тосны ханш гурав дахин өсчээ. “Хар алт”-ны ханшийн уналтыг дагаад Монголд шатахууны үнэ хямдарсан. Тэгвэл одоо газрын тосны ханш өсөж байна.

“Ковид-19” өвчний эсрэг вакцинжуулалт эхэлснээр улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулав. Ингэснээр эдийн засаг сэргэж, шатахууны хэрэглээ нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, эрэлт нэмэгдсэн гэсэн үг. Ийм тохиолдолд үйлдвэрүүдэд их хэмжээний шатахуун үйлдвэрлэх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, газрын тосны эрэлт үүсэж байна. Газрын тосны гол нийлүүлэгч орнуудын холбоо болох ОПЕК олборлолтоо нэмэгдүүлэхгүй гэжээ. Газрын тосны эрэлт их, нийлүүлэлт бага байгаа тохиолдолд үнэ өсөх нь эдийн засгийн хууль билээ. Иймэрхүү суурь шалтгаануудад нь үндэслэж, “Газрын тосны үнийн өсөлт Монголд хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн асуултын хариулт хөвөрнө.

Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч Д.Ангар “Бид газрын тос олборлодоггүй. Гадаадаас худалдаж авдаг. Тиймээс Монголд үнийн өсөлт орж ирэх нь дамжиггүй. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хэд дахин өсчихлөө. Би хувьдаа газрын тосны үнийн өсөлтийн нөлөө Монголд аль хэдийн ороод ирсэн гэж бодож байна” гэв. Манай улс жилд 1.5-1.8 сая тонн шатахуун хэрэглэдэг. Үүний дийлэнх хэсгийг хойд хөршийн “Роснефть” компаниас худалдан авдаг. Тус компани сар бүр шатахуун нийлүүлэх үнээ ирүүлнэ. “Роснефть”-ийнхэн Сингапурын таваарын бирж дээрх газрын тосны ханшийг жишиг болгож тогтоосон үнээ манайд санал болгодог юм. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл оросууд мөн дагуулдаг гэсэн үг. Одоо гуравдугаар сард худалдаж авах шатахууны үнэ нэмэгдээд ирчихсэн байгаа нь дамжиггүй.

“Голомт капитал” компанийн дэд захирал Г.Мөнх-Эрдэнэ газрын тосны үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулахад санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглах талаар байр сууриа  илэрхийлэв. Дэлхийд “хар алт”-ны ханш өсөх тусам Засгийн газар шатахууны үнийг тогтворжуулахын тулд онцгой албан татвараа бууруулах шаардлагатай тулгардаг. Онцгой албан татвараа тэг хүртэл бууруулчихвал шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Ийм тохиолдол үүсгэж, шатахууны үнийг төрөл тутамд нь 200-250 төгрөгөөр нэмэн, эдийн засгаа доргиож байсан удаа ч Засгийн газарт бий. Г.Мөнх-Эрдэнэ “Онцгой албан татварыг бууруулах нь дуусдаг зохицуулалт. Харин газрын тосны үнэ хямд байх үед урт хугацааны хэджингийн гэрээ хийвэл үнийг тогтворжуулахад илүү тустай” гэж ярилаа. Хэджингийн гэрээ урт хугацаанд тогтвортой үнээр бараа худалдаж авах нөхцөлийг бүрдүүлдэг санхүүгийн хэрэгсэл юм. “Засгийн газар онцгой албан татвараа цуглуулж, 500 сая ам.долларын сан үүсгэн, хэджингийн гэрээ хийх дэд бүтэц бий болгох хэрэгтэй” гэсэн тодорхой санал Г.Мөнх-Эрдэнэ хэлж байв.

Тэгвэл эдийн засагч Ц.Лут-Очир “Шатахууны үнийг төр зохицуулахын оронд зах зээлийн жамыг дагуулах зүйтэй” гэсэн санал гаргасан. Шатахууны үнийг дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн хэлбэлзлийг дагуулан хөдөлгөж байх нь зөв гэж олон эдийн засагч санал нэгддэг. Хэлэлцүүлэгт оролцогчид “10 их наядын төлөвлөгөө”-ний нөлөөгөөр ам.долларын ханш өснө гэж таамаглаж байна. Импортлогчид шатахуунаа ам.доллароор худалдаж авдаг. Тиймээс “ногоон”-ы ханш өсөх нь шатахууны үнийг өсгөхөд нөлөөлнө. Газрын тосны үнэ өслөө, ам.долларых ч дээшилж мэдэх нь. Монголын зах зээлд шатахууны үнэ өснө гэсэн хүлээлт үүссэн нь уг хэлэлцүүлгээс харагдаж байв.     

Т.Энхбат

          

               

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан