Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ТОГТООХ, ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ ХООРОНДОО холилдвол дарангуйлал тогтоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн орон тооны бус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа. 

-Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт орсонтой холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэдэг маргаан одоо ч хүмүүсийн дунд өрнөсөөр байна. Олонхи нь нэр дэвших эрхгүй гэсэн ташаа ойлголттой байх шиг.  Энэ маргааныг эцэслэсэн хариултаар ярилцлагаа эхлүүлбэл ямар вэ?
-Бололгүй яахав. Нэр дэвших эрхгүй гэдэг мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй, зориудаар мушгин гуйвуулсан яриа гэж ойлгож болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ Монгол улсын Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан, уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр үнэнийг хэлэхэд маргах зүйл байхгүй. 
Яагаад гэхээр УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчилсэн найруулгын хуулийг баталсан. Чуулган завсарлахаас өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай тогтоолыг УИХ-аас гаргасан. Энэ тогтоолоор маргаад байсан зүйл нь маргаангүй болсон. Одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэж үзэж байгаа бол хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн дээрх заалтаар Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар сонгогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл шинэ заалтаар явах гэж байгаа бол сонгууль зарлах ч ёсгүй. 
Гэхдээ УИХ ингэж хууль батлаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Үндсэн хуульдаа нийцүүлж баталсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Монгол улсын Үндсэн хууль, 1992 оны Үндсэн хууль, түүний хавсралт хуулиар Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулсан хууль батлахыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрөхгүй гэдэг агуулгатай. 1992 оноос хойш дагаж мөрдөж ирсэн. 

Тийм учраас нэр дэвших асуудалд Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх давхар хөндөгддөг. Хэн нэр дэвшихээс гадна гэсэн үг шүү дээ. Дөрвөн жилийн хугацааг нь нэг удаагаар тооцох гээд байгаа юм бол хуульдаа зургаан жил гээд заачихсан байгаа. Тэгэхээр хуулийг бүхэлд нь хэрэглэх ёстой. Тиймээс нэр дэвших эрхгүй гэж үздэг хүмүүс хууль зүйн ямар ч үндэслэлгүй, улс төрийн талаас нь тайлбар хийгээд байна. 
-Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлачихсан учир дээрх хууль энэ сонгуулиас эхэлж үйлчлэх ёстой байх. Мөн өмнө нь нэг удаа сонгогдоод дахин сонгогдоогүй Ерөнхийлөгч нар ч нэр дэвших эрхтэй болсон гэж ойлгох зөв үү?
-Монгол улсын Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох эрхтэй байсан заалтыг хүчингүй болгоод ганцхан удаа сонгогдох эрхтэй гэдэг заалт орсон. Шинэ заалтаа одоо шууд хэрэглэх гэвэл эрхзүйн байдал нь дордоно. Үндсэн эрх, сонгох, сонгогдох эрх нь ч ялгаагүй. Ийм хууль баталж болохгүй гээд 1992 оны хуулийн хавсралтад заачихсан. Энэ дагуу УИХ хуулиа Үндсэн хуулиндаа нийцүүлж гаргана. Дордох нөхцөлтэй хүмүүсийн хувьд нэг удаа гэдэг заалт үйлчлэхгүй. Хуулиар шийдчихсэн асуудал учир маргах шаардлагагүй. Эрхзүйн байдал нь дордох хүн гэж хэнийг хэлээд байна вэ гэхээр нэг удаа сонгогдсон хүн байж болно. Ерөнхийлөгч нарын тухайд шүү. 
Тэгэхээр өмнө нь нэг удаа сонгогдоод дараа нь сонгогдож чадаагүй Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй. Нэг удаа улиран сонгогдож болно гэсэн заалтыг цуцласан эрхзүйн байдлыг нь дордуулахгүй гэдэг агуулгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдсан. Зарим иргэн Үндсэн хуулийн цэц дээр гомдол, маргаан гаргасан нь харамсалтай. 
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудын талаар яриагаа үргэлжлүүлье. Шүүхийн тухай хууль хэрэгжээд эхэллээ. Энэ хуулиар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ сонгож, томилох эрх авсан. Энэ нь нөлөөлөлдөө бүрэн авч буй хэлбэр мөн биз дээ?
-Шүүхийн тухай хууль их маргаантай батлагдсан. Энэ хуультай холбогдуулж Ерөнхийлөгч өөрөө Шүүхийн тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд л Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ агуулгаар Ерөнхийлөгч хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан ч УИХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж хэлэлцэхгүй буцаасан. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг алдагдуулахгүйгээр Шүүхийн хуулийг хийх ёстой. Нэг эрх мэдэл нь давамгайлсан, эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулсан хууль батлах вий” гэж сануулж үг хэлсэн. 
Гэтэл УИХ-аас баталсан Шүүхийн тухай хууль шүүх эрх мэдлийн хүрээнд эрх мэдэл хуваарилалтын зарчмыг ноцтой гажуудуулсан. Шүүх эрх мэдэл өөрөө бие дааж эрх мэдэл бий болдоггүй. Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим нь эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр дундаасаа бий болгодог. Тэгж байж эрх мэдлийн тэнцвэр үүсдэг зохицуулалттай. Тэр утгаараа Шүүхийн ерөнхий зөвлөл, шинээр байгуулагдах Шүүхийн сахилгын хороонд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэрийг хангаж хандаж гэмээн шүүх эрх мэдэл хараат бус  ажиллах бололцоотой. 
Гэтэл УИХ хуулиа яаж хийсэн бэ гэхээр ШЕЗ, Шүүхийн Сахилгын хороог нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох гээд бүгдийг хууль тогтоох эрх мэдэлд хамааруулчихсан. Ингэснээр шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн хавсарга байгууллага болж хувирах зам руу орсон. 
-Шууд утгаар нь халаасны байгууллага гэж хэлж болох нь?
-Яг тийм. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал үндсэндээ алдагдсан. Ийм л хууль баталчихаад байна. Тийм учраас Монгол улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ дээр нэлээд хэлэлцсэн. Гэвч УИХ олонхийн  хүчээр ач холбогдол өгөлгүй хүлээж аваагүй. 
Тийм учраас Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд “Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, Авлигын эсрэг хуульд орсон өөрчлөлтүүд, шинэчилсэн найруулга нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг агуулга, үндэслэлээр хандаад байна. 
-УИХ-ын баталснаар шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа цааш явбал ямар хор уршиг үүсэх талаар тайлбарлаад өгөөч. Хүмүүс төдийлэн сайн ойлгохгүй байх шиг?
-Эрх мэдлийн хуваарилалт байхгүй болно. Дундад зууны үеийн их сэтгэгчийн “Хууль тогтоох, шүүх эрх мэдэл хоёр хоорондоо холилдох юм бол дарангуйлал тогтоно” гэдэг үг бий. Одоо Монгол улсад хууль тогтоох эрх мэдлийн дарангуйлал үүсэхэд бэлэн болсон. Шүүх эрх мэдлээ өөртөө хавсаргачихаар өөрөө өөртөө хяналт тавих бололцоогүй болно. Өөрөө өөрийгөө хянана гэж байхгүй. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүд  авлига, ЖДҮ, 60 тэрбумын гээд олон хэрэг шүүх хяналтын байгууллагаас ял авсан учир хонзогнож, өөр өөрсдийнхөө авлига, хээл хахуулийнхаа асуудлыг ямар нэгэн хаалтгүй болгосон гэж улс төрийн талаас нь хэлж болно. Нэг эрх мэдлээс хамааралтай ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллага өмнө нь Монгол улсад байгаагүй. ШЕЗ 1992 оноос эхэлж байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл олон өөрчлөгдсөн ч  ганцхан УИХ сонгоод томилчихдог байдалд хэзээ ч орж байгаагүй. 
Хууль тогтоох байгууллага өөрийнхөө мэдэлд шүүхийг авна гэдэг нь Монгол улсад дарангуйлал үүсэх хөрс суурь бүрдлээ гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй гэж Монгол улсын Ерөнхийлөгч үзсэн учраас тууштай тэмцэж буй. 
-Авлигатай тэмцэх газрын томилгоо хараат бус, бие даасан байдлыг хангах ёстой. Гэвч мөн л эсрэгээрээ явах шиг?
-Авлигын эсрэг тухай хуулийн хувьд мөн л ялгаа байхгүй. АТГ-ын дэд дарга нь нас бараад дараагийн дэд даргыг томилох хүрээнд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. 
Анх өргөн барьсан төсөлдөө дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор томилно гэдэг өөрчлөлт оруулсанч явцын дунд гэнэт “АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож УИХ томилно” гэдэг огт өөр үзэл баримтлалаар оруулаад ирсэн. Энэ нь маш ноцтой асуудал. 
Гүйцэтгэх эрх мэдэл өөрөө авлигалд өртөх хамгийн магадлалтай. Монгол улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт өртөх магадлал нь 90 хувьтай субектээс АТГ-ын даргыг санал болгоно гэдэг нь ноцтой асуудал. Энэ нь нөгөө эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж бас л хуулийн байгууллагын гүйцэтгэх эрх мэдлийг өөртөө авч байна гэсэн үг. Шүүхийг УИХ нь мэдэлдээ авчихаж байна. Эрх мэдлийн тэнцвэрт байдлыг бүрэн утгаар нь алдагдуулж, Үндсэн хуульд нийцэхгүй өөрчлөлтүүд хийгээд байгаа учраас Ерөнхийлөгч энэ асуудалд хатуу байр суурь баримталдаг. 
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлахдаа Үндсэн хуульд  оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдээгүй гэдэг. Энэ талаар?
-Энэ хуулийг ч мөн завхруулсан. Засаг даргад нэр дэвшүүлэх эрх нутгийн өөрөө удирдах ёсны дархан эрх байсан. Энэ эрхийг булаацалдаж Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг нэр дэвшүүлнэ гэж өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгч хориг тавьсны үр дүнд энэ заалтыг хүлээж авсан. Хоёр, гурвыг нь хүлээж аваагүй. 
Засаг даргыг шууд санаачилгаар огцруулна гэж болохгүй. Нутгийн өөрөө удирдах ёс гэж нэг юм байна. Үндсэн хуулийн зохицуулалтаар нутгийн өөрөө удирдах ёс гүйцэтгэх эрх мэдлээс давуу эрхтэй байхаар хуульчлагдсан. Засаг даргыг шууд дээрээс нь огцруулдаг болчихвол нутгийн өөрөө удирдах ёсыг устгаж байна гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй учраас Ерөнхийлөгч хориг тавьсан.оёр заалтыг нь л хүлээж авсан. Өөр хүн нэр дэвшүүлбэл, Ерөнхий сайд Засаг даргад нэр дэвшүүлбэл болохгүй гэдгийг хүлээж авсан. Өөрөө удирдах ёс гэдэг нь тоглоомны зүйл биш. Монгол улсад ардчилал, шударга ёс, эрх чөлөө байгаагийн нэг гол илэрхийлэл нь орон нутгийн өөрөө удирдах ёсыг хүлээн зөвшөөрөх асуудал. Гэтэл одоо энэ УИХ, Засгийн газрын үед нутгийн өөрөө удирдах ёсыг үл тоомсорлож, орон нутгийн засаг захиргааны тогтолцоог босоо удирдлагад захируулах өөрчлөлтүүд хийсэн. Үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хориг тавьсан хэрэг. Хоригийн заримыг нь хүлээж аваад, заримыг нь хүлээж аваагүй учраас энэ асуудлаар ҮХЦ-д хүсэлт гаргасан. 
-Ерөнхийдөө эргээд захиргаадалтынхаа дэглэм рүү эргэж оржээ. Тийм үү?
 -Монгол улс захиргаадалтын дэглэмд шилжихэд бэлэн болчихсон. Гэтэл Ерөнхийлөгч бүх эрх мэдлийг өөртөө авах гээд байна гэдэг хоосон суртал нэвтрүүлгээр хүмүүсийн тархийг угаагаад дууслаа. 
Харин эсрэгээрээ Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ шүүх, хуулийн байгууллагыг өөрсдийн мэдэлд авч Үндсэн хуулийн концепц зөрчиж байна. Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар шүүх эрх мэдлийн баталгаа нь УИХ, Засгийн газар биш, Ерөнхийлөгч байна гэдэг ерөнхий агуулгатай. Ерөнхийлөгч шүүгч нарыг томилж байна гэдэг чинь  бие даасан байдлынх нь баталгаа юм. Гэтэл гүйцэтгэх эрх мэдэл рүү шилжүүлчихвэл Үндсэн хуулийн концепц өөрөө сууриараа алдагддаг. Тэгэхээр Үндсэн хууль цаашдаа үйлчлэхгүй болно. 
Ерөнхийлөгчийн хүсэлтэд Үндсэн хуулийн цэц их нухацтай хандахгүй хүч түрсэн байдлаар явбал цаашид Монгол улс эрх мэдэл хоорондын хямрал, Үндсэн хуулийн хямрал руу шууд гулсаад ороход бэлэн болчихжээ. 
Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн хүрээн дэх бүрэн эрх нь хэвээрээ байтал Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдсан юм шиг хоосон, худлаа суртал нэвтрүүлэг явуулж, сүүлдээ Үндсэн хуулийнхаа суурь зарчмууд руу орж нураах ноцтой үр дагавартай хуулиуд баталчихлаа.
-Ерөнхийлөгч их ганцаардаж байгаа нь олны нүдэнд ил. Ингэхэд хуульчид дээрх асуудлуудыг яагаад хөндөж, асуудал болгож ярихгүй байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг, оффшор, 60 тэрбум, ЖДҮ-тэй тэмцсэний үр дагавар нь ингэж гарч байна. Улсын төсвөөс мөнгө идсэн хулгайч, луйварчидтай хатуу тэмцсэн учир тэд нар нэгдээд эргэж ноцож байна. 
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудын талаар хоёулаа нэлээд ярилцлаа. Уншигчид маань ч нэлээд ойлголттой болсон. Одоо сэдвээ өөрчлөөд өөрийн тань талаар ярилцлагаа үргэлжлүүлье.  Таныг МоАХ-ны анхдагчдын нэг гэдэг юм билээ. Хэрхэн холбогдсон талаар тань сонирхоё?
-1990 онд цэл залуухан, дөнгөж 20 насандаа Архангай аймагт Ардчилсан холбооны салбар зөвлөлийг үүсгэн байгуулалцсан. МоАХ-ны анхны гишүүдийн нэг. Тийм учраас ардчиллын төлөө тууштай зогсч бусармаг зүйлстэй тэмцэж явна. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд МоАХ-ныхон албан тушаалын хойноос хөөцөлдөж явдаггүй юм шүү.  
-Та их зоригтой хүн шиг санагддаг. МАН-ыг тараая гэж ганцаараа тэмцэж байсан. Ингэхэд энэ тэмцэл юу болж, ямар шатандаа явна вэ?
-Одоогоос хоёр жилийн өмнө 12 сарын 10-нд Ардчилсан холбоо байгуулагдсан хүний эрхийн өдрөөр Ардын намыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан юм. Тухайн үед 60 тэрбумын хэрэг нь илчлэгдээд, нам нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ийм нам цаашид эрх барих нь зохисгүй гэж үзээд Улсын дээд шүүхэд хандсан хэрэг. Өргөдлийн хариуг маань нэлээд удааж байгаад бичгээр өгсөн. Хариундаа “Энэ хэрэг шалгагдаж байна, хуулийн байгууллагад нотлох баримтаар тогтоогдсон зүйл алга. Тийм учраас энэ асуудлыг шууд хэлэлцэх боломжгүй” гэсэн. Тэрнээс хойш багагүй хугацаа өнгөрч 60 тэрбум нь бүрэн нотлогдоод хүлээн зөвшөөрөгдсөн. Дээрээс нь ЖДҮ-гийн хэрэг нэмэгдчихсэн. Тэгэхээр одоо МАН-ыг татан буулгах хавтаст хэрэг нэлээд зузаарсан гэж ойлгодог. Нөхцөл нь бүрдсэн үед асуудлыг гаргаж тавих ёстой гэж бодож байна. Нөхцөл бүрдэнэ гэдэг нь шүүх намаас хамааралгүй болсон үеийг хэлээд байгаа юм. Хугацаагүй учир хэдийд ч гаргаж ирж тавьж болно. Хэзээ гаргаж тавихаа одоохондоо шийдээгүй, ямар ч байсан ухарч няцаагүй. Цаг нь ирэг. 
-УИХ-ын дарга Г.Занданшатар таныг чуулганы хуралдаан дээр хуулиа мэдэхгүй байна гэж шүүмжилж буй бичлэг сошиалд нэлээд түгсэн. Харамсалтай нь тухайн үеийн бичлэг бүрэн эхээрээ тавигдаагүй нь таныг харлуулах гэсэн нэг оролдлого гэж дүгнэхэд хүргэсэн. Энэ асуудалтай холбоотойгоор та ямар нэгэн тайлбар хэлээгүй?
-Шүүхийн тухай хуулийг эхэлж хэлэлцэж байхад нэлээд ширүүн юм болсон. УИХ-ын гишүүн Энхбаяр “Шүүгч нартай протоколгүйгээр уулзаж болохгүй гэдэг заалт дээр хориг тавьсан байна. Яагаад хориг тавьсан юм бэ” гэх маягаар асуулт асуусан. Уг нь Ерөнхийлөгч түүнд нь хориг тавиагүй. 44.2-т гэдэг заалтын хамгийн сүүлчийн өгүүлбэрт л хориг тавьсан юм. УИХ-ын гишүүд, Дээд шүүхийн шүүгч нар хоорондоо хууль боловсруулах нэрийн дор ажлын хэсэг байгуулаад протоколгүй уулзаж болно гэсэн өгүүлбэр оруулчихсан байсан. Одоо ч байгаа. Үүнд нь хориг тавьсныг Энхбаяр гишүүн мушгичихсан. Ингэж попордог гишүүд их байна, цаагуур чинь. Хариуг нь би нэлээд чангахан өгсөн. Уг нь тэр чуулганы бичлэгийг бүрэн эхээр нь тавьмаар байгаа юм. 
Тэрнээс үүдсэн үү яасан УИХ-ын дарга хүндэтгэлгүй хандлаа гэсэн. Дараагаар нь Засаг захиргааны хууль хэлэлцэж байх явцад УИХ-ын дарга “Эрдэнэцогт хуульч аа! та Үндсэн хуулиа уншаач ээ” гэсэн. Яг энэ хэсгийг тасалж аваад сошиалаар нэлээд явуулсан. Намайг хариулт өгөх гэхээр таслаад байсан л даа. Занданшатар даргатай хуулиар маргаад яршиг гэж бодсон. Миний хувьд төрийнхөө сэнтийг хүндэтгээд элдвийг яриагүй. Тэрнээс биш би хормын дотор Занданшатар даргын нэр хүндийг дуусгахаар хэмжээнд ярилцлага өгч чадна. Миний нэр хүнийг гутаах гээд л тэр бичлэгийг сошиалаар цацаад байгаа юм. Үндсэн хуулийн 59.1 дээр орсон өөрчлөлтийн талаар маргаад ярьж байсан үеийн бичлэг шүү дээ. Үнэндээ Занданшатар дарга өөрөө хуулийнхаа заалтыг сайн ойлгоогүй юм билээ. Нутгийн өөрөө удирдах ёсны асуудлыг Засаг захиргааны хуулинд оруулахдаа тэд нугалаа гаргасан. Орон нутгийн чиг үүрэг гэдэг ойлголтоос хуучин хэвийн хэрэгжүүлж явсан үүргүүдийг нь хасаад төрийн чиг үүрэг гээд тусад нь гаргаад улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр заачихсан байсныг би эсэргүүцээд “Та нар Үндсэн хуулийн нутгийн өөрөө удирдах ёсны  эрхийг хязгаарлаж байна” гэж хэлсэн. Гэтэл УИХ-ын дарга буруу ойлгочихсон байсан. Үндсэн хуулийн заалтыг нь харвал шаардлагатай бол зарим нэг газар, аймаг, сум, хотын төр удирдах ёсны чиг үүргийг тухайн онцлогт нь тохируулаад хуулиар тогтоож болно гэсэн заалт бий. Түүнээс биш улсын хэмжээнд нэгэн зэрэг тогтоох агуулга байхгүй. 
Энэ хууль дээр яригдах ёстой хамгийн ноцтой нэг асуудал бий. Сум өөрийн орон нутгийнхаа зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах эрхтэй байсныг орон нутгийн чиг үүрэг гэдэг дотроос нь хасч зөвхөн аймгийн Засаг дарга шийдэхээр өөрчлөлт хийчихсэн. Энэ мэт асуудлын учир Үндсэн хуулийн цэц дээр олдох байлгүй дээ. Ерөнхийлөгчийн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа учир нэр хүндэд халдахаар оролдсон явуургүй бичлэгээр миний нэр хүнд унах ч үгүй.
Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. 

 

2 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан