Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.23) Төрийн ордонд зохион байгууллаа.

 


Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг 120 гаруй төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд олсон ололтыг бататгаж, алдсан алдаанаас сургамж авч, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлэхэд төрийн зохицуулалтын механизмыг чадварлагаар ашиглах шаардлага тулгарч байна.Бид өнгөрсөн он жилүүдэд эрэлт, нийлүүлэлт бүхнийг зохицуулаад явна гэж зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж байснаас төрийн зохицуулалтыг сонгодог утгаараа хэрэгжүүлж чадаагүй. Хяналтгүй, зохицуулалтгүй, замбараагүй гэмээр үзэгдэл газар авч, нутаг дэвсгэрийнхээ ихэнх хэсгийг хамарсан 7000 гаруй лицензийг тооцоо судалгаагүй тарааж, 550 сүм хийд, 60-70 телевиз, 200 гаруй их дээд сургууль байгуулах эрхийг олгожээ.

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал биднийг өмнөх шигээ амьдарч болохгүйг харуулсаар байна. Аливаа сорилт буюу хямрал үргэлж шинэ боломжийг нээдэг. Бид бүхнийг шинээр сэтгэж, шинээр хийж бүтээх эргэлтийн цэг дээр ирээд байна. Хандлагаа өөрчлөх цаг боллоо.

Монголчууд өөрсдөө хэрэгцээт зүйлсээ бүтээж, үйлдвэрлэж байж бусдаас хараат байдлаа залруулж чадна. Монголын хөгжлийг монгол хүн бүрийн амьдралын чанар дээшилсэн эсэхээр л хэмжинэ. Монгол хүн эх орондоо хийх ажилтай, ашиг орлоготой, орох оронтой, дутах юмгүй, сайхан  амьдрах тэр бүх боломжийг төр бүрдүүлэх учиртай. Үүнийг төрийн зохицуулалтгүйгээр хийх боломжгүй. “Алсын хараа 2050” үзэл баримтлалд тусгагдсан хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс 2021 оноос эхлэн эдийн засгаа жил тутам 7 орчим хувиар өсгөж байх ёстой. Гэтэл 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар агшиж, 2023 онд огт өсөхгүй байх гэсэн тооцоог Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гаргаад байна.Эдийн засгийн өсөлт буурахад инфляцын дарамт, хил гааль, тээвэр логистикийн асуудал голлон нөлөөлж, хилийн боомтууд хаалттай байгаа учраас дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ашиглах боломж буураад байна. Энэ нөхцөлд бид эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй, тогтвортой байлгахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч, ажлын байруудыг шинээр бий болгох идэвх санаачилгыг бүх талаар дэмжиж, экспортыг төрөлжүүлэх, эрчим хүчний болон түлш, шатахууны хараат байдлыг бууруулах, хүнсний хангамжид онцгой анхаарч,  мал аж ахуй, газар тариаланд оруулах хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, ялангуяа орон нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг кластер байдлаар хөгжүүлэх хэрэгтэй байна” хэмээгээд энэхүү хэлэлцүүлгээс шинэлэг, ухаалаг шийдлийн олон санал гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдвээр үндсэн илтгэлийг тавилаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 5.4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Төрийн зохицуулалтын гол зорилго нь иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг дэмжих, аливаа алдаа гажуудлыг засахад чиглэдэг. Шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааг дэмжих бодлого хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл байх учиртай. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарыг төрийн урт хугацааны тогтвортой бодлогоор дэмжих хэрэгтэй. Хүний хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололтыг ашигласан хөгжлийн загвараа зөв тодорхойлох цаг болсон гэдгийг илтгэлдээ онцоллоо.


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз Европын Холбооны төрийн бодлого, зохицуулалтын онцлог, үйл ажиллагааны бүтцийн талаар товч танилцуулж, Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн “Төрийн зохицуулалт: Япон Улсын туршлагаас” сэдвээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.


Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Эдийн засагч Ч.Хашчулуун нар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, төрийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх бодлогын шийдлийн талаар санал бодлоо хуваалцсан юм.


Бизнесийн орчноо сайжруулахгүй бол гадаадын хөрөнгө оруулалтаар бүх асуудлыг шийдэх нь урт хугацаандаа эрсдэлтэй. Зах зээл өөрөө зохицуулах боломжгүй нөхцөл үүссэн үед л төрийн оролцоо, зохицуулалтыг хийдэг тогтолцоо хэрэгтэй. Татвар төлөх чадвартай хувийн хэвшлийг олноор бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, халамжаас зайлсхийж төсвийн зардлыг тэлэхгүй байх нь төрийн зохицуулалтын гол чиглэл байх хэрэгтэйг тэд онцоллоо.


Хэлэлцүүлэгт оролцогчид оновчтой, зохистой, хэм хэмжээтэй төрийн зохицуулалт зайлшгүй байх хэрэгтэй гэдгийг санал нэгтэй илэрхийлж байлаа. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд төрөөс тодорхой зохицуулалт байх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хөдөлмөрийн зах зээлийн харилцааг анхаарах цаг болсныг ч хэлж байлаа. Хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөрийн бодлогоор дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр төрийн оновчтой бодлого дутагдаж байгааг шүүмжлэв.


Түүнчлэн эдийн засгийг тогтворжуулах бодлогоос гадна хүний хөгжлийг дэмжих, үндэсний баялгийн орлогын хуваарилалтыг зөв хийх, аль ч салбарт монополь үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатайг хэлж байлаа. Олон улсын сайн туршлагаас суралцахдаа өөрийн орны онцлогт тохируулах, уламжлал шинэчлэлийн зохист харилцааг олох зэрэг асуудлуудыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан