Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮСЭЭ ЧАНГАЛЖ БУС СУЛЛАЖ АМЬДРАХ “ХӨДӨЛГҮҮР” НЬ УУЛ УУРХАЙ


Манай улсын нийт ашигт малтмалыг гадаадын эдийн засгийн шинжээчид 1.5 их наяд ам.долларын үнэд хүрнэ хэмээсэн байдаг. Өнөөдөр энэ их баялгийн үүцээ задалж хөрөнгө оруулагчид мөнгөө бариад манайхыг зорих болсон билээ. Үүнийг жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн тодорхой илтгэнэ. Тухайлбал, сүүлийн гурав, дөрвөн жилд манай эдийн засаг 2-3 дахин, ашигт малтмалын экспорт огцом өсч улсын төсөв мөнгөөр бялхсан. Өнөөдөр нийт эдийн засгийн 50 хувь нь улсын төсөв болоод байна. Өнгөрсөн онд л гэхэд, эдийн засаг 17 хувьтай гарсан. Энэ нь нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, зэсийн баяжмалын үнэ болон экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Тэр өндөр өсөлтийг бид тогтвортой тогтоон барьж чадсангүй. Орж ирсэн хэдэн төгрөгөө хүн бүрт хувь хишиг хүртээж тал тал тийш нь цацаад л өнгөрсөн. Хариуд нь эдийн засгийн “Голланд өвчин” хэмээх нэр томъёоны шинж тэмдэг илэрч инфляцын хөөрөгдөл, ядуурлын намагт шигдэх дээрээ тулсан билээ.

Тогтворжуулалтын сан Монголыг аврах гарц

Монгол Улсад урьд нь жилд дөрвөн тэрбум хүрэхгүй шахуу ам.долларын урсгал орж,  гардаг байж. Гэтэл өнөөдөр 12-14 тэрбум ам.долларт хүрэв. Үүнийг сараар нь тооцож үзвэл,  2010 оны хагас жилээс хойш нэг тэрбум ам.доллар эргэлддэг зах зээл болон тэлжээ.  Энэ хөрөнгө оруулалтад  үндсэн хөрөнгийн болон уул уурхайн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл давамгайлдаг. Одоогоор хөрөнгө оруулалт буурч хурд нь саарсан ч өсөлтөө хадгалсаар  байгаа аж. Эдийн засагчид Монголыг чиглэх их мөнгөний урсгалын дөнгөж эхлэл нь. Цаашдаа  нэмэгдэнэ гэдэг. Учир нь, коксжих нүүрсний Таван толгой, Овоот толгой, алт зэсийн Оюу толгой, Баян-Айраг, төмрийн хүдрийн Төмөртэй зэрэг томоохон ордуудаа ашиглахаар хөрөнгө оруулалт татаж буй билээ.  Үүнээс гадна алт, газрын тос, жонш, вольфром, хар тугалга, цайр гэх мэт ашигт малтмалын ордоо ашиглаж байгаа. Тэгээд манай улсын нийт экспортын 90 гаруй хувь улсын төсвийн орлогыг уул уурхайн салбар тодорхойлдог болсон. Иймд Монгол Улс уул уурхайд суурилсан эдийн засагтай, дэд бүтэцгүй, өндөр инфляцтай, өрсөлдөх чадвар суларсан, нийгмийн хавтгайрсан ха­ламж­тай, макро эдийн засаг нь эмзэг,  төсвийн бодлого нь мөчлөг дагасан дүр зураг гарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөх, буурах хэмээр төсвийн орлого, зарлагаа тогтоон амьдарч байна.  Тухайлбал, чамгүй мөнгөтэй болонгуут  үрэн таран хийчихдэг. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хямдарч орлого багасахаар бүсээ чангалж,  мөнгөний эрэлд морддог зарчмаар амьдарч ирлээ. Үүнийг өнгөрсөн оны улсын төсвөөс харж болно. Тухайн үед төсвийн орлогыг гурван их наяд 84 тэрбум төгрөг хэмээн тооцсон. Тэ­гээд зарлагыг нь дөрвөн их наяд 84 тэрбум төгрөг хэмээн тогтоосон байдаг. Чухамдаа олсныхоо хэрээр үрж тансаглаад байгалийн баялаг нь дундарч дуусахаар ядуурал өлсгөлөн нүүрлэсэн эдийн засагтай улс орон болж хоцрохыг л “Голланд өвчин” хэмээн нэрлэсэн юм. Ийм явуургүй  байдлаас гарахын тулд Төсвийн тогт­вортой байдлын тухай хуулийг хоёр жилийн өмнө УИХ баталсан.  Энэ хуулийг ирэх жилээс хэрэгжүүлж эхэл­нэ. Хууль батлагдсаны дараа Тогтворжуулалтын сан байгуулж мөнгө хуримтлуулж эхэлсэн. Үүнд хийх мөнгийг зэсийн баяжмалын экспортоос олох болсон билээ. Дэлхийн зах зээл дэх нэг тонн цэвэр зэсийн үнийг 5900 төгрөгөөр тооцож зөрүүг нь уг санд төвлөрүүлж байгаа. Ингээд өнгөрсөн онд тус санд 183 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж.  Энэ сангийн зорилго нь  ашигт малтмалын үнэ өндөр үед илүү орлогоо хуримтлуулж  төсвийн  зардлаа нэмэхгүй байхад оршино.  Тэгэхээр Монголбанкны ирэх оны мөнгөний бодлогын нэг онцлог нь энэ. Цаашид улсын төсөв тэлэхгүй, зах зээлийн мөнгөний нийлүүлэлт хэвийн байвал өндөр инфляц буурах, эдийн засаг, иргэдийн амьдрал дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн мөчлөгөөс хамаарахгүй  байх учиртай.

Уул уурхай олон ажлын байр бий болгодоггүй

Монгол Улс шинэ зуун эхэлснээс хойш уул уурхайгаар амьсгалж ирлээ.  Гэвч мон­голчуудын амьдрал ахуй сай­жирч, хөгжсөн нь алга. Энэ нь уул уурхай бусад салбараас илүү их орлого олдог бо­ловч  ажлын байр олноор бий болгодоггүйд оршино. Ту­хайлбал, уул уурхайн салбарын орчин үеийн техник технологи   дээр олон хүн ажиллахгүй болсон юм. Ер нь, аварга том эксковатор, хүчит техникүүд л байвал баялгаа хурдан ухаад авчихна. Үүнийг нэг л хүн автоматаар удирдаад ажиллуулчихдаг  гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр олон ажлын байр гарах үндэс байхгүй. Хоёр жилийн өмнө манай уул уурхайн салбарт 18 мянган хүн шинээр ажилд оржээ. Харин өнгөрсөн онд 34 мянга болсон судалгаа бий. Үүнд уурхайд ханган нийлүүлэлт, ажил үйлчилгээ үзүүлдэг иргэдийг нэмсэн ч тийм их тоо гарахгүй. Өнөө­дөр  уул уурхайн салбарт ажил­лаж буй хүний тоо хэ­дий­гээр нэмэгдсэн ч манай хө­дөлмөрийн зах зээлийг ажлын байраар бүрэн хангаж чадахгүй аж. Эдүгээ хөдөлмөрийн зах дээр ажил хайж бүртгүүлсэн 90 гаруй мянган хүн бий гэдэг. Иймд уул уурхайгаас олох хөрөнгөөр бусад салбараа тэтгэж олон ажлын байр бий болгох шаардлага Монголд тулгарч байна. Товчхондоо, уул уурхайг шүтэх бус түүнийг зөв ашиглаж, хөгжих нь монголчуудыг шинэ зуунд амжилт өөд хөтлөх хөдөлгүүр болох нь. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан