Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчуудын хамгийн том саалийн үнээ Оюутолгой ямар үнэтэй вэ

Монгол Улс саалийн ганц үнээтэй. Түүнийг Эрдэнэт гэдэг. 1990 оноос хойш манай улсын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр жилийн өмнө улсын төсөвт оруулах орлогоороо нүүрс тэргүүлэх болсон ч үнэ цэнээ алдаагүй. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр нүүрсний үнэ буурч, экспорт нь зогсонги байдалд орчихсон. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал хямралын үед улсын төсөв, эдийн засгаа үүрч гарах үүрэг ногдож буй. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ үйл ажиллагаатай нь харьцуулж, хольж хутган ойлгож  болохгүй л дээ. Эрдэнэт, Оюу толгой хоёр тус тусдаа, өөр өөр гэрээ, дүрэм журмаар зохицуулагдаж буй. Гэвч энэ хоёрыг нэг л зүйл нэгтгэнэ. Тэр нь Монгол Улсын эдийн засгийн чадавхи, монголчуудын аж амьдралд голлох үүрэг гүйцэтгэнэ гэдэгт байгаа юм.  Гурван жилийн өмнө бас нэг саалийн үнээтэй болох эхлэл тавигдсан. Энэ  бол Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан явдал байв. Тус ордыг ашигласнаар Монголын эдийн засаг, ДНБ суга өсөх тооцоо, судалгаа бий.  
Мөн энэ Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргаан, хардлага ч тасрахгүй байгаа. Яагаад гэвэл, Оюу толгой дэлхийд нөөц, үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт орох том уурхай, манай жижигхэн эдийн засгийг тэлж томроход огцом түлхэлт өгч чадах учраас тэр. Тус ордоос олборлох  үр ашигтай нөөц нь  25 сая тонн цэвэр зэс, 1028 тонн алт, 81 мянган 600 тонн молибдени, 6145 тонн мөнгө хэмээн тогтоосон юм. Энэ нөөц баялгийг зах зээлийн өнөөгийн үнэ ханшаар тооцоход асар их мөнгөний тоо гарах нь тодорхой. Харин хөрөнгө оруулалтын гэрээнд нөөц баялгаа хэрхэн үнэлсэн, 30 жил болон  түүнээс цааш ямар үнэтэй байх вэ гэдгийг тооцож тусгасангүй гэдэг асуудлыг хүмүүс тавьдаг.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хоёр дахь саалийн үнээ болох Оюу толгой орд ямар үнэтэй, бид хэдий хэмжээний сааль авах вэ гэдгийг л сонирхож буй хэрэг.
Эдүгээ Оюу толгойн баяжуулах үйлдвэр туршилтын журмаар ажиллаад эхэлчихсэн. Ирэх жилээс зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлд нийлүүлэх учиртай. Үйлдвэрлэл нь жигдэрч бүтээгдэхүүнээ борлуулах тэр үеэс л Хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ямар үр ашиг өгөх эсвэл ашиггүй муу болсон эсэх нь эдийн засаг, иргэдэд мэдрэгдэж бүр тодорхой болж эхлэх болов уу. Ингээд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дэд дарга С.Баярцогт, С.Ганбаатар нарын  Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар Монголын үндэсний  олон нийтийн телевизээр шууд дамжуулсан  мэтгэлцээнээс дор сийрүүлье.
 
С.Баярцогт: Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр нийт орлогын 59 хувийг  хүртэнэ

УИХ-ын дэд дарга С.Баярцогт: Мэтгэлцэх боломж олгосон С.Ганбаатар гишүүнд баярлалаа. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш энэ гэрээг тайлбарлаж байна. Өнөөг хүртэл хүмүүс ойлгохгүй байгаа нь би муу тайлбарлаж байсантай холбоотой байх. Оюу толгойн  гэрээ Монгол Улсад ямар ч эрсдэлгүй, ашигтай. Монгол Улс нийт орлогын 53 хувийг буюу өнөөгийн үнэ цэнээр нийт орлогын 59 хувийг нь хүртэнэ.  Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ болохоос зээлийнх биш.
Дахин хэлье. Манай улсад ямар ч эрсдэлгүй. Байгалийн баялаг, газар нутаг нь  Монгол Улсын Засгийн газрын мэдэлд 100 хувь байна. Төслийн санхүүжилтийг  гадаадын хөрөнгө оруулагч бүрэн хариуцна. “Оюу толгой” ХХК-ийн эзэмшлийн 66 хувь нь хөрөнгө оруулагчийнх, 34 нь Монголынх. Ашгийн хувиарлалтын 53 хувь нь Монголынх, 47 хувь нь хөрөнгө оруулагч талынх.  Хүмүүс энэ гэрээг зээлийн гэрээ гэж ойлгоод байна. Аливаа бизнест  эрсдэлийг  үнэлэхдээ бизнесийн бүх нөхцөлд ашигтай байх юм бол эрсдэлгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бизнес ашигтай нөхцөлд Монголын тал 53 хувийн ашигтай байна. Эрсдэлтэй нөхцөл буюу орлого зарлага тэнцүү, бизнес алдагдалтай үед ч Монголын тал татвараа авч  ашиг,  үр шимээ хүртэнэ. Хөрөнгө оруулагч зөвхөн бизнес нь ашигтай нөхцөлд  л ашиг авна. Орлого зарлага тэнцүү, алдагдалтай нөхцөлд алдагдал хүлээх юм. Хөрөнгө оруулагч төслийн санхүүжилтэд 5.1 тэрбум ам.доллар оруулна. Монгол Улс энэ санхүүжилтэд нэг ч төгрөг гаргахгүй. Өр төлбөр хариуцахгүй. Хөрөнгө оруулагч бүх санхүүжилт,  дээрээс нь гарч буй өр төлбөрөө хариуцна.
Иймд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ямар ч эрсдэлгүй юм. Санхүүжилтийн сайн загвар сонгож авсан. Гурван төрлийн санхүүжилт байна. Тухайлбал, энгийн хувьцаа, хувь нийлүүлэгчийн, гуравдагч этгээдээс авах санхүүжилт байх ёстой. Төслийн санхжүүлт дээр Монголын талын эрсдэлийг бүрэн хаасан. Өөрөөр хэлбэл, Хувь нийлүүлэгчийн гэрээний 10.1 д зааснаар саатсан  мөнгөн хөрөнгийг Монголын талд оруулах шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ ийм үүрэг хүлээхгүй  хэмээв.

 

С.Ганбаатар: 6.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 2.1 тэрбум нь бидэнд ногдох өр

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний эсрэг  зогсоогүй. Ганцхан маш муу гэрээ болсон гэж үзэж байгаа юм. Мэтгэлцэх урилга хүлээж авсан С.Баярцогт гишүүнд баярлалаа. Уг гэрээг сайн болгох талаар тууштай явна. Ашгийн 53 хувийг монголчууд авна гэж байна. Үүнийг задалж хэл. Ерөнхий хэлэх тусам аюултай. Энэ ашигт өсөн нэмэгдэх болон ашгийн татвар орсон. Бас ногдол ашиг ч багтаж байгаа. Бид аль ч улсад очоод уул уурхай ажиллуулсан өсөн нэмэгдэхболон ашгийн татвар заавал төлнө. Гэтэл үүнийг дэндүү багаар тооцож хийсэн. Үүнийг дараа ярина. Ногдол ашгаа эхлээд яръя.
Өнөөдөр уурхайгаас нэг кг зэс олборлоогүй байхдаа бид 3.1 тэрбум ам.долларын өртэй боллоо. Тэгэхээр санхүүгийн эрсдэлгүй гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл, эхний жил 9.9 дээр нэмэх нь АНУ-ын инфляцыг оруулаад 11 хувийн өртэй гарсан гэж судлаачид хэлдэг. Би тэр судлаачдын өндөр тоог авахгүй, хамгийн багаар авахад анхны хөрөнгө оруулалт 6.1тэрбум ам.доллар. Энэ мөнгөний нэг тэрбум нь хайгуулын зардал. Үлдсэн нь ТЭЗҮ-д тусгасан зардал юм. Гэхдээ гэрээнд дөрвөн тэрбум орчим ам.доллар гэж бичсэн байгаа. Яагаад ийм зөрүүтэй байгааг тайлбарлах биз.
Тэгэхээр тэр 6.1 тэрбум ам.долларын 2.1 тэрбум нь бидэнд ногдох өр. Үүний хүү нь 1.1 тэрбум ам.доллар болсон. Дээр нь, 250, 150 сая ам.доллар авсан. Энэ өрийн хүүг бид ирэх 21 жилд төлж чадахгүй. Монгол Улс энэ хугацаанд ногдол ашиг авахгүй гэсэн тооцоо бий гэлээ.  Мэтгэлцээний төгсгөлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ онд багтааж УИХ-д Оюу толгой болон уул уурхайн талаар дэд хороо байгуулъя хэмээсэн билээ. Тэгээд үндэсний эрдэмтэн, мэргэд судлаачдаараа Хөрөнгө оруулалтын гэрээний талаар дүгнэлт гаргуулаад хөрөнгө оруулагчидтай ярилцах санал гаргав.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт дүгнээд хэлэхэд Оюу толгойн гэрээ монголчуудад ашигтай, эрсдэлгүй хөрөнгө оруулалтын гэрээ юм. Энэ мэтгэлцээнд С.Ганбаатар бид хоёрын хэн нь ч ялаагүй. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны аравдугаар сарын 6-нд гарын үсэг зурахдаа монголчууд ялсан.  Монгол Улсын Ерөнхийлөгч энэ гэрээг дүгнээд хэлэхдээ “Ард түмнээрээ, хотол олноороо нэг алхам ургаш алхаж чадлаа”  гэсэн юм.
Тэгэхээр нэг ч хүн урагшаа мянга алхаагүй. Монголын ард түмэн бүгдээрээ нэг алхаж чадсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 30:30:40 гэсэн тоо бий. Өөрөөр хэлбэл, хоёр хөршөөсөө тус бүр 30, гуравдагч хөршөөс 40 хувийн хөрөнгө оруулалт авна гэсэн үг. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад гуравдагч орноос орж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулсан юм гэлээ.

“Оюу толгой” ХХК: Монгол Улсад жилд 800 тэрбум төгрөгийн орлого өгнө
 
“Оюу толгой” ХХК-ийн гаргасан зарим мэдээллээс дор хүргэе. Ирэх онд уурхай ашиглалтад орохоос өмнө  7.8 их наяд төгрөг буюу зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг. Хөрөнгө оруулагчдаас уурхай ашиглагдахаас өмнө Монгол Улсын Засгийн Газарт 900 тэрбум төгрөг буюу 700 сая ам.долларын татвар төлнө.  
Оюу толгой төсөл  оргил үед  Монгол Улсын Засгийн газар жилд дунджаар 800 тэрбум төгрөгийн /626 сая ам.доллар/ орлого авна. Оюу толгой уурхай бүрэн хүч чадлаараа ашиглалтад орох үед Монгол Улсын ДНБ 35 хувиар өснө.  Олон улсын Валютын сангийн тооцоогоор Оюу толгой төслийн нийт мөнгөн урсгалын 71 хүртэлх хувийг Монгол Улсын Засгийн газар ашигт малтмал олборлосны төлбөр, хураамж, татвар болон ногдол ашиг байдлаар авна.
Зэс, алтны дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрлэл олборлолт явуулах нь хөрөнгө оруулагч нараас олон тэрбум ам.доллар шаардахын зэрэгцээ “Оюу толгой”  хэмээх шинэ компанийг үүсгэн байгуулах болсон юм. Газрын хэвлийн эрдэс баялаг нь Монголын ард түмний эзэмшилд 100 хувь байдаг тул “Оюу толгой”  ХХК нь уурхайгаас олборлох зэс, алт, молибденид татвар, рояалти болон төлбөр  төлж байх нь зүй ёсны хэрэг. Монгол Улсын Засгийн газар зэрэг компанийн хувь нийлүүлэгч талууд нь ногдол ашиг мөн хүртэх юм гэдэг билээ.
Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайгаас шалтгаалдаг болсон. Тухайлбал, жилд олборлосон ашигт малтмалынхаа 98 хувийг экспортод гаргах тооцоо бий. Одоо ашигт малтмалаа түүхийгээр нь бус боловсруулж экспортлох ёстой гэсэн бодлого баримталж буй. Стратегийн гэх тодотголтой томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж  байгаагийн нэг нь Оюу толгой.  Өнөөдөр тус ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон олон асуудал гарсаар өдий хүрлээ.
Оюу толгой гэдэг үнээ монголчуудад зөвхөн цайны сүү залгуулах учиргүй. Илүү их сааль өгч өрөм зөөхий,  тараг, ааруул гээд олон төрлийн  цагаан идээ үр шим өгөхийг хүлээж буй. Тэгэхээр үнээний маань сааль нь элбэг дэлбэг, найдвартай, зуд турханд нэрвэгдэхгүй байх, Хөрөнгө оруулалтын гэрээ ямар болсоныг цаг хугацаа харуулах л үлдлээ.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан