Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цэвээнравдан: Ховд аймагт жилд 2300 хүүхэд төрдөг ч хүн ам нь 4000-аар багасч байна

Орон нутгийн сонгуульд өнгөрсөн хугацаанд Ховд аймагт МАН ялалт байгуулж байсан бол энэ удаа АН олонхи болж, нутгийн өөрөө удирдах байгууллага нь бүтэц бүрэлдэхүүнээрээ солигдсон. Тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай ярилцлаа.


-Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Ирэх дөрвөн жилд Ховд аймагт ямар ажил хийхээр төлөвлөв?
-Ховд аймгийн Засаг даргаар сонгогдоод гурван сар болж байна. Нэн түрүүнд ирэх дөрвөн жилд аймагтаа хийх ажлыг тусган мөрийн хөтөлбөрөө баталлаа. Ингэхдээ нэлээдгүй зүйл дээр ард иргэдийнхээ саналыг асуусан. Одоо бид иргэдээ сонсох аян өрнүүлж байна. Ажлаа авсан даруйдаа “нэг санаачилга” өрнүүлэх тухай анхны захирамжаа гаргасан юм. Ховд аймагт 13 үндэстэн ястан амьдардаг, тэдний бүтээлч санаачилгыг хөгжүүлэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, манай аймгийн аж ахуйн нэгж, айл өрх бүр улиралд нэг ажил санаачилж хийх юм. Энэ нь заавал томоохон ажил байх албагүй. Орчин тойрондоо, амьдарч буй газар хашаа хороондоо хэрэгжүүлж ч болно. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, өвөл айлууд угаадсаа хашааныхаа гадаа гаргаж цацахгүй байх хэрэгтэй. Ховд аймагт 20 мянган айл байна. Эдгээр айл бүр улиралд нэг ажил санаачиллаа гэхэд жилд 80 мянган ажил болно. Мөн аймгийн хэмжээнд 2000 гаруй аж ахуйн нэгж, компани ажиллаж байгаа. Иймэрхүү жижиг зүйлд иргэдийнхээ санаачилгыг өрнүүлэх нь том ажил. Төсвийн мөнгөөр архи согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон албан даалгавар гаргалаа. Ховд аймагт жилд улсын төсвөөр архи согтууруулах ундаа худалдаж авсан төсвийг харахад нэг сумын сургуулийн биеийн тамирын заалыг засч, тохижуулах хэмжээний зардал гарсан байсан. Өөрөөр хэлбэл, 300  сая төгрөг зарцуулсан байсан юм. Нөгөөтэйгүүр, аймгийн Засаг даргын хувиар нийтийг хамарсан хүлээн авалтад орохгүй байхаар болсон.
Ховд аймагт шилжилт хөдөлгөөн маш их байна. 2006 онд манай аймгийн хүн ам 92 мянга байсан бол өнгөрсөн оны эцсээр 78 мянга гаруй болсон. Нэг жилд 2300 гаруй хүүхэд төрж байхад манай аймгийн хүн ам дунджаар 2000-аар нэмэгдэх боломжтой. Гэтэл жилд 4000-аар багасч байгаа. Тэд өөр газар руу амьдрал хайн нүүж байна. Сайн эмнэлэг, сургууль бараадаж, ажил орлоготой болох гэж шилжиж байна шүү дээ. Тиймээс ямар бодлого хэрэгжүүлбэл иргэдийг нутагтаа амьдарч аж төрөх бололцоог бүрдүүлж чадах вэ гэж ажиллах нь бидний зорилго.

-Шилжилт хөдөлгөөнийг багасгахын тулд ямар бодлого барьж ажиллана  гэсэн үг вэ. Ер нь, бусад аймагт үлгэр дуурайлал  болохуйц бодлого гаргавал ч...?
-Манайх ядуурал хамгийн ихтэй аймгийн тоонд ордог. Ирэх жилүүдэд бид энэ бүхнээ шийдвэрлэх шаардлагатай байгаа. Хамгийн гол нь манайд ажилгүйдэл их. Жижиг дунд үйлдвэрлэл хамгийн муу хөгжсөн аймаг. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Үүний тулд гурван чиглэлээр үйлдвэрлэл хэрэгжүүлэх шаардлага урган гарч ирсэн. Нэгдүгээрт, олон үндэстний өлгий ястнууд уламжлалт гар урлал эрхэлдэг байснаа мартсан байна. Тэд эрт дээр үеэс үхрийн ширээ элдэн сур хийж, түүнийгээ худалдаалдаг байсан ч сүүлийн жилүүдэд ширээ тушаачихдаг болсон. Энэ уламжлалаа сэргээхийг тэднээс хүссэн. Мөн малынхаа ноосоор эсгий, тэмээний ноосоор оймс, бусад бүтээгдэхүүн хийх уриалга гаргалаа. Ноос сэмлэгч машин нийлүүлэхэд орон нутгаас тусална хэмээн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барина. Хоёрдугаарт энгийн технологитой өрхийн үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэр эрхлэх, үүн дотроо малаас гарч байгаа ноос, арьс ширийг үйлдвэрийн аргаар болон хүнсний ногоогоо ч боловсруулдаг болчихмоор байна. Наад зах нь, гэрийн бүрээсээ оёдог болчих хэрэгтэй. Учир нь, манай аймгийнхан гэрийн бүрээснийхээ 90 хувийг нийслэлээс авч байна шүү дээ. Гуравдугаарт, өндөр технологийн үйлдвэрийг Ховдод байгуулна. Бүс нутгийн томоохон сургууль, шинжлэх ухааны инженерүүд манай аймагт олон байгааг түшиглэн “Шинжлэх ухааны парк” байгуулахаар төлөвлөлөө.

-Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн. Дээрх үйлдвэрүүдийг энэ мөнгөнөөс санхүүжүүлэх үү?
-Төсвийн мөнгөнөөс бараг санхүүжүүлэхгүй. Аймгаас санаачилга гаргаад ийм үйлдвэр барихаар ярьж, орон нутгаас газрыг нь олгон шийдвэрлэн, дэд бүтцийг нь шийдэж өгнө. Харин цэвэрлэх байгууламжийг нь барихад төсвөөс хөрөнгө мөнгө гаргая гэсэн санал тавьж байгаа. Гэхдээ дэлхийн өндөр технологи суурилуулсан үйлдвэрийг бид 1-2 жилийн дотор байгуулж чадахгүй. Ямартай ч, ажлаа шахаж, цаг хугацааг нь ойртуулах зорилт тавиад байгаа. Энэ ондоо ТЭЗҮ-г нь гаргаад ирэх онд байгуулахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэвэл шилжилт хөдөлгөөн буурах учиртай. Ажлын байр гаргаж буй үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

-Танай аймгийн орон нутгийн хөгжлийн санд хэчнээн тэрбум төгрөг төвлөрсөн бэ. Энэ мөнгөөр сумдад ямар ажил хийх вэ?
-Шинэчлэлийн Засгийн газраас орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлж байгаа нь маш чухал ажил болсон. Орон нутаг хэр сайн ажиллаж чадахаас бүх зүйл шалтгаална. Манай аймгийн орон нутгийн хөгжлийн санд 10 гаруй тэрбум төгрөг төвлөрснийг бид хуулийн дагуу сумддаа хуваарилсан. Сумдад 60 хувийг, үлдсэнийг нь аймгийнхаа төвд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөлөө. Хамгийн гол нь, энэ мөнгөөр, иргэдийнхээ оролцоотой ажил хийхэд гол анхаарлаа тавина. Үүнээс гадна манай аймагт томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх шаардлагатай байна. Ховдчууд төвөөс алслагдсан хөгжил буурай, зам харилцаа муутай учраас нийслэл рүү ирэхэд маш их мөнгө, цаг зарцуулдаг. Тиймээс бид 2015 гэхэд Ховд хотыг нийслэлтэй хар замаар холбох зорилт тавин ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгийн 40 гаруй хувь нь зөвхөн зам харгуйд зарцуулагдах юм. Ховд хот 40 гаруй мянган хүн амтай хэр нь Улаанбаатараас илүү утаатайгаас хүмүүс өвчилж, шилжилт хөдөлгөөн ихэсч байна шүү дээ. Тиймээс бид утаа бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллах юм.

-Иргэдийн оролцоотой хийх ажлын жагсаалт гарсан уу. Тэд ихэвчлэн ямар ажлыг хийхээр саналаа өгсөн байна вэ?
-2013 оны төсвийг батлахдаа хуулийн хугацаанд шахагдаад иргэдээс зарим зүйл дээр санал аваагүй тохиолдол бий. Энэ хавраас иргэдээс санал санаачилга түлхүү авах юм. Сумдад малжуулах төсөл хэрэгжүүлэх, гэрэлтүүлэг, явган хүний зам тавих, багийн төвийн байр барих санал нэлээд ирсэн. Үүнээс гадна орон нутгийн хэрэглээний машиныг засах, худалдаж авах гэх мэт зүйл ч орсон тохиолдол бий. Хамгийн гол нь, иргэдэд нутагтаа сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх нь юу юунаас илүү чухал.

-Төсвийн зарцуулалтад хэрхэн хяналт тавих юм бол. Хяналт, хариуцлага тооцох механизм хэрэгтэй байх?
-Аливаа ажил хийхэд алдаа оноо гарахыг үгүйсгэхгүй. Алдаа гарахад олж харан засч залруулан, дахин давтахгүй байх хэрэгтэй. Ямар нэг ажлыг зөв арга замаар хийх нь хамгийн чухал. Тиймээс иргэдийн оролцоо хяналтыг энд оруулж өгөх нь зүйн хэрэг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний оролцоо ч байх хэрэгтэй. Бид ЗДТГ-ынхаа үйл ажиллагааг 14 хоног бүр орон нутгийн телевизээр ард түмэндээ тайлагнадаг болоод байгаа. Цахим хуудасдаа  ч нийтэлдэг.  
 
-Дулааны эх үүсвэр хүрэлцдэггүй гэсэн. Энэ асуудлыг ирэх жилүүдэд шийдвэрлэх боломж бий юү?
-Дулааны эх үүсвэр хангалттай бус учраас утаа ихэсч байгаа нь үнэн. Ховд хотод 8000 өрх байгаагаас 1160 нь орон сууцанд амьдардаг. Бид ирэх дөрвөн жилд 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр, дулааны асуудлаа шийдвэрлэх ёстой. Энэ ч үүднээсээ дулааны II цахилгаан станцыг ирэх онд барьж ашиглалтад оруулна. Дулаан түгээх хүчин чадал нэмэгдээд ирэхээр ховдчуудад ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бүх байгууллага, сургууль, цэцэрлэгээр орж дулааны хэмжилт хийхэд нэмэх 3-12 градус байсан. Тиймээс бид ядаж 18 градусын дулаанд хүргэхийн тулд ажиллана. Барилгын мате­риал, цемент, бе­тон зуурмаг, хаал­га, цонхны үйлдвэр орон нутагтаа барихыг эрмэлзэнэ. Мөн тендерт аймагт үйлдвэрлэсэн цонх, хаалгыг авч хэрэглэсэн үйлдвэрүүдэд хөн­гөлөлт үзүүлэх ме­ханизм шингээж өгч байгаа.

-Ховд аймагт энэ хавар бүтээн бай­гуу­лалтын ямар ажил өр­нөх вэ?
-Тендерүүд зарлагдаж дуусаад бэлтгэл ажил нь эхэлж байна. Ховд аймгийн хэмжээнд энэ жил улсын болон орон нутгийн сангийн төсвийн 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Манай аймгийн түүхэнд байгаагүй маш томоохон хөрөнгө оруулалт. Ирэх жилд ч хөрөнгө оруулалтын ажлыг Засгийн газартай ярьж улам өргөжүүлэх бодолтой байна. Дулааны эх үүсвэрийг нэмэх, битүү худалдааны төв барьж, зам харгуй тавих, бусад үйлдвэр, цэвэрлэх байгууламж барих юм. Ховд хотыг олон улсын зэрэглэлтэй болгож хөгжүүлнэ. Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн гэрэлтүүлэг муутай, хогтой, орц нь бохир байдаг нөхцөлийг хална. Гэхдээ иргэд нь санаачлаад явдаг тогтолцоонд шилжих ёстой.

-Танай аймаг хоёр боомттой хиллэдэг байх аа. Боомт дагаж хөгжих боломж хэр байна вэ?
-Ховд аймгийн Булган суманд Ярант, Байтагийн гэсэн хилийн хоёр боомт бий. Ярантын боомт нь байнгын, Байтагийнх нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг.

-Өвөл ард хоцорч, урин цаг ирж мал төллөөд эхэлчихлээ. Хаваржилт ямархуу болох төлөв харагдаж байна вэ?
-Ховд аймагт луу жилийн өвөл өнтэй сайхан болсон. XVII жаранд тодоор тэмдэглэгдэн үлдэх өвөл боллоо хэмээн ахмадууд бэлгэшээн ам сайтай байна лээ. Алтайн цаад талын гурван сум нэлээд цастай байсан ч малын хорогдол гарсангүй. Урин цаг ирж байгаа болохоор хаваржилт гайгүй болох байх. Малын тарга тэвээрэг ч сайн байгаа.     

0 Сэтгэгдэл
tsetserlegiin erhlegch nar tiim ariuhan tsewerhen huuhduudtei ajillaj bj tsetserleg dere arhiddag. eniig huuhduud n tsetserlegt ywdag hun bur medej bgaa. uuniig halj solij shine bagsh erhlegchidtei bolgoj bgaad talarhaj bgaa shuu. tseveenravdan dargadaa ajliin undur amjilt huseye
tsetserlegiin erhlegch nar tiim ariuhan tsewerhen huuhduudtei ajillaj bj tsetserleg dere arhiddag. eniig huuhduud n tsetserlegt ywdag hun bur medej bgaa. uuniig halj solij shine bagsh erhlegchidtei bolgoj bgaad talarhaj bgaa shuu. tseveenravdan dargadaa ajliin undur amjilt huseye
tsetserlegiin erhlegch nar tiim ariuhan tsewerhen huuhduudtei ajillaj bj tsetserleg dere arhiddag. eniig huuhduud n tsetserlegt ywdag hun bur medej bgaa. uuniig halj solij shine bagsh erhlegchidtei bolgoj bgaad talarhaj bgaa shuu. tseveenravdan dargadaa ajliin undur amjilt huseye
Hovdyn Zasag dargyn shiidver namjij uls turjsen gej bodohgui bna. Heel hahuul, archidaltad orson, turiin alban tushaalyg guuli bolgoj oron nutagt galzuurch bsan dund surguuliin zahiral, tsetserlegiin erhlegch naryg l ajlaas ni chuluulsun bna lee shde. Zuv sh de. Tuunees ajlaa hiigeed yavj bgaa engiin 1 ch bagshiig ajlaas ni halaagui yum bilee. Shudarga bus baidal arilj ehelj bna. D.Tseveenravdan dargad amjilt husye Olon saihan ajil hiih baihaa gej itgej bna hovdchuud
Хамгийн их уншсан