Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЦЭВЭЭНРАВДАН: ХОТ РУУ ШИЛЖСЭН ХҮМҮҮС ХОВДДОО БУЦААД ИРЖ БАЙНА

Төрийн хүн гэх ойлголтыг зөвхөн парламент хийгээд Засгийн газрын гишүүнээр л төлөөлөн ойлгох нь бий. Гэтэл орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хамгийн бага нэгжээс нь шат ахин хичээж яваа нэгэнд төрийн хүн гэх тодотгол илүү зохих мэт. Ховд аймгийн Чандмань сумын багийн даргаас сум, иргэдийн төлөөлөгчдийн даргаар ажиллаж, өдгөө аймгийн Засаг дарга болсон Д.Цэвээнравдантай ярилцлаа. Түүний удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны үрээр Ховд аймаг жилийн дотор улсын шилдэг болж чаджээ.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон иргэд, орон нутагт чиглэсэн үйл ажиллагаагаар 2013 оны шилдэг аймгаар шалгарсан. Танай аймагт хийж, хэрэгжүүлсэн ажил үйлсийн талаар ярилцъя.

-Юун түрүүнд Ховд аймгийн иргэд анх удаа Ардчилсан намд итгэж, олонхоор сонгосон. Аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь шинэчлэлийн Засгийн газартай зорилго нэгдсэн Ардчилсан намынх юм. Түүнээс гадна төрийн тэргүүн, парламентын дарга маань хүртэл ардчилсан үзэл баримтлалаар ажиллаж байгаа. Энэ бол бидэнд түүхэн боломж учраас илүү үр дүнтэй ашиглахыг эрмэлзэж, орон нутагт санаачилгатай байя гэсэн. Тодруулбал, Засгийн газрын санал сэдлийг дэмжиж, нэг долгионоор ажиллахыг хичээсэн. Дээр нь, бид орон нутагтаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Ховдод олуулаа сайхан амьдаръя гэдэг гол уриатай. Анх мөрийн хөтөлбөр гаргахдаа судалгааны байгууллагатай хамтран ажиллаж Ховдынхон  юу хүсч, тэмүүлж байгаа түүнд хүрч ажиллах чиглэлээ тодорхойлсон юм. Ингэснээр нэг талдаа амьдралд уялдсан хөтөлбөр болсон бол нөгөө талаас санал дэвшүүлсэн, дэмжсэн иргэд маань хөтөлбөрийн хэрэгжилтэд гар бие оролцоод явж буй хэрэг.
-Засгийн газраас олон шалгуураар орон нутгийн ажлыг дүгнэсэн гэсэн. Танай аймгийн хувьд ямар шалгуурт илүү үнэлгээ авсан бол?
-Засгийн газраас боловсруулсан 72 шалгуур үзүүлэлт. Энэ бүхний дунд голлох гурван үнэлгээ нь орон нутагт төрийн ил тод, нээлттэй байдал, авлигатай тэмцэж буй ажил. Мөн орон нутагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа хэрхэн татаж байгааг харсан. Дараагийнх нь, Ерөнхийлөгч, Засгийн газрын санаачилсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй ашиглах явдал. Үүнээс бусад шалгуур нь нийгэм, эдийн засгийн бүх асуудлыг хамарсан, тэдгээр нь ч Ховд аймагт ерөнхийдөө сайн гарсан юм. Тухайлбал, Ховд аймгийн хүн ам сүүлийн найман жилд анх удаа нэг сумын дайтай хүнээр өслөө.
Урьд нь, нэг жилд нь 3-6 мянган хүн нүүж, шилжиж явдаг байсан бол өнгөрсөн онд эсрэгээрээ нэмэгдсэн. Шинэ хүн олон мэндлэхээс гадна шилжээд явсан хүмүүс эргээд өвөг дээдсийнхээ нутагт ирэх хандлага байна. Олон, олон сайн мэргэжилтэн залуус Ховдод ажиллаж хөдөлмөрлөе, бизнес эрхэлж, үйлдвэр байгуулъя гэх болсон. Тэд ердөө аймаг орон нутгийн удирдлага бизнес санаачилгыг дэмжээд эхэлснийг дуулсан л хэрэг.
-Танай аймаг дэд бүтцийн хөгжилд хэр анхаарч ажилласан бэ?
-Орос, Хятадыг холбосон Азийн босоо тэнхлэгийн том зам 2015 онд дуусахаар ид баригдаж байна. Энэ бол ойрын ирээдүйд худалдаа, бизнесийн “Торгоны зам”-ын гол дамжих бүс болох юм. Манай хот байгуулагдсан түүх ч 330 гаруй жилийн өмнө худалдааны зангилаа, замын төвд оршдог гэдгээрээ танигдаж эхэлсэн байдаг. Ер нь, газар зүйн онцлогтой холбоотой юм. Монгол, Орос, Хятад, Казакстан зэрэг асар уудам газар нутгийн тэг дунд Алтайн уулс бий. Баргийн унаатай хүн шууд давчихааргүй, харсан болгоноороо туулаад гарчихааргүй тийм л нуруу. Гэхдээ хамгийн дөт, хялбар гарч болох нэгэн зам нь яг л Ховд хот руу хөтөлдөг. Тэгэхээр босоо тэнхлэгийн авто замаа ашиглалтад оруулчихвал манай аймгийн хүн, ачаа тээвэр, аялал жуулчлал, гадаад худалдааны эзлэхүүн хэдэн арав дахин нэмэгдэх дүр зураг харагддаг. Цаашилбал, ОХУ энэ замыг угтуулж Уралын нуруунаас нааших Чун голоо дагуулж хурдны зам барьж өргөтгөхөөр ажиллаж байна. Хятадын талаас Монголын хил хүртэл замын ажилдаа орчихсон.  Энэ хоёр замын яг төвд нь Ховд хот байгаа учраас хоёр талаас манай улсад ирж бараагаа солилцох, бөөнөөр борлуулах, агуулж хадгалдаг нөхцөл бүрдүүлэхээр баталгаат агуулах, ложистикийн төв байгуулах тухай ярьж байна.
-Агаарын тээвэр хэр хөгжиж байгаа бол?
-Алслагдсан бүс нутагт, цаг хугацаа давчуу үед хамгийн хэрэгцээтэй дэд бүтэц бол агаарын тээвэр юм. Ховд хот бол статусаараа нийслэлийн Буянт-Ухаагийн дараа орох агаарын тээвэр, тоноглол, техник хангамжтай. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлаад агаарын тээвэр гэдэг улам эрчимжиж байгаа. Зөвхөн хүн тээвэрлэх бус хүнсний бүтээгдэхүүн, ачаа тээвэрлэх тооцоолол эрэлхийлж байна. Дээр хэлсэн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөндөө Ховдын нисэх буудлыг олон улсын зорчигч, ачаа тээврийн аеро-вокзал болгохоор тусгасан.
-Ховд аймагт өвөлжөө хэр байгаа бол, мал сүрэг тавтай юу?
-2013 онд Ховд аймгийн мал сүрэг таван төрөлдөө 10 хувиар өссөн. Энэ нь байгаль дэлхий ногоо сайн гарч, урин дулааны улиралд бороо хур элбэг тааламжтай байсны үр дүн. Одоо өнтэй сайхан өвөл болж байгаа. Нүүдэлч уламжлалын мал сүргийн нөхцөл бүхэлдээ байгалийн аяс байдлаас хамаардаг шүү дээ. Гэвч бид зүгээр суугаагүй. Сүргийн бүтцийг чанаржуулах, хашаа хороог засч сэлбэх, хадлан өвөлжөөндөө бэлдэх ажлаа цалгардуулаагүй.
-Хөгжил дэвшилд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-УИХ-аас өнгөрсөн намар Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталсан. Үүний мөрөөр орон нутагт бизнес эрхлэх, бүтээн байгуулалт өрнүүлж, хөрөнгө оруулах нь олон жилийн тогтвортой нөхцөл, татвар эрхзүйн давуу боломжтой учраас манай аймагт бизнес эрхлэгчид олноор ирэх болсон. Ийм таатай орчин бүрдсэн үед хувийн хэвшлийнхэн санаачилгатай байж, засаг захиргааны зүгээс саад тотгор болохгүйгээр ажиллавал ажил улам урагшилна. Ховд аймаг руу хандсан хөрөнгө оруулалт 2009-2012 онд 150 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс манай аймагт чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг харж болно. Энэ үед Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын дарга Дэмбэрэл, нутгийн зөвлөлийн гишүүн Бямбацогт, Монголын толгой эдийн засагчдын нэг Амаржаргал нар ажилласан нь гол нөлөөтэйг хэлэх нь зүйтэй. Тэр сайн жишиг үр дүн одоо ч үргэлжилж байгаа. 2013 оны хувьд манай аймагт улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгсөн. Тухайлбал, 200 гаруй км зам барьж ашиглалтад орсон, Монголд хамгийн том 8200 метр кв талбайтай битүү худалдааны төв баригдлаа. Мөн олон сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв шинээр барьж байна. Энэ олон бүтээн байгуулалтаас онцлох нэг зүйл нь Ховд хот цаашид өргөжин тэлэх, 100 мянган хүн амтай болж хөгжих нөхцлийг хангасан дулааны хоёрдугаар станц. Өмнөх станцаасаа гурав дахин илүү хүчин чадалтай станцын барилгын ажил үндсэндээ дууссан. Нэгэнт хотоо өргөжүүлэхээр шийдсэн учраас бусад дэд бүтэц, шугам сүлжээг ч анхаарсан. Тодруулбал, цахилгааны хоёр дэд станц шинээр барилаа, цэвэр усны дамжуулах шугам болоод цэвэрлэх байгууламжаа шинэчилж байна.
-Төрийн шийдвэр, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад Орон нутгийн хөгжлийн сан хэр нөлөөлсөн бэ?
-Монгол даяар Орон нутгийн хөгжлийн сантай болсноос манай аймагт есөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь анх удаа орон нутгийн мэдэлд ийм их хөрөнгө зарцуулах эрх шилжиж ирсэн хэрэг. Монгол Улсын хэмжээнд Ховд аймаг дээрх хөрөнгөө зөв захиран зарцуулж чадсан гэдгийг “Шууд Ардчилал” төслийн хөндлөнгийн судалгааны байгууллага тодорхойлсон. Энэ сангийн мөнгийг иргэд нь өөрсдөө юунд зарцуулж, зориулахаа шийддэг онцлогтой. Мөн сангийн ачаар иргэдийн идэвх санаачилга их сэргэсэн. Жишээ нь, өнгөрсөн жил аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс хотын өнгө үзэмж, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд зориулж хоёр тэрбум төгрөгийн хандив цуглуулсан байгаа юм. Урьд нь, сүм суварга босгох, баяр наадам хийхэд хандив гаргадаг байснаас гудамжаа цэцэгжүүлж, хогийн сав байршуулахад хандив өгч байсангүй.
Яг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18 мянган ам метр талбайг цэцэрлэгжүүлсэн. Зам талбай, явган хүний замыг шинэчилсэн. Түүнчлэн хогийн менежментийг сайжруулахад зориуллаа. Урьд нь, Ховд хотын орчимд 360 гаруй га талбайг хамарсан 80 шахам жилийн хог хуримтлагдаж байсны 50 га газрыг цэвэрлэлээ. Цэвэрлэсэн газартаа ирэх оноос үйлдвэр байгуулах юм. Хөрсөө цэвэрлэх, тэгшлэх ажил явагдаж байгаа. Түүнчлэн хээрийн хогийн сав гэдэг санаачилга гарч хэрэгжсэн. Мөн Ховдыг гэрэлтэй хот болгох зорилт тавин ажиллаад амжилтад хүрлээ. Яг иргэдэд хэрхэн хүргэсэн бэ гэдгийг товч хэлэхэд бид баг бүрт 30 сая төгрөг хуваарилсан. Тэр мөнгийг хэрхэн, юунд зарцуулж бүтээмж болгохоо иргэд өөрсдөө ярилцаад шийднэ гэсэн үг.
-Ховдчууд та бүгдэд бүрэн итгэж, түүний хариуд төрийн үйл ажиллагааг ил тод болгох, төсвийн шилэн дансыг аль эрт нэвтрүүлсэн гэж дуулсан?
-Төрийн байгууллага бол иргэнийхээ төлөө л үйлчлэх ёстой. Энэ ойлголтоо гүнзгий ухамсарлаад ирвэл төрийн албан хаагчийн ажлын ёс зүй, хандлага эрс өөрчлөгдөнө гэж боддог. Аймгийн Засаг даргаас багийн Засаг даргын жолооч хүртэл төрд зүтгэж, иргэнд үйлчилж буй хэрэг. Үнэхээр үйлчлэгч юм бол бид хүмүүсийн өмнө нээлттэй, ил тод, шударга, хүнд сурталгүй байх нь анхдагч шаардлага болохыг ойлгоно. Үүний хүрээнд төрийн нэрээр гарч байгаа бүх шийдвэрийг бүгдэд нээлттэй тавих болсон. Тухайлбал, аймгийн Засаг даргын шийдвэр, тушаал бүрийг цахим хуудсанд хүн бүр ороод танилцах боломжтойгоор байршууллаа. Мөн долоо хоног бүр тэдгээрийг аймгийн телевизээр уншиж танилцуулж, тайлбарладаг болсон юм. Үүнээс гадна аймгийн төсөв, санхүүгийн тэмдэглэлийг ил тод болгож байгууллага бүр хэдэн төгрөг хаана шилжүүлж, олгосон бэ гэдгийг хэн ч мэдэх эрхтэй. Наанадаж тендерт л гэхэд хэн хэн өрсөлдөж, аль нь шалгарсан, бусад нь яагаад тэнцээгүй гэхчлэн асуулт нэг бүрт хариулж байна. Тэр ч бүү хэл, төсөвтэй холбоотой баримт бичгийг хувилж, хэвлээд номын сангуудад байршуулдаг юм.
Мөн энд хэлэх ёстой нэг зүйл нь иргэдээ сонсох 7043-1111 дугаарын утас ажиллуулж, санал хүсэлт, гомдол талархал хүлээж авч байгаа. Сумаас, аймгаас, нийслэлээс хаана ч явсан орон нутагтай холбоотой хэлэх зүйлээ дамжуулдаг. Түүний мөрөөр даруй арга хэмжээ авч, шуурхай ажиллах бололцоогоо бүрдүүлсэн.
-Авлига хүнд сурталтай тэмцэхэд энэ бүхэн багагүй дэм болж байгаа байх?
-Тэгэлгүй яахав, аль ч улс орны иргэд төрийн үйл ажиллагаа ил тод биш, хаалттай байвал хардах эрхтэй шүү дээ. Харин ч шаардлагатай зүйлийг байнга өгөөд байвал цаг хугацаагаа үрэхээ болих, бухимдахгүй болох сайн талтай. Эргээд мэдээллээ ашиглаад газар авах, тэтгэмжээ бүртгүүлэх өөр ямар хэрэгцээ байна түүнийгээ өөрөө хийгээд явна. Заавал нэг төрийн албан хаагчийн аяыг харах шаардлагагүй.
Ер нь, бидний ажлын үр дүнд иргэдийн бухимдах, гомдол мэдүүлэх нь багассан шүү. Би 2012 онд Засаг даргын ажлаа хүлээж авах үед иргэдээс 100-гаад өргөдөл орж ирсэн. Түүний 70 гаруй хувь нь газар олгосонгүй, буруу олголоо, маргаан үүслээ гэх агуулгатай байсан юм. Жишээ нь, хуулиар иргэн бүрт олгох газраа би таван жил хөөцөлдөөд авч чадсангүй эсвэл миний авчихсан газрыг өөр олон хүнд давхар өгчихжээ гэнэ. Зарим нь, 50, 60 га газар аваад байхад надад хуульд заасан газар олгохгүй байна гэсэн байлаа. Харин одоо хааяа нэг, хоёр өргөдөл газрын асуудлаар орж ирдэг. Яагаад ийм байсан гэхээр жилд 4000 гаруй хүн газар авъя гэж хүсэхэд эргээд жилдээ 200 гаруй хүнд л шийдвэр гаргадаг. Үүнийг шинэчлээд хэн газар авахыг хүснэ тэр бүгдэд зөвшөөрөл олгож байхаар болсон. Товчхондоо, зохиомол эрэлт үүсгэхгүй байснаар газар ямар ч асуудалгүй болоод байгаа юм.
-Газар эрчимтэй олгож байна, 100 мянган хүн амтай хот болох дэд бүтцээ шийдчихлээ. Тэгвэл шинэ хот төлөвлөлтөө эрт гаргачихсан байжээ?
-Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2004-2005 онд нэлээд хөрөнгө зарж гаргасан боловч зарим нь хэрэгжээд, зарим нь орхигдсон. Тиймээс бид 2013 онд хотынхоо ерөнхий төлөвлөгөөг Монголын хот төлөвлөлтийн хүрээлэн, Италийн компанитай хамтран цоо шинээр хийлгэж байна. Цаашид энэ төлөвлөгөөгөө яс мөрдөж хөгжихийг л чухалчилна. Ер нь, орчин үеийн хотод үндсэн гурван шаардлага зайлшгүй байдаг гэнэ. Эхлээд амьдрах орчныг бүрдүүлнэ, мөн ажиллах нөхцлийг ч хангасан байх. Гуравт, амрах аялах боломжийг бий болгосноор ухаалаг хотын жишигт хүрдэг. Тэгэхээр энэ гурван асуудлыг цогцоор нь шийдсэн төлөвлөгөө удахгүй батлагдана, мөн оны эхээр Ховд хотын хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулж ажлаа эхлүүлэх юм.
-Хот руу шилжиж ирсэн хүмүүс эргээд ирж байгаа гэдэг сайн мэдээ. Гэвч тэр олон хүнийг ажлын байраар хангах асуудлыг хэрхэн шийдсэн бол?
-Өнгөрсөн онд манай аймгийн хэмжээнд 2400 гаруй хүн шинээр ажлын байртай болсон гэх судалгаа гарсан. Тэдний 400 гаруй нь улирлын чанартай, дийлэнх нь байнгын ажлын байртай болжээ. Орон нутагт ажилгүйдэл байдаг нь үнэн. Гэвч түүнийг шийдвэрлэх гол зарчим нь үйлдвэр үйлчилгээний газраа олноор байгуулах явдал. Нөгөө талаас төрийн үйлчилгээний байгууллагынхаа тоо, цар хүрээг нэмж байгаа юм. Дээрх хүмүүсийн 300 орчим нь төрийн байгууллагад орсон. Гэхдээ төрийн захиргааны бус үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллаж буй хүмүүс юм.
-Ховд аймгийн хөгжлийн хэтийн төлөв хөдөлмөрч хүмүүсийн хүсэл, тэмүүлэл байх нь гэж ойлголоо.
-Орон нутгийн удирдлага ер нь бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Тусалж чаддаггүй юм гэхэд саад болохгүй байя гэсэн зорилт тавьдаг. Энд нэг жишээ хэлье, манай аймагт ажилладаг дөрвөн тоосгоны үйлдвэрийг өнгөрсөн хавар барилгын ажил эхлэх үеэр зогсоочихсон байсан. Яагаад гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч зөвшөөрлөө батлуулаагүй, гарын үсэг дутуу, нэг тодорхойлолт аваагүй гэх бичиг цаасны шалтгаантай. Ингээд барилгын үндсэн түүхий эд зогсох дөхсөн учраас бүх үйлдвэрийн даргыг нэг талд, Мэргэжлийн хяналтын газрын хүмүүсийг нөгөө талд дуудаж уулзаад сайн, муугаа ярилцсан. Хуулиараа бол үйлдвэрүүд зөвшөөрлөө ном дүрмийн дагуу аваагүй нь буруу боловч залруулах бололцоотой. Гэхдээ түүнийг засах хүртэл хэдэн долоо хоног, сар улирал алдах учраас үндсэн гурван зарчим дээр санал нэгдсэн. Нэгдүгээрт, хүний амь бие, эрүүл мэндэд халдах аюулгүй ажиллагааг зөрчсөн бол үйлдвэрийг шууд хаая. Хоёрт, гарч байгаа тоосго стандарт, чанарын шаардлага хангаагүй бол шууд зогсооно. Эцэст нь, үйл ажиллагаа нь экологид сөрөг нөлөөтэй, хөнөөлтэй бол ажиллуулахгүй гэж тогтсон. Бусад ялихгүй асуудлаар бүтээн байгуулалтын ажлыг тэр чигт нь зогсоохгүй шүү гэсэн. Цаашид хууль дүрмээ баримтлаад явахдаа жижиг гэлтгүй асуудал гаргасан бол үйлдвэр нь буруугаа хүлээнэ, мэргэжлийн хяналтын байцаагч ч хариуцлага хүлээе, аймгийн Засаг дарга ч шийтгэл хүлээдэг байхаар шийдсэн. Тэгээд аймгийн үйлдвэрлэлийн дүн мэдээг авч үзэхэд тоосгоны үйлдвэрүүд өмнөх оноосоо 50 гаруй хувиар илүү бүтээгдэхүүн гаргажээ. Хэрэв үйлдвэрийг хаагаад нэг сар хугацаа алдсан бол ийм ахиц гарахгүй ч байж болох. Энэ бол бизнес эрхлэгчдэд төр садаа болох бус харин ч зөв аргаар асуудлыг шийдэж буй хэрэг. Манай Ховд хот цаашид бүх чиглэлээр тэлж хөгжих боломж, бололцоог хангаад байгааг дахин хэлье. Жишээ нь, Улаанбаатар хотод агаарын бохирдол, хөрс, усны бохирдол, цахилгаан эрчим хүч, дулааны дутагдалд орох дөхөөд буйг мэргэжилтнүүд хэлдэг. Харин Ховдод хоёр дахин өргөжих бололцоо байгаа юм.
-Засгийн газраас аймаг бүрт 1000 өрхийн орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ ажил хэрэгжихэд ямар нэг саад бэрхшээл бий болов уу?
-Орон сууц олон баригдсан. 2013 онд 300 гаруй шинэ орон сууц барьж байгуулаад, нэг хэсэг нь ашиглалтад орсон бол зарим нь энэ оны эхээр оршин суугчдаа хүлээн авах юм. Онцлог нь Засгийн газраас төлөвлөсөн орон сууцнаас гадна 500 амины сууц барихаар болсон юм. Нийтдээ 1500 айлыг утаанаас салгана гэсэн үг. Үүний дээр нэмэгдээд баруун бүсийн томоохон арьс ширний цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулна. Түүнийг тойроод арьс ширний 7-8 үйлдвэр босох боломжтой. Энэ нь, баруун аймгийн малчид түүхий эдээ заавал нийслэлд авчрах бус, хил давуулах бус Ховдод нийлүүлэх дөт бололцоо бүрдэнэ гэсэн үг. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарсан. Тухайлбал, вакум цонхны гурван үйлдвэр нээгдсэн, хаалга, бетон зуурмаг, хайрга дайрганы цех, тоосгоны үйлдвэр ажиллаж байгаа. Энэ салбарын үйлдвэр хөгжих нь орон сууц, барилга байгууламжийн хэрэгцээг дотооддоо тасралтгүй хангах, үнийг бууруулах боломж юм. Өнгөрөгч онд хувийн гурван цэцэрлэг байгуулагдсан. Үүнийг бид дэмжиж байгаа юм. Нэг талаас хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн сэтгэл амгалан ажлаа цалгардуулалгүй явуулах боломж шүү дээ. Тэр ч утгаараа төсвөөс хүүхдийн тоогоор, хувьсах зардлаар дэмжлэг үзүүлдэг юм. Одоогоор аймгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 20 орчим хувь нь хамрагдаж чадахгүй байгаа учраас цаашид жил тутам нэмэгдүүлээд явна.
-Улсын тэргүүний аймаг болсон нь таны ярианаас шууд л мэдрэгдэж байна. Цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудал гэвэл юу вэ?
-Ховд аймаг бүх зүйлээ шийдчихсэн үү гэвэл үгүй. Асуудал бий. Юун түрүүнд, манай аймаг сүүлийн хэдэн жил маш хүйтэн орчинд өвөлжиж байгаа. Орон сууц дунджаар найман хэмийн дулаантай. Хүйтэн орчинд байх нь хүний эрүүл мэндэд их хөнөөлтэй. Тиймээс бид 2015 оны арванхоёрдугаар сар гэхэд дулааныг +18 хэмээс доошгүй байлгах зорилт тавьсан. Аль болох наана, жилийн өмнө зорилтдоо хүрэхийг эрмэлзэж байгаа. Мөн Ховд хот Улаанбаатараас дутуугүй утаатай. Хонхор газар оршдог, 40 мянган хүн амтай болохоор утаа нь тогтчихдог. Утааг багасгахад дулааны хоёрдугаар станц том хөшүүрэг болно гэж үзэж байгаа. Учир нь, аймгийн төвд 83 ширхэг нам даралтын зуух байгаа. Эдгээр нь жилд хамгийн багадаа 200 тонн, ихдээ 3500 тонн нүүрс шатаадаг. Эхлээд эдгээрийг бүгдийг нь зогсоох хугацаатай үүрэг өгчихсөн. Төвийн дулааны шугамд холбогдох эсвэл цахилгаанаар халаадаг шийдэл сонгож болно. Төрийн байгууллагууд энэ оны есдүгээр сар гэхэд асуудлаа шийднэ, 2015 оны есдүгээр сараас өмнө хувийн байгууллага зуухаа зогсоо гэсэн. Эхнээсээ үр дүн гарсан шүү. 2013 онд багтаж 11 зуух ашиглахаа больсон. Үүний зургаа нь төрийн, тав нь хувийн байгууллага. Гэх мэтээр үр дүнд хүрэхэд ойрхон байгаа гэж санагддаг. Цаашилбал, орон сууцны нийлүүлэлтийг 1500 айлаар нэмж байж утаанаас бүрмөсөн салах боломжтой гэж үзсэн.
-Тун удахгүй Сар шинийн баяр болох гэж байгаа тул та нутгийн олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?
-“Ардчилал” сониноор дамжуулаад улсын тэргүүний аймаг болсон нийт ховдчууддаа баяр хүргэе. Улсын тэргүүний аймаг болоход Ховдын ард иргэдийн санаачилга, бүтээлч байдал өндөр байсан учраас ийм амжилтад хүрлээ. Үенч сумын хилийн цэргийн анги, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс гээд аймгийн ихэнх байгууллага системийнхээ хэмжээнд улсын дүнгээр дандаа тэргүүн байрт оржээ. Энэ олон байгууллагын амжилт аймгийнхаа нэрийг өндөрт өргөлөө. Нөгөө талаас Ховд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг даргын тамгын газрын хамт олны хамтын ажиллагааны үр дүн учраас баяр хүргэж, талархах нь зүйтэй. Зорилго нэгдсэн үйлс маань эхнээсээ үр дүнгээ өглөө, төрийн энэ том шагнал хүртэх нь сайхан, араас нь илүү том хариуцлага ирдэг тул түүнийг дааж ажиллах үүрэг ногдлоо. Хэдхэн хоногийн дараа 17 дугаар жарны морин жил гарах гэж байгаа тул нийт ховдчууддаа, олон ястан, үндэстнүүддээ Сар шинийн баярын мэндийг уламжилъя. Угтан золгож буй морин жилдээ айл өрх, ховдчуудын минь юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж явах өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье. Морь жилд Монгол орон даяар бороо хур элбэг орж, цэцэг ногоо сайхан дэлгэрсэн, тариа буудай арвин ургасан, мал сүрэг, сүү сааль дэлгэр, хүн ардын сэтгэл амгалан, ажил үйлс бүтэмжтэй, эвтэй сайхан, хөдөлмөрч байхын ерөөл өргөе.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
хөдөөнийхөн хөдөөнөө хотынхон хотдоо л амьдармаар байна
хөдөөнийхөн хөдөөнөө хотынхон хотдоо л амьдармаар байна
3 bakuum tconxnii yildber ashiglaltand orson genee Ineed xyrchixlee UB xotod 100 ail gedeg gazar gudamjind bakuum tconx xiigeed zogsoj baidag yum
Temeg malaa tanai aimag chin duuren Kazaxuud bolson bn lee Yyniig yah gej bn chinii yarij baigaagaar bol tanai aimag udaxgyi Singapore bolox yum bn
Нүд нь сохрсон байна албан тушаалдааа .Ам шиг том бай АДьшаагийн модон хүүхэлдэй минь . Бэлэгдэлийн чанартай дарга бүх ажилуудыг нь Адьшаа гуай хийж байгаа штэй
saixan zaldag noxor uu dee.
хийгээгүй байсан ажлаа нөхөж хийчихээд энэ аймгууд одоо болиоч ээ.
Монголд УБ хотоос өөр газар хөгжил дэвшил байгаа гэж үү. ёстой сайхан бүлтэрлээ дээ.
1 жилийн дотор Ховд хот үнэхээр өөрчлөгдөж сайжирсан байна лээ. Ховдчууд та бүгдэд баяр хүргье. Улам ихийг хийгээрээй.
хийгээгүй байсан ажлаа нөхөж хийчихээд энэ аймгууд одоо болиоч ээ.
хаана юу нь хөгжөөд байгаа юм ховд.. хачин навсайсан аймаг л байна лээ
худал битий бураад бай..
Хамгийн их уншсан