Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАДРАА: ӨМНӨГОВИЙНХНЫГ ЭРҮҮЛ БАЙЛГАХ НЬ МИНИЙ ҮҮРЭГ

Хөдөөд хөгжил гэж юу яриад байгаа юм бэ. Талаар нэг тарсан хүмүүст хөгжил яриад яах ч билээ гэсээр өнөөдөр монголчуудын тэн хагас нь нийслэлдээ амьдрал эрэн бэдэрч байна. Азаар сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийг даган ажиллагсад нэмэгдсэнээр эзэнгүйдээд байсан хөдөөг зоригсод ч олшрох болж. Гэхдээ уурхайтай аймаг хэд билээ. Аймгууд маань баялгаа зөв ашиглаж чадаж байна уу гээд үүнийг дагасан түмэн асуулт байна.  Энэ бүхний талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай ярилцлаа.

-Хөгжил гэж юу вэ гэсэн сэдвээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү. Таны бодлоор хөгжил гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?

-Би өөрөө Даланзадгадад төрж өссөн. Хүүхэд ахуй цагаа ч эндээ л өнгөрөөсөн. Минийхээр намайг хүүхэд байхад гэр хороололд амьдарч байсан хүмүүс маань өнөөдөр ч хуучин хашаандаа нөгөө л амьдралаараа байхыг хөгжил дэвшил гэхгүй.
Гэр хороололд ус түрээд яваа хүмүүсээ бусдын ижил орон сууцанд оруулаад, аймаг орон нутгийнхаа дэд бүтэц, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэнд, боловсролын салбараа олон улсын жижигт хүргэж, говь нутагт тулгамдаад буй байгаль хамгаалах асуудлаа нэг дор бүрэн шийдэхгүй ч бага багаар шийдээд явахыг хөгжил гэнэ дээ. Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар Монгол хүн Монголдоо сайхан амьдаръя гэсэн бодлого баримталж буй бол бид Монгол хүн Монголдоо сайхан, тэр тусмаа Өмнөговийн хүн Өмнөговьдоо сайхан  амьдаръя гэж ажиллаж байна. Энэ утгаараа манай багийнхан нэгдүгээрт, эрүүл мэнд, хоёрдугаарт боловсролын салбараа сайжруулъя, дэд бүтцээ шийдье, хүмүүсийнхээ нийгмийн асуудал, амьдрах орчинг дээшлүүлж, орон сууцжуулъя, тавдугаарт нь  уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлөөс үүдэлтэй байгаль хамгаалах асуудлаа шийдье гэж таван асуудлыг цогцоор нь анхаарч ажиллаж байна. Үүнийг сайн шийдэж чадвал орон нутаг хөгжиж байна гэсэн үг.

-Танай аймгийн хувьд уул уурхайгаа зөв зохистой хөгжүүлэх нь хөгжлийн чухал гарц гэдгийг нэгэнт мэдэрчихсэн гэж хэлж болох байх?
-Улс орон хөгжинө гэдэг тухайн улс орондоо байгаа байгалийн баялгаа хэр зөв зохистой ашиглаж зарцуулахаас шалтгаалах нь тодорхой. Өнөөдөр манай орны эдийн засгийн гол салбар нь уул уурхай болчихлоо. Тэгэхээр байгалийн баялгаа зөв зохистой зарцуулж, зөв бодлого барьж чадвал улс орон хөгжинө гэж би боддог. Ер нь уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил нь  Монгол төдийгүй манай аймгийн хувьд хөгжлийн шинэ үе эхлүүлсэн.
Баялгаа хэдийд нь ашиглах вэ гэдгээ дэс дараатайгаар шийдэж чадахгүй, зөв зохис­той зарцуулахгүй, ажил хийж байгаа Засгийн газар нь дараагийнхаа Засагт өр үлдээгээд байвал хэзээ ч хөгжихгүй. Нэгэнтээ эдийн засаг уул уурхайгаас хамаа­ралтай болчихсон учраас нөгөө жаахан түүхий эд нь гадагшаа гарахгүй л бол орох мөнгө нь багасаад ирнэ. Хүн арддаа, хөгжил цэцэглэлтдээ зарцуулах мөнгө нь багасна. Тэгэхээр төрийн зөв бодлого хэрэгтэй. Олон жилээр тогтвортой хамтран ажиллах гэрээг төр засгаас байгуулж ажиллах чухал. Түүнээс ашигт малтмал олборлож, экспортлохдоо ханш нь гайгүй байна, өнөөдөр заръя, маргааш нь ханш уналаа больё гээд зогсоочихдог баймгүй. Өнөө маргаашаа гээд өндөр үнээр өгөх биш ирээдүйгээ харан маш удаан хугацаагаар ашиглаж, тогтмол үнээр борлуулдаг тийм бодлого хэрэгтэй санагдах юм. Боломжийн үнээр урт хугацааны гэрээ хийж явбал аймаг орон нутгийнхаа хөгжилд ч чухал.

-Уул уурхай хөгжилд хөтөлж байна гэж байгаа ч ядуурал, ажилгүйдэл нүдэнд харагдтал буурахгүй л байна?
-Хэдийгээр аймаг маань хөгжиж байгаа ч өнөөдөр Даланзадгадын нийт өрхийн 14 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдарч байна.Худгаас ус түрдэг хүүхдүүдийн маань нас багасчихсан. Үүнийгээ болиулж чадаагүй байж хөгжил гэж яриад яах юм. Би “орон сууцныхаа барилгыг маш эрчимтэй бариул. Боломжоор нь орон сууцанд оруул. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийнхээ цэвэр бохир усны асуудлыг шийдээд өгчихье. Тэгээд 200 айлынхаа таун хаусыг барья” гэсэн бодолтой л ажилладаг хүн. Үнэндээ орон сууц бариад өгье гэсэн компани байна. Гэвч хөрөнгө мөнгө нь болохгүй юм. Өмнөговь аймагт орон сууц бариулахад хоёр тэрбум төгрөг төлөвлөсөн. Энэ хоёр тэрбумаараа хоёр компанид дэмжлэг үзүүлэхэд сайндаа 100 айлын орон сууц барина.

-Гэхдээ танай аймагт орон сууцны үнэ харьцангуй гайгүй байна шүү. Хотод дунджаар ам.метр нь хоёр сая гарчихаад байхад танайд сая орчим төгрөг байгаа сонсогдлоо?
-Орон сууцны үнийг барьж чадаж байгаа. Бидний хувьд дэд бүтэц, тог цахилгааныг нь шийдээд өгчихнө. Метр квадратынхаа үнийг 950 мянган төгрөгт барь гэж компаниудаас шаарддаг. Саяхнаас барилгынхан юань, ам.долларын ханшийн өсөлтөөс болоод 950 мянган төгрөгт үнээ барих боломжгүй гэж гомдол гаргаж байна. Тэгээд арга буюу нэг сая эсвэл сая 50 мянгад барь гэсэн. Хэрвээ энэ үнээр барьж чадахгүй бол бидний хувьд ямар ч дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж шахаж байгаа.Та нар орон нутгаас дэмжлэг, зээл авч байшин баривал ийм л үнээр худалд. Орон сууцаа борлуулаад  мөнгөө эргүүлээд өг. Дараагийн компанид дэмжлэг үзүүлнэ гэдэг хатуу гэрээтэй.

-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт иргэдээ орон сууцжуулах талаар туссан биз дээ?
-Засаг даргын мөрийн хөтөлбөрт 1000 айлын орон сууц барина гэж туссан. Энэ жил 400 нь ашиглалтад орно. Хэрэгцээ бол их байна, манай аймагт. Төрийн орон сууцны корпорацаас Орхон аймагт гэхэд 300 айлын орон сууц барих судалгаа гаргасан дуулдсан. Гэтэл  манай аймагт 1105 айлын орон сууцны хэрэгцээ байна.  Даланзадгадад 420, үлдсэн нь дандаа сумдад. Цогтцэций суманд 130, Ханбогд 228, Гурвантэст 28 гэдэг ч юмуу. Тэгэхээр бид энэ бүх хэрэгцээг хангаж орон сууцжуулахыг зорино.

-Орон нутгийн төсвөөр шийдэж, Сонгуулийн мө­рийн хөтөлбөрт ор­сон нэг чухал бүтээн байгуулалт бол аймгийн төвөө сумуудтайгаа хатуу хучилттай замаар холбох байх аа?

-Богино хугацаанд энэ олон орон сууцыг барьж, олон км зам тавих хэрэгтэй байна. Энэ удаагийн сонгуульт дөрвөн жилийн хугацаанд 316 км зам барина гэсэн зорилго тавьсан. Гурвантэс сумандаа хатуу хучилттай замаа хүргэнэ. Орон нутгийн чанартай зам тавьж байгаа болохоор улсаас дэмжлэг авахад хүнд. Улс аймгуудаа арай гэж холбож байхад орон нутгийн замд зарцуулах мөнгө алга гэдэг.  Яг үнэндээ орон нутгийнх нь баялаг гээд нүүрсийг нь ухалгүй орхидоггүй биз дээ. Нүүрсийг нь ухаад хоёр боомтоор нь гаргаж л байна.

-Орон нутаг гэхээр л хүмүүс эрүүл мэнд, боловсролын салбар нь муу. Мэргэжлийн боловсон хүчин дутмаг гэдэг байсан. Энэ байдал өөрчлөгдөж чадаж байна уу?
-Боловсон хүчний хувьд хуучин тогтолцооны үе шиг хүрэлцээ хангамжгүй гэсэн асуудал үндсэндээ байхгүй болсон. Багш, мэргэжлийн эмчийн хүрэлцээ өнөөдөр орон нутагт шийдэгдчихсэн. Хамгийн гол нь, мэргэшсэн чадвартай л хүн хэрэгтэй байна. Удахгүй Өмнөговь аймагт томографикийн Мон­голд байхгүй үзүүлэлттэй аппарат суурилуулна. Японы Тошибад үйлдвэрлэсэн хам­гийн орчин үеийн техно­логитой энэ аппаратыг ажиллуулдаг нарийн мэргэж­лийн мэргэшсэн эмч байх хэрэгтэй. Өнгөрсөн жил диализын аппарат хоёрыг суурилуулсан. Өнөөдөр энэ аппаратанд Улаанбаатараас хүн ирж орж байна. Бид үүнийгээ тав болгохоор төлөвлөчихсөн. Хүний амь аварч байгаа аппарат шүү дээ.

-Тэгвэл танай эрүүл мэндийнхэн тоног тө­хөө­рөм­жийн хувьд Улаан­­­­баатарынхнаас ч давуу болжээ?
-Эрүүл мэндийг ингэж нэгдүгээрт тавьж байгаагийн гол шалтгаан нь гадаадад байтугай нийслэлд очиж эмчлүүлэх боломжгүй олон мянган хүн байна. Би Өмнөговийн иргэдийн сайн сайхны төлөө ажиллана гэж сонгогдсон хүний хувьд  аймгийнхаа иргэдийг эрүүл саруул байлгах нь гол үүрэг минь гэж үзэж байгаа. Сэхээний тусламж үзүүлэх, түргэний тэрэг  гээд нэн хэрэгтэй бүх л тоног төхөөрөмжөө авч тавихыг хичээж байна. Хөдөөгийнхөнд хамгийн их хэрэгтэй байдаг яаралтай тусламж үзүүлэх тоноглогдсон гурван машин авах захиалга өгсөн. Туулах чадвар сайтай, хэрэгтэй аппаратаар тоноглогдсон машин байх юм. Өнгөрсөн жил 11 тэрбум төгрөг эрүүл мэндийн салбартаа зарцуулсан. Энэ жил 5,5 тэрбумыг зарцуулна. Тэгээд Өмнөговьдоо Улаанбаатар ч байхгүй эрүүл мэндийн төв бий болгоно. Эрүүл мэндийнх нь асуудлыг шийдэж гэмээнэ Өмнөговийн хүн Өмнөговьдоо сайхан амьдарна гэдэг чинь биелнэ.  Гагцхүү энэ бүхэн шийдэгдсэн ч мэргэжлийн өндөр чадавхтай чадвартай хүмүүс нь хариуцлагатай ажиллах асуудал үнэхээр дутагдаад байгаа.
 
-Танай аймгийн боловс­ролын мэргэжилтэн­тэй ярил­цаж байхдаа хамгийн их анхаарал хандуулдаг салбар нь боловсрол юм байна гэж ойлгож байлаа?
-Дараагийн чухал салбар бол боловсрол. Өмнөговьд сургууль төгссөн хүүхдүүд хаана ч гологдохооргүй боловсрол эзэмшсэн байх ёстой. Үүний тулд багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж сайн, мэр­гэжил боловсролоо дээш­лүүлсэн байх хэрэгтэй. Хариуцлага өндөртэй, дээрээс нь тоног төхөөрөмж сайтай байх хэрэгтэй гэж үзээд энэ сал­бартаа багагүй ажил хийлээ.
Би өөрөө багш болоод ч тэр үү хүүхдийн хүмүүжил, боловсролд хамгийн түрүүнд анхаарал хандуулахыг хичээж байна. Улсыг хараад суувал  хийхгүй нь тодорхой. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийнхаа төсвөөс 640 хүүхдийн цэцэрлэг барилаа. Одоо ахиад 400 хүүхдийн цэцэрлэг барина.  Гагцхүү улсаас урсгал зардал л хүснэ. 1400 хүүхдийн сургууль барьж байна. Ямар ч амьдрал үзээгүй хүүхдүүд маань томчуудын золиос бүү болоосой гэж боддог. Цэцэрлэг хангалтгүйгээс хүүхдүүд гэртээ цоожтой үлддэг. Үүнээс болж хүүхэд эндэх тохиолдол ч байдаг. Тийм учраас улсад гомдол санал тавиад суулгүй боломж байвал орон нутгийн төсвөөр шийдэх зүйлээ  шийдэх л ёстой.  Хүүхдээ цэцэрлэгт хамруулж байж л эцэг эх нь ажил хийнэ. Эцэг эх нь ажилтай бол өрхийн орлого нэмэгдэнэ. Бидний энэ бүх ажлыг яамнаас үнэлээд Боловсролд ээлтэй Засаг даргаар шалгаруулж, байгалийн ухааны таван каби­нетээр урамшуулсан. Таван сургуульдаа  өгсөн. Боловсролынхоо салбарыг ямар ч байсан өөр түвшинд гаргана. Өмнөговь аймагт Бадраа гэж  нөхөр найман жил Засаг дарга хийхдээ яг юу хийв. Тэр хүний үед юу бий болов гээд нэг үзүүлэлт гарахад хэлэх үгтэй л сууна.

-Хүн нь эрүүл, боловс­рол­той гээд л...
-Тийм, дээрээс нь байшин барилга нэмэгдсэн, зам харгуйтай болсон байх ёстой. Засаг дарга болсноос хойш 30 км хатуу хучилттай зам орон нутгийн төсвөөр тавиулсан. Энэ зам Гурван сайхан уул руугаа явж байна. 10 км нэмэгдэнэ. Баруун талынхаа сумдыг хатуу хучилттай замаар аймгийн төвтэйгээ холбоно. Ингэж баруун сумддаа анхаарал хандуулахгүй бол аймаг маань хөгжлөөрөө саажилттай юм шиг болчихлоо. Зүүн талд нь уул уурхай ашиглаад тэрийгээ дагаад байшин барилга нэмэгдэж байна. Гэтэл баруун тал нь бахь байдгаараа.

-Та түрүүн Өмнөговийн баялаг юм чинь авахгүй гэдэггүй биз дээ гэж хэллээ. Улс авсныхаа хэрээр өгч байх хэрэгтэй гэдэг үгтэй чинь санал нэгдэж байна. Харамсалтай нь манай улстөрчдөд ийм бодол байх нь юу л бол...?
-Нүүрсийг нь ухаад л улс орны эрх ашиг явуулаад бай, явуулаад бай гэдэг. Ядахдаа замыг нь засъя гэхээр  зогсоож болохгүй явуул гэдэг. Хилийн наана цаана байдал ямар байгааг хар. Авч байгаа нь хөгжөөд байдаг, өгч байгаа нь хөгждөггүй ийм сөрөг байдал үүслээ. Уг нь, бидэнд тэд нараас дутах юм алга. Гагцхүү хийе, бүтээе гэсэн сэтгэлгээтэй нь цөөрчихөж. Бусдаас илүүгүй гэхэд дутуугүй амьдрах юмсан гэж бодох хүн  ховор байна. Арга ядахдаа хөөе боомтоо хөгжүүлье, Хятадын боомтыг хараач ээ гэхээр “Засгийн газраас ерөнхий төлөвлөгөө хийж байгаа, сайхан болгоно оо” л гээд байдаг. Гэтэл өнөөдөр хоёр дахь Засгийнхаа нүүрийг үзэж байна.

-Дараа нь орон нутгийн дарга нар л юу ч хийгээгүй. Эд нарт хариуцлага тооцъё гэх нь тодорхой?
-Гэнэт нэг улстөрч ирээд л “яана аа манай нутаг ийм болчих гэж дээ, аймгийн дарга нар нь юу хийж байдаг юм бэ” гээд нутаг усандаа хайртай хүн болоод телевиз авчирч байгаад л ярьдаг. Үнэндээ биднийг муу хэлэх яах вэ. Иргэд маань хэн нь юу хийж байна вэ гэдгийг хараад шүүх чадалтай. Говийн баялгийг нь ашиглаж байгаа шигээ хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. 

-Говь цөлжөөд байна, уул уурхайгаа цөөлье, байгаль орчныг нь хамгаалъя гээд нэг хэсэг дээр дооргүй ярьсан даа?
-Их сүржигнэсэн шүү дээ. Хамтарсан Засгийн газар чинь говийн цөлжилтийн эсрэг гээд Баяндалай сумын Гашууны хоолой гэдэг газар хуралдаад бөөн юм болсон. Гэтэл хийсэн нь юу байна. Цөлжлөө л гээд  байдаг. Станц барих гэж байна, уурхай ажиллуулна, энэ гүний усыг чинь ашиглахаас өөр арга алга. Та нар гүний усаа ашиглуулахгүй гэж тогтоол гаргаад байсан тэрийгээ эргэж хар гэдэг. Мэдээж улс орны хөгжлийн төлөө гээд ашиглах зүйлээ ашиглалгүй яахав.Гэхдээ гүний усыг удаан жилээр яавч ашиглаж болохгүй. Зөв зохистой  харьцааг нь барихгүй бол говь нутаг сүйрэхэд  хүрнэ. Тийм учраас Орхон, Хэрлэн гэсэн тэр том төслөө хэрэгжүүлээд гадаргын усаа ашиглах хэрэгтэй.

-Гэхдээ Засгийн газарт танай аймаг хамгийн болол­цоотой бас ганц хөгжиж бай­гаа нь харагдаж байгаа л даа?
-“Өмнөговь аймаг хөгжиж байна, цэцэглэж байна. Тиймээс энэ аймагт бүсийн оношилгоо үйлчилгээний төв барина. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийг бүсийн эмчилгээ оношилгооны төв болгоно” гээд болгосон. Гэвч байшин нь хоёр жил яригдаад энэ жил баригдаж эхлэх л юм гэсэн. Бүсийн төвийн даргыг Эрүүл мэндийн яамнаас шууд тавина гэсэн. Тэр дарга нь орон нутагт биш, яамны харъяаны хүн гээд хүссэн газраа явдаг. Араар нь ажил хохироод хариуцлагагүй байдал гардаг. Бод доо, Даланзадгадын нэгдүгээр 10 жилийг Боловсролын яам­ны лаборатор сургууль болгосон. Тэрний захирлыг сайд томилж байна аа гэсэн. Ахиад л хариуцлага яригдана. Манайхан чинь хажуунаас нь “хатгаж” л байхгүй бол ажлын хариуцлага алддаг.  Тийм учраас эрүүл мэнд, боловсролын газрыг хэрвээ яамных нь сайд шууд мэддэг болох юм хариуцлага хяналтаа ч сайн тавьдаг байх ёстой.
Орон нутаг сайдад харьяа­лагд­даг хүнд хариуцлага тооцож болохгүй. Танай хүн чинь ажил цалгардууллаа гээд сайдад өргөдөл гомдол би­чээд яваад байх хэрэг үү. Тэгэ­хээр орон нутаг мэдэх зүйлээ мэддэг л баймаар байгаа юм.

-Уул уурхай хөгжлийн нэг түлхүүр болж байгаа ч түүнийг дагасан асар их сөрөг зүйл бий. Байгаль орчин, хүн малын эрүүл мэнд гээд л. Малчид малгүйдэж байна, амьдрах аргагүй болох нь гэж байхыг олон л сонссон?
-Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад сөрөг зүйл гарч байна л гэж байгаа. Хуучин бол уламжлалт мал аж ахуй гэж ганцхан л зүйл хөгжлийн түлхүүр нь байлаа. Тэгээд уул уурхайн салбар гээд зэрэгцээд эхлэхээр хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг л болоод байна.
Тал нутагтаа чөлөөтэй  амьдарч, хонь малаа бэлчээж явсан хүмүүс энд ч нэг, тэнд ч нэг нүх ухаад эхлэхээр хэцүүднэ шүү дээ. Зарим нь нутаг усныхаа төлөө гэж явдаг бол тав арван төгрөг авах гэж элдвийг ярьж яваа нэгэн ч бий. Тэгэхээр уламжлал нь шинэтэйгээ зөв зохистой харьцаатай л байх хэрэгтэй. Уул уурхай хэрэгтэй юу хэрэгтэй. Уламжлалт мал аж ахуй хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэвч үл ойлголцлоос үүдээд  ашиг сонирхлын зөрчил үүсээд байна. Түүнээс уул уурхайн салбараас болоод гэхийн цаана юу байна вэ гэдгийг маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Мэдээж уул уурхайн ашиглалттай холбоотой тоосжилт, түүнийг дагасан өвчлөл гарч байна. Замаа ядаж хатуу хучилттай болгоогүй цагт энэ өвчлөл байх л болно. Тоосжилтыг багасгахгүй бол мал, хүндээ  муугаар нөлөөлж байна. Үүнийг бол гарцаагүй шийдэх ёстой. Иймэрхүү асуудал байна. Улаанбаатар ч гэлтгүй, утаатай Даланзадгад гэх боллоо. Тиймээс бидний таван зорилгын нэг болсон байгаль орчноо хамгаалахад хаа хаанаа л  сэтгэл оюунаа зориулах ёстой.

-Нөхөн сэргээлт байгаль орчноос гадна хүний эрүүл мэнд сайн сайхны төлөө уул уурхайгаас олсон мөнгөнийхөө тодорхой хувийг зарцуулах нь зүй байх л даа?
-Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэж үг байдаг. Тэгэхээр авсныхаа хэрээр аймгаа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг аль аль талдаа хүлээж авах нь муу байх юм. Анх аймгийн дарга болсон жилээ авдраа онгичуулж байгаагийн хувьд Өмнөговийн уугуул иргэд давуу эрхтэй байх ёстой гээд “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжүүлээд 500 мянган төгрөг хүн бүрт өгөөд золтой л хэцүү нэрт рүү явчихаагүй. Хурлын дарга бид хоёр ч байцаалтад орж, сонин энэ тэрээр бичүүлээд сүйд л болсон. Говь нутгийг маань нэг хэсэг огт хэрэггүй мэт л хаячихсан үе байлаа. Гэтэл уул уурхай хөгжөөд ирсэн чинь хүн бүр говьд хайртай болоод  Хөвсгөлийнх, Хэнтийнхэн  хүртэл анхаарал тавьж эхэлсэн. Энэ сайхан нутагт төрж өсөөд эрүүл мэндээрээ хохирч байгаагийн хувьд орон нутгийн иргэд маань давуу эрхтэй байх ёстой гээд орон нутгийн 51 хувийн өмчит Таван толгойгоосоо 500 мянган төгрөг өгчихсөн биш, Өмнөговийг АН эзлээд авчихлаа гээд намайг янз бүрээр муулж гүтгэсэн.

-Гэхдээ хүмүүс Өмнө­говийг дараагийн Эрдэнэт байгаасай гэж хүсч байна. Гэтэл өнөөдөр хэдэн бор гэр, сендвичэн барилга л байна даа?
-Эрдэнэтийг ашиглахын тулд Орос, Монгол Улс бүхэл бүтэн хот байгуулсан. Гэтэл өнөөдөр Эрдэнэтээс тав зургаа дахин илүү нөөцтэй Оюу толгойн ордыг ашиглахдаа эсгий гэр, сендвичэн барилга барьж байна. Оюу толгой дууслаа л бол эсгий гэрээ, сендвичэн барилгаа нураана.  Энэ ордоос Ханбогд сум маань ердөө 42 км зайтай. Хэдэн жил ярьж, ярьж Оюу толгой энэ жилээс Ханбогдыг маань гэрлээр хангаж эхэлсэн. Одоо тэднээс ядаж уурхайн ажилчдаа орон сууцжуул гэж шаардаж байна. Орон сууц баригдаад эхлэхээр сумын иргэд ч орно. Ханбогд маань 20-иод мянган хүн амтай хөөрхөн хот болог. Тэгээд Ханбогдын сургуулиа өргөтгөөд Оюу толгойн ажилчдын хүүхдүүд сураг. 42 -хон км замыг хатуу хучилттай болгоод уурхайн ажилчид Ханбогддоо төвхнөж байж л төсөл дуусахад хоттой үлдэнэ шүү дээ.

-Танай газар нутгийн 50 гаруй хувь нь ямар нэгэн лицензтэй гэж байсан. Үүнийг багасгах талаар орон нутгийн зүгээс ямар ажлууд хийх боломж байдаг юм бэ?
-Наад тоо чинь хамгийн сүүлийн тооцоогоор 38 орчим хувьтай байна. Ер нь, хайгуул ашиглалтын лицензийг цөөрүүлнэ гэдэг орон нутагт хүндрэлтэй. Цөөрүүлэх нь байгаль орчинд  чухал ач холбогдолтой ч хуулийнхаа дагуу бид нөхөн төлбөрт уначихдаг. Иргэдийн хурал хуралдаад лицензтэй талбайг хамгаалалтдаа авахад амархан. Гэвч хуулийн байгууллагаар ороод шүүхээр шийдэгдэхээр энэ компани хайгуулын ажилд ийм хэмжээний мөнгө зарцуулсан, нөхөн олговрыг нь өг. Орон нутаг энэ мөнгийг гаргаж өгчихөөд тусгай хамгаалалтад ав гэдэг. Гэтэл  орон нутаг яаж ийм их мөнгө гаргаж өгөх вэ.

-Тэгэхээр лицензтэй талбайгаа багасгах ямар ч боломжгүй гэсэн үг байх нь ээ?
-Өмнөговь аймаг 83 тэрбум төгрөг төвлөрүүлээд улсад орлого тушаагаад орон нутгаа санхүүжүүлэх ёстой. Бүх зүйлдээ зарцуулах ёстой мөнгө. Гэтэл арванхоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баахан газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авсан.Нөхөн олговорт нь 50-60 тэрбум нэхдэг. Тэрийг төлж чадахгүй бол компани үйл ажиллагаагаа явуулна гэсэн хуулийн заалттай. Тэгэхээр тэр бүрийг авч чадахгүй учраас зарим нэг багахан газрыг яаж ийгээд хөрөнгийг нь шийдээд авъя. Гүний усныхаа ашиглалтад бодлогоо барьж ажиллая. Хөгжиж байгаа уул уурхайгаа эхнээс нь  маш хариуцлагатай хөгжүүлье гэсэн бодлого барьж ажиллаж байна. Аль болох талбайг нь багасгах, ашиглах гэж байгаа компаниудтайгаа ярьж тохирох, хуулийн байгууллага дээр очоод мөнгө төгрөг нэхэлцээд суулгүй, үнэхээр ашиглана гэж байгаа бол чухал ач холбогдолтой талбайгаа аваад нийт лицензийн талбайгаа багасгая, тэгж байж лицензтэй талбай багасч, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх тухай ярья гэж байна. Хамгийн гол нь, ингэж орон нутагтай хамтарч ажиллаад та бүхэн юу хийх вэ гэдгээ ярилцаж тохиролцоод гэрээ хийж болох юм.

-Засгийн газраас үйлдвэржилтийн эринг эхлүүллээ гэж байгаа. Орон нутагт тэр дундаа танай аймгийн хувьд үйлдвэржилт ямар түвшинд байна?
-Өмнөговь гээд ярихаар тэмээтэй холбоотой бүтээгдэхүүн л хамгийн түрүүнд буудаг. Намайг анх Засаг дарга болж байхад 60-70 мянган тэмээтэй байсан байх. Одоо 102 мянган тэмээтэй боллоо. Энэ бол биднээс гэхээс илүүтэйгээр байгаль цаг уураас шалтгаалдаг. Ингэний айраг, тэмээний ноосон бүтээгдэхүүн, тэмээн поло гэх зэрэг зүйлээрээ манай аймаг онцлогтой. Үйлдвэржилтийн жил гээд ирвэл манайд уул уурхайгаа дагаад бетон зуурмагийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр гээд сүүлийн хэдэн жил хөгжиж байна.

-Танай аймагт байдаг нэг сөрөг үзэгдэл бол ца­маан зан гэж сонслоо. Аж­лын байраа, цалин хөлсөө голоод суудаг гэх юм?
-Ажилгүй хүн олон байна гээд л байдаг. Гэтэл нэг бол уул уурхайн том компанид ороод өндөр цалин авна эсвэл уул хадаар дамжиж яваад толгойн чинээ алт олчихно гэсэн бодолтой нь олширчихож. Тийм л бэлэнчлэх сэтгэл, мөрөөдлөөр амьдардаг болж. Жишээ нь, барилгын компанийнхан ирээд ажилтан авъя гэхээр олддоггүй. Гэтэл тэр хүсээд байгаа уул уурхайн компанид чинь мэргэжилтэй хүн хэрэгтэй байна. Нарийндаа  уул уурхайнхан тийм их мөнгө авдаг хүмүүс биш. Тэд чинь хэдэн сар ажиллаад овоо мөнгө авдаг ч жилийн тал хугацааг ажилгүй өнгөрүүлдэг. Ажилласан амарсан хоногоо нэгтгэвэл  дундаж цалин нь ижил гарна даа. Орон нутаг ажилгүй хүнээ тоолбол бас цөөнгүй. Үнэндээ уул уурхайн салбараа дагаад нэг хэсэг нь амьдарч байна. Хүн бүр л нүүрс зарж мөнгө олох юм шиг, гадаадын компанид ажиллавал арав таван төгрөг илүү авах ч юм шиг тийм сөрөг халдлага  бий болчихож.

-Бэлэнчлэх сэтгэлгээ бас дээр доргүй архидалт. Сумын төвд ажилгүй залуус өглөө гэрээсээ гараад л архины мухлагийн үүд сахих үзэгдэл хэвээр л байх шиг харагдах юм?
-Санаа зовоож байгаа асуудлын нэг бол  архи. Засаг дарга болсон өдрөө л шахуу долоо хоног бүрийн гурав дахь өдөр Өмнөговьд архи зардаггүй болгосон. Зарим нь маш зөв зүйл боллоо гэж хүлээж авсан бол нөгөө хэсэг нь “Бадраагийн хар өдөр” гээд нэрлэчихсэн.  Яг үнэндээ гэр орноо өөдтэй аваад явчихаж чадахгүй, хоногийн хоолны махгүй шахам байж том том уул уурхай, газрын наймаа, лиценз яриад энүүгээр тэрүүгээр архи уугаад явдаг нөхөд байна. Гурав дахь өдрийг архигүй өдөр болгох захирамж гаргахдаа  Өмнөговийн нэг ч гэсэн өрх энэ өдөр тайван амьдраасай гэж хүссэн юм. Санаснаар дорвитой буурдаггүй юм байна. Иймэрхүү хүмүүсийн сэтгэлгээнд нь та өөрөө  мөнгөө олж ажил хийж, үр хүүхдээ тэжээнэ гэдгийг нь суулгаж, оюун санааны хувьсгал хийхгүй бол манайхан үнэхээр задгай, хариуцлагагүй. Монгол хүний ухамсарыг өөрчлөх томоохон кампанит ажил хийхгүй бол ганц нэг хүн яриад зүтгээд биелэхгүй.

-Доороо архинд толгойгоо мэдүүлээд дээрээ  улс төржиж, талцаж хэрэлдээд л...?
-Дэндүү их зүйл амлаж байна. Сонгууль болохоор л бэлэн мөнгө авна, халамжийн мөнгө алга, тэтгэвэр тэтгэмж бага байна л гэдэг. Яг үнэндээ манайхан сөрөг хүчин гэхээр эрх баригчдынхаа хийж байгааг харлуулж аль болох доош нь татаж унагахад л хамаг бодлогоо чиглүүлдэг болохоос хамтраад ажиллая гэсэн ямар ч санаа алга. Ер нь, ялсан ялагдсан гэлгүй улс орныхоо сайн сайхны төлөө л ажиллахгүй бол ялагдсан нь ялснаа татаж унагаад л дараагийн сонгуульд ялах талаар бодоод байдаг.  Би хэлээд л байдаг юм. Нутаг орныхоо төлөө намчирхалгүй хамтарч ажиллана шүү гэж. Манайхан сүүлийн үед бас арай л өөр болоод байна аа.

Н.Бат

0 Сэтгэгдэл
arvaad jiliin omnooos Badraag edne. avgaidaa tarhia bariulchihsan hun dee. Badraa, Batchuluun hoyor shig targalsan bayajsan hun Omnogovid l lav baihgui. Badraa 1-r surguuliin zahiral baihad Batchuluun Sorosiin sangiin tosliig hariutsaj baisan. Tosliin horongiig huivaldaj idej doroo harshuulj yavsan hoyor toriin omchiig huvaaj idej bayjij baigaag Omnogoviinhon medne. Hun yaj ch saihan yarij bolno. Hichneen saihan yarilaa ch unen uneneeree uldene. Ali zalitai hulgaich luivarchid ni ard tumnii neriig barij holjij boldgiin amid jishee bol Badraa.
Zuw bodoltoi hiisen byteesen yumtai sain hyn shyy ulam ih byteen baiguulalt hiigeerei amjilt hysey
Хамгийн их уншсан