Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхтуяа: Бүх албан тушаалтан шинэ зөвшөөрөл гаргахыг хуулиар хориглоно
Тусгай зөвшөөрөл, лиценз, бүртгэл гээд төрийн байгууллагын даргын гарын үсгээр шийдэгддэг бүхнийг шүүн тунгаах, хялбаршуулахаар ажлын хэсэг томилогдож, жил гаруй хугацаанд ажиллажээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Энхтуяа анализын багийг удирдаж, ажлыг гардан гүйцэтгэсэн юм. Энэ ажлын үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.

-Бизнес эрхлэгч, хувийн хэвшилд олгодог тусгай зөвшөөр­лүүдийг цэгцлэх анализын баг тайлангаа хэлэлцлээ. Ямар үр дүн, шийдэлд хүрсэн бэ?
-Төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, шат дамжлагыг нь хялбарчлахаар Ерөнхий сайдын захирамжаар хоёр түвшний ажлын хэсэг байгуулагдсан юм. Манай багийнхан төрийн 54 байгууллагаас олгодог 914 тусгай зөвшөөрөл, лицензэд нэг бүрчлэн анализ шин­жил­гээ хийгээд 436-г хэвээр үлдээж, 478-г нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн.  
Хуулийн үндэслэлтэй, тухайн салбарын бизнес эрхлэлтэд ээлтэй эсэх, төрийн бодлого зорилгод нийцсэн, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалж байгаа эсэх гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтээр зөвшөөрөл, лиценз бүрийг дүгнэсэн. Зөв­шөө­рөл, лицензийг цөөлж, шат дамжлагыг нь хялбарч­лахын тулд дараагийн ээл­жинд одоо мөрдөж байгаа 59 хууль, 45 журамд өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох шаардлагатай. Мөн Зөвшөөрлийн тухай шинэ хууль гаргаж энэ төрлийн үйл ажиллагааг нэг шүхэр дор оруулж цэгцлэх санал гаргасан. Одоогоор шинэ хуулийн үзэл баримтлалыг боловсруулж дуусаад байна.

-Анализын багийн гаргасан дүг­­нэлт, тайланг цаашид хэрхэх вэ?
-Бид ажлаа хийчихлээ. Дараа нь, Сайханбилэг сайдаар ахлуулсан УИХ-ын зургаан гишүүнээс бүрдсэн ажлын хэсэгт танилцуулна. Ингэх­дээ Зөвшөөрлийн тухай хуулийг шинэч­лэн боловс­руулах ажлын хэс­гийн чиглэл болгох үзэл баримтлалыг батлуулна. Түүний дараа үлдсэн бүх зөвшөөрлийг төрөл­жүүлж, ангилъя гэсэн юм. Улаан, цэнхэр, но­гоон өнгөөр ч юм уу, зэрэг­лэл тогтоох байдлаар. Яа­гаад гэхээр заавал тусгай зөвшөөрөл шаарддаг, өндөр хяналтын лиценз байх нь зайлшгүй. Түүний дараа арай бага бичиг баримт, шалгуур тавьдаг зөвшөөрөл байх бол хамгийн бага түвшин буюу ногоон төлөвт ердөө бүртгүүлэхэд л хангалттай үйл ажиллагааг оруулах болно. Энэ зөвшөөрлүүдээ яаж гурав ангилах вэ гэдэгт салбарын яам, төрийн нэгжүүд оролцож, тохирох ёстой.

-Тэгэхээр зөвшөөрөл, лиценз нэг бүрийг авч хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Тийм. Жишээ нь, Эрүүл мэндийн яаманд 40 зөвшөөрөл хэвээр үлдэхээр шийдвэр гарлаа гэхэд тэднээс аль нь улаан, цэнхэр ангилалд орох вэ гэдгээ мэргэжлийн хүмүүс хийх юм. Мэдээж ямар бичиг баримт шаардлагатай байх, хэрхэн олгох вэ гэх мэт процессын хувьд ч ярилцана. Бид бүх зөвшөөрлийг онлайн хэлбэрт шилжүүлье гэж байгаа. Гэвч үнэхээр бичиг цаас, өргөдөл хүсэлтийн дагуу шийдэх зүйл ч гарч болох юм. Энэ болгоныг Сайханбилэг сайдаар дамжуулж яамдад чиглэл өгүүлж, хугацаа тогтоох шаардлагатай.

-Төрд цахим үйлчилгээ нэвт­рүүлэх хандлага эр­чимжиж бай­на. Хэрэв тус­гай зөвшөөрлийг тийм бол­говол ямар шийдэл байна?
-Зөвшөөрөл авах гэсэн хүнд хэрэгцээтэй, шаард­лагатай бүх зүйл ил тод байх болно. Та ийм зөвшөөрөл авахад дараах бичиг баримтаа бүрдүүлэх ёстой. Түүнийхээ хариуг төдөн хоногийн дараа, тийм мэргэжилтнээс авч болно. Одоогоор энэ тусгай зөвшөөрлийг тийм нэртэй компани, аж ахуйн нэгжүүд эхний өдөр хүртэл хугацаагаар авчихаад байгаа. Олгох хязгаар нь тэд гэхчлэн бүх мэдээлэл тодорхой байж болно.

-Одоо байгаа тогтол­цоо­гоор төрийн нэгж, бай­гууллагын дарга өөрийн дураар тусгай зөвшөөрөл гар­гадаг гэдэг шүүмжлэл багагүй гарсан. Үүнийг шинэ хуулиар зогсоох юм байна?
-Түүнийг л шийдэхийн төлөө явна даа. Одоо бол хуулийн хүрээнд зөвшөөрөл бий болдог. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу, сайдын тушаалаар, нийслэл, аймгийн ИТХ-аар, сум, дүүр­гийн Засаг дарга, хэлтсийн дарга нар шинээр зөвшөөрөл бий болгож байна. Тэгвэл одоо ингэхгүй. Хуульд жаг­сааж, тодорхойлж, ангилсан зөвшөөрлийг л олгоод шинээр тусгай зөвшөөрөл гаргахыг бүх албан тушаалтанд хориглох юм. Улмаар хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэх хэлбэрийг тодорхойлно.

-Хожим зайлшгүй шинэ зөвшөөрөл гаргах боллоо гэ­хэд хуульд өөрчлөлт оруу­лах зарч­маар УИХ-д л эрх нь байна гэсэн үг үү?
-Ер нь, тийм. Гэвч үнэхээр орон нутгийн онцгой шаардлагатай тохиолдолд хөнгөвчлөх процесс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л аль болох тийм зүйлд хүрэхгүй байх хэрэгтэй.

-Хамгийн их тусгай зөв­шөө­рөл, лиценз олгодог яам, агентлаг гэвэл?
-Барилга, хот байгуу­лалтын яам маш олон зөв­шөөрөл гаргадаг. Цонхны модон хүрээ хийхийн тулд л яамнаас зөвшөөрөл авах ёстой гээд бодохоор үнэхээр гайхмаар. Агентлагийн ту­хайд Харилцаа холбоо­ны зохицуулах хороог нэр­лэж болно. Шинэ техник, технологи нэвт­рүү­лэх бол­гон­доо энэ газ­раас зөв­шөөрөл авах зохи­цуу­лалт­тай байсан.

-Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоног төсөлд тус­гай зөвшөөр­лийн асууд­лыг цэгцэлнэ гэсэн бай­сан. 100 хоногтоо амжих бо­лов уу?
-Ерөнхийдөө Сайханбилэг сай­дын ажлын хэсэгт танил­цуулаад, процессоо тодор­хойлоод явахаар тэд тодорхой хугацаа товлож өгнө. 100 хоногтоо амжуулахын төлөө зорьж байгаа.

-Тусгай зөвшөөрлийн тал хувийг нь цуцалж, хоёр дахин буурууллаа. Эдийн засагт ямар өгөөжтэй байх бол?
-2012 оны есдүгээр сараас хойш манай ажлын хэсэг төрийн тусгай зөвшөөрөлтэй тулж ажиллалаа. Энэ явцад бид хамгийн эрэлттэй, олон давтамжтай гэхчлэн хэд хэдэн тусгай зөвшөөрлийг онцлон авч судалсан. Эдийн засгийн ямар зардал гардаг вэ гэдгийг тодорхойлохыг хичээсэн юм. Стандарт зардал, дагаж мөрдөх явцын зардал, дүрэм журамтай холбогдох зардал гээд тооцож үзсэн. БХБЯ-наас Барилгын засал чимэглэл, интерьерийн “Арвин сүлжээ” компанид 2012 оны тавдугаар сараас хойш он дуустал 48 тусгай зөвшөөрөл олгож. Үүнийхээ нэгийг олж авахад 14 хоног хүлээдэг гэж үзэхээр энэ хугацаанд 140 мянган төгрөгийн цалингийн зардал гарна. Үүнийг жилийн дотор 48 давтахаар 6.72 сая төгрөг. Түүнчлэн зөвшөөрлийн хураамжид нийт 650 мянган төгрөг, холбогдох өмгөөлөгч, хуульч, нотариат ажиллуулах болон бусад урсгал зардлыг тооцохоор дор хаяж 3.2 сая төгрөг гарч байна. Зөвшөөрөл бүрийг дагадаг 3.2 сая төгрөгийн зардлыг 48 удаа тооцоход жилдээ л 157.9 сая төгрөгийн шууд зардал гарна. Зарим компани төрийн байгууллагатай харилцах ажилтан гээд шинэ орон тоо гаргачихсан байлаа. Тэгэхээр эдийн засагт боди­тоор оруулж буй үр өгөөж гэвэл ху­вийн хэвшлийн цаг хугацаа, хө­рөнгө мөнгийг төдий хэмжээгээр хэм­нэж байгаа тоог л хэлэх болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан