Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэмцэж болно, гэхдээ арга нь зөв байх ёстой
Зөвхөн Монгол биш дэл­хий даяараа л тамхидалт­тай тэмцэж, хуулиа ч чан­гат­гаж байна. Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагын шахалт, конвенци мөрд гэсэн сануулга, тамхины хор уршгийн та­лаарх таагүй үзүүлэлт зэргээс уялдаад тамхичидтай "дайн" зарлаж болно. Гэхдээ хэт туйлширч бас болохгүй. Тамхи татдаггүй хэн нэгний төлөө  гээд тамхичин нөхрийг золигт гаргаж болохгүйтэй адил. Өөрөөр хэлбэл, тамхи татдаггүй хүмүүсийн сайн сайхны төлөө гээд тамхи татдаг нэг хэсгийн эрх чөлөөг хорьж, хааж боож болохгүй гэсэн үг.

Гадаадын хууль, туршлага,  жишгийг хуулж Монголдоо ну­таг­шуулж,  хуульчилж гар­­гах­даа сайжруулдаггүй юмаа гэхэд дордуулахгүй байх ёстой. Гадаадын олон оронд тамхины хуульдаа "гар хүрчээ". Зарим нь там­хины гэсэн шинэ хууль гар­гаад мөрдөөд эхэлсэн. Гэх­дээ тэд хуульдаа тамхи тат­даг хүмүүсийн эрх ашгийг тоо­цоо­лоод агааржуулалтыг  шийд­сэн тамхи татах тусгай цэ­г байгуулахыг нь зөв­шөөрчээ.

Хортой гэдгийг мэдсээр байж баагиулах хүсэлтэй нөхөд тусгай цэгтээ очоод хэч­нээн л бол хэчнээнээрээ угс­руулж л байг. Тэнд тамхи тат­даггүй хүн орж зогсоод уушгиа хордуулна гээд утаа үнэрлээд байхгүй шүү дээ. Тамхичид л цугларна. Хам­гийн гол  нь тусгай цэ­гийн агааржуулалт, орчин нөх­цөлийг бүрдүүлэхэд хяналтаа л сайн тавьчихбал болох нь тэр. Бусад өрөө рүү утаа нь нэвчээд байхааргүй, тамхи татдаггүй хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй байвал боллоо.
Одоо аялал жуулчлалын салбарын орлого олдог алтан  үе ирлээ. Гэтэл гадаадаас  ирсэн жуулчид Чингис хаан нисэх онгоцны буудалд хөл тавиад л, эрхээ боолгоод эхэл­нэ дээ. Манай олон ул­сын нисэх онгоцны буудал до­тор нэг ч тамхи татах зо­риу­лалтын цэг байхгүй. Бай­вал хууль мөрдсөнгүй гээд шалгаад торгоод сүйд болно.

МХЕГ, хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан гишүүн Л.Эрдэнэчимэг нар хамтраад нэг тайлан илтгэл тавьсан. Хувийн хэвшлийнхэн ресторан, баарандаа тусгай өрөө гаргаад тамхичин нөхөд боломж олгосныхоо төлөө өчнөөн сая төгрөгөөр торгуулчихлаа. Цаашаа шал­гал­таа чангатгана гээд зарлаад байсан болохоор тамхи татах өрөө байгуулах байгууллага олдохгүй биз ээ. Тэгэхээр олон улсын нисэх онгоцны буудлынхан гадаадынханд  нүүрээ ширлээд манай хууль тогтоогчид зөвшөөрдөггүй юм аа гээд алгаа хавсраад зогсч байхаас өөр яахав.
Тамхины хяналтын тухай хууль гаргахдаа тамхи татаж болохгүй бүх газрыг тодорхой зааж өгсөн. Тэгсэн атлаа хаана татаж болохыг мартчихсан. Үүнийг алдаа болжээ, засъя гэхээр  цээжээрээ хамгаалаад улайраад эсэргүүцээд байгааг бодоход санамсаргүй биш санаатай мартсан аж. Гэртээ татахыг хэн хорьсон юм, хүсвэл гадаа гудамжиндаа гараад татахгүй юу хэмээн ам таглана. Ёстой л хортой зүйл хэрэглэж байгаагийн хохь нь гэсэн байдлаар хандах. Бас болоогүй үүнээс үүдээд  гудамж талбай, зоогийн газар, уушийн газрууд, тоглоомын төвүүдийн гадуур дүүрэн тамхины иш, шүлс, элдэв хог. Зориулалтын өрөө байхгүй болохоор арга буюу гадаалсан хэрэг. Энэ нь тэгээд хүүхэд залуучуудад үлгэр дуурайлал болоод байгаа гэж үү. Тамхи зуусан нөхдийг харахаар харин ч сонирхол төрж, тамхи татах сэдлийг төрүүлэх  нь нэмэгдэх талтай. Уг нь, Тамхины хяналтын тухай хуулийн гол зорилго нь тамхидалтыг багасгаж,  дам там­хидалтын хор уршгийг буу­руулах, хүмүүсийн эрүүл мэн­дийг хамгаалах баймаар юм. 

Хөгжингүй улс орнууд энэхүү асуудлыг хэрхэн шийд­сэнийг сонирхож үзлээ. Японд л гэхэд автобус, мет­роны буудал бүрт зориу­лал­тын тусгай шилэн, агаар сорогчтой хэсэг байдаг аж. Мөн амралт цэнгээний газар, олон нийтийн үзвэр үйл­чилгээний газрууд болон ил талбайд ч тусгай өрөөнүүд байдаг юм байна. Зарим оронд  тамхи татах тусгай өрөөг албаар хүйтэн,  тохь муутай байдлаар байгуулдаг аж. Ийм өрөөнд хэдэнтээ орж тамхи баагиулахдаа больё гэсэн бодол төрөхүйц байдлаар шийддэг хэрэг. Энэ нь цаад утгаараа тамхинаас гаргах сэдэл төрүүлэх зорилготой. Ингэж ухамсарт нь  зугуухан ойлгуулж тамхидалтыг ба­гасгах бодлого барьж байхад манайхан л хүчээр шийдэх гэж мугуйдлах юм.

Бас нэгэн жигтэй мэдээг сонсоод хөөрхий залууг өрөвдөх сэтгэл төрж байлаа. Хэдийгээр би тамхи татдаггүй ч гэлээ тэр залууд тохиолдсон зүйлийг сонсоод алдаатай хуулийнхаа амьдралаас та­сарсан заалтаа эргэж хараач ээ гэж хэлэхийг хүслээ. Иргэн Н гэгч дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтжээ. Гэтэл тус эмнэлгийн захиргаа нь "Зөв­шилцлийн гэрээ" гэгчийг бай­гуулж байгаа гэжээ. Тэрхүү бичигт нь "Хэвтэн эмчлүүлж буй өвчтөн эмнэлэг дотор утаат тамхи татвал эмчилгээг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна" гэж тусгасан аж. Нөгөө залуу гайхсандаа "Нэг тусгай өрөө энэ тэр байвал түүнд орж татчихаж байя, би бусдад гай болохгүй" гэж тайлбарлахад өөдөөс нь "Манай эмнэлэгт тамхи татах өрөө байх ёсгүй" гэж амыг нь тагласан гэнэ. Эрүүл болохыг хүссэн залуу аргагүйн эрхэнд эмчилгээ хийлгэхдээ тамхи татахгүй гэжээ. Гэвч тэрээр бие ядруу ч халатаа нөмрөөд оройхон тийшээ  гарч, эмнэлгийн хойхно талд хашааны хажуу талыг бараадан хэд сорчихоод орж ирдэг байсан аж. Идэр есийн хүйтэнд гадуур хувцасгүй нуугдаж гарч байгаад хатгаа авч, өвчин дээрээ нэрмээс болсон аж. Өөрт  тохиолдсон энэ явдлаа хуучилж суусан залуу тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах аргагүй,  кноп дарж хууль баталж байгаа эрхмүүд л хөрсөн дээрээ буухгүй зүйл "үйлдвэрлэдгийн" бодит жишээ гэсэн юм. Үүнээс нэгийг тунгааж, хоёрыг ойлгоно гэж найдаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан