Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: “Чалко”-гийн өр Монголын эдийн засагт асар том хохирол авч ирсэн

Л.НОМИН

2017 оны төсвийн төсөл, орон нутгийн сонгуулийн явцыг багцлан Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцжээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна өмнөх парламентын гишүүн асан мөн сайдаар ажиллаж байсан орон тооны бус зөвлөхүүдээ уг хуралдаанд оролцуулжээ. Тодруулбал, УИХ-ын дарга асан З.Энхболд, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Д.Батцогт нар ирсэн байлаа.

Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг нарийвчлан судалж, санал дүгнэт гаргах ажлын хэсгийг Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулж Ж.Батзандзан, С.Эрдэнэ нарын гишүүнтэй байгуулжээ. Сөрөг хүчин гээд заавал сөрж зогсоод байхгүй төсвийн төсөлд нямбай, няхуур хандана гэлээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд гарч буй асуудлыг мөн хэлэлцсэн байна. АН-ын гишүүд, нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж, хасах зэргээр тэнцвэргүй нөхцөл байдал үүсгэсэн талаар хөнджээ. Сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүн намын харьцааг харилцан адилгүй 3:6 гэж байгуулсан нь шийдвэр гаргахад хэт нэг талыг барьж, олонхиороо түрсэн байдлаар хандаж байгаа аж. Энэ нь сонгуулийн дүнг булзааруулж, хууль бусаар будлиантуулах нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг гэж үзсэнээ АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ. Харин ирэх оны төсвийн төсөлтэй танилцаад 2,6 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв өргөн барьсан нь хэт улстөржсөн хандлагатай байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа тайлбарласан юм. Тоо бүрийг нягтлан шалгаж, ажлын хэсэг ажиллаж дуусаад тухай бүрт нь мэдээлэл өгөхөө хэллээ.  

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсныг нь хүргэе.

-Хүүхэд харах үйлчил­гээний тухай хуулийг хойшлуулж байгаад ямар байр суурьтай байна вэ?
С.Эрдэнэ: -Иргэдэд хүрсэн “Сайн” гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоосон. Гол зорилго нь төсвийг аль болох их алдагдалтай байгаа мэтээр харуулах, эдийн засгийн нөхцөл байдал муудсан гэж иргэдэд харуулах далд санаатай байна гэж бид харж байгаа. Яг бодит байдал дээр бол 2012 оноос эдийн засгийн нөхцөл байдал огцом муудсан. Тухайн үеэс эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ ханш 3-5 дахин огцом унасан. Үүнийгээ дагаад эдийн засаг эрсдэлтэй нөхцөл байдалтай болсон. Эдийн засгаа сэргээх, шинэ бүтэц рүү зорьсон алхам хийх юм болов уу гэж харсан ч тэгсэнгүй. Харамсалтай нь, иргэд рүү чиглэсэн, төсөвт огт хамааралгүй “Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг зогсоох, түүнд зарцуулж байсан хөрөнгийг төсвийн өр болгож харуулах зорилго руу улайрч байна. Хүүхэд харах үйлчилгээний хувьд яг л ийм зорилгын нэг хэсэг. Өнөөдөр 6000 гаруй хүүхэд, ажиллуулж байсан иргэд, барьцаанд нь байр сууцаа тавьж шинэ урам зоригоор ажиллаж эхэлсэн хүмүүсийн эрх ашиг хохирч байгаа. Нөхөн олговор гэж яригдаагүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд 4,8 тэрбум төгрөг л зарцуулах юм. Энэ мөнгийг хэмнэснээр эдийн засагт ямар үр өгөөж харж байгааг сайн ойлгохгүй байна. Одоо тэр 6000 хүүхдийг ямар цэцэрлэг авах вэ. Ажиллуулж байсан иргэдийн хохирлыг хэн барагдуулах юм. Сангийн дэд сайд эмэгтэй хүүхдийн эсрэг алхам хийж байгаагаа хэнэг ч үгүй ярьж байгааг хараад харамсалтай л санагдсан.

-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцсэн үү?
С.Эрдэнэ: -“Эрдэнэт”-ийн асуудалд УИХ-ын дэд дар­­га Санжмятав, УИХ-ын гишүүн Батзандан нарыг судлах үүрэг өгсөн.  “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг худалдах, худалдан авах асуудлыг хуулийн ямар түвшинд явсныг судлах юм. Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг шаардлагатай бол АН-ын бүлэг дуудаж мэдээлэл сонсох арга хэмжээ авна.

-Төсвийн зарлагыг бууруулах боломж хэр байгаа вэ?
З.Нарантуяа: -Төсвийн зарлагыг бууруулах тал дээр шинэлэг байдлаар хандах болов уу гэтэл тэгсэнгүй. Зарлагыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны давхардлыг арилгасан оновчтой бүтцийг бий болгож дэд сайд нарыг байхгүй болгох зэргийг тусгаагүй. Хамгийн хялбархан аргаар төсвийн зардлыг бууруулах гэж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал зардлыг бууруулахдаа хамгийн харамсалтай шийдвэрүүд гаргасан.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоход 140 тэрбум төгрөгөөс зорилтот бүлэгт олгосноор 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж. МСҮТ болон оюутнуудын тэтгэлгийг болиулж 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хойшлуулснаар 2017 онд 5,7 тэрбум төгрөг хэмнэхийн тулд энэ үйлчилгээг эрхлэгч 1200 иргэн, хамрагдаж байсан 6700 орчим хүүхдийг цэцэрлэггүй болгож байгаа.

-Ирэх оны төсвөөс хэмнэж болох зардал нь юу юу байв?
С.Эрдэнэ: -16 дэд сайд, түүний туслах, жолооч, албан өрөө, тавилга хэнд хэрэгтэй юм бэ. Гадаадад суугаа зарим шаардлагагүй консул, Элчин сайдын яамдын орон тоог цомхотгож, түр хугацаагаар татан буулгаж болно. Шаард­лагагүй аялал, гадаад томи­лол­тыг танаж болно гээд урт жагсаалт гарна. Хэмнэе гэж байгаа бол өнөөдөр иргэдийн халаас руу гар дүрэх биш төр өөрөөсөө эхлүүлэх ёстой.
З.Нарантуяа: -Тэвчиж болох урсгал зардлуудаас 24 тэрбум төгрөг танахаар оруулж ирсэн. Тэгтэл цаана нь маш олон зардлууд танаж болохоор байна. 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаагийн дотор Засаг даргын тамгын газрын конторын байр, түүний засвар үйлчилгээ, тохижилт гээд олон зүйл бий. Хүүхэд харах үйлчилгээнээс, ахмадууддаа өгөх тэтгэврээс харамлаж байгаа юм чинь тэр байшингуудын засварыг нь 1-2 жилдээ тэвчиж болохоор байгаа. Зарлага тус бүрээр нь үнэлгээ хийж үзэх шаардлагатай. 

-Зээлийн эргэн төлөлтөд 6,6 тэрбум төгрөгийн зээл авч төлнө гэсэн. “Чингис” бондын өрийг төсвөөс, зээлээр төлөх шаардлагатай гэж үү?  
З.Нарантуяа: -6,6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хүлээгдэж байгаа гэж Сангийн сайд мэдээлэл хийсэн. Ямар зээл юм бол гээд дэлгэрэнгүй жагсаалтыг нь өнөөдөр олж авлаа. Өнөөдөр төлөгдөх, төсвөөс гарах ёстой нь 50 хувь нь байна. “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар бүгд хувийн секторуудад зээл болж очсон. Хугацаа нь болоод, төсөл нь амжилттай хэрэгжээд, эргэн төлөөд эхэлбэл төсөвт ямар ч ачаалал болохгүй. Нэг төсөвтэй болно гэдэг зорилгын хүрээнд бүгдийг төсөв дээр овоолж байгаа нь эргээд ийм том тоо болгож харагдуулаад байгаа юм. Аль ч улс хөгжлийн том төслүүдээ төсвөөс биш хөгжлийн зээл болгож авдаг. Засгийн газар төлөхөөр юм шиг оруулж ирж байгаа нь улстөр болоод байна. Бодит байдлаа харах юм бол өөр. Жишээ нь, “Сайн малчин”, “Сайн хашаа” хөтөлбөрийн зээлийг Засгийн газар төлөхгүй. Монголбанкнаас арилжааны банкууд авч, эргээд малчид, иргэд өөрсдөө төлөх юм.

С.Эрдэнэ: -АН-ын үед авсан зээлийг төлөх гээд зүдрээд байгаа юм шиг эрх баригчид яриад байна. 6,6 их наяд төгрөгийн өр дотор аж ахуйн нэгж, байгууллагуудын өөрсдөө төлөх авлагууд багтсан. Бүх зүйлийг “Чингис” бонд болгоод байна. Уг нь бонд 1,5 тэрбум ам.доллар шүү дээ. Нийт улсын хэмжээнд өртэй гээд байгаа 23 тэрбум ам.долларын 1,5 тэрбум ам.доллар нь “Чингис” бондынх. Энэ бондоор 1080 төслийг санхүүжүүлсэн. 2017 оноос эхлээд зарим төсөл үр өгөөжөө өгнө. 2018 оноос эхэлж “Чингис” бондын зээлийг төлөх ёстой. Гэнэт өнөөдөр төлөх хугацаа нь болчихсон юм шиг яриад байгаа юм. 2017 онд төлөх өр дотор АН-ын үед авсан ямар ч зээлийн өр төлбөр байхгүй. Дандаа өмнөх үед буюу С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын бий болгосон өр авлагууд. Австрали коксжих нүүрсээ 220 ам.доллар бол манайх 27 дээр гурвыг нэмээд 30 гаруй ам.доллараар гаргаж байна. Уг сурвалжийг нь хөөгөөд харахаар 2011 онд “Чалко”-гоос 350 сая ам.долларын зээл аваад тэрийгээ сонгуулийн өмнө нийгмийн халамжинд зарцуулсан.

Эргэж төлөгдөх ямар ч эх үүсвэр байхгүй, аж ахуйн нэгжүүдэд зээл хэлбэрээр өгөөгүй. Үүнээс 250 орчим сая ам.долларыг төлж барагдуулсан. 100 орчим сая ам.долларыг төлж барагдуулахдаа Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж төлөхөөр гэрээ хийсэн. Өөрчлөх гэхээр зээлийн хүү нэмж төлөхөөр болчихсон. Энэ бол Монголын эдийн засагт асар том хохирол авч ирж байгаа. 6,6 их наядын өрийг АН бий болгочихсон юм шиг ярих нь утгагүй. Эдийн засгийн реформ хийх шинж тэмдэг 2017 оны төсөвт алга. Яагаад орон нутгийн сонгуулийн өмнө УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм. Маргааш /өнөөдөр/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ. Дараагийн чуулганы хуралдаан орон нутгийн сонгуулийн дараа болохоор байгаа. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа Засгийн газар ухраагүйгээ мэдэгдсэн. Тэгэхээр сая түр буцаасан татвар нэмэх бодлогууд, эдийн засгийн хямралыг давах онцгой хөтөлбөртөө ард түмний халаас руу орж, иргэдийн нуруунд ачаа болох вий гэсэн хардлага бидэнд бий. Тиймээс орон нутгийн сонгуулийн өмнө ирэх 2017 оны төсвийг хэлэлцэхгүй нь.

-2017 оны төсөвт багш, эмч нарын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг танахаар болсон гэсэн?
С.Эрдэнэ: -Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор байсныг хүчингүй болгосон. Одоо бол 36 сар хүртэл хугацаагаар тэтгэмжийг олгохоор оруулж ирсэн. Есдүгээр сараас он гартал гурван сарын хугацаанд тэтгэвэрт гарсан иргэд 36 сарын тэтгэмжээ авахгүй нь. 2017 оны нэгдүгээр сараас эхлээд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр 36 сар хүртэлх сарын тэтгэмж авах нь. Нэг удаад нэг сарын тэтгэмж ч авч болохоор заалт байгаа юм. Дахиад л амлалтаасаа ухарсан хууран мэхлэлт гэж харж байгаа. Төрийн албаны тухай хуульд хуучин ямар байсан түүгээр нь өөрчлүүлэхээр бид ажиллах болно. 

-2017 оны Ерөнхийлөг­чийн сонгуульд АН-аас Э.Бат-Үүл нэр дэвшихээр өөрийгөө зарлачихлаа. Энэ асуудлыг авч хэлэлцсэн үү?
-Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласныг сонсоогүй. Эрх зүйн хувьд боломжгүй. Бат-Үүл биш АН зарладаг юм. АН хэнийг дэвшүүлэхээ өөрийнхөө дотоод дүрэм журмынхаа дагуу зарладаг. Хэн дуртай нь гарч ирээд зарладаггүй. Тэгэхээр энэ бол өнөөдөр хэлэлцээд байх асуудал биш. Харин горилогч бол байж болно. Өнөөдөр хаана ч горилогч байна. Нөгөө намд ч бий. Түрүүчээсээ гарч ирээд янз бүрийн шоу хийгээд явж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан