Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн ТҮЦ машиныг зогсоохгүй, цөөрүүлэх ч үгүй

Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг бид ашигладаг болсноор хэрэгтэй бичиг баримтаа бүрдүүлэх гэж хороо, дүүрэг, нийслэлийн албан хаагчийг царайчилж суудаг үе ард хоцорсон. Иймээс ТҮЦ машинд иргэд ам сайтай байдаг. Гэвч сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцөд ТҮЦ машиныг хураах болсон тухай мэдээлэл гарсан.

Нэгэн хэрэглэгч “ТҮЦ машинаас лавлагаа авах гээд очтол хороололд өмнө нь байсан газрууддаа байхгүй болжээ. Байгаа ганц нь бөөн оочер” хэмээн твиттерт бичсэн аж. Энэ нь олон хүний эгдүүцлийг хүргэж, хөгжил дэвшлээс ухарлаа, ганц тодорхойлолт авах гэж бөөн чирэгдэл болдог үе ирэх нь хэмээн бухимдах болсон.

Иймээс ТҮЦ машинаас иргэд хэрхэн үйлчилгээ авч байгаа талаар сурвалжиллаа. Өдрийн 12:00 цагийн орчим ШУТИС-ийн баруун талд байрлах Шинжлэх ухааны паркаар орлоо. Үүдэнд нь байрлах ТҮЦ машинд оюутнууд дараалал үүсгэн зогсчээ. Эргэн тойронд нь их дээд сургуулиуд байдаг болохоор тэр биз ээ.

ШУТИС-ийн гуравдугаар курсын оюутан М.Амгалан “Манай найз охин жирэмсэн. Бид хоёр хүүхдээ төрөхөөс өмнө гэрлэлтээ батлуулах гэж байгаа. Хороон дээр гэрлэлтээ батлуулахад гэрлэсэн эсэх лавлагаа авчир гэсэн. Хичээлийнхээ завсарлагаанаар гарч ирээд зогсч байгаа нь энэ. Өмнө нь хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа авч байсан. Их таалагдсан. Одоо илүү олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох хэрэгтэй” гэсэн юм. Бид хоёрыг ийн ярилцах зуур  нэлээд хэдэн хүн ТҮЦ машинаас хэрэгтэй лавлагаагаа аваад гарсан.

Өдрийн 12 цаг өнгөрч байсан тул цайны цагаараа ажлаа амжуулах гэсэн иргэд нэмэгдсээр байлаа. Нэг хүн лавлагаа авах гэж ойролцоогоор таван минут болж байгаа харагдсан. Ингээд бодохоор ТҮЦ машин үнэхээр л бидний цаг зав болоод мөнгийг хэмнэж байгаа нь илт. Өмнө нь нэг лавлагаа авахад 1000 төгрөг төлөх шаардлагатай. Эл мөнгөө заавал нэг банкны дансанд тушаах хэрэг гардаг байв. Ийнхүү  мөнгө тушаах гэж эргэн тойрондоо тухайн банкны салбараа хайна. Салбар нь байхгүй бол өөр банканд мөнгөө тушааж, банк хоорондын шимтгэл зэргийг ч төлдөг байсан нь саяхан. Хэдийгээр бага мөнгө мэт сонсогдож байгаа ч үүнийг нэмээд тооцвол хэдэн тэгтэй тоо гарах нь тодорхой.

Харин ТҮЦ машинтай болсноор Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт олгодог цонхны ачаалал 60 хувиар буурсан гэнэ. Түүнчлэн 2013 оны зургадугаар сарын 9-нд нээлтээ хийж байсан бөгөөд жилийн дараа гэхэд иргэдийн халааснаас тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гаргаад байсан аж. Мөн ТҮЦ машин нэвтрүүлсэн туршлагыг Гүрж улс судлах асуудлаар хүсэлт ирүүлээд байгаа гэсэн. Манай улс л туршлага судалж нэвтрүүллээ гэдэг байснаас манайхаас судалж байна гэсэн мэдээ гардаггүй байсан. Иймээс ТҮЦ машин нь төрийн шатанд ахиц гарсныг илэрхийлж буй хэрэг.

Б.Билэгдэмбэрэл: ТҮЦ машинаас 3,2 сая иргэн үйлчилгээ авсан

Дээрх асуудалтай холбогдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бодлого зохиоцуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-ТҮЦ машиныг хураах болсон гэх мэдээлэлд цахим орчноор цацагдаад  байна. Энэ мэдээлэл танай газрын зүгээс ямар хариулт өгөх вэ. Үнэхээр ТҮЦ машиныг хураах юм бол олон иргэд дургүйцэх нь тодорхой?


-Манай газрын зүгээс ТҮЦ машиныг татан буулгах болон хураах талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Ашиглалт үйлчилгээг нь Үндэсний дата төв хариуцдаг. Одоогоор улсын хэмжээнд 108 машин ашиглаж байна. Эвдрэл гэмтэл гарсан болон ачаалал ихтэй газар руу сэлгэн байршуулах ажлыг Үндэсний дата төв хийдэг. Өмнө нь ачаалал ихтэй газруудын ачааллыг бууруулах зорилгоор ТҮЦ машинуудыг шилжүүлж байсан ч ойрын хугацаанд ийм зохицуулалт хийгдээгүй.

-Орон нутагт хэдэн машин байна вэ. Ашиглалт үйлчилгээг хэрхэн хийдэг юм бэ?

-Орон нутагт 74 ТҮЦ машин ажилладаг. Үүний ашиглалт үйлчилгээг гэрээгээр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн инженерүүд гүйцэтгэдэг. Хаана ямар машин эвдэрсэн, цаас нь дууссан уу, мөнгө нь гацсан уу гэх зэргээр тогтмол мониторингийн судалгаа хийж байдаг. Нийслэлд байгаа 34 машины үйлчилгээг 15 ажилтан хариуцан ажилладаг. Хамгийн их ачаалалтай хэсэг нь Төв шуудан, УИД болон хотын төвд хөл хөдөлгөөн ихтэй газарт байдаг.

-ТҮЦ машин одоогоор хэдэн үйлчилгээ үзүүлж байна вэ. Үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломж хэр байна вэ. Иргэд халамжийн үйлчилгээг нэмэх талаар санал их хүргүүлдэг юм билээ?


-19 төрлийн төрийн үйлчилгээг үзүүлж байгаа. Цаашдаа төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэхийн тулд  олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, нэг чигийн урсгалтай байгааг хоёр чигийн урсгалтай болгоно. Өөрөөр хэлбэл, иргэдээс хүсэлтийг нь хүлээж аваад эргэж хариулт өгдөг болно. Мөн өнгөрсөн жил иргэд төрөөс ямар үйлчилгээ авахыг хүсч байгаа тухай судалгааг явуулсан. Эндээс эхний ээлжинд 25 үйлчилгээ авах гэрээ байгуулаад ажил нь явж байна. Энэ дотор ЦЕГ лицензийн төвтэй хамтран зургаан үйлчилгээ, НДЕГ-тай холбоотой долоо, Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой зургаа, Зам тээвэр хөгжилтэй холбоотой гэх мэтчилэн  25 систем хийгээд явж байна.

-Өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар хэдэн иргэн үйлчлүүлж хэдэн төгрөгийн хэмнэлт гаргаад байна вэ?

-Давхардсан тоогоор 3,2 сая иргэн үйлчлүүлсэн. Ингэхдээ нэг үйлчилгээ авахдаа ойролцоогоор 900 төгрөг хэмнэсэн. Хугацаагаар нь аваад үзвэл 50 минут дугаарлаж авах байсан лавлагааг таван минутад авч байна гэж тооцдог. Ирэх жил 49 машиныг нэмэх талаар улсын төсөвт мөнгийг нь суулгах талаар санал хүргүүлсэн.

-ТҮЦ машинд төрийн үйлчилгээг суурилуулахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Төлбөр тооцооны  шимтгэл болон  цахим орчинд иргэнээ таних нь асуудалтай байдаг. Мөн ТҮЦ машинд системийг хэрхэн суурилуулах вэ гэдэг асуудалтай тулгардаг. Өмнө хэлсэн 25 үйлчилгээнээс 18-ыг нь суурилуулах боломж нээлттэй байгаа. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан