Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрөвхөн тэрбум ам.долларын үнэтэй тусгаар тогтнол уу

Т.Цэлмэг

Ойрноос Хятадаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авах тухай мэдээлэл гарах боллоо. 2017 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 5,9 их наяд гэхээр урд хөршөөсөө бүтэн жилийнхээ төсвөөс илүү гарсан мөнгө зээлэх нь гэсэн үг.

Хойд хөрш ОХУ-д 163 сая шилжих рублийн өрийн 97,8 хувийг тэглэж, үлдэгдэл 3,8 сая ам.долларыг төлж дууссан нь саяхны явдал. Тэгэхээр БНХАУ-аас авахаар яригдаж буй зээлийг үүнтэй харьцуулашгүй нь мэдээж. Социализмын үеийн өр болохоор бүтээн байгуулалт болж Монголд үлдсэн. Харин дөрвөн тэрбум ам.долларын зээл авч монголчууд юу хийх вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирнэ. Эдийн засгийн хямралаас гарах онцгой арга хэмжээ авах хөтөлбөр байхгүй бидэнд ойрмогтоо юу хийж, ямар салбараа дэмжих тодорхой бодлого байгаа бил үү.

Өнгөрсөн дөрвөн жилийн Ардчилсан намын засгийн эрх барьж байсан үед 5 тэрбум ам.долларын зээл авна гээд 1,5 тэрбум ам.долларыг нь “Чингис” бонд хэмээн олон улсын зах зээл дээрээс босгосон. Бондоор юу хийв гэдэг асуулт өдөр бүр шахуу гардаг. Солонгосын олон ангит цуврал кинонд гардаг шиг ой санамжаа алдсан улстөрчид өөрсдөө хүртэл хувь эзэмшдэг компанийнхаа нэр дээр бондоос санхүүжилт авсан баримт бий атал байнга “Бонд яасан” гэж асуудаг. Барилгын материал, ноос, ноолуурын үйлдвэрлэл, авто зам, дэд бүтэц гээд олон салбарт бондын санхүүжилтээс туссан. Аж ахуйн нэгжүүд авсан зээл, санхүүжилтээ эргээд төлнө гэдгийг дурдахгүй орхиод буй. Тэгээд улстөрчдөөс цөөнгүй нь шууд болон шууд бусаар холбогдох учир бондыг муулаад хол явахгүй болохоор Хөгжлийн банк гэдэг “хадны мангаа” гаргаад ирэв. Энэ долоо хоног эхлээд л Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар төчнөөн төгрөгийн зөрчил илэрлээ, тэгж ч мөнгөөр туйлж, тогложээ гэдэг мэдээлэл тасрахгүй байгаа.

Ер нь анх авснаас нь хойш л “Чингис” бондыг тойрсон улстөржилт тасраагүй. Тасарх ч үгүй нь. Дэлхий дээр 85 их наяд ам.долларын Засгийн газрын бонд байгаа гэдэг тоо баримт байна.

Нэгийг муулж нөгөөг магтаж, дөвийлгөдөг араншигаар бондоос өөр сонголт бол зээл юм гэж ойлгуулах гэсэн танил тактик л цаанаас нь цухалзаад байх шиг. Харин зээл гэж юу вэ. Зээл авсан бол тодорхой хугацааны дараа хүүтэй нь хамт төлөх ёстой болно. Цалингийн зээл, хэрэглээний зээл, автомашины, цаашлаад ипотекийн гээд зээл авч үзээгүй монгол хүн бараг үлдээгүй. Зээл өгч байгаа нь ашиг гаргах гэж хүү бодож үндсэн зээлээ хэд нугалж авдагийг хангалттай ойлгодог болсон. Гэхдээ бүр ганц улсаас хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх зээл авах ямар эрсдэл дагуулах бол. Нэг улсаас хараат байж үзсэн гашуун түүхээ давтах алхам руу орчих вий гэсэн болгоомжлол хаа хаанаа бий. Харамсалтай нь, эрх баригчдад хаа сайгүй санал тавьж, зээл тусламж гуйж явахаас нэг эх үүсвэрээ тойглох нь амар хялбар байсан юм болов уу.

Өгч байгаа нь гэдийж авч буй нь бөхийдөг жишгээр Хятад өөрсдийн нөхцөл, шаардлагаа хүссэн хэмжээгээрээ тавих эрхтэй болно. Магадгүй том төслүүдэд давуу эрхтэй оролцох, түүнд ажиллах тоног төхөөрөмж, ажиллах хүч гээд уртаас урт жагсаалт гарахыг үгүйсгэхгүй. Хэдэн жилийн турш хэрүүлийн бай болж гадаадынхны нүдний хор гүйсэн Тавантолгойн ордод голлох үүрэгтэй оролцоо хүсвэл яах вэ. Төмөр замын төслүүдэд тэртээ тэргүй сонирхолоо илэрхийлдэг. Сүүлийн дөрвөн жилд орон зайгаа алдсан барилгын салбарт томоохон төсөл санал болгох ч юм бил үү. Ипотекийн зээлийн санхүүжилтэд Хятадаас тусламж гуйж байхаа болохоор энэ бол эргэлзээгүй нэг болзол болно. Монголд гадаадын банк орж ирэх ёстой гэдэг мессэжийг урд зүгээс өгөөд байсан юм биш байгаа гэсэн хардах эрх ч бидэнд одоогоор бий.

Таван жил өмнө сонгуульд ялахын тулд иргэддээ бэлэн мөнгө тараахаар Хятадын төрийн өмчийн “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Тухайн үед нүүрсний үнэ 120 ам.доллар байхад 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ байгуулж, одоо болтол энэ өр цайраагүй. 150 орчим сая ам.долларын өр төлөх ёстой байдаг, нүүрсний үнэ 120 ам.доллар болж өсөөд байхад л 30 ам.доллараар тооцож бид төлсөөр л байдаг, төлөөд л байх нь цаашдаа. Энэ өр хэзээ 0 болохыг тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд битгий хэл мэргэн бөө ч тааж чадахгүй нь.

350 сая ам.долларын өрийг Монгол Улс 5-6 жилийн турш төлөөд ч дуусаагүй гэхээр дөрвөн тэрбум ам.долларын зээл авчихвал хэзээ барагдуулах бол оо. “Чалко”-гийн өр шиг жилээс жилд хүү нь өсөөд, төлөх хуваарийг нь өөрчлөөд байх маш том эрсдэл биднийг хүлээж байгаа ч юм бил үү. Хятадуудын наймааны нарийн ухааныг дэлхий даяар мэднэ. Тажикстан улс гэхэд 891 сая ам.долларын өр төлбөрөө төлж чадахгүй Хятадад газар нутгаасаа шилжүүлсэн тун саяхны жишээ бий. Тажикстанд зээл өгөхдөө түрүүн дурдсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ажиллах хүчин оруулах, тоног төхөөрөмжөө нийлүүлэх зэргээр өөрсдийн болзол шаардлагаа тавьсан байдаг.

Ямартай л гадаадын хэвлэлүүд Монгол Улс Хятадаас хамааралтай болох нь улам бүр өссөөр байгааг анхааруулж бичээд байдаг. Тэгтэл бид өөрсдөө гүйж очоод “Ах аа, намайг бодоорой” гэчихлаа. Хэнд ашигтай хувилбар руу эрх баригчид зүтгээд байгаа юм бол.

Ийм өндөр дүнтэй зээл яригдаж байгаа болохоор олны шүүмжлэлээс холдуулж, анхаарал сарниулахын тулд өөр сэдвүүд гаргаж ирсэн байх. “Чингис” бонд, Хөгжлийн банкны тайлан мэдээ, “Эрдэнэт”-ийн 49 хувь. Сэдэв цаашаа өөрчлөгдөж ч магадгүй. Энэ улсын дансанд чинь ямар ч мөнгө алга гэж уулга алдаад байсан эрхмүүд эх орныхоо гадааднэр хүндийг шалан дээр унгасан. Тэгвэл унасан улсаа босгож ирэх аргаа зээл, тусламж авахаар төлсөөлж байгааг эдийн засагчид, судлаачид оновчтой гаргалгаа биш шүү гэж сануулсаар.

“Чалко”-гийн жишээнээс хашрахгүй байгаа эрх баригчид маань Хятад өгсөн зээлээ оросууд шиг нэг өдөр 97 хувийг нь хөнгөлчихнө гэж эндүүрээгүй л байлтай. Нэг улсаас хэт хараат болох улсын тусгаар тогтнолыг ганхуулах эрсдэл дагуулдаг уламжлалтай. Тусгаар тогтнол маань дөрөвхөн тэрбум ам.доллараар хэмжигдэх цаг болоогүй л юмсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан