Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Оффшорын эсрэг гэх хууль үнэн хэрэгтээ оффшорыг зөвшөөрч байна уу


Б.ШИРНЭН


Дэлхийн дөрөв дэх том оффшор үйлчилгээ үзүүлэгч “Моссак Фонсека” хуулийн фирм 1977-2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан, пасспорт зэрэг 2.6 террабайт мэдээллээ алдсан нь хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа ийм их хэмжээний нууц мэдээлэл ил болсон тохиолдол юм. Энэ хэрээр дэлхийн улс орнууд оффшор бүст анхаарлаа хандуулж, Засгийн газрууд мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн эсрэг хуулиа чангатгаж эхэлсэн билээ.

2016 оны тавдугаар сарын 10-нд дэлгэгдсэн хоёр дахь мэдээллээр Монгол Улсын 49 иргэн оффшор бүст компанитай байсан нь ил болсон бөгөөд Засгийн газар оффшор бүст компани байгуулах үйл ажиллагааг тууштай эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэж, холбогдох хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. УИХ-аас энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул Хууль зүйн байнгын хороо анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, ирэх долоо хоногт хуулийн төслийг батлах явц эхлэх юм.

Энэ нь манай улс “оффшор” гэдэг үгийг анх удаа хуульчилж байгаагаас өөрцгүй бөгөөд албан тушаалтнууд “...гадаад улсын нутагт дэвсгэрт... банкны данс нээлгэх...” гэж томъёолсноор Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг оффшор бүсээс гадна хоёр дахь улсад өөрийн нэр дээр данстай байхыг хориглох юм. Гэвч, панамын архиваас үүдэлтэй Монгол Улсын Засгийн газрын реакци нь “хуурай хууль” гаргах хэмжээнд л байна уу, гэх болгоомжлолыг төрүүлж байгаа нь хуулийн зарим нэг заалтаас үүдэн шүүмжлэл дагуулж эхэлжээ.

Бидний баримталж буй бодлого

Бусад улсын жишгийг харвал, БНХАУ гэхэд төрийн томоохон албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ оффшор компаниа мэдүүлээгүй бол хуулийн хамгийн өндөр шийтгэл ногдуулна гэдгээ олон улсад зарласан байна.
Харин ОХУ татварын тухай хуулиа шинэчилж, хэрвээ татвараас зугтах байдлаар хууль зөрчих юм бол хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой гэх зарчмаар татварын механизмаа хөдөлгөх ажлыг эхлүүлсэн. АНУ ч гэсэн оффшор бүст анхаарлаа хандуулж, тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мөнгө угаах гэмт хэргийн эсрэг шинэ төлөвлөгөө эхлүүлжээ. Санхүүгийн харилцаа ил тод байх тусам улсын хөгжилд сайнаар нөлөөлнө гэж үздэг Дани, Нидерланд, Герман, Словани зэрэг улс Лондонд болсон Авлигын эсрэг форумын үеэр улс орнуудыг оффшор бүсийн зохицуулалтаа сайтар хийхийг сануулжээ.

Гэхдээ дээрх улсууд оффшор бүст компани бай­гуу­лах нь жирийн нэг бизнесмэний хувьд асуудал дагуулаад байхаар явдал биш ч улс төр, албан тушаалтнууд холбогдоод ирэхээр мөнгөний эх үүсвэр “бохир” байх явдал их гэх өнцгөөс асуудалд хандаж байна. Мөн төсвийн мөнгийг захиран зарцуулдаг болон төсвөөс цалинждаг эрхмүүд татварын дарамтаас зугтаж, их хэмжээний гүйлгээ хийгддэг энэ бүст компани байгуулах нь зохимжгүй гэдэгтэй санал нэгдэж буй юм. Тиймээс ихэнх улсууд бизнесмэн болон ашиг сонирхлын хөрөн­­гөө тайлагнадаг албан тушаалтнуудаа зааглаж, оффшор бүсийн зохицуулалт хийж эхэлсэн. Манай улс ч энэ зарчмыг баримталж байна. Энэ нь оффшорыг бүр мөсөн хориглохгүй буюу хэсэгчлэн, зөвхөн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад данс, компанитай байхыг хориглох явдал юм.

Бид оффшортой хэр “гүнзгий” холбоотой вэ

1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн гэж Засгийн газраас мэдээлж байна. Үүний 70 гаруй хувь нь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ. Жишээ нь,
• Нидерланд 4.23 тэрбум ам.доллар
• Люксембург 1.15 тэрбум
• Британийн Виржин арал 1.1 тэрбум
• Хятадын Гонконг 229 сая
• Бермудын арал 129 сая
• Швейцарь 103 сая
• Кэймэн арлаас 74 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна.
Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бү­хий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэнээс 920 компани буюу долоон хувь нь офф­шор бүсийн хөрөнгө оруулаг­чид байна. Тухайлбал, “Оюутолгой” болон “Энержи Ресурс” компани, “ММС” компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна.

Энэ нь, Монгол Улс 2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэ­рэг улс оронтой “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөө­­лөх” тухай хэлэлцээр байгуулсан нь эдгээр оффшор бүс бүхий улс орнуу­даас Монголд хийх хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтынхаа хувийг бууруулахгүйн тулд оффшор бүс, түүний хөрөнгө оруулалтыг шууд хориглох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй байх үндэслэл харагдаж байгаа юм. Тиймээс оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох асуудлыг салгаж үзэх нь нэг талаасаа буруутгах аргагүй.

Тэгвэл улстөрчдөө оффшороос хол байлгаж чадах уу

Нэгэнт эдийн засагт нөлөөтэй томоохон компанийн асуудалд оролцож чадахгүй тул улс төр, бизнесийн бүлэглэл болоод бие даасан улстөрчдөө оффшор бүсээс холхон байлгах ганцхан асуудалд Засгийн газар, УИХ-ын гишүүд ухаанаа зарах нь.
Энэ дагуу боловсруулагдсан хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д оруулсан бөгөөд одоо мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар оффшор бүсийн асуудлыг зохицуулах гэж байна.

Энэ хуулийн 10 дугаар зүйлд “Албан тушаалтан бүхэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар зад­руулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиг­лахыг хориглоно” гэж байдаг бөгөөд үүний араас “оффшор”-ын хуулийн зохицуулалтыг нэмж байгаа юм.

Энэ хуульд заалт нэмснээр:
1.    Ерөнхийлөгч, УИХ, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч, төрийн үйлчилгээний болон төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч нар ажиллаж байх хугацаандаа гадаад улсад компанитай, данстай байж болохгүй. (2016 оны байдлаар төрийн өндөр, дээд албан тушаалтан 269, Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 40 мянга орчим албан хаагч байна.)
2.    Хэр­­вээ байгаа бол 3 сарын дотор өмчийн байдалдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм.

Жишээ нь, Панамын архивд нэр нь дурдагдсан одоогийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Виржинийн арлуудад бүртгэлтэй хоёр ч компанийн захирал гэгдэж байсан. Нэг компани нь ажил хаялтаас болж дампуурсан гэх статустай бол “Eiffel View universal holding” нь хэвийн ажиллагаатай гэж байв. Хэрэв, хууль хэрэгжиж эхэлбэл тэрээр УИХ-ын гишүүн байхаа больтлоо Виржинийн арал байтугай бусад бүх улсад компани, данстай байх боломжгүй болно. Энэ нь нэг талаасаа сайн ажил юм шиг харагдаж байгаа ч нөгөө талаасаа тийм биш.

Тухайлбал, УИХ-ын гишүүн боллоо гээд төрийн хар хүн болоод бизнесээсээ татгалздаг хүн байж болох ч тэгсэн тохиолдол Монгол Улсад урд хожид гарч байгаагүй. Гэтэл хуулиараа Б.Дэлгэрсайхан гэдэг хүн гадаад дансаа хаах шаардлагатай болж байна. “Дорнын говь”, “Болд Төмөр Ерөө гол” зэрэг томоохон компанийн захирал хүн оффшор бүсийнхээ хөрөнгийг бүр мөсөн татах эсэх нь эргэлзээтэй. Хуулиар ч гэсэн алба хашиж байгаа үедээ гэсэн тул эхнэр, хүүхдэдээ үүнийгээ шилжүүлээд өөрөө удирдаад явах боломж байгааг үсүйсгэх аргагүй. Үндсэн хуульд  хэн нэгний гэм бурууг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглодог тул дээрх хуульд ч төрийн албан хаагчдын гэр бүлийнхэн оффшор бүст компани байгуулахыг хориглоогүй байгаа юм.
Үүгээр бол Монгол Улсын сайд асан Сангажавын Баярцогт, Сангийн сайдаар ажиллаж байсан Янсанжавын Очирсүх, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын хоёр охин гээд Панамын бүртгэлд багтсан монгол иргэд хууль батлагдсан мөчөөс эхлээд хууль ёсоор оффшор бүст данстай байж болох хуулийн зохицуулалт үйлчилж эхлэх нь.
Гэтэл өөрийн нэр дээр “буруу гараар” олсон мөнгөө хадгалдаг хүн ховор, бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн гэмт хэрэг илрэхгүй уддаг нь ч үүнтэй холбоотой бөгөөд хэргийн эзэн хэзээ ч өөрийн биеэр мөнгө шамшигдуулж, олсноо өөрийн данс руугаа хийхээр ухамсар дорой биш тул “цагаан захтнууд” гэх нэршил хүртэл гарсан байдаг. Харамсалтай нь, оффшор бүст компанитай улстөрчдөд Засгийн газар хуулийн өндөр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж байсан ч байгаа мөнгөө эхнэртээ эсвэл өөр хэн нэгэнд түр шилжүүлчихвэл хууль  зөрчөөгүйд тооцдог тогтолцоонд шилжиж байна.

Гэтэл энэ хуулийг боловсруулсан Хууль зүйн сайд С.Бямбацогт “Хууль бусаар хөрөнгөжих, авлига авах, үүнийгээ оффшор дансанд нуух зэргийг хуульчлан хориглох ёстой. Авлигаар олсон, албан тушаалаа урвуулан олсон бохир мөнгөө гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр нууж хуулийн хараа хяналтаас мултарна гэж бодож байгаа бол том эндүүрэл” гэж Хятадын “Үнэгний ав” эхлүүлсний дайтай сүржин мэдэгдэж байна. Харамсалтай нь, түүнд оффшороор хэн нэгэн ямар ч хариуцлага хүлээхгүй болж байгааг мөн өмнө Эрүүгийн болон бусад хуулиар “бохир мөнгө”-ийг хориглодог, түүнд нь таарсан ял шийтгэл оноодог тогтолцоо байсаар ирснийг сануулах нь илүүц биз.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан