Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын хөгжил, ялалтын туг болох үзэл баримтлалын тунхагаа хамтдаа хэлэлцье

Доктор С.БААТАР

Ардчилсан намын Намын байгуулалт, хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Удирдахуйн ухааны доктор Содномзундуйн Эрдэнэ Ардчилсан намын үзэл баримтлалыг /төсөл/ боловсруулах  “Ажлын хэсэг” байгуулан энэхүү төслийг ардчилсан үзэл баримтлалтай хүмүүст тэр дундаа намынхаа өргөн олон түмэнд хүргэж санал, шүүмжлэл өрнүүлэн ажиллахыг зорилт болгон дэвшүүлсэн нь  улс төрийн шинжлэх ухааны судлаачид, онолчид, эрдэмтэд, улстөрчдийн анхаарлыг ихэд татаж байна.

С.Эрдэнийн дэвшүүлээд байгаа “Ардчилсан намын үзэл баримтлал”-аас өөрөөр  хүний хөгжлийн барууны үзэл баримтлалын тухайд манайд улс төрийн аль ч хүчний хувьд гарт баригдахаар тийм тоймтой бүтээл тааралддаггүй.
Энэхүү үзэл баримтлалын тулгуур үндэслэл нь 1990 оноос Санжаасүрэнгийн Зориг агсантай хамтран С.Эрдэнэ намдаа жигүүр байгуулан ажиллах үеэс тэд неоконсерватив үзэл санааг шинжлэх ухааны түвшинд оруулж ирэх анхны оролдлого хийж, МоАХ-оос ангид БНН-ыг байгуулж байсан юм.
С.Эрдэнийн  хувьд төв ба барууны тэр тусмаа шинжлэх ухааны хэмжээнд боловсорсон үзэл баримтлалын дор ардчилсан үзэл баримтлалтай бүхнийг нэгтгэх санаачилга өрнүүлж байсан нь 2000 оны үед бүр тодорхой илэрч “Төв- Барууны үзэл ба Монголын ирээдүй” гэсэн  онол үзэл баримтлалыг тууштай дэвшүүлсэн онолын бүтээл хэвлүүлж,  неоконсерватив үзэл санааны дор “Монголын Ардчилсан Нам” /МоАН/-ыг үүсгэн байгуулж байлаа.  

МоАН-ыг үүсгэн санаач­лагч, зохион бай­гуулагч С.Эрдэнэ бүтээлдээ “... Засгийн эрхийг 70 гаруй жилийн турш  эзэгнэсэн МАХН... “шинэ дарга- шинэ үзэл баримтлал”  гэсэн зарчмаар явж байна. Анхандаа улаан коммунист байсан энэ нам Г.Очирбатыг дарга болох үед Зүүний социалист  маягийн нам болсноо Б.Даш-Ёндонгийн үед  Төв буюу либерал” үзлийг тааруулж нэг үзсэн. Н.Энхбаяр ирмэгц социал-демократ нам хэмээн тунхаглаж, Соц интернационалд гишүүнээр элсэхээр хөөцөлдөж байлаа. 

Энэ нь МАХН үзэл баримтлалын  хувьд төлөвших яагаа ч үгүй, шинэ нөхцөлд дасан зохицох, өөрийнхөө байр суурийг  олох эрэл хайгуул нь үргэлжилж байгааг харуулж байгаа ” гэсэн нь аливаа улс төрийн  хүчин тогтвортой  оршин байх эсэх нь баримталж байгаа онол үзэл баримтлал нь юм гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын дараа шинэ дарга ирэхэд бас нэг өөр үзэл баримтлалыг дагахгүй гэх баталгаа алга гэж бичсэн байдаг.

Шинжлэх ухааны онол үзэл баримтлалууд нь бусдад харуулахын тулд сольж өмсдөг цамц мэт зүйл огт биш, нийгмийн удирдахуйн шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, тэрхүү үзэл баримтлалыг итгэл үнэмшлээ болгож чадсан тохиолдолд  намуудын үйл ажиллагаа ч бас шинжлэх ухааны үндэслэлтэй  итгэлтэй болж төлөвших болно. Ингэснээр сайн төр, сайн засаглал нийгмийн хөгжлийг удирдана  гэж онолын хувьд үзжээ.

Манай орны хувьд аж үйлдвэржсэн улсын хөгжлийн загварыг дууриах шаардлагагүй. Харин түүний дараахь нийгмийг амдан тосч бэлтгэлээ одооноос хангах нь хөгжлийн зөв хандлага, чиглэл гэдгийг С.Эрдэнэ 2000 онд тодорхойлсон нь судлаачдын анхаарлыг татсан юм.
Хүн төрөлхтний нийг­мийн хөгжилд  “Үндсэн хуульт хаант ёс”, “Фа­шизм”, “Консерватизм”, ”Либе­ра­лизм”, ”Ардчилсан социализм”, “Коммунизм” гэсэн  зургаан чиглэл бүхий үзэл баримтлал нь дэлхийн улс орнуудын хэмжээнд шинжлэх ухааны үндэслэлтэй үзэл баримтлал болж чадсан гэж улс төрийн  шинжлэх ухаанд үздэг.

Эдгээрийн дотроос консерватизм нь уламжлалт болон неоконсерватизм буюу шинэ уламжлал гэсэн чиглэлээр шинжлэх ухааны нэгэн суурь дээр сүүлийн үед  маш тогтвортой хөгжиж байна гэж нийгмийн шинжлэх ухаан үздэг. Консерватизм нь үндэсний уламжлалаараа бахархах, түүнийгээ дээдлэх нь ард олныхоо эх оронч үзэлд хүчтэй нөлөөлөх, хүн бүр эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн эрмэлзлэлийг бий болгодог шинжлэх ухаан. Иргэн бүрийн хариуцлага ч нэмэгддэг. Энэхүү үзэл баримтлалын яз­гуур үндэс нь уламжлалт ёс суртахуунаа дээдлэх, үзэл санаа.

Сонгодог кон­сер­ватизмаас зүүний чиг­лэлд салаалж гарсан шинэ уламжлал бүхий үзэл санааг неоконсерватизм гэж нэрлэдэг. Энэ үзэл санаагаар улс орноо жолоодож, амжилттай хэрэгжүүлсэн нэрд гарсан төлөөлөл гэвэл Р.Рейган, М.Тетчер нарыг гэж хэлдэг. Нео-консерватизмын үзэл санаа нь чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмждэг,  эдийн засагт оролцох төрийн оролцоог  хязгаарладаг. Үндэсний шашин, соёлоо сэргээх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэн баталгаажуулж, бүхнээс дээгүүрт тавих  чиглэлд ажилладаг.
Үндэсний шилдэг сэхээт­ний­хээ шинэ үзэл санааг дээд­­лэн, үнэлэмж, хэм хэм­жээг давуу эрхтэйгээр хүлээн зөвшөөрч, улс төрийн засаг­лалд хөхиүлэн дэмжиж оруулж ирдэг нэн шинэ чиг­лэл бүхий үзэл баримтлал юм.

С.Зориг агсан МоАХ-ны II их хуралд тавьсан итгэлдээ :  “ Бидний ойлголтоор ардчилал   гэдэг нь дэвшилтэт хандлагыг хэрэгжүүлэхэд  хамгийн таатай нөхцөл бүрдүүлдэг, цөөнхийн эрх, иргэн бүрийн хувийн  чөлөөт байдлыг  дээд зэргээр баталгаажуулдаг засаглалын  хэлбэр мөн гэсэн байдаг. Ийм засаглалын сонгодог хэлбэрийг С.Эрдэнэ үзэл баримтлалдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм нь  коммунизм, зэрлэг капитализмын аль нь ч биш”  гэдгийг маш тодорхой хэлсэн. “Улс орны хөгжил нь хүн төрөлхтний нийтлэг  дэвшилтэт ололт, үнэлэмжээр баримжаалж, оюуны болон эдийн баялаг бүтээх чадвараа дээшлүүлж, хүн ардынхаа аж амьдрал, улс үндэснийхээ оршин тогтнохуйн баталгааг бэхжүүлэх үйл явц юм” гэж намынхаа хөгжлийн үзэлд тусгасан нь дэлхий нийтийн, хөгжингүй орны ард түмний хэрэгжүүлж байгаа шинжлэх ухааны неоконсерватизмын онол үзэл баримтлалын язгуур үндэслэлтэй нийцэж, С.Зориг агсаны  Монголдоо тунхаглаж байсан ардчилсан засаглалын хэлбэрийг  ийнхүү  Ардчилсан намын онол үзэл баримтлалд  хамтдад нь тусгалаа олсон нь  бахархууштай зүйл болжээ.

Мөн “..Бэлэнчилж гуйланчлахыг урьтал болгогч, хариуцлагагүйн туйл-төргүй нийгмийг шүтэгч анархизм, хувь хүний эрхийг үгүйсгэгч коммунизм, ёс жудаггүй зэрлэг капитализын эсрэг тууштай, эвлэршгүй тэмцэнэ” гэж Ардчилсан намын  зорилтыг тодорхой тунхагласан байна.  
“Ардчилсан намын улс төрийн үзэл баримтлалын  болон  эдийн засгийн,  эрдэм соёл, хүмүүнлэгийн тунхаг” нь  бүхэлдээ та бидний ярьж хэлдэг, мэтгэлцдэг  “дүр исгэсэн ардчилал”, “ардчилал гажуудлаа”, “бидний хүсэн хүлээсэн ардчилал биш”  ,”ард­чиллаас ухарлаа”, “ком­мунизм сэргэлээ”, “дарангуй­­лал эргэж тогтох нь”  гэдэг  зарим хэсгийн популист  үзэлд  цохилт өгч чадсан   онолын тулгуур  жинтэй бүтээл болж  ардчилсан үзэл санаатай бүхний гар дээр ирлээ.
С.Эрдэнийн дэвшүүлсэн үзэл баримтлал нь хүн төрөлхтний хийгээд Монгол орны хэмжээнд хөгжлийн баримжаа болж яваа ардчилсан ололт бүхнийг дээжлэн тусгаж, ардчилсан үзэл санаатай бүхэн энэхүү үзэл санааны дор нэгэн санаагаар нэгдэн намынхаа нэгдэл, нягтрал, цаашдын хөгжилд гишүүн бүрийн хүчин зүтгэл итгэлээр биелэх бидний, улс монголын ирээдүй гэдгийг тунхагласан нь үнэхээр Монголын төлөө цохилох зүрхтэй бүхэнд итгэл найдварын галыг бадрааж өгчээ.

Энэхүү үзэл баримтлалыг зөвхөн  Ардчилсан намын хөгжлөөр төсөөлөхийн  аргагүй бөгөөд  Монгол улсын цаашдын хөгжлийн  баримжааг онол үзэл баримтлалын хувьд нээж өгсөн  учраас нэн яаралтайгаар төрийн бодлогод хэрэгжүүлэх шинжлэх ухааны удирдлага  төдийгүй Үндэсний аюулгүй байдлын баталгаа  болж  хэрэгжих утгаараа  Монголын оюуны санд мөнхөд оршин байх  онолын тулгуур баримт бичиг болж байна.   

Улсын эрдэнэсийн сан хөмрөгийг уудлан баяжих санаархал бүхий дотоод гадаадын  олигархижсан бүлэглэлийг ил далдуур өөгшүүлэн дэмжих,  хуурамч худал амлалт бүхий улс төр, үзэл суртлыг  өрнүүлж, олон түмнийг төөрөгдүүлж байгаа өнөөдрийн  ороо бусгаа  цагийн  тохиолдолд энэхүү  үзэл баримтлал  дор чин шударгаар  нэгдэж, нягтрах нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийнхаа  бүрэн бүтэн байдлыг хамгаалж, эх орондоо эрх чөлөөтэй өнө мөнхөд  оршин байх,  бүх ард түмний жинхэнэ шалгарсан сонголт  болно.  
Монгол Улсын Ерөнхий сайд агсан  А.Амар” Монголын товч түүх” товхимолдоо: “ ...баруун зүгийн аюулыг баруун зүгт нь...Нанхиадын аюулыг Нанхиад дотор нь сэргийлж, Монголын өргөн уудам их газар нь  бидний одоогийн үе хүртэл ямар ч харийн этгээд  халдан орж, эзлэн суусангүй,  уужим чөлөөтэй хэвээр байсаар буй нь үнэхээр их эзэн Чингис хааны ач гавьяа мөн” хэмээсэн байдаг. Харин өнөөдөр бидний гэр орон, газар  нутагт харийнхны эзлэн түрэмгийлэх  бодлоготнууд нэвтрэн ирж, Монгол ахуй амьдралыг бусниулахад ойрхон  байна.
Ардчилсан хувьсгалын түүхт  26 жилийн өндөрлөг дээрээс эргэн ухаарахад Монгол хэмээх  улс эх орон хэдүй чинээ урт удаан оршин тогтнож байх эсэх нь энэ цагийн монгол түмний хувьд  өнөөдөр болон алс хэтийн санаж явах  эрхэм чухал  хэрэг бөгөөд ардчилсан хувьсгалын тугийг өргөж  яваа Ардчилсан намаас өөрөөр үүнийг  анхлан ухаарч хэрэгжүүлэх улс төрийн хүчин тэр болгон  харагдахгүй байна.

Иймд  өргөн олны хэлэлцүүлэг өрнүүлж,  зөвхөн намынхаа хүрээнд  хязгаарлахгүйгээр  Монголын нийт ард түмний үгийг сонсож,  эрдэмтэн мэргэд, улс төр судлаачид, эдийн засагчид, иргэний нийгмийн төлөөллийг  оролцуулан  бүгдээр нийлэн  чуулах нь  Ардчилсан намын төдийгүй Монгол улсын төрийн  хэрэгт нэн  чухал ач тустай болох нь гарцаагүй  юм.

Ардчилсан үзэл санааны төлөө сэтгэл зүрх цохилж яваа хэн бүхэн намынхаа үзэл баримтлалын тулгуур энэ бичиг баримттай танилцаж, үхээнц дорой, гутрангуй үзэл санааны илрэл,  хуучин тогтолцооны  суурь  үлдэц бүхий  сурталтай эвлэршгүй тэмцэж, шинэ нийгмийн шинэ үзэл санааны дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэх учиртай.    Тус намын  хойчийн маргаашийн ялалтын туг нь Ардчилсан намын үзэл баримтлалын тунхаг болно. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй”-г санацгаая.

Сайн үйлс тэртээ 1990 оны цагаан морин жилийнх  шиг дэлгэрэх болтугай.          

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан