Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр
12 дугаар сарын 29. Өдгөөгөөс яг 105 жилийн өмнө  Монгол Улс манжийн 200 жилийн дарлалаас ангижирч, тусгаар тогтнон Богд эзэн хаант Монгол Улсаа тунхаглаж байж.
Монголчууд олон зуун жилийн төрт ёсны уламжлал, бие даасан улсын бодлоготой явж ирсэн улс тул Манжийн эрхшээлд байсан бүхий л үеийн турш үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаад  цагийн ая, нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, сая 1911 онтой золгожээ.
             
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн ёсөн буюу европ тооллын 1911 оны 12 дугаар сарын 29 ны өдөр Монгол улсын хаан ширээнд Богд Жавзандамба хутагтыг залах төрийн их ёслол болж, түүнд төрийн тамга, өргөмжлөлийг өргөн барьжээ. Энэ бол ХХ зууны эхэнд Монгол улс Манжаас салж тусгаар улс болсноо тунхаглан зарласаны илэрхийлэл байлаа. Мөн өдөр “Богдыг Монгол Улсын наpан гэpэлт, түмэн наст Богд эзэн хаан, Цагаан даp эхийг Улсын Эх дагина хэмээн өpгөмжлөн, эpдэнийн сууpинд залж суулгаад, оны цолыг Олноо өpгөгдсөн, Их Хүpээг Нийслэл Хүpээ хэмээн нэpлэсэн, дундаа соёмбо үсэгтэй шаp тоpгооp хийсэн төpийн далбаа бүхий Монголын тулгаp төp нээсэн тухай” даяаp олноо тунхаглан заpлажээ.

Богд Жавзандамба лам Монгол улсын хааны ширээнд ёслон суухдаа их төрийн хэргийг эрхлүүлэхээр таван яам байгуулж, олон аймаг хошуудын засаг захиргааг хуучин хэвээр явуулж, ноёд түшмэдийг цол хэргэмээр шагнав. Хорьдугаар зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан бодит үйл явдал байсан юм.
Үндэсний хувьсгалын дээд үр дүн нь үндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа төвхнүүлэн байгуулах явдал билээ. Иймээс Монголын 1911 оны үндэсний хувьсгалын оргил цаг Монгол тулгар төрөө сэргээн байгуулж, тунхагласан төрийн их ёслол болов. Энэ үйл явдлын талаар гадаад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн өвөрмөц байдлаар дүгнэлт өгч мэдээлсэн буй.
Хаант Орос улсын Засгийн газар Монголын 1911 оны Монгол улсаа тунхаглан зарласан тэр өдөр Оросын эзэн хааны Засгийн газар мэдэгдэл гаргасан байна. Энэхүү баримт бичиг нь Монголын тусгаар тогтнолыг шууд дэмжээгүй мэт боловч Монголд болж байсан үйл явдлыг олон улсад бодитойгоор харуулж, түүнийг Орос улс хэрхэн үзэж байгааг тодорхойлж, Орос, Хятад хоёр улс үүсэн гарсан Монголын асуудалд яаж хандвал зохилтой талаар өөрийн саналыг хэлсэн, нөгөө талаас Монголын үнэн дүр төрхийг дэлхийд харуулсан дипломат акт байлаа.
                        
Нөгөө талаар Хаант Орос энэхүү мэдэгдлийг гаргахдаа Хятадтай аль болох харилцаагаа муутгахгүй байхыг эрхэм болгосон алхам хийсэн гэвэл үнэнд ойртох билээ. Хаант Орос энэ мэдэгдэлдээ Монголын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөв хэмээн хэлэхээс зайлсхийж, бүрхэгдүүлэхийн зэрэгцээ Монголын асуудлыг Монгол Хятадын хэлэлцээгээр тодорхойлох энэхүү хэлэлцээг явуулахад Орос улс зуучлах үүрэг гүйцэтгэх санааг дэвшүүлэн тавьсан юм. Оросын Засгийн газраас гаргасан энэ бүх саналыг Хятад, Монгол хоёр улс хэрхэн үзэж, хүлээн авах эсэхээс, бас эсрэг тэсрэг байр суурь бүхий Хятад Монголын хооронд Орос улс хэрхэн сайн зуучлахаас тулгур байгуулагдсан Монгол улсын тусгаар тогтнолын асуудал, бие даасан Монголын олон улсын статусын асуудал хамаарах болсон юм.

Харин урд хөрш Монголын талаар ямаршуухан бодолтой байв аа ?

Монголын Засгийн газраас тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаа албан ёсоор Бээжингийн засгийн газар мэдэгдсэн бөгөөд түүнийг авсан Юань Ши Кай «монголчууд тусгаар тогтнолоо хадгалан барих хүч чадавхи дутмаг учраас Хятадаас тасран салах нь ухаангүй хэрэг» хэмээн айлгах, ятгах хэлбэрээр сэнхрүүлэхийг оролдож эхлэв. Юань Ши Кайгаас Богд хааны нэр дээр ирүүлсэн цахилгаандаа: «Монголын газар хэдий уудам боловч хүний тоо даанч цөөн, олон монголыг нийлүүлэн бодвоос дотоод газрын нэгэн мужийн дайнд хараахан үл хүрэхийн дээр», «монголчуудын амьдрал ядуу зүдүү, «харвал намналыг мэдэхийн төдий буу, үхэр бууг юун өгүүлэх аж» хэмээн илэрхий басамжлан доромжилсон юм.                                                   
                                        Төрийн шагналт, доктор, түүхч О.Батсайханы өгүүллээс
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан