Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Судалгаа: МҮОНТ-ээр далд сурталчилгаа давамгайлж байна
“Нээлттэй нийгэм форум”, “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” хамтарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад мониторинг хийснээ танилцууллаа. Тэгэхдээ Сонгуулийн санхүүжилт, Хэвлэл мэдээллийн сурталчигаа, Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажилд мониторинг хийсэн байна.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгэмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Бодлогод залуусын хаяналт, Захиргааны шинэ санаачлага ТББ-ууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын  санхүүжилтийн ил тод байдалд дүн шинжилгээ хийжээ.

Тус сүлжээнээс улс төрийн нам, нэр дэвшигчдэд хандан сонгуулийн кампанит ажлын хугацаанд санхүүжилт, хандив, зарцуулалтаа олон нийтэд мэдээлэх урилга хүргүүлсэн. Гэвч нэр дэвшигчид болон улс төрийн намуудаас хариу ирүүлээгүй гэлээ. Мөн санал худалдан авах үйл ажиллагаа, оролдлого олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гарч байгаад санаа зовниж буйгаа дээрх сүлжээнээс мэдээлэв. Тэдний хийсэн мониторингын дүнгээс дор танилцуулая.

-Сүлжээний зүгээс 2017 оны 6 сарын 13-нд АТГ-т хандан нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл өгөхийг хүсчээ. Ингээд 2017 оны 6 сарын 14-нд уг мэдээллийг олон нийтэд ил болгосон байна.

-СЕХ-нд зөвхөн нэр дэвшигчдийн зардлын данс бүртгэгдсэн ч намуудынх алга. Сонгуулийн тухай хуульд намууд нэр дэвшигчийн зардлын дансанд мөнгө шилжүүлж санхүүжүүлж болно. Ингээд 6.8 тэрбум хүртлэх төгрөгийг зарцуулах боломжтой юм. Гэвч санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг хэрхэн ил тод болгох, хяналт тавих нь тодорхойгүй байна гэлээ.

Дээрх ТББ-ууд өөрсдийн нөхцөл бололцоонд тулгуурлаж нэр дэвшигчид  сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш 9 хоногт хэдэн төгрөг зарцуулсан талаар дүгнэлт гаргаад байгаа юм. Энэ дүгнэлтээр бол гурван нэр дэвшигч нэг удаагын зурагт хуудас, сэтгүүл гэсэн хэвлэмэл материалд дунджаар тус бүр нэг тэрбум төгрөг зарцуулсан гэж үзжээ. Үүнээс гадна “Глоб Интернэшнл” ТББ-ын хэвлэл мэдээллийн мониторингод хамрагдсан арилжааны дөрвөн телевизийн СЕХ-нд хүргүүлсэн үнийн саналд тулгуурлан тооцвол телевизээр дамжуулсан сурталчилгаанд мөн л нэг нэг тэрбум төгрөг дунджаар зарцуулсан байна. Энэ бүх зардлыг нэг дэвшигч нь Төрийн аудитын байгууллагад хүлээлгэн өгөх зардлын тайландаа тодорхой тусгах ёстой хэмээн дээрх ТББ-ууд үзэж буй юм. Учир нь Сонгуулийн тухай хуульд санал хураалт дуусанаас хойш 30 хоногийн дотор нэг дэвшигч тус бүр зардлын тайландаа аудит хийлгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр заажээ. Гэтэл энэ тайлангаа хэрхэн гаргах заавар, зөвлөмжийг Үндэсний аудитын газраас гаргаагүй байгаа аж. Иймд дээрх ТББ-уудын сүлжээ Үндэсний Аудитын газарт хандаж хамтран ажиллах санал тавьсан хэмээн мэдээлэв.

Санал тоолох машин худалдан авч ашиглах, хэнийг дэмжсэнийг мэдэх боломжгүй

ТББ-ын сүлжээний гишүүн “Мидас” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэх үйл ажиллагаанд хяналт тавьсанаа танилцууллаа. Тус байгууллага 2012 оны УИХ-ын сонгуульд мөн ийм хяналт тавьж байжээ. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн үеэр хяналтын буюу техникийн  тооллогыг нийт санал авах байрны 50 хүртлэх хувьд хийсэн. Тэгэхэд саналын тоо зөрсөн тохиолдол гараагүй. Сонгууль бүрт санал тоолох машины програмд зохих өөрчлөлт ордог. Санал тоолох машиныг санамсаргүй байдлаар сонгон тестелж үзэхэд ямар нэг алдаа, дутагдал гараагүй болно. Цахилгаан тасарсан үед санал тоолох машин батрейгаар ажиллах ёстой. Иймд уг батрейг нь бүрэн шинэчилсэн байна. Харин иргэдийн дунд яригдаж байгаа зарим зүйлийн талаар тодорхой үнэн зөв мэдээлэл өгөе.

Сонгуулийн ирц бүрдүүлэх үүднээс хүн бүр идвэхтэй оролцох хэрэгтэй. Зарим хүн дэмжих нэр дэвшигч үгүй тул санал өгөхгүй гэсэн яриа гаргаад байгаа. Тэгвэл саналын хуудасыг хоосон уншуулж болно. Саналын хуудас тоолох машиныг санамсаргүй түүврээр сонгож тестелж үзэхэд  зөв бөглөсөн, хоосон саналын хуудасыг уншуулхад гарсан үр дүн нь зөрүүтэй гараагүй. Мөн хэдэн цагт санал өгсөнөөр нь хөөж хэнийг дэмжсэнийг нь мэдэж болно гэсэн яриа бий. Энэ бол ташаа ойлголт. Тухайн иргэнийг санал өгсөн дараалал, цаг хугацаагаар хэнийг дэмжсэнийг мэдэх боломжгүй. Сонгогчын бүртгэлийн систем, санал тоолох систем хоёр хоорондоо холбоогүй юм. Санал тоолох машин санал өгсөн дараалал, он сар өдөрөөр бус санамсаргүй байдлаар хадгалагддаг. Өөр санал тоолох машин худалдан авч ашиглах боломж байхгүй. Санал тоолох машинуудын серийн дугаар бүртгэлтэй. Тухайн машинаас хэвлэгдсэн гэдгийг батлах нууцлалтай юм“ хэмээн мэдээллээ.

Далд сурталчилгаа, сөрөг мэдээлэл давамгайлж эхэлжээ


“Глоб Интернешнл” ТББ Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд телевизүүдийн нэвтрүүлэгт мониторинг хийжээ.  
Гэтэл телевизүүдэд төвийг сахьсан мэдээлэл тун бага нэвтрүүлж буй дүн гарсан байна. Харин сөрөг, эерэг мэдээлэл голлож буй аж. Сонгуулийн тухай хуульд цаг үеийн мэдээллийн хөтөлбөрөөр нэг нэр дэвшигчийн тухай мэдээлэл өдөрт 5 минутаас хэтрэхгүй байх ёстой. Тэгвэл энэ хугацаа нь 1-5 секундээр илүү байгаа дүн гарав. Цаг хугацаанаас гадна тухайн мэдээллийн өнгө аяс бас нэг гол үзүүлэлт болно. Гэтэл сөрөг өнгө аястай мэдээлэл давамгайлж буйг судаалчид хэллээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэх үед арилжааны телевизүүдээр далд сурталчилгаа давамгайлж байж. Гэтэл сүүлийн өдрүүдэд МҮОНТ-ээр ийм мэдээлэл түлхүү гарч эхэлснийг судлаачид онцоллоо. Харин арилжааны телевизүүдээр сөрөг өнгө аястай мэдээлэл давамгайлж эхэлсэн байна.  
Эцэст нь хэлхэд ТББ-ууд дараагын дүн шинжилгээгээ ирэх 24-нд танилцуулна гэдгээ мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан