Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З. НАРАНТУЯА: ҮҮСЭЭД БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ УИХ-ЫГ ТАРААХ ХЭМЖЭЭНД ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

АНХ ДЭМЖСЭН 64 ГИШҮҮНИЙ ОЛОНХИ ДЭМЖИХГҮЙ БОЛЧИХВОЛ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХГҮЙ ГЭЭД СУУГААД БАЙХ НЬ ЁС ЗҮЙГҮЙ ХАРАГДАНА

-Эрх баригчдын талцал, хуваагдал улс төр, нийгэм эдийн засгийг маш хүнд байдал руу нөхцөл байдал руу оруулж байна. Энэхүү ойлгомжгүй байдлаас болж улс орны өмнө тулгамдсан олон ажил, ялангуяа УИХ-ын үйл ажиллагаа гацлаа. Та улс төр дэхь сөрөг хүчний бүлгийн гишүүний хувьд уг үйл явцад ямар дүгнэлт хийж байна вэ?

-Аливаа эрх ашигт хязгаар байх ёстой. Эрх барьж байгаа нэг намын дотоодын эрх ашгийн төлөөх тэмцэлд хэн нэг нь ялагч болно гэж байхгүй. Тиймээс УИХ-ын дарга М. Энхболд албан тушаалаасаа сайн дураараа огцрох өргөдлөө өгч, чөлөөлөгдөх хэрэгтэй. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргахгүй л бол өөр бусад гишүүдийн саналаар чөлөөлөх, огцруулах тухай хуулийн зохицуулалт байхгүй ч гэсэн бусад гишүүдийн зүгээс УИХ-ын даргыг өргөдлөө өгөхийг шаардах эрхийг хуулиар хязгаарлаж хориглоогүй. Гишүүд шаардлага гаргаж байгааг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж тайлбарлах нь буруу.  УИХ-ын дарга өөрөө хүсвэл ямар ч нөхцөлд өргөдлөө гаргаж болно.

УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу УИХ-ын даргыг анх томилоход нам нь нэр дэвшүүлж, бүлэг нь санал гаргаж, нэгдсэн хуралдаан дээр санал хураалт явуулан олонхийн дэмжлэг авсан учраас М.Энхболд дарга УИХ-ын даргаар сонгогдсон. Хэрвээ тэр үед олонхийн дэмжлэг аваагүй бол хуулиараа өөр хүний нэрийг дэвшүүлэх байсан. Гэтэл одоо дэмжсэн 38 гишүүн итгэхээ больсон байна. Аливаа харилцааг зохицуулахад тухайн хуульд нь нарийвчилсан зохицуулалт байхгүй бол ижил төсөөтэй хуулийн хэм хэмжээг удирдлага болгох зарчим байдаг. Анх дэмжсэн 64 гишүүний олонхи дэмжихгүй болчихвол өргөдлөө өгөхгүй гээд суугаад байх нь ёс зүйгүй харагдана. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь улс орны эрх ашиг учраас өргөдлөө өгч, парламентэд шинэ соёлыг бүрдүүлээчээ гэж хэлмээр байна.

-Шаардлага гаргасан гишүүд ангийн даргаа өргөдлөө өгч, чөлөөлөгдөхгүй байна гээд  чуулгандаа суухгүй бойкотлоод байх нь хуулийн хувьд зөв үү? Валютын ханш, бензин шатахууны үнэ өсч байгаа, гадаад өр зээл, банк санхүүгийн салбарын хүндрэл гээд л УИХ-ын хийх ажлууд, шийдэх асуудлууд шил шилээ дарсан байхад хурал чуулганаа хэвийн байдалд нь оруулахгүй байгаад иргэд дургүй л байна. УИХ-ын даргыг өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагийн хувьд Та бас хуралдаа суухгүй гэсэн үг үү?

-Гишүүд шаардлага гаргах эрхтэй ч нэгдсэн, байнгын хорооны болон дэд хороодын хуралд оролцохгүй бойкотолж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл. УИХ-ын гишүүдийн дагаж мөрдөх хэм хэмжээг нь тогтоож өгсөн УИХ-ын тухай хуулийг гишүүд заавал биелүүлэх үүрэгтэй. Энэ бол хууль хэрэгжүүлэх зарчим (Rule by law). УИХ-ын тухай хуулийн 7.1.21-д өвчтэй, чөлөөтэй, гадаадад томилолттой байхаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох, 7.1.23-д хууль, гишүүний ёс зүйг чанд сахихыг үүрэг болгосон. Миний хувьд  чуулганы үйл ажиллагаанд оролцоод явна.

-УИХ-ын дарга гишүүдээс хүргүүлсэн шаардлагыг ТББХ-нд шилжүүлсэн. Ямар шийдвэр гарах бол?

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудалд нухацтай хандах байх гэж найдаж байна. УИХ болон Засгийн газар  хуулиар хүлээсэн чиг үүргүүд нь өөр өөр ч нийт иргэдийнхээ өмнө улс орны  аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн салбарын үр дүнтэй ажиллагааг хангах үүргийг хамтран хүлээсэн. УИХ хоёр хамтран ажиллах нөхцөлгүй, ЗГ-ын үйл ажиллагаанд хяналтаа тавьж чадахгүй болж засаглалын энэ хямрал үндэсний аюулгүй байдлын асуудал болчихоод байхад авч хэлэлцэхгүй юм уу, эсхүл шаардлагын дагуу УИХ-ын дарга өргөдөл өгөх хуулийн үндэслэлгүй байна гэж байнгын хороо шийдвэр гаргавал дараагийн үр дагавар нь УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй. Тиймээс байнгын хороо санал дүгнэлт гаргахгүй ч гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулж болох хуулийн зохицуулалт бас байгаа.

-60 тэрбумын хэргийг шалгаж тогтоох ажиллагаанд УИХ дарга нөлөөлж байж болзошгүй тухайд та юу гэж үзэж байна?

-УИХ-ын даргыг 60 тэрбумын гэх тодорхой хэргийг мөрдөж шалгах ажиллагаанд нөлөөлж байна гэж санал гаргасан гишүүд хардаж байгаа. Хэргийг АТГ шалгаж,  Прокурор хяналт тавьж байгаа учраас удирдлагыг нь УИХ-аас томилогддог байгууллагууд дээр хийгдэж байгаа мөрдөн шалгах энэ ажиллагаанд УИХ-ын дарга бол яах аргагүй нөлөөлж болзошгүй албан тушаал мөн. Тийм учраас  хэн ч хуулиас дээгүүр эрхтэй байж үл болно, хүн бүхэн хуулийн өмнө тэгш байх гэсэн (rule of law) эрх зүйн зарчмын дагуу чөлөөлөгдөж байгаад хардлагыг мухарлаж, үнэн зөвөө тогтоолгочих нь зөв бөгөөд өөрт нь ч  хэрэгтэй. Харин тухайлан энэ хэрэгт гэм буруутай эсэхийг нь хууль хяналтын байгууллага тогтооно.

-ГИШҮҮД ХУРАЛД ОРОЛЦОХГҮЙ БОЙКОТОЛЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ
ЗӨРЧИЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ-

-УИХ-ын гишүүд тагнуул, АТГ-ын атганд орсон гэсэн яриа хардлага олны дунд нийтлэг байна. Тийм ч учраас шударга ёс тогтоож МАНАН-тай тэмцэнэ гэсэн Ерөнхий сайдын үг олны таашаалд их нийцэж байна. Энэ тал дээр таны бодол?

-Хууль хяналтын байгууллага нь өөрөө  төрийн дарангуйлал, хүчирхийлэл,  хүний эрх, авилгатай холбоотой олон хэрэг, улс төрчдийн хувийн ашиг сонирхол, бизнесийн байгууллагын эрх ашигтай холбоотой хэрэг маргаанд ашиглагдах өндөр эрсдэлтэй байгууллагууд. Улс төрийн зорилгоор өрсөлдөгчийнхээ талаархи мэдээллийг тагнуулын болон нууц албаны шугамаар цугларуулж,  зохиомол хэрэгт тулгах, хуулийн үндэслэлгүйгээр хүнийг баривчлан хорьж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тохиолдлуудын талаар мэр сэр яригддаг байсан бол энэ төрлийн шантааж, нөлөөлөл сүүлийн жилүүдэд улам их болсныг иргэд, олон нийт ярьж хэлж байгааг ойшоохгүй өнгөрч болохгүй.

Ялангуяа үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг хамгаалахтай холбоотой  мэдээллийг гадны нөлөөллөөс ангид байдлаар боловсруулан дүн шинжилгээ хийж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийлүүлэх үүрэгтэй хүмүүс маань мэдээллийг дотоод улс төрийн зорилгоор урвуулан ашиглах эрсдэл өндөр байгаагийн шалтгааны тогтоож, яаралтай анхаарч, арга хэмжээ авах цаг болсон байна. Энэ чиглэлээр судалдаг олон улсын байгууллагууд улс орнуудын хэмжээнд харьцуулан судалж, зөвлөмж чиглэл ирүүлж ажиллаж байна. Манай улсын хувьд хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгож, юуны Парламентын хяналтаа төлөвшүүлэхийг Олон улсын Парламентын холбоо, салбар байгууллагуудаас нь зөвлөж, гарын авлага, судалгаа материал ирүүлдэг. Харамсалтай нь ажил хэрэг болгож анхаарахгүй байсаар олон жилийн хугацаанд эрх мэдэл бүхий улс төрчид нь дураараа авирласаар Парламент нь өөрөө хүчний байгууллагуудынхаа шантаажинд орчихоо юу даа гэж санагдах боллоо.

Тиймээс гишүүд чуулганы үйл ажиллагааг гацааж байхын оронд харин ч хуралдаа  сууж, үүсээд байгаа нөхцөл байдлыг эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэж, шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, үндэсний аюулгүй байдлын салбарын үйл ажиллагаанд тавих Парламентын хяналтыг сайжруулахад онцгой анхаарал хандуулан хамтран ажиллах шаардлагатай байна.

-АН эрх баригчдын энэхүү байдлыг шүүмжилж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Цаашид нөхцөл байдлыг хараад суугаад байх биш ямар нэгэн үйлдэл хийгээсэй гэж олон нийт хүсч байх шиг. Хэдий та бүхнээс шалтгаалахгүй ч гэсэн АН-аас улс төрийн ойлгомжгүй нөхцөл байдлыг арилгахын тулд гар бие оролцох уу, акц явуулах уу?

-Үгүй. АН-ын бүлэг өмнө нь хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсээр ирсэн. Үүсэн нөхцөл бол 32а/32б-гийн дотоод асуудал. Үүнд оролцох боломжгүй. Хоёр гишүүний хувьд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандаж байгаа.

-МОНГОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ УЛАМ ИЛҮҮ СУЛРАХ ПРОГНОЗ БАЙНА-

-УИХ-ын түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх маш олон чухал ажил байна. Та эрх баригчдыг хэрүүлээ зогсоогоод нэн тэргүүнд эдийн засаг руу анхаарах шаардлага байна гэж сануулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү? Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал яг одоо ямар байгаа вэ?

-Улаанбаатар хотын утаа жил бүр л яригддаг, гэвч шийдлийн гарцаа олохгүй байдал нөхцөл бахь байдгаараа л байна. ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан ажлууд гээд шийдлээ хүлээж байгаа маш олон ажлууд бас гацчихаад байна.

Эдийн засаг 6.1 орчим хувийн өсөлттэй, төсвийн орлого төлөвлөснөөс давж биелсэн ч зарцуулалтын оновчгүй бодлого үргэлжилж байгаа учраас  хүртээмж, үр өгөөж өрх гэрт сайн мэдрэгдэхгүй байна. Хоёр зүйлд санаа их зовж байна. Монгол улсын нийт гадаад өр сонгуулиас хойшхи 2 жил 6 сарын дотор 4 тэрбум ам.доллараар  өсч, энэ оны 3 дугаар улирлын байдлаар 27.9 тэрбум ам.доллар болжээ. Түүнээс ЗГ-ын гадаад өрийн хэмжээ  7 тэрбум ам.доллар буюу 25 хувийг нь эзэлж байна. 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 3.3 тэрбум, 2021 онд 1.4 тэрбум, 2022 онд 2.7 тэрбум, 2023 онд 1.9 тэрбум, 2024 онд 1.5 тэрбум ам. долларын нийт 12.2 тэрбум ам.долларыг тус тус төлөх хуваарьтай. Нэмж авч байгаа зээлүүдийн зарцуулалтын мэдээлэл бүрхэг, олон нийт болон иргэдийн төлөөлөл чөлөөтэй танилцах боломжоор хангагдаагүй байна.

Хоёрдугаарт, Монгол төгрөгийн ханш улам илүү сулрах прогноз байна. Ханшны сулралтад нүүрсний экспортын хэмжээ Гашуунсухайт боомтийн үйл ажиллагаа энэ ондоо багтаж ашиглалтад орохгүй болж байгаатай холбогдон буурч байгаа нь нөлөөлж болзошгүй. Экспортын орлого 250 сая ам. доллараар буурна гэж тооцсоноос харахад иргэд аж ахуйн нэгжүүд хоногт ханшийн зөрүүгээс алдаж байгаа алдагдал буурах биш харин нэмэгдэхээр байгаа нь иргэдийн бухимдлыг улам төрүүлэх нь. Эдгээр асуудлаар Төв банк, Сангийн яаманд тавьсан асуулгын хариуг УИХ 21 хоногийн өмнө авч хэлэлцэх байсан боловч харамсалтай нь УИХ-ын үйл ажиллагаа  гацсанаас болж одоо хүртэл хэлэлцэж, арга хэмжээ авч чадахгүй хүлээж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан