Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Баттулга: Хараат бусаар томилж чадаагүй шүүгчээс хараат бус шийдвэр хүлээх боломжгүй

-Шүүгчийн томилгоо тодорхой бус байгаа нь улстөрчдийн олз болж байна-

Оюуны Инноваци эрх зүйн судалгааны төвийн захирал П.Баттулгатай шүүх засаглалын тогтолцоо, шүүгчийн томилгооны талаар ярилцлаа.

-Шүүх засаглалын ил тод байдал өнөөдөр ямар байна вэ?

-Шүүх засаглалын ил тод байдал бага багаар сайжирч байгаа. Гэхдээ шүүгчийн сон­гон шалгаруулалтын асуу­дал дээр ил тод байдал бүр­дэж байгаа эсэх нь эргэлзээ дагуулж байна. Яагаад гэ­хээр хамгийн өндөр оноо авсан шүүгчийг Ерөнхийлөгч яагаад санал болгосонгүй вэ. Хэдийгээр шүүгчийг сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга, арга хэрэгсэл өмнө­хөөсөө сайжирсан боловч шалгалтдаа тэнцсэн хүмүүсийн нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид са­нал болгохдоо тодорхой бус үндэслэлээр нэрийг нь өөрчилдөг. Энэ нь миний харж буйгаар улс төрчдийн зүгээс Шүүх засаглал руу дайрах нөхцөл болж байна. Сонгон шалгаруулалт бодитоор хийж, хамгийн сайн, чадварлаг хуульч болчихлоо шүү гэсэн итгэлийг төрүүлэхүйц, жирийн иргэдэд ойлгомжтой байдлаар явах юм бол, шүүгч рүү ямар нэгэн байдлаар дайрах явдал буурна.

Тодорхой бус үндэслэлээр сонгон шалгаруулалт явагдчихаар хэн нэгэн эрх мэдэлтэй,хүний нөлөөний хүн болчихлоо гэсэн асуудал яригдаж эхэлдэг. Магадгүй сонгон шалгаруулалт ил тод, хамгийн өндөр оноо авсан хүн шүүгчээр томилогддог бол хэнд ч хардлага төрөхгүй. Энэ тал дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн ч нүүр бардам томилгоогоо хамгаалах, томилох үндэслэлээ ил тод гарган тавих боломжтой болно. Тэгэхээр шүүгчийн томилгоо тодорхой бус байгаа нь улс төрчдийн олз болж байна.

-Тэгэхээр одоо шүүхийн тогтолцоо гажуудалд орчхоод байгаа гэсэн үг үү?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон даргыг Ерөнхийлөгч томилдог асуудал дээр гажуудал үүссэн гэж харж байгаа. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, нэр дэвшигч шүүгчийг Ерөнхийлөгчид санал оруулж томилдог. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагыг Ерөнхийлөгч хуулийн дагуу өөрөө томилдог. Хуулийн зохицуулалтаараа анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг хүнийг санал болгодог. Монголын хуульчдын холбооноос нэг хүн, Хууль зүйн яамнаас нэг хүн гээд таван хүнийг зөвлөлийн гишүүн болгохоор Ерөнхийлөгчид санал хүргүүлдэг. Энэ таван гишүүн даргаа сонгож мөн л Ерөнхийлөгчид санал хүргүүлэх процесстой. Гэтэл санал болгосон хүнийг нь Ерөнхийлөгч томилохоос татгалзах тохиолдол гарч байна. Ямар үндэслэлээр татгалзсан гэдэг нь тодорхой бус. Жишээлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүнийг тэтгэврийн нас нь болсон гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгтэл үлдсэн гурван гишүүний нэг нь мөн адилхан чөлөөлөгдөх насанд хүрсэн боловч чөлөөлөөгүй. Эдгээр асуудлуудаас харахад Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог болсноор энэ байгууллага Ерөнхийлөгчийн институтээс хамааралтай харагдаж байна. Үүнээс үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийг Ерөнхийлөгч томилж байгаа нь шүүхийн эрх мэдэл Ерөнхийлөгчийн институтийн нөлөөнд хэт орох эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа нь яах ч аргагүй шүүх эрх мэдлийн гажуудал.

-Энэ гажуудлыг засахын тулд санаачилгыг нь хэн гаргах ёстой юм бэ?

-Анх 1993 онд Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны бус 12 гишүүнтэй байгуулж байсан. Ингээд 2002 оны Шүүхийн тухай хуулиар гишүүдийнхээ тоог 14 болгон мөн л орон тооны бус гишүүдээр багаа бүрдүүлсэн. Ингээд 2013 онд Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу таван орон тооны гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг болсон. Хамгийн анх Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл дээр одоогийн хувилбараас өөр байсан юм билээ. Батлагдсан хувилбар нь УИХ-аас нэг, Ерөнхийлөгчөөс нэг, Засгийн газраас нэг, Дээд шүүхээс нэг, Монголын хуульчдын холбооны бүх хуульчдын хурлаас сонгогдсон нэг гишүүнийг шууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болгох заалттай байсан. Тэгтэл Ерөнхийлөгч үүнд хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээж авснаар одоогийн мөрдөгдөж байгаачлан Ерөнхийлөгч томилдог систем тогтсон. Тэгэхээр үүнийг залруулахын тулд Шүүхийн захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгч томилгоо хийдэг зүйл заалтыг хүчингүй болгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тоог нэмэх шаардлагатай. Зөвлөлд таван гишүүн байна гэдэг бол учир дутагдалтай. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан олонх нь ирснээр хүчинтэй гэж үздэг. Тэгэхээр гурван гишүүн ирээд хоёр хүний саналаар шийдвэр гаргах боломжтой гэсэн үг. Парламентын гишүүд, Ерөнхийлөгчид Үндсэн хуулиас гадна бусад хуулиар их эрх мэдэл олгосон гэж ярьдгийн нэг тод жишээ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн томилгооны эрх мэдлийг олгосон асуудал. Тэд өөрсдөө Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай хуулийг батлахдаа л энэ эрх мэдлийг нь Ерөнхийлөгчид өгчихсөн л асуудал. Энэ асуудлыг засах л хэрэгтэй. Мөн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ талаар тусгасан байна лээ.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүний гүйцэтгэх үндсэн үүрэг, ажил нь юу юм бэ?

-Нэг номерын ажил бол Үндсэн хуульд заасны дагуу шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, хангах. Мөн шүүгчийн сонгон шалгаруулт явуулж, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус байдалд зүй бусаар нөлөөлж байгаа асуудал гарвал шүүгчийн эрх ашгийг хамгаалах гэх мэт шүүгчээс шүүн таслах ажилгаагааг хэвийн явуулах, тэр бүх боломж бололцоог хангаж ажиллах үүрэгтэй л байгууллага. Энэ бол нэг номерын үүрэг нь.

-Шүүхийн ерөнхий зөвлөлд сонгогдсон гишүүд гурван жил тус албанд ажилладаг. Тэднийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах ямар боломж байдаг вэ?

-Хуульд заасны дагуу одоогийн таван гишүүн гурван жилийн хугацаатай, нэг удаа улиран сонгогдох боломжтой. Тэгэхээр ихдээ зургаан жил тус зөвлөлд ажиллах боломжтой гэсэн үг. Эдгээр гишүүдийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлүүд байгаа л даа. Гэхдээ яг ямар журмаар гэдэг процесс нь тодорхойгүй. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгогдсон гишүүнийг хэрхэн яаж эгүүлэн татах нь тодорхойгүй. Дахин шүүгчдийн зөвлөгөөн зохион байгуулах юм уу, яг ямар журмаар хуралдуулах, шүүгчдээс дахин санал авах юм уу гэх мэт асуудлууд нь тодорхой бус. Энэ асуудал дээр нэг жишээ дурдахад, Хуульчдын холбооноос 2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Б.Сарантуяа гишүүнийг эгүүлэн татах санал гаргаад Ерөнхийлөгчид өргөн барьсан. Гэтэл энэ асуудалд Ерөнхийлөгч хариу өгөлгүй орхигдуулсан. Тэгэхээр тухайн хүнийг эгүүлэн татах хууль нь байгаа ч гэсэн асуудал нь Ерөнхийлөгч дээр очоод гацчихдаг. Өнөөдрийн байдлаар эгүүлэн татсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн огт байхгүй.

-Та 2015 онд шүүхийн томилгоотой холбоотой судалгаа хийсэн. Энэ судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ. Шүүхийн томилгоог хийдэг вэ?

-Шүүгчийн сул, чөлөөтэй орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт болдог. Энэ орон тоон дээр хуульд заасан, шаардлага хангасан хуульч нар нэрээ дэвшүүлнэ. Давж заалдах болон хяналтын шатны шүүгчийн орон тоон дээр доод шатны шүүгчид нэрээ дэвшүүлэх эрх нь бий. Харин анх шатны шүүгчийн орон тоо гарвал хуульчид нэрээ дэвшүүлнэ. Ингээд Үндсэн хуульд заасны дагуу мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан, 25 нас хүрсэн хүнийг анхан болон давж заалдах шатны шүүгчээр томилно. Мэргэжлээрээ 10 –аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэдлэг боловсролтой хүнийг Улсын дээд шүүгчээр томилж болно гэсэн ерөнхий зохицуулалт бий. Үүнийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар илүү нарийвчлан заасан. Тухайлбал, давж заалдах шатны шүүгчид анхан шатанд гурваас дээш жил ажилласан шүүгч нэрээ дэвшүүлнэ гэж байгаа. Тэгэхээр сул орон тоо гарахад тохирох шаардлага хангасан хүмүүс нэрээ дэвшүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн хорооны хууль зүйн өндөр мэдлэг чадвар бүхий эрдэмтэн, докторууд, шүүгчдээс бүрдсэн есөн гишүүн эхний шалгалт авдаг. Ингээд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн намтрыг нь судлах, эрх зүйн мэдлэг ур чадварыг нь олон аргаар шалгадаг. Мөн хуульчдын холбооноос мэргэшил, ур чадвар, нэр хүндийн дүгнэлт гаргуулдаг. Хуульчдын холбоо тухайн нэр дэвшигчийн талаар гаргасан дүгнэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлдэг. Ингээд 70 оноо авч тэнцсэн хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн ярилцлагад ордог. Ярилцлагад орсон хүмүүст Шүүхийн ерөнхий зөвлөл дүгнэлт гаргана гэсэн хуулийн зохицуулалттай. Гэвч одоо хүртэл тус байгууллагаас ямар дүгнэлт гаргадаг нь мөн л тодорхой бус. Тэгэхээр Хуульчдын мэргэжлийн холбоо нэр дэвшигчийг оноогоор үнэлчхэж байна. Монголын хуульчдын холбоо хангасан, хангаагүй гэсэн дүгнэлтээ хүргүүлчхэж байгаа юм. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар дүгнэлт гаргадгийг одоогоор лав олж хараагүй байна. Нэр дэвшсэн хүмүүс нь ч өөр дээр нь юуг үндэслэж ямар дүгнэлт гаргасныг мэддэггүй. Ярилцлага өгөөд л гараад ирсэн гэдэг. Тэгээд ямартай ч дээрх гурван дүгнэлтийг нэгтгээд онооны дарааллаар эрэмбэлээд Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаад хамгийн олон санал авсан хүмүүсийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Гэтэл энд Шүүхийн ерөнхий зөвлөл дээр асуудал үүсч эхэлж байгаа юм. Магадгүй хамгийн өндөр оноо авсан биш, хамгийн бага оноо авсан таван хүний нэрийг ч явуулах боломжтой. Энэ асуудал тодорхой биш.

-Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа ил тод бус, хяналт тавих боломжгүй гэсэн үг үү?

-Уг нь олон улсын зөвлөмжөөс харахад хамгийн өндөр оноо авсан хүнийг нээлттэй, ил тод байдлаар сонгон шалгаруулж, томилох юм бол, хамгийн чадварлаг хуульч томилогдчихлоо хэмээх итгэл иргэдэд төрдөг гэж үздэг. Үүнийг дагаад Шүүх засаглалд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, Шүүх засаглал бэхэждэг гэж үздэг. Тэгтэл манайд сонгон шалгаруулалт нь тодорхой бус явахаар хэн нэгэн эрх мэдэлтэй хүний төлөөлөл болох хүн гарч ирлээ гэсэн хардлага нийгэмд төрөөд байгаа юм.

-Энэ асуудал чинь мэдлэг, ур чадвартай, шударга хуульч байлаа гээд эрх мэдэл “Сайн ах” байхгүй л бол дээшээ гарах боломж бололцоо бараг л байхгүй юм аа даа?

-Харин тийм. Тийм байдал бараг л харагдахгүй байна.

-Тэгвэл тогтолцооны хувьд хамгийн эрүүл, хараат бус байж, нийгэмд шударга ёс тогтоох ёстой шүүх засаглалын байгууллагад тогтолцооны хувьд эрүүл бус байгаа нь ёс зүйгүй асуудал юм биш үү?

-Тэгж харж болох л юм. Энэ байдал нь шийдвэр гаргаж байгаа шүүгчдэд хардлага төрүүлж байна. Шүүгчид хэн нэгэн эрх мэдэлтэй хүний гар хөл болдог гэсэн яриа энэ салбарынхныг бүгдийг нь харлуулж байна. Тиймээс л сонгон шалгаруулалтаа тодорхой, ил тод болгох хэрэгтэй. Бүгдэд нээлттэй, ил тод байдлаар хамгийн өндөр оноог өөрийнхөө ур чадвараар аваад, маргаангүйгээр шалгарсан хүнийг шүүгчээр томилоход ямар ч хэл ам гарахгүй. Ингэснээр түүнийг харлуулж, шүүх эрх мэдэл рүү ямар нэг байдлаар дайрах, халдах явдал багасах байх.

-Шүүхийн бүтэц зохион байгуулалт хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Энэ тогтворгүй тогтолцооны хор уршиг нь юу байх вэ. Шүүх засаглалын тогтолцоог өөрчлөх нь улс төрийн ашиг сонирхол орсон байх боломжтой юу?

-Шүүхийн тогтолцоог хуулийн шийдвэрээр байгуулж эсвэл татан буулгадаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд шийднэ гэсэн үг. Ингээд 2013 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэл хийж, шүүхүүдийг дагнасан чиглэлээр байгуулах нь зөв юм байна гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн, иргэний хэргийн шүүгчид чиглэл чиглэлийнхээ хэргийг л шийднэ гэсэн үг. Өмнө нь Баянзүрх дүүргийн шүүгч эрүүгийн хэргээ ч шийддэг, иргэний хэргээ ч шийддэг байсан бол 2013 онд Иргэний хэргийн шүүх, Эрүүгийн хэргийн шүүх хэмээн тус тусад нь салгасан. Аймгуудын дунд мөн энэ хоёр чиглэлийн дагнасан шүүх байгуулж шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Тэгтэл энэ шийдвэрийг Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна хэмээн Засгийн газрын тогтоол гарч хүчингүй болгосон. Шүүхийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороход өмнө нь ажиллаж байсан шүүгч нарыг чөлөөлж, өөрчлөлтөд орсон зохион байгуулалтад нийцсэн байдлаар шүүгчийг томилох ажил хийсэн. Энэ томилгооноос 13 шүүгч хохирч үлдсэн. Яагаад гэхээр тэдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн тогтоол, өөрчлөн зохион байгуулагдсан шүүхэд томилох тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид өргөн барьсан. Тэгэхээр Ерөнхийлөгч эдгээр хүмүүст чөлөөлсөн болон томилсон зарлиг гаргах ёстой. Тэгтэл, чөлөөлсөн зарлиг гаргасан мөртлөө томилсон зарлиг гаргалгүй орхичихсон. Эдгээр 13 шүүгч Ерөнхийлөгчийн эс үйлдэхүйгээс болоод ажилгүй болсон гэсэн үг. Эдгээр шүүгчид одоо хүртэл бүх шатны шүүхээр явсан ч хэргээ эцэслэн шийдүүлж чадаагүй л байгаа.

-Тэгэхээр ганцхан Ерөнхийлөгчийн эс үйлдэхээс болоод энэ хүмүүс ажилгүй болоод хохирч үлдсэн хэрэг үү. Энэ тогтолцоо хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд байж болох асуудал мөн үү?

-Харин тийм. Та нар мэднэ дээ. Шүүгч хүний хараат бус байдал хамгийн өндөр хэмжээнд хангагдчихсан байх ёстой. Энгийн иргэд ч тэгж ойлгодог. Олон улсад шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхийг шүүгчдэд халдах нэг хэрэгсэл гэж үздэг. Тухайлбал, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх үедээ шүүгчийг өөр орон нутагт шилжүүлэн томилох, эсвэл албан тушаалыг нь томилохгүй орхигдуулах замаар хараат бус шүүгчийг зайлуулах арга хэрэгсэл болгон ашигладаг. Тухайлбал, 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ажилладаг хоёр шүүгчийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэн давж заалдах шатны шүүхэд томилсон тохиолдол манайд гарсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь мэргэшсэн чиглэлээс нь өөр шүүх рүү томилсон гэсэн үг. Энэ саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид санал оруулж, Ерөнхийлөгч зарлиг гаргасан байдаг.

-Тухайн томилгоог шүүгч хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

-Албан тушаалаасаа л огцорно шүү дээ. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй.

-Миний санаж байгаагаар сонгуулийн үеэр нам эвслүүд, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Шүүх засаглалыг хараат бус болгох талаар олон сайхан амлалт өгдөг шүү дээ. Тэгтэл бодит байдал дээр төр засгийн эрх мэдлийг авсныхаа дараа шүүх засаглалын хараат бус байдлыг өөрчлөх талаар ажлыг эхлүүлж чадахгүй байгаа юм биш үү?

-Яг үнэндээ Шүүх засаглалыг хараат бус байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг улс төрч байна гэвэл би итгэхгүй. Магадгүй үнэхээр байдаг бол гарын таван хуруунд л багтах байх. Тэд наанаа тэгж ярьдаг ч эрх ашиг нь хөндөгдөхөд өөрийн хүнийг л томилохоо боддог. Яагаад гэвэл, дараа нь өөрсдийнх нь асуудал тэр хүн дээр очиж эцэслэн шийдэгдэх учраас. Шүүгч хараат бус байх нь олон хүчин зүйлээс хамаардаг. Тэр дундаас шүүгчийн томилгооны хараат бус байдал хамгийн чухал нөлөөтэй. Шүүгч хүн тухайн албан тушаалд очсоныхоо төлөө тэр томилгоонд оролцож байгаа субьектууд болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэжлийн хороо, Ерөнхийлөгчид ямар нэг байдлаар өртэй үлдэх ёсгүй. Тэр хүмүүст өртэй үлдэх юм бол тухайн шүүгчийг хараат бус ажиллана гэсэн ямар ч баталгаа байхгүй. Тэгэхээр л хараат бусаар томилж чадаагүй шүүгч, хараат бус шийдвэр гаргаж чадахгүй. Шүүгчийн томилгоог хараат бус, шударга,нээлттэй, ил тод хийж чадахгүй бол энэ байдал цааш даамжирч шүүхэд итгэх, хүлээн зөвшөөрөх, эрх зүйн хэм хэмжээний хүлээн зөвшөөрөгдөх чанарыг үгүй хийдэг. МАН-ын өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Шүүх засаглалтай холбоотой шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод болгоно гээд л олон амлалт байсан ч одоо болтол энэ талаар хийсэн ажил харагдахгүй байна.

-Ялангуяа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шүүх засаглалыг хараат бус болгох талаар өнгөрсөн найман жил их л дуугарч их л зүйлийг өөрчилсөн гэж боддог шүү дээ?

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг энэ талаар дуугарч эхлэхээс өмнө 2013 он хүртэл Шүүхийн тухай хууль гэж ганцхан хуультай байсан. Харин түүнийг дуугарч эхэлснээс хойш Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль хэмээх гурван том хуулиар салбарынхаа зохицуулалтыг улам нарийвчлан баталсан. Гэтэл тухайн үед хүмүүсийн бодож байсанчлан хуулийн хэрэгжилт явагдаагүй. Харин Ерөнхийлөгчийн хэлж байснаас эсрэгээрээ ч зүйл гарч ирсэн. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон шүүгчийг томилохоос татгалздаг, дээр дурдсан 13 шүүгчийн асуудал ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед гарсан. Шүүх эрх мэдэлд хараат бус байдлыг тогтооно, шударга ёс тогтооно гэж хамгийн их ярьж байсан ч бодит байдал дээр хэрэгжихдээ эсрэг үр дүн үзүүлсэн байдаг.

-Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ хуульд өөрчлөлт оруулах санал гаргах бүрэн боломж нь байгаа юм биш үү?

-Байгаа л даа. Гэхдээ л өөрийн эрх мэдлээсээ татгалзах хүн байх юм уу. Үнэхээр “Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилдог асуудлаа больё оо” гээд хууль санаачилбал сайхан л байх байх даа.

АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН·2019.03.20, ЛХАГВА

 

1 Сэтгэгдэл
Хамгийн чухал нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд хуульд зааснаар Шүүхийн захиргааны хуулийн 16.1.5. 16.1.6-д заасан шударга зан чанар, өндөр ёс зүйтэй, аливаа нөлөөнд үл автан бодитойгоор шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх чадвар бүхий болзол шаардлагыг хангасан нэгнийг томилохгүй бол өөрийнхөө жишгийн л стандарттай хүмүүсийг л сонгон шалгаруулна гэсэн үг.
Хамгийн их уншсан