Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дэмбэрэл: Манай намд шинэчлэлт хэрэгтэй байгааг олон жишээ баталлаа


МАН, МАХН хоёрын нэгдэх асуудал олны анхаарлын төвд байна. Үзэл бодол, үйл ажиллагаа нь тэс ондоо учир нэгдэх ёсгүй хэмээх байр суурьтай гишүүд ч дээрх хоёр намд байгаа. Тиймээс МАН-ын бодлогыг тодорхойлж чадах УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.



-МАН, МАХН хоёрыг нэгтгэнэ гэх асуудалд та МАН-ын ахмад болон туршлагатай улстөрчийн хувьд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Энэ хоёр нам уг нь нэг л нам юм шүү дээ. Дотроо л хоёр тийш салчихаад одоо нэгдэх талаар яриад байгаа хэрэг. Би үүнийг ярихын өмнө нэг зүйлийг тэмдэглэж хэлмээр байна. 1990 онд манай улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үед МАХН цаашид хэрхэн ажиллах талаар бодлогоо тодорхойлсон. 1924 оноос хойш бид хэд хэдэн удаа түүхэн үед байр суурь, бодлогоо тодорхойлж байв. 1924 онд манай нам МАН нэртэй байсан. Энэ нэрэндээ тэр ондоо хувьсгалт гэх үгийг оруулж өгснийг тухайн үедээ Коминтерний заавраар нэрээ сольчихлоо гэж байсан ч манай нам феодилазмаас социализм руу орох үе учраас ийм шинэчлэлт хийсэн. Харин 1990 онд манай нам Онц их хурлаасаа дангаар төрийн эрх барихаас татгалзаж, Үндсэн хуульд ч энэ тухай оруулж өгсөн.
Өөрөөр хэлбэл, олон ургальч үзлийг дэмжиж, шинэ улс төрийн нам гарч ирвэл тэдэнтэй хамтарч ажиллахад бэлэн. Гэхдээ төрийн эрхийг авахдаа сонгуулиар өрсөлдөж авна гэж заасан. Үүний дараа намуудыг шинэчлэн бүртгэсэн юм. Тэр бүртгэлд манай нам бол МАХН, МАН ч мөн гэж тунхагласан. Өөрөөр хэлбэл, шинэ нөхцөл байдлаар ажиллахдаа Үндсэн хууль, ингэж бүртгүүлсэн гэсэн үг л дээ. Энэ зарчмаараа ажиллаад явж байтал 2000 оны эхээр Баасан лам Ардын нам байгуулсан. Бид Ардын намтай ярилцаад тус намыг МАХН-тай нэгтгэхээр болж, энэ ажлын хэсгийг би ахалсан юм. Тэр үеийн Ардын намын гишүүд ч үүнийг дэмжсэн. Бид анхныхаа энэ нэрийг авч үлдсэн нь нийгмийн өмнө тавьсан зорилт болон хөгжлийн чиг хандлагад Ардын нам гэсэн нэр ач холбогдолтой гэж үзэж байснаас үүдэлтэй юм. Харин намын их хурлаар намынхаа нэрийг өөрчилсөн нь хоёр нам болоход хүргэсэн. Тэгэхээр одоо нэгдэх ёстой.
 Нам нэгдэх асуудал хуультай. Нам нэгдэж нийлэх, нэрээ өөрчлөх асуудал хуулиар зохицуулагдах учиртайг энд хэлэх хэрэгтэй. Энэ тухай хуулийг би ахалж, УИХ-аар батлуулж байлаа. Хоёрдугаарт, манай намын дүрэмд энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нам нэгдэх, нийлэх нь тухайн намын их, бага хурлаар шийдэгдэнэ. Одоо бид нэг л нам байх ёстой гэсэн зарчимд тулгуурлаж яаж нэгдэж, нийлэх тухай ярьж байна. Гэхдээ асуудал доороосоо эхэлж яригдаад байна уу даа гэж харж байгаа. Миний бодлоор хоёр нам эхлээд хамтарч ажиллах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно гэсэн үг үү?
-Манай намын ялагдлыг өнгөрсөн хоёр шатны сонгуультай холбон ойлгож байгаа бол дараагийн шатны сонгуульд хамтарч оролцох хэрэгтэй байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор л хоёр намын нэгдэх нийлэх асуудал хурцаар тавигдаад байна шүү дээ. Ойрын зорилт нь хамтарч ажиллах цаашдаа нэгдэх хэрэгтэй.

-Танай намын залуу гишүүд ч МАН шинэчлэх ёстой гэж хатуухан шүүмжилж байр сууриа илэрхийлж байгаа?
-Манай намын үйл ажиллагаа сул байгаа нь үнэн. Үүнтэй холбогдуулаад намын залуу гишүүд намаа шинэчилье гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Нам шинэчлэгдэх ёстой. Гэхдээ намын удирдлагуудаа сольсноор энэ асуудал шийдэгдэхгүй. Би ийм жижиг ойлголтоор шинэчлэлийг харахгүй байгаа. Манай нам үзэл баримтлалын хувьд шинэчлэгдэх шаардлагатай. Гишүүд үзэл баримтлалаараа нэгдэж байх ёстой. Бид нийгмийн ардчилал гэсэн үзэл баримтлалыг илүү тодотгож өгөх шаардлагатай. Хоёрдугаарт манай намын дотоод ардчиллыг ихээхэн сайжруулах ёстой. Үүнийг өргөн утгаар нь нээлттэй, өнөөгийн ардчилсан нийгэмд тохируулан ил тод болгох шаардлага бий. Гуравдугаарт намаа цэвэршүүлэх. Нийгэмд ямар нэг байдлаар асуудалд орчихоод байгаа хүн олон байгаа нь ард түмний дунд эргэлзээ төрүүлж байна. Үүнтэй холбогдуулан бид өнгөрсөн дөрвөн жилд бүх намд адилхан шаардлага тавьсан хууль баталсан. Тухайлбал, парламент дахь Ёс зүйн дэд хорооны журам болон төрийн өндөр албан тушаалтан УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрэм баталлаа. Янз бүрийн асуудалтай хүмүүс мөнгөөр нэр дэвшиж тухайн намын нэр хүндэд муу нөлөө үзүүлж байгааг зогсоох хууль эрхзүйн орчин бий болголоо. Уг хууль дараа дараагийн сонгуульд нэлээд өөрчлөлт авчирна гэж бодож байгаа. Манай нам 1990 оноос хойш эрхзүйт төрийг дээдэлж ажиллана гэсэн зарчим баримталж ирсэн. Гэтэл мөнгөтэй нэгнийг сонгуульд нэр дэвшүүлэх нь энэ хуулийн утга санааг алдагдуулаад байна шүү дээ. Энэ явдлыг боловсон хүчний хувьд шинэчилж чадвал намын шинэчлэлт болж байгаа хэрэг. Харин намын удирдлагууд муу, сайн ажиллана гэдэг нь өөр ойлголт. Хэрэв муу ажиллаж байна гээд сайн ажилладаг хүн оруулаад ирэхэд тэр нь “но”-той байвал яах юм бэ. Хэчнээн сайн ажиллалаа ч хүмүүс хүлээж авахгүй. Ер нь, манайд шинэчлэл хийх гэхээр нэг хэсэг этгээд албан тушаал авах гээд хийж чаддаггүй шүү дээ.

-Хэрэв МАХН танай намтай нэгдсэн тохиолдолд “Шударга ёс” эвсэл задрах уу?
-Хараахан нэгдээгүй байна. Эхний ээлжинд хамтран ажиллаж болох ч энэ асуудал ургаж гарч ирэх нь үнэн. Гэхдээ энэ нь УИХ-д сонгогдсон гишүүдтэй холбогдож гарч ирж буй юм. Хэрэв нэгдье гэж байгаа бол МАХН нь МАН-тайгаа нэгдэх нь зөв байх. Учир нь, МАН 200 гаруй мянган гишүүн дэмжигчтэйгээс гадна МАХН-аас парламентад сууж байгаа гишүүдийнхээ тоогоор илүү. 2000 онд МАХН-тай МАН нэгдэж байсан бол одоо МАН-тай МАХН нэгдэх нь зөв.

-2000 онд МАХН МАН-ыг өөртөө нэгтгэсэн гэж байна. Тэр үед яагаад нэрээ сольж болоогүй юм бэ?
-Нэрний тухай асуудал удаа дараа тавигдаж байсан. Одоогийн манай МАХН нэрийг авчихаад байгаа тэр хүмүүсийн дундаас ч ийм яриа гарч л байлаа. Гэхдээ намын нэр өөрчилнө гэдэг амаргүй асуудал. Түүхэн тодорхой нөхцөлд намын хамт олноор гарцаагүй ярьж байж солихгүй бол болдоггүй эд. Бидний одоо энэ нэгдэнэ гэж ярьж байгаа нь ч дутуу дулимаг байдлаас л боллоо. Хэдийгээр анхныхаа нэрийг авах нь алдаа бус ч тухайн үеийн төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний зорилтуудад хэрхэн нөлөөлөх үү, сонгуулийн үр дүнд намууд Засгийн эрхэнд гарах нөхцөл байдлаа зөв үнэлэх гэх мэтийн асуудлаас болсон байх. Ер нь 2000 онд намынхаа нэрийг солих нөхцөл байдал бүрдээгүй байсан юм. Цаг үе нь ч биш байсан. Өөрөөр хэлбэл, намын нийт гишүүд дэмжигчид МАХН нэрийг сольж болохгүй шүү гэсэн хатуу байр суурьтай байсан үе. Нэр өөрчлөх асуудал угаасаа нийт гишүүдийнхээ санал хүсэлтийг  харгалзаж байж шийддэг зүйл шүү дээ.

-Тэгвэл хоёр жилийн өмнө намын нэр солих асуудлыг танай гишүүд дэмжигчдийн 80 гаруй хувь нь хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн. Нөгөөтэйгүүр намынхаа нэрийг солиогүй бол нам хоёр салж, танай туршлагатай зарим улстөрч МАХН руу явахгүй байсан байх. Нэрээ солиогүй бол өнгөрсөн хоёр сонгуульд ялагдал хүлээхгүй байх боломж байсан гэж та хувьдаа харж байна уу?
-Манай намын дотоод өөрчлөлт зарим гишүүнд нийцээгүй учраас өөр нам руу орсон тохиолдол бий. Энэ нь ч манай намын хуучин нэрээр өөр нам гараад ирсэнтэй  холбоотой. Тухайн үед манай намын удирдлагууд тэдгээр гишүүнтэйгээ ойлголцож, тулж ажиллаж чадаагүй. УИХ-ын сонгуулийн өмнө бие биетэйгээ ойлголцохгүй байсан нь нам дотооддоо ажиллаж чадаагүйн илрэл байх. Үүнийг нуугаад яах вэ. Цаашид нам нэгдэхэд зорилго, чиглэл нэг байгаа эсэхийг харж, удирдлагын түвшинд нэр цэвэр хүмүүсийг байлгах талаар хичээх ёстой. Тэгж хандаж байж л асуудлаас гарна. Түүнээс биш би ч чи ч бохир гээд байвал болохгүй. 

-МАН-ын ахмад гишүүд намаас олигархиудыг зайлуулсан цагт нэр нөлөө нь сайжирна гэж байсан. Нөгөөтэйгүүр туршлагагүй залуучуудаар намаа удирдуулснаас ийм байдалд хүрлээ хэмээн шүүмжилж байгаа. Олигархиуд гэж хэнийг хэлээд байна вэ?
-Манай нам олон зуун мянган гишүүн дэмжигчтэй. Тэдний дунд залуу, дунд үеийнхэн, ахмадууд бий. Тэр хүмүүсээрээ боловсон хүчнээ хангаж явах нь манай намын зорилго. Энэ баланс зохистой зөв явж ирэхээс их зүйл шалтгаална. Намын аппаратыг залуужуулж байна гээд хэтэрхий залуусаар хавтгайруулж болохгүй. Улс төрийн томоохон нам нэг тал руугаа хазайх нь зохисгүй. Манайд анхан шатны байгууллагад ажиллах хүн олддоггүй. Зүгээр завсрын хүмүүс гарч ирээд албан тушаал авах гэж улайрдаг байдал нь манай намд шинэчлэл хэрэгтэйг илтгэж буй нэг салаа мөчир нь. Энэ харьцааг зохистой барих нь удирдлагуудын хийх ажил.

-Намынхаа нэр төрийг сэргээхийн тулд одоо ямар алхам хийх ёстой вэ?
-Одоо бид нэн түрүүнд намын шинэчлэлийн зорилтын асуудлуудыг шийдэх ёстой. Уг зорилтод бие биеэ огцруулах, зайлуулах тухай ярьж байгаа бол энэ нь шинэчлэл биш. Дотоод ардчиллаа хөгжүүлэх, намд бусармаг байдал гаргахгүй байх, боловсон хүчний харьцааг тэнцвэртэй болгох, нэр хүндтэй хүмүүсийг удирдлагад дэвшүүлэх, чадварлаг залуу зөв бодолтой, жинхэнэ намын ажлыг хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг гаргаж ирэх ёстой. Түүнээс биш их, бага хуралд орж, ирэх сонгуулиар нэр дэвших зорилгоор өөрийгөө олонд таниулъя гэсэн хүмүүс хэрэггүй.

-Та парламентад 20 гаруй жил сууж байна. Энэ хугацаанд улс төрийн намууд нэгдэн нийлж, салж байсан тохиолдол олон. Одоо танай хоёр нам нэгдэх талаар ярьж эхэллээ. Үзэл бодол нийлэхгүй байна гээд салсан намууд буцаж нийлэх нь хэр оновчтой юм бол?
-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд парламент төлөвших зам руугаа орсон. Харин улс төрийн нам хүчнүүд огт төлөвшиж чадахгүй байгаа. Үүнд хэд хэдэн ноцтой дутагдал бий. Нэгдүгээрт улс төрийн намууд бодлогоо явуулахдаа мөнгөний эрхшээлд ороод байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтээсээ болоод намыг мөнгөтэй хүн авч явдаг байдалд ороод буй. Тэд улс төрийн гэхээсээ илүү өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх хандлага давамгайлсан хэвээр учраас намууд төлөвшихгүй байна. Хоёрдугаарт намууд албан тушаал авахын тулд сонгуулийн үеэр бие биенээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их муулдаг. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд удирдлагад гарч буй хүмүүс бие биеийнхээ алдаа дутагдлыг мэддэг учраас намынхаа бодлогыг явуулах гэж байхад нь “боль” гэх маягаар шантаажлах жишээтэй. Дөрөвдүгээрт нам хоорондын бүлэглэлүүд монголын намуудыг төлөвшихөд муу нөлөө үзүүлж байна. АН “Алтан гадас” гээд бүлэглэлтэй. Тэр нь анх манай намтай хамтарч байгуулсан нам дундын бүлэглэл байсан юм. Сүүлд нь АН-даа үлдсэн. Энэ бүлэглэлүүдийг намын дүрмийн ардчилсан өөрчлөлтүүдэд хийж өгөх хэрэгтэй. Албан ёсны лобби, жигүүр байх ёстойг тодорхой болгоно гэсэн үг. Ингэж хийж өгөхгүй байгаа учраас манай намд ч нууц бүлэглэлүүд байдаг гэдэг. Тиймээс нам нь асуудлаа бодлогоороо шийдэж чадахгүй бүлэглэл нь шийдэж буй явдал нь нам төлөвшихөд муу нөлөө үзүүлж байгаа.
Нам төлөвшихөд сонирхлын зөрчилтэй, мөнгөний асуудалтай газар болон лиценз зөвшөөрлийн маргаантай хүмүүс орчихоод намын нэр хүндийг унагаж байна. Тэд улс төрийн намуудын ард түмнийхээ сайн сайхны төлөө хийх гэсэн бодлогыг хэрэгжүүлэх гэхэд чөдөр тушаа болж байгаа. Тавдугаарт сонгууль болохоор санал худалдаж авах зорилгоор мөрийн хөтөлбөртөө мөнгө амлаж буй явдал. Хамгийн сүүлд 2008 онд АН нэг сая, МАН 1.5 сая төгрөг амлаж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ амлалтыг төлөх үүднээс эдийн засгийн үйл ажиллагаа явуулсаар байгаад таарлаа. Энэ нь нийт намын бодлого биш байсан. Энэ бүхнээс ганц МАН-ын биш бүх намуудын нэр хүнд унасан. Судалгаануудаас үзэхэд АН, МАН хоёр нийт иргэдийн 30 хувиас хэтэрч чадахгүй байна. Энэ нь нийт сонгогчдын дунд рейтинг унасныг гэрчилж байгаа биз. Уг нь манай нам 40-50 хувиас буудаггүй байсан. Нийт намуудын нэр хүнд унана гэдэг нь төрийн нэр хүнд унаж байгаа хэрэг шүү дээ.   

-Намд шинэчлэлт хэрэгтэй байна гэдгээ та удирдлагууддаа хэлсэн үү. Ямар хариулт өгч байх юм?
-Намын шинэчлэлийн асуудлыг хүн бүр яриад байдаг зүйл биш. Манай намын их хурал хуралдаад удаагүй байна. Энэ хурлаар намын шинэчлэлийн асуудлыг ярьж, нэрээ өөрчилсөн. Гэтэл одоо үүнийг “Наадах чинь шинэчлэл биш. Намын нэр хүндийг унагалаа” гэж байна. Удахгүй манай намын их хурал болох үеэр энэ асуудлуудаа хэлж өгнө. Хүн бүр шинэчлэл яриад байхаар намын хуучин боловсруулсан дүрэм, УИХ-ын шийдвэр хэрэгжихгүй болчихдог учраас үүнийг тэр бүр яриад байж болохгүй л дээ.

-Хууль тогтоох байгууллагад “Шударга ёс” эвслээс сууж буй гишүүд МАН сульдаж доройтсон үедээ бидэнтэй нэгдэх гэж байна. Манай намын дэмжигчид нийт хүн амын 20 хувийг эзэлдэг гэх зүйл ярьж, зарим нь дэмжихгүй байсан. Нөгөөтэйгүүр танай намаас Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд МАХН-тай нэгдвэл намаасаа гарна хэмээн нэгэнтэй хэлж байсан санагдана. Заавал нэгдэх шаардлага байна уу?
-Эхний ээлжинд хамтарч ажиллая, болбол цаашид нэгдэе гэх яриа одоохондоо цөөхөн хүмүүсийн хооронд яригдаж байна. Нэгдэх, хамтарч ажиллах талаар ажлын хэсэг гарч ажиллахаас гадна нийт гишүүд дэмжигчийн саналаас хамаарна шүү дээ. Олонхийн шийдвэрийг бид дагадаг. Нам ч ийм зарчмаар ажиллаж ирсэн.

0 Сэтгэгдэл
ene zonog ovgon odoo bolidoo.gertee tsaigaa uuj sumar yum daa. teneg ovgon
Зайлуулдаа хөөрхий энэ өвгөн энэ нам хоёр ч таарчдээ,залуучуулдаа намаа өгчихөөд гэртээ налайж суухад яанадаа
Дандаал манай намд шинэчлэл хэрэгтэй,шинэчлэж байна л гэх юм,яасан ч шинэчлэж дуусдгүй нам бэ?дээр үеийн ямбий болсон машины сэг л санаанд орох юм,хуучин муу засал авахаа байсан машин л таарах сэлбэг ч олдолхоо байсан,үдэж хадаж гагнасаар байгаад засал авахаа болиод төмөрт тушаагддагдаа тэр л санаанд ороод болохоо байлаа,шинэчлэж болохгүй болсон бол төмрийн хогонд тушаачихаад шинэ юмны арга бодвол яасан юм бэдээ,
Дандаал манай намд шинэчлэл хэрэгтэй,шинэчлэж байна л гэх юм,яасан ч шинэчлэж дуусдгүй нам бэ?дээр үеийн ямбий болсон машины сэг л санаанд орох юм,хуучин муу засал авахаа байсан машин л таарах сэлбэг ч олдолхоо байсан,үдэж хадаж гагнасаар байгаад засал авахаа болиод төмөрт тушаагддагдаа тэр л санаанд ороод болохоо байлаа,шинэчлэж болохгүй болсон бол төмрийн хогонд тушаачихаад шинэ юмны арга бодвол яасан юм бэдээ,
За энэ ч өнгөрсөн хорвоо байх аа, тэгээд энэ мэтийн төгцгүүд шинэчилнэ гэж хаашаа харсан юм байдаг юм.
энэ одоо өдийн хүртэлээ байхад намаа шинэчлэхгүй яасан бол
Хамгийн их уншсан