Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Давсны хэрэглээг багасгасан “Талх чихэр”-ийн туршлагаас толилуулав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээгээр дамжин хүний биед олон төрлийн өвчин үүсч байгааг тогтоожээ. Монгол хүн өдөрт дунджаар 11.1 грамм давс хэрэглэдэг нь артерын судасны даралт, тархины цус харвах, бөөрөнд чулуу үүсэх, яс сийрэгжих, зүрхний шигдээс зэрэг халдварт бус өвчний суурь болдог аж. Тиймээс 2020 он гэхэд хүн төрөлхтний өдөрт хэрэглэх давсыг таван грамм болгох зорилго тавьжээ. Гэхдээ зорилгодоо хүрэх арга зам нь хамгийн чухал.

Монголчууд хоёр жилийн өмнө давсны хэрэглээг бууруулахын тулд ажиллаж, иргэдээс санал асуулга авчээ. “Та өдөрт хэр их давс хэрэглэдэг вэ” гэх асуултад өдөр бүр цай, хоолонд хийдэг давсаа л дурдаж бичсэн байв. Гэтэл зах дэлгүүр, ресторан, түргэн хоолны газраас авдаг бүтээгдэхүүнд орсон давсыг мартжээ. Хүн рестораны хоолноос өдрийн давсны хэрэглээний 75 хувийг авдаг аж. Түүнчлэн талх, талхан бүтээгдэхүүнд ч бага хэмжээний давс агуулагдаж, иргэдэд хүрдэг.
Энэ мэтээр иргэдэд давсны сөрөг нөлөөний тухай хэчнээн сурталчилгаа хийвч,  өглөө бүр цайндаа, орой бүр хоолондоо хийдэг халбага давсаа багасгасангүй. Тиймээс үйлдвэрлэгчдээр дамжуулж иргэдээ дээрх өвчнөөс сэргийлэх боломжийг эрүүл мэндийн салбарынхан сэджээ. Иргэдийн давсны хэрэглээг багасган эрүүл байлгах их үйлсийг “Талх чихэр”-ийнхэн хамгийн түрүүнд дэмжсэн. Учир нь, айл өрх бүрт “Атар” талх хүрдэг, түүнчлэн эрүүл, зохистой хооллолтын нарийн боовнууд ч монголчуудын түгээмэл хэрэглээ болжээ. Айл бүрийн тогоонд орох давсны хэмжээг хянаж, хязгаарлаж чадахгүй ч хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр иргэн бүрийн өдөртөө авдаг давсыг бууруулж болох аж.

“Атар”, “Ургац”, “Мишээл”, “Органик”, “Та Чи” брэндийн 10 гаруй талх, түүнээс ч олон төрлийн нарийн боов хоёр жилийн хугацаанд давс багатай болов. Зарим нь огт давсгүй. Тийм ч учраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад туршлага хуваалцах өдөрлөг зохион байгуулсан аж. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ҮХААЯ, ДЭМБ гээд 10 орчим байгууллагатай хамтарсан өдөрлөгт 50 орчим хүнсний үйлдвэрийн төлөөлөгч иржээ. Түүнчлэн үйлдвэрийн технологич, удирдах албан тушаалтан, маркетингийн мэргэжилтнүүд гээд бүтээгдэхүүнийхээ орцонд орох давсны хэмжээг бууруулж чадахуйц хүн ч ирэв. Тэд давс багатай “Талх чихэр”-ийн бүтээгдэхүүнийг амталж үзлээ. Зарим нь, сайшааж, зарим нь гайхаж байв. Натри-хлор гэх хүнсний бодисоос татгалзах нь амт болон чанар, борлуулалтад ямар нэг сөрөг нөлөөгүй хэрнээ хэрэглэгчийн эрүүл мэндэд тустай гэдгийг эндээс ойлгосон хүн цөөнгүй. Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Д.Байгальмаа илтгэлдээ гэр бүлийнхээ давсны хэрэглээг бууруулж буйгаа хэллээ. Тэрээр гэнэт давсыг нь багасгатал тэр оройн хоолыг идэх хүн олдоогүй гэнэ. Тиймээс долоо хоног бүр чимх чимхээр бууруулах болсон ч хоолны амтны талаар ямар нэг “гомдол” ирээгүй хэмээн туршлагаа хуваалцав. Амт муутай байна гэсэн бяцхан асуудлаас болж хүмүүс эрүүл мэнддээ ямар их хохирол учруулдагаа анзаардаггүй гэж тэрээр  хэллээ. Япончууд далайн байцаагаар, солонгосчууд кимчигээр, монголчууд цайгаараа давс их хэрэглэдэг гэнэ. Давсгүй цай ууж заншвал өдөрт дунджаар хоёр грамм  давснаас татгалзах ажээ. Энэ бол Д.Байгальмаагийн гэр бүлийн түүх мэт боловч дэлхий нийтийн хүнсний үйлдвэрийн хандлага аж. “Талх чихэр”-ийнхэн ч энэ зарчмаар бүтээгдэхүүнийхээ давсыг багасгаж, заримыг нь тэглэжээ.

Гэр бүлийн давсны хэрэглээг багасгахын сацуу “Талх чихэр” ХХК-ийн адил бусад компанийн гурилан бүтээгдэхүүн “давсгүй” болчихвол олон өвчнөөс сэргийлнэ гэж эмч нар зөвлөв. Тус компани давсны хэрэглээг бууруулахаас гадна элсэн чихрийн орцыг ч багасгах практик хэрэгжүүлж байна. Юун түрүүнд, давс, чихрийн талаар 80 гаруй ажилтнаасаа судалгаа авч, хор хөнөөлийг тодорхой хэмжээгээр ойлгуулжээ. Дараа нь, давсыг нь бага багаар бууруулсан бүтээгдэхүүнээ ажилтнууддаа амсуулж, сэтгэгдлийг сонсчээ. Судалгаагаар амтны хувьд ямар нэг өөрчлөлт байхгүй гэдгийг нотолж, практикаа баталсан байна. Тодруулбал, 100 грамм бүтээгдэхүүнд 1.6-1.9 грамм давс ордог байсан бол 1.3-1.5 болгожээ. Хоёр ч төрлийн органик бүтээгдэхүүний давсыг дөрвөн хувь бууруулсан аж. Ингэснээр тус компани жилд хэрэглэх давснаасаа 22 тонн хэмнэсэн бол элсэн чихрийн хэрэглээг 10 тонноор багасгаж чадсан. Нэг үгээр хэлбэл, 100 тонн давс хэрэглэдэг байсан нь сүүлийн хоёр жилд 80 тонн болсон гэсэн үг. Тэгвэл “Талх чихэр”-ийн байнгын хэрэглэгч таны боов, талхнаас авах давсны хэмжээ төдий хэр буурч буйг илэрхийлнэ. Давсны хэрэглээ буурснаар ямар сайн талтай вэ гэдгийг дэлхийн хэмжээнд судалжээ. Хүн амын давсны хэрэглээг өдөрт таван грамм  байлгавал цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувь бууруулна. Ингэснээр бүсийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг дээрх өвчнөөр нас барахаас сэргийлэх аж.

“Талх чихэр” дээрх 80 гаруй хүнийг судалгааны гол нотолгоо болгожээ. Тэдэнд давс багатай шинэ бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглүүлж, эрүүл мэндийн байдлыг нь тандсан байна. Шинжилгээгээр эрчүүдийн 50 хувь нь артерын даралт өндөртэй байсан бол 33 хувь хүртэл буурчээ. Харин эмэгтэйчүүдээс 68 хувь нь даралттай байснаас 40 хувь болж буурсан эерэг дүн гарсан байна. Энэ нь нийгэм дэх хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг ч төдий хэмжээгээр сахин хамгаалж буй гэсэн үг. Түүнчлэн дээрх 80 хүний дунд давсны хэрэглээг багасгах ойлголтыг санал асуулгаар тодорхойлж, гэр бүлдээ хэрэгжүүлж буй эсэхийг лавлажээ. Эмэгтэйчүүд түлхүү эерэг үр дүнд хүрсэн байжээ. Тэд давсгүй цай ууж, гэр бүлийнхээ давсны хэрэглээг хянаж, хоолныхоо давсыг чимхээр багасгаж буйгаа дурдсан аж. Харин эрчүүдээс ердөө 28 хувь нь ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэжээ. Энэ мэтээр талх, талхан бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэрэглээг бууруулснаар гэр бүлийн давсны хэрэглээг ч багасгах боломж бүрдэнэ. Үүний тулд давс орлуулагч бүтээгдэхүүн ашиглаж болох юм. Тухайлбал, цагаан гаа, лемон, яншуй, сонгино, сармис, чинжүү, базила зэрэг ургамлаар давсыг орлуулж болдог. Ийнхүү давс орлуулагчийг хэрэглэж заншвал давсны хэрэглээг 30 хувь, үнэр орлуулагчийн тусламжтайгаар 20 хувь бууруулах боломжтойг судлаачид тогтоожээ.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гар бие оролцож буй бусад компанид  туршлагаа хуваалцсан “Талх чихэр”-ийнхэнд талархах хүн цөөнгүй байлаа. Тэд компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцтай танилцаж, санал бодлоо солилцсон юм. “Талх чихэр” ХХК эрүүл ажлын байр, идэвхтэй хөдөлгөөн хэмээх эрүүл мэндийг дэмжигч хамт олон болсноо энэ үеэр зарлалаа. Тухайлбал, архигүй, тамхигүй ажлын байртай. Мөн ажилчдын хоолонд агуулагдах давсыг багасгасан. Хөдөлгөөнийг эрхэмлэж нээлттэй фитнесс ажиллуулдаг бөгөөд сар бүрийн эхний өдөр цэвэр агаар, өндөр ууланд авирах явган аялал зохион байгуулж буйгаа хэлсэн юм. Иргэдийн эрүүл хүнсийг үйлдвэрлэгч хамт олон өөрсдөө эрүүл байх учиртай. Түүнчлэн эрүүл зан үйлийг түгээн дэлгэрүүлэгч байх ёстойг тэд харууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан