Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улсад боломж байна аа

Хятадын эдийн засгийн өсөлт удаашралын зурвасаас гараагүй байгааг статистик судалгаа харуулсан. Үүнээс болоод дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын үнэ уналтын шатнаас гарч чадалгүй бүр ч унах тухай яриа багагүй түгшүүр төрүүлсэн. Гэхдээ манайд бас боломж байна.
Энэ боломж нь “цаг бол мөнгө” гэсэн зарчим юм. Энэ зарчмын дагуу хүн төрөлхтөн аль болох цаг хэмнэхийн тулд илүү хурдан, илүү тохилог тээврийн хэрэгслүүдийг зохион бүтээж байгаа. Үүний нэг нь өндөр хурдны төмөр замын холбоо.  Хятад, Япон, Европын орнуудад цагт 300-350 км хурдалдаг цахилгаан галт тэргүүд агаарын тээвэртэй амжилттай өрсөлдөж байна. Эдгээрийн дотроос манай урд хөрш  орчин үеийн техникийн хамгийн сүүлийн үеийн ололтыг шингээсэн энэхүү тээврийн хэрэгслийг асар хурдацтай нэвтрүүлж байгаагийн хүчин бөгөөд өндөр хурдны төмөр замын уртаараа бүх өрсөлдөгчөө олон арван жилээр түрүүлээд байгаа юм.
Харин энэ бол манай коксжих нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын орд газруудыг ямар ч байсан ойрын хэдэн жилдээ ашигтай ажиллах бараг цорын ганц боломж болоод байна.
Энд нэг жишээ дурдахад зөвхөн 2010-2012 онд Хятадын Засгийн газар ба Төрийн өмчийн банкууд нь төмөр замын харилцааг хөгжүүлэхэд 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс дийлэнх нь өндөр хурдны төмөр замын сүлжээг бий болгоход зарцуулагджээ.
Манай урд хөрш төмөр замын тээвэр, түүн дотроо өндөр хурдны төмөр замд яагаад ийнхүү анхаарал тавиад байгааг ойлгохын тулд бага зэрэг түүх ярих хэрэгтэй .
Ер нь, төмөр замын тээврийг анх үүсэн байгуулагдсан цагаас асар хурдтай галт тэрэг зохион бүтээх оролдлого удаа дараа хийж байсан. Ийм ч болохоор тэртээ 1903 онд галт тэрэг Берлиний орчмын төмөр замаар цагт 210 км-ийн хурдтай давхиж дээд амжилт тогтоосон юм. Гэхдээ хэт өндөр хурдны галт тэргийг өдөр тутмын хэрэглээ болгох гэсэн Европчуудын мөрөөдлийг хамгийн анх Азийн  орон Японд 1964 онд хэрэгжүүлсэн. Тэр жил дэлхийн хамгийн анхны өндөр хурдын төмөр зам болох “Синкасэн” Токио ба Осака хотын хооронд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ төмөр зам жилдээ 150 сая зорчигч тээвэрлэж байна. Үүний дээр хагас зуун жил ашиглах явцад нэг ч осол гарч байгаагүй.
Тэгэхээр Хятадын тал зүгээр ч нэг мөнгөө багтааж ядсандаа өндөр хурдны төмөр замд ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм биш. Асар их хөрөнгө оруулалтын үр дүнд сүүлийн 10 жилийн дотор өндөр хурдны төмөр замын хөгжилдөө үсрэнгүй хөгжилд оруулж чадсан юм. 1990-ээд оны дундуур Хятадын галт тэрэг дунджаар цагт 50 км туулан хурдалдаг байсан бол 2000 оны эхэн гэхэд энэ хурд цагт 200 км болж “суга” нэмэгдсэн билээ.
Ингэж үсрэнгүй хөгжхөд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай нь мэдээж. 2010 онд төмөр замын сүлжээгээ хөгжүүлэхэд 129 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж дээд амжилт тогтоосон юм. 2011-2012 онд 226 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүчинд энэ оны эхэн манай урд хөрш хурдны ба өндөр хурдны төмөр замын 8500 км төмөр замыг сайжруулан, шинэчилжээ. 2012 оны сүүлээр дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн хурдан төмөр зам болох Бээжин-Гуажонугийн 2300 км-ийн урттай зам ашиглалт орсон бөгөөд өндөр хурдны галт тэрэг энэ замаар цагт 350 км хүртэл хурдлан энэ урт замыг ердөө найман цагийн дотор туулах болсон.

Энэ жил төмөр замаа сайжруулах, хөгжүүлэх, шинэчлэхэд 104 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Ингэсээр 2015 он гэхэд нийт төмөр замын сүлжээний уртыг 120 мянган км, түүний дотор өндөр хурдны 18 мянган км-ийн урттайг барих юм. Ийм урт төмөр зам барина гэдэг төмөрлөгийн үйлдвэрийн ачаалал ямартай ч ойрын хоёр жилдээ огцом буурахгүй, үүний дагаад төмрийн хүдрийн үнэ ба төмөр хайлуулах үйлдвэрт ашиглагддаг коксжсон нүүрсний үнэ илэрхий хямрал үүсгэх хэмжээнд хүртлээ буурахгүй гэсэн үг. Энэ олон мянган км төмөр зам шинээр тавих, засварлах, шинэчлэхэд асар их хэмжээний төмөр зам цутгах шаардлагатай болохоор тэр. Үүний дээр өндөр хурдын төмөр замын галт тэргүүд цахилгаанаар ажилладаг. Тэгэхээр ийм олон мянган км төмөр замыг дагасан олон мянган км-ийн урттай цахилгаан дамжуулах шугам хэрэгтэй болно гэсэн үг. Үүний дээр өндөр хурдын галт тэргүүд нь хамгийн сүүлийн үеийн техник  технологийг ашигладаг болохоор зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр ямар ч байсан ойрын хэдэн жилдээ боломжийн байх найдлага өндөр байна.
Үүний дээр өөрийн нутаг дээрээ өндөр хурдын төмөр замыг зүйл бүрээр туршин нэвтрүүлж туршлага суусан Хятад улс Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнодын төмөр замын тээвэрлэлтийн зах зээл рүү түрэн орж ирэхэд бэлэн болсон тухайгаа зарласан. Одоогоор Хятадыг Тайланд, Вьетнам, Камбож, Лаос төдийгүй Их Британитай холбох өндөр хурдны төмөр зам тавих төслийг хэлэлцэж байна. Үүний дээр Энэтхэг, Европ уу Солонгосчуудаас хоёр дахин хямдаар тавихад бэлэн гэж мэдэгдэж бий гэж үзэж юм.
Тэгэхээр манай түүхий эд олборлох, анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэр, уурхайнуудад ямар ч байсан боломж байгаа гэж болно.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан