Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М2 буюу эдийн засгийн судсаар гүйх цус

Эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт ихэдсэн үү? Багадсан уу? Ямартай ч, 2013 оны 7 дугаар сарын байдлаар нийт М2 мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 8.1 их наяд төгрөгт хүрч, 16.3 хувиар өсчээ. Мөнгөний нийлүүлэлтийн талаар судлаачид болон хувийн хэвшлийн зарим төлөөллийн санал бодлыг сонслоо.


ХАС банкны Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир:

Өнгөрсөн 2 жилийн эдийн засгийн өсөлтийн үр дүнд нийт эдийн засгийн хүчин чадал багагүй хэмжээгээр өсөхийн зэрэгцээ хүчин чадал ашиглалт нь нэмэгдсэн. Энэхүү өсөлтийг дэмжих, нэгэнт бий болсон эдийн засгийн хүчин чадлыг тогтвортой ашиглахын тулд мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд хадгалах шаардлагатай. Ингэж чадвал аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын зэрэгцээ ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, өр зээлээ төлөх боломжтой болно. Хэрэв эдийн засагт бий болсон хүчин чадлыг зохистой ашиглахад чиглэсэн мөнгөний нийлүүлэлт багассан тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн орлого багасан, үйлдвэрлэлээ хязгаарлан, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ.

Хэдийгээр Монголбанкнаас эдийн засгийг идэвхижүүлэх, бодит секторыг дэмжих, ажлын байр, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор, тодорхой хөтөлбөрийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа ч, 2013 оны эхний хагаст гэхэд нийт мөнгөний нийлүүлэлт нь өнгөрсөн 2010-2012 оны үеэс хамаагүй бага байгаа нь эдийн засгийг илүү идэвхижүүлэхэд чиглэсэн мөнгөний нийлүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх шаардлага байсаар байгааг харуулж байна. Ингэж чадахгүй тохиолдолд түүний үр дагавар нь ажилгүйдэл өсөх, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурах, чанаргүй зээлийн өр нэмэгдэх, улмаар эдийн засгийн орчин, суурь үзүүлэлтүүд муудах байдлаар илэрнэ.  


ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд:

Яагаад төрөөс бодлогоор тодорхой салбаруудыг мөнгөөр дэмжих болдог вэ гэдгийг эхлээд тайлбарлах нь зүйтэй байх. Эдийн засаг өөрөө тодорхой мөчлөгөөр явж байдаг, яг өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бол буурах мөчлөгт явж байгаа, тэрний нөлөө Монголд яаж тусах вэ, тусаж байгаа вэ гэдэгтэй уялдуулаад төр тодорхой зохицуулалт хийж явах ёстой. Энэ бодлогын хүрээнд Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого явуулж байна гэж харж байна. Хэрэв мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээгүй бол эдийн засгийн мөчлөгийн бууралтын үед мөнгөний урсгал багасна, энэ нь цаад утгаараа бизнесийн борлуулалт багасна гэсэн үг. Борлуулалт багасаад ирэхээр бизнесийн салбар одоо байгаа зээлээ төлж чадахгүй, нэмж хөрөнгө оруулж чадахгүй болно. Тэгэхээр бизнесээс татвар цуглуулахад хүндрэл үүсч, татварын орлого буурна, төлөвлөсөн төсвийн хөрөнгө оруулалтуудаа хийхэд асуудал үүснэ. Төсвийн хөрөнгө оруулалтын цаана мөн адил бизнес л байгаа. Эцсийн үр дүнд нийт эрэлт буурна. Бизнесүүд хаагдаад эхэлбэл ажилгүйдэл нэмэгдэнэ. ЖДҮ эрхлэгчид хамгийн их шинэ ажлын байр бий болгодог, олон хүнийг ажлаар хангаж байдаг сектор учраас тэр хэсгийг эдийн засгийн мөчлөгийн бууралтын үед дэмжих нь зүйтэй.
Зээлээ төлж чадахгүй болно гэдэг маань банкны секторын эрсдэл нэмэгдэнэ, зээлийн хүү өндөр болно, энэ хэмжээгээр бизнесийнхний зээлжих чадвар багасах буюу зээл авч чадахаа болино, эcвэл их өндөр зардалтайгаар зээлнэ.

Гэхдээ мөнгөний нийлүүлэлт тодорхой зорилгоор борлуулалтыг дэмжихэд, бизнесийн мөнгөн урсгалыг дэмжихэд чиглэгдэх ёстой. Тэгэлгүй импортоор худалдаж авсан, зарагддаггүй бараа болох юм бол анхны зорилгодоо хүрэхгүй гэсэн үг. Жишээлбэл, цементийн үйлдвэрлэл, барилгын материалын зарим төрлийн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр нь харьцангуй бага хугацаанд импортын бүтээгдэхүүнийг орлож, дотооддоо үйлдвэрлэх боломж олгож байгаагаараа сайн талтай байх жишээтэй. Ер нь 2011 он бол Монгол улсын хувьд гадаад, дотоод орчны хүчин зүйл хамгийн таатай, өндөр өсөлтийн жил байсан. Гэтэл 2013 он бол тэрнээс өөр, гадаад орчны сөрөг нөлөөлөл хүчтэй орж ирсэн гэдгийг төрийн болоод хувийн секторын түвшинд анхаарч, өөр өөрсдөд тохирсон зохих арга хэмжээгээ авч явах хэрэгтэй. Монголбанк энэ тал дээр ажлаа хийж байна гэж харж байгаа.


Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: Шаардлагатай бол илүү мөнгө гаргасан ч буруудахгүй

Өмнөх хямралын үед жишээ нь зэсийн үнэ унаад эдийн засагт доллар багасаад инфляци өсөөд, валютын ханш нь чангараад ирэхээр Монголбанк дагаад төгрөгөө татчихдаг байсан. Харин одоо бол өөрөөр ажиллаж байх шиг байна. Тиймээс Монголбанк инфляциа бууруулж чадаж л байгаа бол нийлүүлсэн гээд байгаа төгрөгийн хэмжээнд санаа зовох, айх зүйл ер алга. Ямар ч улсын хувьд инфляци, үнийн хөөсрөлийг таслан зогсоох нь төрийн бодлого, үүрэг байдаг. Тэр үүргээ биелүүлэх, эдийн засгаа аврахын тулд төв банк нь мөнгөний нийлүүлэлт хийж байгаа бол тэрнийг буруутгах зүйл байхгүй. Мөнгөний хэмжээний тухайд ердөө ч их мөнгө биш. Өмнө нь бидэнд мэдэгдсэн, мэдэгдээгүй их хэмжээний мөнгө улсын төсвөөс бэлэн мөнгө гээд тараачихдаг, тэр нь бодитой наалдацгүй л байсан шүүдээ. Хамгийн гол нь хийж байгаа мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд юуг тогтворжуулж чадав гэдэг нь чухал болохоос мөнгөний хэмжээ нь чухал биш. Шаардлагатай бол илүү их хэмжээний мөнгө гаргасан ч буруудахгүй. Эдийн засаг мөнгө дутагдсанаасаа болоод бүхэлдээ унаж болохгүй биз дээ. Тиймээс иймэрхүү бодлогын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.


Нью прогресс группын дэд ерөнхийлөгч Д.Дэлгэрсайхан: Хөгжиж байгаа улсад мөнгө ихэднэ гэсэн ойлголт байхгүй

Ихэдлээ, багадлаа гэдэг нь өөрөө сонин асуудал. Хийх ажилдаа тохируулж л ихэдсэн, багадсан тухай ярина. Хийх ажил байгаа л бол ихэднэ гэсэн асуудал байхгүй. Хийх ажил бол хангалттай байна. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Яахав эдгээр ажлыг зөв зохион байгуулахгүй байгаа бол дэмий зарлагадлаа гэж ярьж болох юм. Гэхдээ өнөөдөр ямарч тохиолдолд манай эдийн засагт ихэдлээ гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр бидэнд мөнгөний хэрэгцээ үнэхээр их байна. Гол нь зөв хэлбэрээр зарцуулах, зөв зохион байгуулах нь чухал.Хөгжиж байгаа улсад мөнгө ихэднэ гэдэг ойлголт байхгүй. Хэрвээ мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй бол яаж ч бодсон муу үр дагавартай. Яагаад гэвэл ажил хийх боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Мөнгө байж гэмээ нь ажил хийнэ. Тиймээс мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй байна гэдэг үүнээсээ том эрсдэл юм.


Голомт банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Мөнхбаатар: Төв банк нөхцөл байдлыг урьдчилан харж чадсан

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт их байх, бага байхаасаа илүүтэйгээр зохистой түвшинд байх нь чухал үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засгийн хүчин чадал, багтаамжтай уялдсан байх хэрэгтэй гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт хэт нэмэгдвэл эрэлтийг нэмэгдүүлж үнийн хөөрөгдлийг үүсгэнэ. Харин хэт бага байвал эдийн засгийн өсөлтийг дарж байдаг.

Тэгэхээр 2013 эхний хагас жилийн хувьд онцлогтой байсныг дурьдмаар байна. Манай улсын гадаад худалдааны тал дээр үүссэн сааталтай холбоотойгоор эдийн засаг дахь мөнгөний хэмжээ буурч эхэлсэн. Эдийн засагт их хэмжээгээр мөнгө эргэлдэж байгаа хэдий ч энэ нь өсөн нэмэгдэж байгаа зах зээлд хангалтгүй юм.
Харин Төв банкны зүгээс нөхцөл байдлыг урьдчилан харснаар оны эхнээс зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг үе шаттайгаар хийсэн нь цаг үеэ олсон алхам болсон гэж миний зүгээс үздэг. Үүний үр дүнд манай арилжааны банкууд шаардлагатай газар нь зээл олголтоо хэвийн үргэлжлүүлж, эдийн засгийн тасралтгүй үргэлжлэх нөхцлийг хангаж байгаа. Энэ нь ч бодит секторуудад үр дүнгээ өгч байгаа нь харагддаг.
Хэрвээ зах зээл дээрх мөнгө хангалтгүй байвал ард иргэд хуримтлалаасаа зарцуулж эхлэх ба өөрсдийн хэрэглээндээ хязгаарлалт тавина. Арилжааны банкууд зээл олголтоо хумиж, энэ нь худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусах байсан. Хэрвээ банкнаас зээл авсан бол зээлээ эргүүлэн төлөхөд ч хүндрэл учирч болзошгүй юм. Энэ бүгдээс харахад эдийн засгийн бүхий л секторуудад хүндээр тусах байсан.

0 Сэтгэгдэл
ee chaavaasaa ene Davaasuren yu meddeg yum bol oo bas ediin zasag yarih gnee ediin zasag mungunii bodlogo yarih geed banzand ch bur helsen uguulber manarsan uimarsan zuil yarisan baihin hehehehe amitanii doog bolohoosoo ichehgui yum da
New-progressyn mal bas ediin zasag yarih nee. MAN zasgyn erhend nhad erchim huch, barilga zamyn tenderyg avch heden tsaas olsonoo, onoodor mundag menejmenttei, ediin zasgyn onoloor hogjij bgaa gej oilgood bgaan bhda. Avsan ajlaa oligtoihon hiij chadahgui bj. Saihan avilgachiddaa
Хамгийн их уншсан