Гоо үзэсгэлэн, биеэ авч явах соёл, загварын нарийн мэдрэмж, эмэгтэй хүний намба төрхийг өөртөө цогц шингээсэн дэлхийн цөөн хэдхэн цуутай бүсгүйчүүдийн нэг Жаклин Кеннедийн тухай одоо өгүүлэх гэж байна. Эмэгтэй хүн бүрт тохиохгүй тэргүүн хатагтай гэдэг эрхэм нэрийг мэдлэг, мэдрэмж, хээнцэр дэгжин атлаа чамбай байдлаараа чимж чадснаараа энэ бүсгүй Цагаан ордны хамгийн сайн эзэгтэйд зүй ёсоор тооцогдож , үе үеийн тэргүүн хатагтай нарын үлгэр дуурайл болон үлдсэн юм.
Жаклин Ли Боувер Кеннеди Онассис 1929 онд Нью-Йоркт хөрөнгийн биржийн брокероор ажилладаг Жон Верноу Боуверийн гэр бүлд том охин нь болон мэндэлжээ. Жаклин бол удам сайтай айлын охин. Түүний өвөг дээдэс Ирланд, Шотланд, Англи, Францаас гаралтай гэдэг. Нэр нь ч үүнтэй холбоотой. Жак гэдэг нь аавын талаас, Ли гэдэг нь эхийн талаас уламжлан авсан нэр юм. Ингэж хоёр талын нэрийг оруулах болсон нь эцэг эх нь хоёулаа сурвалжит гаралтай учир эд хөрөнгө өвлөн авахад ч хэрэгтэй байж. Баян чинээлэг амьдрал дунд өссөн хэдий ч түүнийг 11 настай байхад эцэг эх нь хоёр тийшээ болсноор Жаклины жаргалтай хүүхэд нас дууссан гэдэг. Түүний ээж Жанет Нортон Ли Боувер “Стандарт ойл” компаний өв залгамжлагчтай гэрлэснээр тэдний амьдрал улам ч баян тансаг болж Жаклин зураг, ном зохиол, дуу хөгжимд дурлаж дээдсийн амьдралын хэв маягаар өсч торнижээ.
Жаклин зэгсэн сайн боловсрол эзэмшсэн. Коннектикутад охидын сургууль төгссөний дараа Нью-Йоркийн коллежид элсчээ. Харин тэндээс Францын Гренобл Сорбоннын их сургууль руу шилжиж хоёр жил сураад эргэж АНУ-д ирээд Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн байна.

Бал сараа Мексикт өнгөрүүлээд ирсний дараа тэдний амьдрал өнгөн дээрээ гял цял мэт харагдаж байсан ч улстөрчийн гэр бүл байна гэдэг амаргүй даваа болохыг Жаклин ойлгожээ. Удам дамжсан улстөрчийн гэр бүлийн хатуу дарамт шахалт дээр нөхрийнх нь засрашгүй хөнгөмсөг зан түүнийг зовоож байжээ. Жон Кеннеди хөнгөмсөг зангаараа алдартай нэгэн байв. Тэр гэрлэснийхээ дараа ч муу зуршлаасаа салж чадалгүй хорвоог орхисон билээ. Түүний нэр холбогдсон эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтад алдарт Мэрилин Монрогийн нэр тодоос тод зурайж байдаг. М.Монро хамгийн сүүлд олон нийтийн өмнө гарсан тохиолдол нь Ерөнхийлөгч Ж.Кеннедийн төрсөн өдөрт зориулж, 15 мянган зочны өмнө дуулсан үзүүлбэр байсан юм.

Гэвч Жаклин энэ бүхнийг үл харгалзан улстөрч хүний чимэг болсон сайхан эмэгтэй, сайн ч эзэгтэй байв. Харамсалтай нь, анхны хүүхэд нь 1955 онд дутуу төрж, Кеннедийн гэр бүлд хүйтэн уур амьсгал сэнгэнэх болжээ. Үүнээс жилийн дараа тэд дахиад л хүүхдээ алдав. Энэ явдлаас болоод тэд нэг хэсэгтээ тусдаа амьдарсан байна. Гэхдээ тэд төдий л удалгүй эргэн нийлсэн.


1960 он Кеннедигийн гэр бүлд баярт үйл явдлаар дүүрэн жил байлаа. Ж.Кеннеди Ричард Никсоныг ялимгүй саналаар ялж, АНУ-ын нэгдүгээр хүн болов. Түүнийг сонгуульд ялсанаас хоёр долоо хоногийн дараа тэд хүүтэй боллоо. Ж.Кеннедиг төрийн тэргүүн болж тангараг өргөхөд Жаклин ердөө 31-тэй байв. Ингэж тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн залуу тэргүүн хатагтай болсон юм.

Жаклин өөртөө хэвлэлийн төлөөлөгч авч ажиллуулсан анхны тэргүүн хатагтай байв. Тэрээр үндэснийхээ соёл урлагийг олны анхаарлын төвд оруулахын тулд Цагаан ордны үдэшлэг, хүлээн авалтад нэртэй жүжигчин, дуучин, зохиолч, эрдэмтдийг урьж улстөрч, дипломатуудтай танилцуулан, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байв. Тэр зарим хүний хувьд нөхрөөсөө ч илүү алдартай, нэр нөлөөтэй байлаа. Нэгэн удаа Ж.Кеннеди Венад ЗХУ-ын удирдагч Никита Хрущёвтой уулзан гар барихад тэрээр “Би түүнтэй /Жаклин/ түрүүлж гар барих байсан юм” гэж хэлсэн гэдэг. Францаас гаралтай, энэ хэлээр ус цас мэт ярьдаг Жаклин Цагаан ордонд франц уур амьсгал оруулж, төрийн өндөр хэмжээний зоогийг франц тогоочоор бэлдүүлдэг байжээ. Цагаан ордны эд хогшил , тавилга ч Францын эзэнт гүрний үеийг санагдуулам болжээ. Тэр энэ өөрчлөлтөө бүх америкчуудад харуулахын тулд “CBS” телевизээр өнгөө зассан Цагаан ордны тухай нэвтрүүлэг хийлгэсэн нь ёстой цагаа олсон санаа байв.

Энэ нь Жон Кеннедийн ажил хэрэгт ч тус болж, Ажил хэрэг, амин хувийн амьдрал давхар буцалж байдаг Цагаан ордны дүр төрхийг өөрчилснөөр Хүйтэн дайны үеийн гадаад орнуудтай харилцах харилцааг нь зөөллөж, бусад улсад эерэг сэтгэгдэл төрүүлж чаджээ.

Жаклин өмнөх тэргүүн хатагтай нар шиг нэрэндээ баригдаж өөрийгөө хүчилдэггүй, хүссэн бүхнээ хийдэг байжээ. Тэр заримдаа товлосон уулзалт, ёслолд оролцохоос татгалзаж, гадаадад нөхрөөсөө тусдаа амардаг байв. Энэтхэг, Мексик, Африк, Египет гээд хүссэн үедээ Жон Кеннедиг Цагаан ордонд орхиод өөрөө аялалд гардаг байжээ.


АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд Жаклин Жон Кеннедигийн цусны толбо болсон ягаан өнгийн “Chanel”-ын хүрмээ өмсч иржээ. Тэр үүнийгээ “Жэкэд юу тохиолдсоныг тэдэнд харуулах гэж үүнийг өмссөн” гэж тайлбарласан байдаг.

Хоёр хүүхэдтэй хоцорсон Жаклин Кеннеди олны нүдээс далд амьдрах болов. Нөхрийнхөө хойноос таван жил гашуудсаны эцэст тэрээр эртний танил Аристотель Онасистай гэрлэжээ. Грекийн хөрөнгөтөнтэй гэр бүл болсноор тэрээр Жаклин Ли Кеннеди Онассис болсон юм. АНУ-аас нүүсэн экс тэргүүн хатагтайн хүссэн бүхнийг Онасис авч өгдөг байжээ. Эхэндээ тэдний гэрлэлт бүтэлтэй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэд хөндийрсөн байна. Жаклин сэтгэлээ баясгах гэж дэлгүүр хэсч, Онасисийн мөнгөөр өндөр үнэтэй хувцас тоймгүй их авдаг байжээ. Тэр авсан хувцаснуудынхаа ихэнхийг нь өмсч амжилгүй бусдад тараачихдаг байсан гэдэг. 1975 онд Онасис нас барахад Жаклин 46 насандаа хоёр дахь удаа бэлэвсэрчээ. Тэр энэ үеэс эхлэн уран зохиол, хэвлэлийн ажилд орж, редактороор ажиллах болж. Жаклин 1994 онд өөд болох хүртлээ хэдэн арван ном редакторлон гаргажээ. Түүнийг өвчний улмаас 64 насандаа өөд болоход дэлхий даяар дурсан гашуудаж, Жаклин Кеннеди Онассийн тухай дурсамж өгүүлэл, ном, кино ар араасаа цувран гарсан юм.







