Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махатма Ганди гэж ийм хүн байсан

“Өөрсдийнхөө санал болгоод байгааг итгүүлэхийн тулд сөрөг хүчнийхнээ хүндэтгэх хэрэгтэй” Махатма Ганди

Өчигдөр, аравдугаар сарын 2-нд энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, аугаа тэмцэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг  Махатма Гандийн төрсөн өдрөөр дэлхий дахин Олон улсын хүч үл хэрэглэх өдрийг тэмдэглэлээ. Энэ өдрийг ийм өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ 2007 онд шийдвэрлэсэн юм байна.
2000 онд британичуудын дунд Би-би-си агентлагийн явуулсан асуулгаар Махатма Гандиг “Мянганы хүн”-ээр өргөмжилсөн юм.
 
Махатма Ганди гэж хэн бэ, яагаад ийн дэлхийн хүн болж вэ.

Мохандас Карамчанд «Махатма» Ганди 1869 оны аравдугаар сарын 2-нд энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужийн Порбандар хотод сайдын гэрт мэндэлжээ.
Гандигийн гэр бүхий л шашны төлөөлөлтэй хамгийн гол нь ээж нь бурхны шашинт хүн байсан болохоор  түүний мөргөл, шүтлэг индусын гэгээлэг ном судар, олон нийттэй шашны талаарх яриа өрнүүлдэг нь залуу Гандигийн оюун санаанд их нөлөө үзүүлсэн гэдэг.

Мохандас  Ганди  19 насандаа Лондон очиж хуульзүйн боловсрол эзэмшээд 1891 онд энэтхэгтээ эргэн ирсэн байна. Мэргэжлээрээ Энэтхэгт нэг их амжилт олоогүй тэрээр  1893 онд Өмнөд Африкийг зорьж тэндээ энэтхэгчүүдийн эрхийн төлөө тэмцэлд нэгдсэн байна. Тэнд л Ганди анх эсэргүүцлийн тэмцэлд хүч үл хэрэглэх тухай сатьяграха хэмээх номлолоо дэвшүүлжээ.
Ганди 1915 онд Энэтхэгт эргэн ирж дөрвөн жилийн дараанаас улс орноо британийн колонийн дарлалаас чөлөөлж  тусгаар тогтнуулах хөдөлгөөнд идэвхтэй оролцож эхэлсэн байна.
1915 онд энэтхэгийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Рабиндранат Таагүр Мохандас Гандитай танилцаж түүнд “Махатма” буюу аугаа их сэтгэл гэсэн нэр хайрлажээ. Гэхдээ Ганди өөрөө энэ хэргэмийг ерөөсөө хэрэглэж байгаагүй юм. 
Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлдээ Ганди эсэргүүцлийн хүч үл хэрэглэх аргыг л сонгодог байлаа. Түүний санаачлагаар энэтхэгчүүд британийн байгууллагууд,  бараа бүтээгдхүүнийг бойкотлох, жагсаал цуглаан хийдэг байв.

Ганди 1921 онд Энэтхэгийн Үндэсний конгрессыг тэргүүлж эхэлсэн ч намын нөхөдтэйгээ санал зөрөлдсөнөөс 1934 онд энэ албаа орхисон юм.
Ганди энэтхэгт хүний эрхийн тэгш байдлын төлөө тууштай тэмцсэн нэгэн. Энэтхэгт эртнээс оршин амьдарч ирсэн хамааралгүй иргэд буюу Гандигийн өөрийн нь нэрлэснээр харижануудын тэгш эрхийн төлөө тэмцэл нь алдартай. Тэднийг индусын шашинтан гэдэг ч үнэн хэрэгтээ сүмд орох, индусын шашны арга  хэмжээнд оролцох эрхгүй, өөрийн гэсэн газаргүй, бусдын аж ахуйд боол мэт хөдөлмөрлөдөг гадуурхагдсан хэсэг.
ХХ зуунаас эхэлсэн тэдний эрхийн төлөөх тэмцэлд Ганди идэвхтэй үүрэг гүйцэтгэснээр 1950-иад оноос энэ хүмүүс  төрийн алба, их дээд сургууль, хууль тогтоох байгууллагад оролцох болсон. Тэднийг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглосон байна.
Ганди  хүмүүсийг арьсны өнгө, шашин шүтлэг, угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж үзэж байсан юм.
Махатма Ганди бас индиус болон мусульмануудын хоорондох зөрчилдөөнийг эвлэрүүлэх гэж маш их чармайсан хүн. 1947 онд  Энэтхэг улс Энэтхэг Пакистан гэсэн хоёр хэсэг болон тусгаар тогтноход индус шашинтан болон лалын шашинтнуудын хооронд хурц тэмцэл өрнөж эхэлсэн. Үүнийг эвлэрүүлэх гэж Ганди хичээл зүтгэл гаргасан ч түүний үгийг хэн ч сонссонгүй.
Ийм учир утгагүй хүчирхийллийг зогсоохын тулд 1948 оны нэгдүгээр сард Махатма Ганди өлсгөлөн зарлалаа. Тэр “Миний хувьд үхэл гэдэг гайхмаар зүйл болно. Миний үхэл бол Энэтхэгийг өөрөө устаж байгааг нь харж гэрч болсноос дээр” гэж хэлж байсан гэнэ. Түүний энэ тэмцэл талаар өнгөрсөнгүй шашны хоёр бүлэглэлийн удирдлагууд зөвшилцөлд хүрч Гандиг өлсгөлөн зарласны дараахан хоёр тал “Хүмүүсийн амь, эд хөрөнгийг хамгаалах, лалын итгэл үнэмшлийг дээдэлж цаашид ийм явдал давтагдахгүй” хэмээн хамтарсан шийдвэр гаргаж байжээ.

Гэхдээ л Ганди индус болон лалынхны зөрчилдөөнийг хэсэгчлэн зогсоосон юм. Хэргийн учир нь шашны түрэмгий бүлэглэлийнхэн лалынхантай хамтрахын эсрэг байлаа. Улс төрийн “Раштра дал” болон “Ваштрия сваям севак” зэвсэгт бүлэглэлүүд тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдэн “Хинду Махасабха” бүлэглэлийн тэргүүн, Бомбейн саятан Винайяком Саваркар гэгч Махатма Гандиг “Индусуудын дайсан” гээд түүний  хүч үл хэрэглэх үзэл гандизм нь ямар ч утга учиргүй зүйл гэж  байлаа.

Махатма Гандиг хөнөөсөн нь

Энэтхэгийн тусгаар тогтнол, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Махатма Гандийн амь насанд хамгийн анх түүнийг өлсгөлөнгөө зогсоосноос хойш хоёр хоногийн дараа 1948 оны нэгдүгээр сарын 20-нд халдахаар оролдсон. Түүнийг Дели дэх гэрийнхээ гадаа байхад Пенжабаас ирсэн дүрвэгч Маданлал гар хийцийн бөмбөг шидэж бөмбөг Гандигаас хэдхэн алхмын зайд дэлбэрсэн ч хэн ч өртөөгүй.
Энэтхэгийн засгийн газар Гандигийн хувийн хамгаалалтыг нэмэгдүүлэх гэсэн ч Ганди зөвшөөрөөгүй байна. Тэгэхэд Махатма Ганди 78 настай байлаа.
1948 оны нэгдүгээр сарын 30-нд хар үүрээр босч Конгресст өргөн барих Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаад орой нь хамтрагчдынхаа хамт байшингийн өмнөх нугад гарч ирэхэд олон түмэн “Үндэсний эцэг”-тэйгээ хамт оройн мөргөл үйлдэхээр шавсан байж.
Энэтхэгийн үндэсний байгууллагын гишүүн Натхурам Винаяк Годзе гэгч Махатма Гандид дөхөж очин гурван удаа буудахад эхний хоёр сум дэргэдүүр нь өнгөрсөн ч гурав дахь сум нь зүүн талын уушгинд нь туссан. Махатма Ганди “Ээ Рама! Ээ Рама!” хэмээн шивнээд газар дээрээ нас баржээ.
Энэ үгийг түүний аминд халдсан тэр газарт босгосон дурсгалын цогцолбор дээр нь бичиж чандрын нь хагасыг  2008 оны нэгдүгээр сарын 30-нд нас барсны нь 60 жилийн ойгоор Индостаны хойгийн өмнө үзүүр, Коморины хошуун дээрээс далайд цацсан байна.

Махатма Ганди гэж ийм хүн байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан