Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туслан гүйцэтгэгчид бурууг тохож, дээл нөмөргөсөөр байна


Барилга, угсралтын ажлын явцад мөрдөгдөж буй журмыг өнгөрсөн оны зургадугаар сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч (НИТХ)-д гаргасан байдаг. Тус журам нь “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам” гэдэг нэртэй. Гэвч дээрх журмыг барилгын компаниуд мөрдөж хэвшээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь үрэгдэх, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг барилгын ослууд шил дараалан гарч байна. Үүний улмаас барилгын туслан гүйцэтгэгчид буруудаж, ХАБ-ын инженер шоронд хадагдаж, Ерөнхий гүйцэтгэгч гэх том компаниуд 250 мянгаас дөрвөн сая хүртэлх төгрөгийн торгууль төлж хариуцлагаас мултардаг жишиг тогтлоо. Түүнээс гадна, барилгын салбарт гарч байгаа ослууд барилгын талбараас хальж, зам хөндлөн, автомашиндаа, гудамжинд явсан гээд энгийн иргэдийг бүрэлгэж, хэн нэгэнд нөхөж баршгүй гарз учруулж эхэлсэн нь өндөр хариуцлага үүрүүлэх шалтгаан мөн ч өдийг хүртэл Засгийн газар энэ асуудалд байр сууриа илэрхийлсэнгүй. Харин харьяа байгууллага нь хяналт шалгалтаа өндөрсгөж, зөрчлийг тэр дор нь арилгуулах зарчмаар барилгын осолтой тэмцэж байгаа гэдэг ч он гарсаар 15 хүн нас барсан нь бага тоо биш юм.

Нөгөөтэйгүүр, хамгийн их хэл ам таталдаг, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зуншин” компанийн эрхийг гурван сараар хассан нь амралт болсон уу, арга хэмжээ байсан уу гэдгийг тааварлах аргагүй байна. Учир нь хоёр ч хүний үхэлтэй холбогдсон тус компанийн барилга угсралтын эрхийг гурван сараар түдгэлзүүлсэн нь барилгын амралтын буюу өвлийн улиралтай давхцаж байгаа нь иргэдийн эгдүүцлийг хөдөлгөж, Барилга хот байгуулалтын яам барилгын компанийн халаасанд багтсаныг гэрчиллээ гэх яриаг улам дэвэргэх болов.
Гэсэн ч тэдний зүгээс “Зуншин” компанийн буруутай гэдгийг тогтоогоогүй байхад барилга угсралтын тусгай зөвшөөрлийг тэр чигт нь цуцлахгүй гэсэн байр сууриасаа буцсангүй. Харин “Зуншин” компани өөрийн хариуцсан барилгад осол гарсан хариуцлагыг туслан гүйцэтгэгч компани үүрэх ёстой гэсэн өнцгөөс асуудалд хандаж, тэр байтугай ажилтан өөрийн хариуцлагагүй байдлын улмаас хохирч байгаа гэдгийг хуулийн үндэслэл дэвшүүлэн тайлбарлаж эхлээд байгаа юм. Гэвч өндрөөс унаж нас барсан нь “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэх журам”-д тусгагдсан хэд, хэдэн заалтыг биелүүлээгүйн улмаас үүдэж байгаа юм.

Жишээлбэл, “Зуншин” компанийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Трэу-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас өнгөрсөн сард 18 настай эмэгтэй С унаж, гэмтэн ГССҮТ-д хүргүүлэн эмчлүүлж байгаад нас барсан байдаг. Талийгаач эмэгтэйг гадна фасадын ажил хийж байхад нь өргүүрийн бэхэлгээ тасарч, нас барсан юм. Тэгвэл дээрх журмын 3.2.3-т  Барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж  (дэвсгэр, банз, тор, саравч гэх мэт)-өөр тоноглох гэж заажээ. Мөн 1.5 метрээс дээш өндөрт ажил хийж байгаа бол заавал хамгаалах бүс зүүх, уг бүс нь хоёр аргамжаатай байх ёстой аж. Үүнээс харвал, дээрх журмыг ягштал биелүүлсэн бол бэхэлгээ тасарсан ч эмэгтэй хамгаалалтын төхөөрөмжид торж үлдэх боломжтой байжээ гэдгийг энгийнээр ойлгож болох юм. Ганц дээрх жишээ ч гэлтгүй өнөөдөр баригдаж байгаа барилгууд дээрх журмын ганцхан энэ хэсгийг хэрхэн уландаа гишгэдэг нь хэн, хүний нүдэнд илт байдаг билээ.

Хамгийн сүүлийн буруутнаар бас л туслан гүйцэтгэгчийг тодруулжээ
“Шилдэг шилтгээн” компанийн гүйцэтгэж буй “Залуу гэр бүл-2” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 орчим настай залуу энэ сарын 3-ны өдөр нас барсан нь одоогоор нийслэлд барилга дээр ажиллах явцдаа нас барсан хамгийн сүүлийн тохиолдол болоод байна. Талийгаач өндөр хүчдэлийн шугамд хүрсний улмаас цахилгаанд цохиулж нас барсан бөгөөд “барилга өндөр хүчдэлийн шугамаас хоёр метр зайтай байх ёстой” гэснийг зөрчиж, нэг метрийн зайд ажил гүйцэтгэж байснаас дээрх явдал болсон юм. Үүнтэй холбоотойгоор тус барилгын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон бөгөөд өдгөө хууль, хяналтынхан хэргийг шалгаж байна. Гэвч энэ хэрэгт мөн л туслан гүйцэтгэгчийг буруутгаж, хариуцлага хүлээлгэх хэмжээнд яригдаж эхэлсэн бололтой.

Хэдийгээр туслан гүйцэтгэгч компани, ерөнхий гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч зэрэг том нэршил барилгын зах зээлд яригддаг ч үнэн чанартаа туслан гүйцэтгэгч гэдэг нь шавар зуурч чаддаг 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй хувийн бригад байдаг гэвэл өрөөсгөл ойлголт болохгүй. Ерөнхий гүйцэтгэгчид ч туршлагатай компани хөлсөлнө гэхээс илүүтэй, хямд үнэтэй ажиллах хүчийг сонгож, эдийн засгийн өгөөжөө нэгт тавьдаг нь барилгын осол, аваар буурахгүй байх бас нэг шалтгаанд нэрлэгдэж байгаа юм. Хамгийн гол нь барилга барих зөвшөөрөл авч ажлаа эхлүүлсэн компани эхлээд аюулгүй байдлаа хангана гэдгээ л мэдэрдэг байх ёстой
Тиймээс дээрх асуудлын хүрээнд захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн эрхзүйн орчинг сайжруулж, хууль, дүрмийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх боломжоор хангах нь нэн тэргүүний асуудал гэдгийг МХЕГ-аас үзэж байна. Түүнчлэн туслан гүйцэтгэгч, хувь хүмүүс санхүүгийн асуудлын улмаас журамд заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж хөдөлмөрийн таатай орчин бий болгох, гарч болзошгүй ослоос сэргийлэх арга хэмжээ авах талаар ажил олгогч болон бусад нэгж, хэсгийн удирдлага, албан тушаалтанд шаардлага тавьж биелэлтийг хангуулах”, “учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэлх хугацаагаар зогсоох” гэсний дагуу ерөнхий гүйцэтгэгч нарт шаардлага тавьж чаддаггүй гэж үзэж байгаа юм. Мөн энэ байдлаасаа болж өөрсдөө ямарваа нэг ослын дараагаар Ерөнхий гүйцэтгэгчтэй хийсэн гэрээний дагуу хариуцлага үүрэхээс өөр аргагүй болдог байна.

Тиймээс Монголд зөвхөн туслан гүйцэтгэгч, хөдөлмөр хамгааллын инженер бүх хариуцлагыг үүрдэг байдлыг өөрчилж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүдэн хүний амь нас үрэгдсэн тохиолдолд тухайн компанид маш өндөр торгууль тавьдаг гадны жишгийг оруулж ирэх нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Ингэснээр өндөр торгууль төлсөн компани санхүүгийн хүнд байдалд орж, цаашид үйл ажиллагаа явуулахад хэцүү болдог аж. Дампуурахгүйн тулд хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангадаг болчихвол том жижиг осол аваараас ангижирч болох биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан