Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зүйн байнгын хороо 23 удаа хуралджээ


Өнгөрсөн оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тайлагналаа. Тус байнгын хороо 23 удаа хуралдаж, 73 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүгээр 50 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын таван төсөл хэлэлцэж, 19 санал, дүгнэлт, таван танилцуулга, зарчмын зөрүүтэй 180 саналын томьёолол бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн байна. Мөн тус байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоол батлан гаргажээ.

Байнгын хороо бие даасан хууль нэг, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 34, хүчингүй болсонд тооцох тухай хууль нэг, УИХ-ын таван тогтоолыг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар батлуулж. Тухайлбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох 30 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд байгаа юм. Түүнчлэн Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 05, 06, 07 дугаар дүгнэлтийн тухай, Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Улсын ерөнхий прокуророор томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн аж. УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 2012 оны тавдугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоол баталсныг онцлоод энэхүү тогтоолд өөрчлөлт оруулснаар 58 мянган албан тушаалтан Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг байсныг цөөлж 38 мянга болгон бууруулсан гэж хэллээ.

Байнгын хорооны тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шүүгчийн албан тушаалын цалинг тогтоох эрх бүхий субъект, цалингийн хэмжээг тогтоох талаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлэхэд бэлэн болжээ. Тус байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 86 албан бичиг, иргэдээс 22 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгчээ.

Чуулган завсарласан хугацаанд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай, Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомж хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслүүдээр төрийн болон төрийн бус байгууллага, хуульч, эрдэмтэн, судлаач, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн ирэх хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Казиногийн тухай, Захиргааны ерөнхий хууль гэх мэт бие даасан есөн хууль, 300 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэхээр төлөвлөснийг Д.Ганбат дарга хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан