Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Болор: Улстөржихгүйгээр төсөв батлах зайлшгүй шаардлага бий болсон

Б.ШИРНЭН

Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар тус байнгын хорооны дарга Б.Болор Засгийн газрын гишүүнээр томилогдсон учраас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг түүний оронд эвслийн гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэнээр Төсвийн байнгын хорооны даргаар томиллоо. Мөн хуралдаанаар Төсвийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын болон НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Эдгээр асуудлын талаар Сангийн сайд Б.Болортой ярилцав.

-2016 оны төсвийн төсөл өргөн барьсныг Төсвийн байнгын хороо УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Мөн та энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа. Эдгээр нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлтэй хэрхэн уялдсан бэ?      
-Улс орны эдийн засгийн байдал сайнгүй, түүхий эдийн үнэ үлэмж хэмжээгээр унасан байна. Энэ үед ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хөөсөрсөн байдлаар оруулж ирэх юм бол ирэх жилүүдэд манай улсын эдийн засаг улам л хүндэрнэ гэж үзсэн. Тиймээс аль болох бодит тоо, баримтад тулгуурлан төсвийн төслийг бэлтгэн, өргөн барьсан. Мөн ирэх онд сонгууль болох гэж байна. 2004, 2008, 2012 гээд сонгуулийн жилүүдэд УИХ хөөсөрсөн төсвүүд баталж ирсэн нь тодорхой байдаг учраас энэ байдлаас аль болох зайлсхийсэн. Ингээд одоогийн байгаа бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зарлага гаргаж, төсөв алдагдах учраас ирэх оны төсвийн төсөөлөлд зарлагыг 7.8 их наяд төгрөг байхаар тооцсон. Товчхондоо, нэг их наяд төгрөг хассан. Мөн үүнийг дагаад улсын төсвийн орлогын хэмжээг бууруулсан.

-Ямар хэмжээгээр бууруулсан бэ?
-2015 онд 7.1 их наяд төгрөг байсан төсвийн орлогыг ирэх онд 6.9 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Үүнийг төсвийн орлого бүрдэлтийн доод хязгаар гэж ойлгож болно. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, орлого нэмэгдвэл улсад хэрэгтэй. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа харж, судалж байж хөрсөн дээр буусан төсөв оруулж ирэхийг зорьсон. Ер нь, сүүлийн зургаан жилийн хугацаанд төсвийг алдагдалтай баталж ирсэн. Үүнээс болоод төсвийн алдагдал нөхөхөөр бонд гаргаж, гурван их наяд шахуу төгрөгийг төр залгисан байна. Энэ байдлыг засах цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд маш зоригтойгоор төсвийн зарлагаа нэмэлгүй ирэх оны төсвийн төслийг батлах хэрэгтэй. Тэгвэл улс оронд л хэрэгтэй байна.

-Тэвчиж болох зардалд дэд сайдууд орсон. Ер нь, яам агентлаг нэгтгэх, цалин хасах зэргээр хэдий хэмжээний төгрөг хэмнэхээр тооцсон юм?
-Дэд сайд нарын зарлага 600 гаруй сая төгрөг болдог. Гэхдээ бид энэ мөнгийг ирэх оны төсвөөс танасан. Урсгал зардал нь дэд сайд нараас илүү асуудал болоод байна. Тиймээс бүтцийн өөрчлөлтийг агентлаг нийлүүлэх, татан буулгах, давхардлыг арилгах замаар хийж байгаа. Мөн төрийн өндөр дээд болон улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулж тооцсон. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед улс орнуудын авдаг арга хэмжээ. Харин эмч, цагдаа, багш зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын цалинг хасахгүй. Эдийн засаг сайжираад ирвэл, цалингаа хасуулсан албан тушаалтнуудын цалинг хэвийн хэмжээнд нь хүргэнэ.

-Сөрөг хүчин гэлтгүй иргэд хүртэл цалин нэмэх ёстой гэж үзэж байгаа шүү дээ.
-Цалин нэм гэж яриад байгаа юм. Иргэд үүнийг нь Засгийн газар цалин нэмчихвэл, бүх хүний цалин нэмэгдэх юм шиг ойлгоод байгаа. Гэтэл цалин нэмсэн тохиолдолд зөвхөн төрийн албан хаагчдын л цалин нэмэгддэг. Гэхдээ эдийн засгийн нөхцөл сайжирсан үед цалингаа үе шаттайгаар нэмээд явах боломжтой. Нөгөөтэйгүүр, дэлхийн аль ч улсад цалин нэмнэ гэж зарладаггүй. Энэ нь өөрөө эдийн засагтаа хор хөнөөлтэй байдаг. Мөн цалин нэмсэн үеийн инфляцын түвшин үргэлж хоёр оронтой тоо руу орсон байдаг. Энэ жил инфляцын түвшин зургаан хувьтай байна. Ийм үед цалин нэм гэж дуугарч байгаа бол улс төрийн хувьд популизм байж магадгүй, эдийн засгийн хувьд энэ бол маш хариуцлагагүй мэдэгдлүүд.

-Тэвчиж болох бүх зүйлээ тэвчиж, цалингаа хасуулж, зарим агентлагийг татан буулгаж, хөл хөдөлгөөн болсны дүнд зөвхөн орлого, зарлагыг балансанд нь барих юм уу. Ирэх оны сүүлээр зардал танасны үр дүн нь хэрхэн гарах вэ?
-Агентлаг нийлүүлэх, татан буулгахад нүүж, суухаас эхлээд зардал гарна. Энэ зардлыг бид 2016 оны төсөвт багтаасан. Харин 2017 оны төсөв хэлэлцэх үеэр дээрх зардлууд сулраад дахин 700 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт үүснэ. Энэ бол төсөв эрүүлжихийн эхлэл. Төсвийн данхар бүтэц агшихын хэрээр эдийн засаг, төсөв эрүүлжиж, бид хувийн хэвшлээ түлхүү дэмжсэн эдийн засаг руу орох ёстой.

-Төсөвт татвар нэмэхээр тусгасан тухай асуудал бас яригдаж байна.
-Шатахуун импортлох, нефтьтэй л холбоотой асуудал. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ маш өндөр байхад Засгийн газар шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, татвараа хүртэл тэглэж байсан. Харин одоо нефтийн үнэ огцом унасан байхад нефть импортлогчид шатахууныхаа үнийг буулгахгүй байна. Тиймээс зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Түүнээс өөр ямар ч татварын асуудал ирэх оны төсөвт суугаагүй.

-Улсын орлого энэ жил хэд орчим төгрөгөөр тасрахаар байгаа вэ?
-Төсвийн тодотголыг (өчигдөр) өргөн барьсан. Улсын орлого 900 орчим тэрбум төгрөгөөр тасрахаар төсвийн тодотголд туссан учраас энэ хэмжээнд л таналт хийхээр оруулсан.

-Манай улсын төсвийн орлогод жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын хоёр, гурван жилдээ өсөхгүй гэж шинжээчид үзэж байна. Үүнтэй давхцаад бондын эргэн төлөлтүүд эхэлнэ. Орлогын олон эх үүсвэргүй манай улс дахин зээл авахгүйгээр эргэн төлөлт хийх боломжтой болов уу?
-Эдийн засгийн өөрийнх нь онолоор бол мөнгө босгож, цус сэлбэдэг. Гэхдээ ингэхийн тулд эдийн засгаа тэлж, мөнгө босгох хэрэгтэй. Өрийн хувьд төсвийг 2016 оноос эрүүлжүүлснээр 2017 онд алдагдалгүй төсөв батлаад явах боломж гарна гэж харж байгаа. Ингэснээр өрийн менежментийг зөв зохицуулах боломж гарна. Хэрвээ, УИХ энэ төсөвт өөрчлөлт хийхгүйгээр алдагдалтай төсөв батлах юм бол өрийн менежмент явуулах боломжгүй болно. Тиймээс УИХ ирэх онд сонгууль болох гэж байгааг үл тоогоод, популизм хийж улстөржихгүйгээр төсвөө батлах хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл
Tanadag bol sxan l bna.
Tanadag bol sxan l bna.
Хамгийн их уншсан