Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын төсөв ба найдлага тасардаггүй уул уурхай

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн уналт бүхий л салбарт хүндээр тусч бизнесийн идэвхжил, иргэд болон улсын түрийвчинд орж мөнгөний урсгалыг нь тасалдуулж байна. Судлаачдын хэлж буйгаар ирэх онд ч хүндхэн байх төлөвтэй. Энэ оны эхэнд манай эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байв. Гэтэл эхний хагас жилд гурван хувьтай гарлаа. Оны төгсгөлд 3.1 хувьтай гарах хүлээлт бий.

Тэгвэл Сангийн яам ирэх онд эдийн засгийн өсөлт 4.1 хувьтай байх төсөөлөл хийж буй. Үүнээс гадна Дэлхийн банк 3.3 хувьтай байх тооцоо хийсэн. Одоо ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох төсөв, мөнгөний бодлогыг УИХ-д Сангийн яам, Монголбанкнаас өргөн бариад байгаа. Улсын төсвийн орлогын 20 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж ирсэн. Эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн 2011 онд 29 хувьд хүрсэн удаатай. Тэгвэл ирэх онд тус салбараас улсын төсвийн төсөлд  900 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийв. Нийт орлогын 90 хувийг зэс, алт, нүүрснээс  авахаар төлөвлөжээ. Жишээ нь,  Оюутолгойн экспортолж буй зэсийн баяжмалд  агуулагдах алтыг 10 тонн гэж  тооцов. Мөн “Алт хөтөлбөр” хэрэгжүүлж Монголбанк 13.5 тонн алт худалдан авах төлөвлөгөө бий. Харин нүүрсний экспортыг 19 сая тонн байх төсөөлөл хийжээ. Үүний 9.5 сая тонн угааж баяжуулсан нүүрс байх нь. Манай улсын экспортын 89 хувийг ашигт малтмал эзэлж буй. Тэр дундаа зэсийн баяжмал, газрын тос, алт, төмрийн хүдэр, нүүрс гэсэн хэдхэн ашигт малтмал зонхилдог. Тухайлбал, зэсийн баяжмал нийт экспортын 44.6, газрын тос 11, нүүрс 14.7, алт долоо, төмрийн хүдэр 7.7 хувийг тус тус бүрдүүлж байна.
Өнгөрсөн онд 5.8 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Үүнд зэсийн баяжмал, газрын тосны экспорт голлон нөлөөлсөн. Тэгвэл энэ оны эхний найман сард 3.2 тэрбум ам.долларын экспорт хийсэн статистик бий. Ингээд ирэх онд экспортын гол түүхий эдийн зах зээл, үнэ нь ямар байх, улсын төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаар сийрүүлье.

Төсвийн орлогыг зэс бүрдүүлнэ
 
Ирэх жил экспортын гол орлогыг зэсийн баяжмал бүрдүүлэх нь. Тухайлбал,  Оюутолгой 774, Эрдэнэт 587 мянган тонн зэсийн баяжмал, гурван тонн молибден экспортлоно хэмээн улсын төсвийн төсөлд тусгажээ.  Тэгэхдээ зэсийн үнийн төсөөлөл хийдэг банк, санхүүгийн байгууллага, судлаачдын мэдээлэлд тулгуурлан үзвэл нэг  тонн нь 5956 ам.доллар байх боломж бий. Гэвч өнөөдөр нэг тонн цэвэр зэс Лондонгийн металлын бирж дээр 5100 ам.долларт хэлбэлзэж буй. Иймд улсын төсөвт эх үүсвэргүй хий орлого тусгагдах эрсдэл бий гэж Сангийн яамаас үзэж буй юм.  Ингээд зэсийн үнийн сүүлийн хорин жилийн дунджаар нэг тонн зэсийн үнийг 5137 ам.доллар гэж тооцох болжээ.  Энэ оны улсын төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнийг 6354 ам.доллар хэмээн тооцсон. Гэтэл дундаж үнэ нь 5768 ам.доллар гарлаа. Ингээд нэг тонн цэвэр зэсийн үнэ төлөвлөснөөс 586 ам.доллараар буурсан юм.  Хятадын эдийн засгийн өсөлт саарч үйлдвэрлэл буурсан нь ашигт малтмалын үнэ унахад хүргэсэн. Тус улсын эрх баригчид арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөндөө улсынхаа цахилгааны шугам сүлжээг өргөжүүлэхээр тусгажээ. Лондонгийн металлын бирж дэх зэсийн дундаж үнэ энэ оны эхний найман сард 5782 ам.доллар болсон. Энэ нь  уг ашигт малтмалын үнэ сүүлийн зургаан жилд  хамгийн доод түвшинд хүрсэн явдал байлаа.  Цаашид юанийн ханшийн сулралттай холбоотойгоор Хятадын экспорт нэмэгдэж зэсийн хэрэглээний 70 орчим хувийг бүрдүүлдэг барилга, цахилгаан эрчим хүч,  дэд бүтцийн салбаруудын үйлдвэрлэл нэмэгдэх боломжтой аж. Гэвч үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт удаашрах хүлээлттэй байгаагаас Хятадын зэсийн хэрэглээний өсөлт ирэх онд 2.5 хувь байх төсөөлөл бий.Иймд ирэх оноос зэсийн  эрэлт нийлүүлэлтээ давна хэмээн судлаачид хэлж буй. Гэхдээ өмнөх жилүүд шиг үнийн хэт өндөр өсөлт гарахгүй нь. Тухайлбал, нэг тонн цэвэр зэс 4826-6614 ам.долларын хооронд хэлбэлзэх дүр зураг бий аж.  ОУВС-ын шинжээчид 5138 ам.доллар байх төсөөлөл хийжээ.

Алтны эрэлт 9.3 хувиар буурчээ

Дэлхийн зах зээл дээр нэг унци алтны дундаж үнэ 1184 ам.доллар байгаа. Эдийн засагчид ирэх онд энэ үнэ бага зэрэг буурах төсөөлөл хийсэн. Тэгвэл төсвийн төсөлд 1156 ам.доллар хэмээн тусгажээ.
Алтны үнэ бас л дэн дунтай. Үүний шалтгаан нь хөрөнгө оруулалтын сангуудын алт худалдан авалт өнгөрсөн онд 9.3 хувиар буурсанд оршино. Жишээ нь, дэлхийн алтны гол хэрэглэгч Хятад, Энэтхэгийн эрэлт бага байна.  
Цаашид Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах, ам.долларын ханш чангарсан хэвээр байвал алтны эрэлт  буурна хэмээн судлаачид үзэж байна. Ингээд ирэх онд  унци алтны үнэ 1158 ам.доллар байх төсөөлөл гарав.  

Хятадын төмрийн хүдрийн эрэлт 40 сая тонноор өсч магадгүй

Улсын төсвийн төсөлд нэг тонн төмрийн хүдэр 34-43 ам.доллар байх тооцоо хийлээ. Төмрийн хүдрийн үнэ энэ оны эхээр сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүртэл унав. Хятад  дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг билээ. Иймд тус улсын эрэлт хэрэгцээнээс коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ шалтгаалдаг гэж хэлж болно. Учир нь Хятадын  гангийн үйлдвэрлэл буурснаар дээрх ашигт малтмалуудын үнэ унасан. Ирэх онд ч эрэлт, үнийн уналт  үргэлжлэх төлөв бий. Тэгэхээр коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөхгүй нь. Гэвч зарим судлаачид  төмрийн хүдрийн үнэ ирэх онд тогтвортой байх төсөөлөл хийж буй. Учир нь Хятадын төмрийн хүдрийн эрэлт 40 сая тонноор нэмэгдэх хүлээлт бий гэж байгаа юм.
Нүүрсний үнэ өсөхгүй

Манай улс энэ онд 13.7 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна. Энэ нь улсын төсөвт тусгасан хэмжээнд хүрэхгүй гэсэн үг. Тэгвэл ирэх оны улсын төсвийн төсөлд нэг тонн коксжих нүүрс ангилалаасаа шалтгаалж 32-54 ам.доллар байхаар тооцлоо. Нүүрсний нийлүүлэлт өнөөдөр дэлхийн зах зээл дээр эрэлтээ давсан. Мөн Хятадын нүүрсний импорт буурсан тул үнэ нь доод цэгтээ хүртэл унахад хүргэжээ. Ингээд  нүүрс экспортлогч орнуудад хүчин чадал бага, зардал өндөртэй олон уурхай хаагдсан байна. Эдийн засагчид АНУ-д байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдэж эрчим хүчний шинэ эх үүсвэр болгох болж. Энэ нь нүүрсний эрэлт багасгах нэг шалтгаан болсон аж. Мөн Хятадын нүүрс хэрэглэгч томоохон компаниуд хэрэглээгээ багасгах бодлого баримталж буй гэнэ.
Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар коксжих нүүрсний эрэлт 0.94 хувиар буурчээ. Дэлхийн зах зээлд нүүрсний хамгийн том тоглогч болох Австрали коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Тус улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар импортын татвараас чөлөөлөгдсөн. Энэ  нь коксжих нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөшүүрэг болжээ. Иймд коксжих нүүрсний үнэ төдийлөн өсөхөөргүй байна гэж судлаачид онцолж буй юм.

Нэг баррель газрын тос ирэх онд 61 ам.доллар байна

Хөгжингүй орнуудын газрын тосны хэрэглээ жил бүр нэмэгдэж байна. Гэвч уг ашигт малтмалын нийлүүлэлт эрэлтээсээ давах тул үнэ  буурах  нөхцөл ч бүрдэж магадгүй гэж судлаачид үзэж буй юм. Энэ оны төсөвт нэг баррель газрын тос 90 ам.доллар хэмээн тооцсон. Гэтэл дунджаар 56 ам.доллар болоод байгаа билээ.  Дэлхийн зах зээл дээр газрын тосны  эрэлт бага зэрэг  нэмэгдсэн, АНУ-ын  үйлдвэрлэл илүү хурдтай буурна гэсэн хүлээлтээс шалтгаалж энэ оны эхний хагас жилд үнэ хурдан эргэж сэргэсэн. Гэвч хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саарч газрын тосны  нийлүүлэлт тогтвортой нэмэгдсэн байна. Ингээд энэ онд нэг баррель газрын тос 56, ирэх жил 61 ам.доллар байх төсөөлөл гарчээ.
Энэ бүгдээс харвал уул уурхайн салбар ирэх онд төдийлөн сэргэхгүй нь. Гэвч Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн орлого нэмэгдэнэ гэж найдаж буй. Учир нь, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтаа ярьж байгаа юм.  Тэгвэл эдийн засагчид  Евро бүсийн эдийн засаг ирэх онд ялимгүй өсөх төлөв бий ч   манай оронд орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал болон экспортын хэмжээ нэмэгдэх найдвар тун бага хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гадаад шокын нөлөө, тодорхой бус байдал үргэлжлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан