Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Байгалмаа: Монгол цэрэг хөтөлбөр нь албадан хөдөлмөр биш

Б.ШИРНЭН

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаатай ярилцлаа.

-“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 20 гаруй тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгалаа. Үүнийг бүтээн байгуулалтын ажилд цэрэг эрсийг татан оролцуулах хөтөлбөр хэрэгжих үндсэн хөшүүрэг боллоо гэж эрх баригчид үзэж байна. Гэхдээ цэрэг гэдэг статус өөрөө Монгол Улсын Батлан хамгаалах салбарын салшгүй нэг хэсэг. Тиймээс цэргүүдээр зам тавиулж, шуудуу ухуулж, төмөр зам бариулж бүтээн байгуулалтын ажилд ямар нэг хэлбэрээр оролцуулж болохгүй гэх хэсэг ч  байна. Та энэ зөрчилдөөнийг ямар байдлаар харж байна?
-Манай улсын батлан хамгаалах салбарын нэг тулгуур нь маргаангүй цэргийн анги, бүрэлдэхүүн мөн. Гэхдээ цэрэг гэж юу вэ, тэднийг хаана, хэзээ хэрхэн ашиглах вэ, гэдгийг олон хуулиар зохицуулдаг. Тухайлбал, энхийн цагт цэргүүд зэвсэгт хүчний бүтцийн нэг төрлийн чиг үүргийн дагуу дайчлагдахаас гадна, барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож болдог. Харин дайн байлдааны үед цэргийн хууль дүрмийн дагуу даалгавар гүйцэтгээд явдаг.
Тиймээс бид залуус цэрэгт татагдсан цагаасаа эхлээд дайн тулаанд бэлтгэж, буу шийдэм барьж, дасгал сургуулилт хийдэг гэж хэт нэг талаас нь харж болохгүй. Өмнө нь ч гэсэн Монгол Улсад цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан түүх байдаг. Жишээ нь, 1936 онд Барилгын цэрэг үүссэн гэж үздэг. Оргил үедээ буюу 1960-1980 оны үед барилгын цэргийнхэн ид бүтээн байгуулалтын ажилд оролцож, өнөөгийн Дархан, Эрдэнэт хотыг барьж байгуулсан түүх бий. Улаанбаатар хотод ч гэсэн Улаанхуран, Цагаанхуаран гэж одоог хүртэл байгаа цэргийн хотхонуудыг цэргүүд өөрсдөө барьж байсан юм билээ. Тиймээс “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” төсөл нь албадлагын шинжтэй биш цэргийн албанд татагдан очсон залууст өөр чиг үүрэг өгч, хийх ёсгүй зүйлийг нь хийлгээд байгаа зүйл биш гэж үзэж байгаа.

-Манай улсын нэгдэн орсон хууль, дүрэмд харшилж байгаа гэж УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүн хэлж байгаа харагдсан. Хэрвээ олон улсын конвенцыг соёрхон баталсан бол дотоодын хууль, дүрмийн нэгэн ижил дагаж мөрдөх үүрэг хүлээдэг?    
-Тэгдэг. Яг энэ дагуу манай улс ямар конвенцид нэгдэн орсон, ямар үүрэг байгааг нь судалж үзсэн. Албадан хөдөлмөрийн тухай хоёр ч конвенцид нэгдэн орсон байна. Харин Албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр гэж юу хэлэх вэ, гэдгийг Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид “Ямар нэг шийтгэл хүлээлгэхээр айлган сүрдүүлж аливаа этгээдээр гүйцэтгүүлэх, ингэхдээ уг этгээд нь өөрөө сайн дураар гүйцэтгэхийг санал болгоогүй бүх төрлийн ажил буюу үйлчилгээг хэлнэ” гэж заасан байгаа юм. Тэгвэл одоо хэрэгжих гэж буй хөтөлбөрөөр залуус цэргийн албанд явснаараа нэгдүгээрт, цэргийн албаа хаана. Хоёрт, тусгайлсан мэргэжил эзэмшинэ. Гуравт, цалинтай, түүнээсээ татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Ингээд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох юм. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн бүтээн байгуулалтад оролцож эхэлснээр түүний нэр дээр цэргийн нэрийн данс үүсээд хуримтлал бий болно. Үүнийгээ цэргийн алба хааж дууссаныхаа дараа авчихна. Эсвэл нэрийн дансанд хадгалахгүйгээр банктай гэрээ хийж, байрны урьдчилгаа эсвэл байрны төлбөрт оруулж байхаар зохицуулж болно. Энэ нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа. Тэгэхээр ямар нэг хэлбэрээр албадан гэж хэлэх үндэслэл байхгүй.

-Энэ конвенцид “Цэргийн алба заавал хаахыг заасан хуулийн дагуу цэвэр цэргийн шинжтэй ажил гүйцэтгэхтэй холбогдсон ажил буюу үйлчилгээ” гэж бас бичсэн байсан гэсэн. Жишээ нь, цэргийн зориулалттай зам, гүүрийн ажилд тэднийг дайчилж болохоос зүгээр нэг нийтийн зориулалттай автозам, төмөр зам зэрэгт ажиллуулж болохгүй гэх утгатай юм уу даа. Сөрөг хүчин ч гэсэн яг энэ талаас нь тайлбарласан байх гэж бодож байна.
-Албадан хөдөлмөр гэдгийн ард ямар ч цалин хөлс гэх ойлголт байдаггүй. Тэгвэл энэ хэрэгжих гээд байгаа хөтөлбөр сарын сая төгрөгийн цалинтай, хийсэн хөдөлмөрийг үнэлж байгаа учраас албадан хөдөлмөр гэхгүй. Нөгөөтэйгүүр, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр нь Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээг хэлж байгаа. Зогсонги байдалд л орчихсон зүйлийг сэргээж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1974 оноос төмөр бетоны завод, модны үйлдвэр, төмрийн үйлдвэр зэргийг байгуулж бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан. Гэтэл 1990 оноос барилга угсралтын ажил эрс багасангуут барилгын цэргийн анги, нэгтгэлүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд л орчихсон хэрэг. Тиймээс хийгдэж байсан, мэддэг зүйлийнхээ үүрэг, хууль дүрмийг л сэргээж байгаа юм.

-10 мянган залууг энэ бүтээн байгуулалтад татан оролцуулна гэж байгаа нь их тоо. Олон жилийн хугацаанд хийгдэх бүтээн байгуулалтын ажил учир нэг дор 10 мянган цэрэг татахгүй нь мэдээж байх. Гэхдээ тэднийг тусгайлсан цэргийн ангид татна биз дээ. Жишээ нь, “төмөр замын цэргийн анги” гэж нэрлээд ч юм уу. Тэгэхгүй бол хилийн цэргээс эсвэл дотоодын цэргийн ангис татагдсан залуусыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар ёстой нөгөө батлан хамгаалахын салбар чинь хэцүүднэ байх?
-Өвөрхангайд Барилгын цэрэг, Сонсголонд холбооны цэргийн анги гээд дотроо төрөлжсөн байдаг шиг бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргүүдийг ч гэсэн шинэ анги, нэгтгэл бий болгож, татна. 2013 онд баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт ч гэсэн “Бүтээн байгуулалтад оролцох мэргэшсэн анги, салбаруудыг бүсчлэн байгуулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд сургалт, үйлдвэрлэлийн төв, барилга, инженерийн тусгай батальонууд, зам, гүүрийн батальон, дэмжлэгийн ротыг бүсийн тулгуур төвүүдийг түшиглэн байгуулна” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, одоо алба хааж байгаа цэргүүд дээр нэмж, бүтээн байгуулалтад оролцох 10 мянган цэрэг татна гэж байгаа юм. Одоогийн нийгмийн судалгаанаас харвал, ажилгүй хүн олон мянгаараа байна. Тэд юу хийхээ мэдэхгүй, эсвэл мэргэжил боловсролгүй, мэргэжилтэй гэхэд түүгээрээ ажиллах боломж хомс байна. Тиймээс тэднийг “Бүтээлч цэрэг” гэдэг юм уу, “Бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох цэргүүд” гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар ажилтай болгох гэж байгаа нь зөв. Үүнийг дагаад олон эерэг үр дагавар бий болно.

-Жишээ нь?
-Хамгийн наад зах нь 10 мянган цэрэг татахаар тэдний эдэлж, хэрэглэх хувцас хэрэглэлээс эхлээд хүнсний хэрэглээ бий болно. Энэ бүгдийг дотоодын жижиг дунд үйлдвэрлэлээс бүрдүүлэх юм. Гаднаас хүртэл ажиллах хүчин авах шаардлага багасна. Батлан хамгаалах яам цэргийн эрдэм болон зохион байгуулалтыг хариуцдаг байхад Хөдөлмөрийн яам сургалтыг нь хариуцна гээд бүтэн механизм хөдөлж эхэлнэ.
Жишээ нь, Солонгосчууд манай улсаас ажиллах хүчин авахад эрүүл мэндийн бүх шинжилгээг нь авч, хамгийн эрүүл, хамгийн их хөдөлмөрлөх чадвартай залуусыг түүгээд, сорчлоод авдаг. Тав, арван цаас хураах гэхээр ар гэртээ явуулна, өөрсдөө идэж ууна гээд хадгалах мөнгө нь дунджаар 500 мянган вонн л болдог юм билээ. Гэтэл гэр орондоо ойр, эх орондоо байж байгаад бүтээн байгуулалтын ажилд сарын нэг сая төгрөгийн цалинтай ажиллана гэдэг том боломж. Дээрээс нь бид гаднаас ажиллах хүч авдаг. Тэдгээрийн дийлэнх нь хятадууд, дараа нь хойд солонгосчууд байдаг. Тэд ажил хийхдээ цалин авч л байгаа бол тэднээр дамжин дотоодод эргэлдэх ёстой мөнгө гадагшилж байна гэсэн үг. Бид чинь гаднаас ажиллах хүчийг хүн амынхаа нэг хувиас дээшгүй тоогоор авах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадаас 30 мянган ажиллах хүч авах хязгаартай. Гэтэл бид 2015 онд 27 мянган ажиллах хүчний захиалга өгсөн. Үүнээс 24 мянга нь барилгын салбарт гэсэн квот олгогдсон. Өөрөөр хэлбэл, дийлэнх нь бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа юм. Гэхдээ энэ жил 7600 хүн ирж ажилласан байна. Үүний оронд бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн ажиллах хүчээ тусгай цэргийн ангиар дамжуулж хийх нь ашигтай.   
 
-Цэргийн жинхэнэ алба хаах хугацаа нэг жил. Бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргүүдийнх ч гэсэн адил байх уу?
-Эмэгтэйчүүд нь хоёр жил, эрэгтэйчүүд нь гурван жилийн хугацаатай гэрээт цэргийн алба хааж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах боломжтой гэсэн тооцоо бий. Хэрвээ өөрөө хүсэх юм бол, гэрээгээ сунгах боломжтой. Харин энэ тусгай цэргийн анги бүрэлдэхүүний ажил хэзээ дуусах вэ гэвэл бидний хийж бүтээх ажлаас л шалтгаална. Барилгын салбарт гэхэд л 2010 онд батлагдсан шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотод 17 хотхон, хороолол барих төсөл бий. Дээрээс нь гэр хорооллыг дахин барилгажуулах, аймаг болгонд 1000 айлын орон сууц, сумдын дахин төлөвлөлт гээд олон бүтээн байгуулалтын ажил бий. 66.450 га газарт төлөвлөгөө хийгдсэн гэхээр ойрын 10, 20 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Үүнээс гадна, төмөр зам, автозам гээд цэргүүдэд хийх ажил маш их бий. Тиймээс 10 мянга гэдэг тоо цаашид өсөх бүрэн боломжтой. Хөгжиж буй улс тул бүтээн байгуулалтын ажил өрнөнө шүү дээ.

0 Сэтгэгдэл
***** min durdee itgeed bgaarai
-Эмэгтэйчүүд нь хоёр жил, эрэгтэйчүүд нь гурван жилийн хугацаатай гэрээт цэргийн алба хааж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах боломжтой гэсэн тооцоо бий.
-Эмэгтэйчүүд нь хоёр жил, эрэгтэйчүүд нь гурван жилийн хугацаатай гэрээт цэргийн алба хааж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах боломжтой гэсэн тооцоо бий.
jenkogiin gar hul huuheldei...tserguud zam tavina gedeg jenkogiin ulger zohiejeee hi hi...
Tserguudiig ASHIGLAH gej bish uls eh oron, ard tumnii ayulgui baidliin tuluu BELDDEG. Teneg huuhen chini teneg yum yaridag bna sh dee.
цэрэгт явах сайхан
энэ одоо юу гэж хэнд таалагдах гэж элийрч балайраад байнө
Хамгийн их уншсан