Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ноён уулыг хамгаалж, Гацуурт ордыг ашиглахаар болов

Б.ШИРНЭН

Гацууртын алтны үндсэн орд “урт нэртэй” хуулийн үйлчлэлд багтдаг. Ингэснээрээ тухайн ордыг ашиглах боломжгүй байсан билээ. Харин тусгай лиценз эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компани Монгол Улсын Засгийн газарт хандан Гацуурт ордод хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлж, дээрх хуулийн үйлчлэлээс гаргаж өгөхийг хүссэн юм. Энэ дагуу Засгийн газар хуралдаж, тухайн ордыг стратегийн орд болгож, “урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргах шийдвэр гаргасан ч жил тойрон иргэний нийгмийн болон УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн дэмжлэгийг авч чадахгүй байсан юм. Тэгвэл өчигдөр УИХ Засгийн газарт дэмжлэг өгч, Гацуурт ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зөвшөөрснөөс гадна, Ноён уулыг тусгай хамгаалалтад авлаа.

Гацууртаас 34 хувь эзэмшинэ

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоож байна. Энэ бол хуульд заасан хамгийн дээд хэмжээ юм. Өмнө нь Засгийн газар Гацууртын ордоос төрийн эзэмшлийн хувийг 20 байхаар тогтоолын төсөл бэлтгэж байсан ч хүчтэй эсэргүүцлийн  улмаас “Сентерра гоулд Монголиа”, Засгийн газрын ажлын хэсэг дахин хэлэлцээрт орж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тохиролцсон юм.

Энэ хувь хэмжээн дээр дахин маргаан гараагүй бөгөөд харьяа байнгын хороо, УИХ-ын хэлэлцэх шатанд санал дүгнэлт хэлээгүй юм. Мөн Гацуурт ордоос эзэмших төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох орлогыг Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хэлбэрээр авахаар ярилцаж байгаа юм байна.

Батлагдсан байдлаар тухайн ордод оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар болж байгаа бол борлуулалтын орлогыг 1.8 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Харин татвар, хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөж, цэвэр ашиг нь 90.6 сая ам.долларт хүрэх аж. Сангийн яамны гаргасан судалгаагаар Гацуурт ордоос 432.3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манай улсад ногдоно гэсэн эдийн засгийн тооцоо хийжээ.

Алтны үнэ багадаа 1100, ихдээ 1400 байхаар тооцжээ

УИХ Гацуурт ордын 34 хувьд ногдох орлогыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэх эрхийг Засгийн газарт үлдээсэн. Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа юм. Тэгвэл Засгийн газар “Сентерра гоулд Монголиа” компанитай ажлын хэсгийн хэлэлцээ хийж дараахь байдлаар тохиролцоонд хүрээд байна. Үүнд,

• Тусгай зөвшөөрөл эзэм­шигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төл­бөрийг гурван хувиар төлөх

• Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавих

•Харин Засгийн газар алтны нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай талбө­рийн хэмжээг өөрчлөх хүсэл­тийг “Сентерра гоулд Мон­голиа” компанид гаргах юм.

Ноён уулыг тусгай хамгаалалтад авав

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацуурт ордыг ашиглахад иргэний нийгмийн зүгээс хамгийн их эсэргүүцэж байсан зүйл нь түүх, соёлын дурсгалт газар, Хүннү үеийн булш, бунхныг сүйтгэх гэж байна гэх тайлбар байсан. Гэхдээ Засгийн газар Гацууртын орд нь Хүннү үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлсээс долоон км-ийн зайтай гэж мэдэгдэж байсан юм. Мөн Шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгээс судалгаа явуулахад энэ талбай дээр булш, бунхан байхгүй гэсэн дүгнэлт гарч байсан байна. Дараа нь МУИС-ийн Түүх археологийн тэнхимээс судалгаа хийхэд түүхэн олдвор олдоогүй. Гацууртын ордыг олборлосноор түүхийн үеийн олдворуудыг сүйтгэх гэсэн зүйл байхгүй гэсэн юм. Тухайлбал, хойд, урд гэсэн хоёр Ноён уул байгаа. Хойд Ноён уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд байдаг. Нөгөө нь Хүннүгийн олдвортой. “Энэ аманд Хүннүгийн булш бунхан байдаг аж. Харин эндээс шулуун шугамаар буюу газрын зургаар Гацууртын орд хүртэл 5.8 км газар. Газар дээр нь яваад очихоор хоёр нурууг давж байж ордын тусгай зөвшөөрлийн цэгт хүрэг. Яг олборлолт хийх газар хүртэл дахиад 1.2 км-ийн зайтай. Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай гэсэн тооцоо гарсан юм.

Гэхдээ Ноён уул орчмын газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахын тулд наад зах нь 36 мянган га талбайг хамгаалалтад авах шаардлага гэж үзсэн юм. Харин өчигдөр УИХ байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх, соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус тусгай хамгаалалтад авахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан