Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрсний хэрэглээ цаашид буурах уу, өсөх үү


Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, хэрэглээ буурсаар байгаа нь  энэ салбарын шинжээчид, ажиглагчдын анхаарлыг татаж нэг хэсэг нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй энэ түлшний хэрэглээ, эрэлт  цаашид унана гэж байхад нөгөө зарим нь харин ч үнэ нь унаснаар хэрэглээ нь дахин өснө гэж байна.
Уг нь 2015 онд дэлхий дахины чулуун нүүрсний хэрэглээ 2014 оныхоосоо 47 сая тонноор буурсан гэж Олон улсын эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын илтгэлд дурджээ.

                Хувилбар 1. Нүүрсний хэрэглээ цаашид ч буурна

Шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ нь нүүрс түлдэг цахилгаан станцууд хуучран, хөгжиж байгаа орнуудад байгаль орчинд халгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ихээр ашигладаг болж хуучин технологиудаа халж байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм.
“2016 онд дэлхий дахины нүүрсний эрэлт, хэрэгцээ үргэлжлээд унана” гэж Олон улсын эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага тэмдэглээд ганцхан Энэтхэгт л нүүрсний хэрэглээ өссөн ч энэ нь ирэх онд ч хэвээр хадгалагдах төлөвтэй гэсэн байна.
2020 он гэхэд манай гаригийн нүүрсний эрэлт хэрэгцээ дөнгөж 500 сая болох бол, АНУ-ын хэрэглээ гэхэд л 75 сая тонноор буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн төсөөлөлд дурджээ.
Ер нь АНУ-ын Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлж байгаагаар байгалийн хий, бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах нь нэмэгдсээр байгаа нь нүүрсний эрэлт хэрэгцээг бууруулах болж энэ нь ч цаашид улам нэмэгдэнэ гэж байна.
АНУ цаашид нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихгүй гэдгээ мэдэгдлээ. Америкийн худалдааны танхимын мэдээгээр 2013 онд цахилгаан станцуудын 40 хувь нь нүүрсээр ажилладаг байсан бол энэ тоо 2030 он гэхэд 13 хувь болж хорогдоно гэж байна. Fox News хэвлэл өөрийнхөө интернет хуудсанд “Нүүрс мөхлөө. Хүлээн зөвшөөрөх цаг нь болж” гэж бичсэн байна.
Илтгэлд өнөөдөр хамгийн доод хэмжээндээ хүрээд байгаа нүүрсний үнэ дахиад өсч хуучин түвшиндээ хүрч магадгүй гэсэн байна. “АНУ-д байгалийн хий олборлох явдал нэмэгдэж байгаагийн ачаар нүүрсний салбарт гаргадаг зардал хумигдаж, нефтийн  үнэ унан нүүрс экспортлогч гол орнуудын үндэсний валютын ханш унаж байгаа, хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үүнд нөлөөлж мэдэх юм.” гэж үүнийгээ тайлбарлажээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн ази номхон далайн бүсийн Macquarie Research салбарын нэр хүндтэй шинжээчид “нүүрс бол эрчим хүчний тийм ч сайн эх үүсвэр биш” гэдгийг хүлээн зөвшөөрч байна. “Нэг цагт эрчим хүчний нүүрсний худалдаа хийх нь ашигтай, энэ хэрээрээ эрэлт нийлүүлэлт нь дээд цэгтээ хүрч байсан бол өнөөдөр энэ нь тийм ч ашигтай наймаа биш боллоо” гэж Macquarie Research-ийн шинжээчид хүлээн зөвшөөрч нүүрсний үнэ 2017 он хүртэл унасаар байх болно гэжээ.

Энэ агентлагийнхан нүүрсний эрэлт хэрэгцээ 1990-ээд оноос өсч харин дэлхийн нүүрсний талыг олборлодог байсан Хятадад жил бүрийн нүүрсний хэрэглээ нь өсч дотоодын зах зээл дэх эрэлт нь 10 хувиар нэмэгдэж байсан гэжээ. Энэ хурд Хятадад 1991-2015 он хүртэл үргэлжилсэн юм. Тэгэхэд АНУ-ын нүүрсний хэрэглээ энэ хугацаанд жилд сайндаа л 2,5 хувь өсч байсан юм шүү дээ.
Гэтэл зөвхөн 2015 онд гэхэд л Хятад улс 55 ГВт цахилгаан эрчим хүчийг нүүрсээс  биш буюу ус, салхи, нарны болоод атомын эх үүсвэрээр гарган авсан байна.

            Хувилбар 2. Нүүрсний эрэлт нефтийг гүйцэж түрүүлнэ

Гэтэл 2020 он гэхэд нүүрсний хэрэглээ 25 хувь өсч нүүрс манай гаригийн хамгийн их эрэлттэй түлш болон нефтийг гүйцэж түрүүлнэ  гэж олон улсын шинжилгээний Wood Mackenzie компани үзсэн байна. Тэднийхээр бол энэ хэрэглээний гуравны нэгийг Хятад улс эзлэх юм байна. Энэ хугацаанд нүүрсний хэрэглээ 2,3 тэрбум тонноос бараг 3,6 тэрбум тоонн хүртэл өсөх бол  нефтийн хэрэглээ 3,5 тэрбум тонноос 4,0 тэрбум тоннд л хүрэх юм байна. Нүүрсний хэрэглээ ингэж өсөх нь Хятад, Энэтхэгийн хэрэглээ өсөхтэй холбоотой гэнэ.
Энэ бүхнийг тус байгууллагын шинжээчид нэгдүгээрт японы “Фукусимо-1” станцад болсон ослын дараанаас улс орнууд эрчим хүчний атомын эх үүсвэрээс татгалзаж байгаа явдал,  Герман зэрэг орнууд атомын цахилгаан станц ашиглахыг бүрэн хориглож байгаатай холбоотой  гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн тэргүүн Сергей Пикин дурджээ. Эндээ тэрээр байгалийн хий ашиглах нь нэмэгдэж байгаа ч энэ нь тийм ч их хурдтай биш байна гэжээ.
Хоёрдугаарт дэлхийн зах зээл америкийн хямд нүүрсээр дүүрсэн нь хэрэглээг өсгөнө гэж байна. АНУ “занарын хувьсгал”-ынхаа хүрээнд хямд, байгаль орчинд аюулгүй түлш үйлдвэрлэж байгаа нь нүүрсний үнийг ийн унагаж байгаа юм.  Тэд ийм хийгээ гадаадад гаргахгүй байгаа нь гадаадад гарч байгаа нүүрс нь хямдрахад нөлөөлж байгаа юм байна.
Нүүрсний эрэлт, нийлүүлэлт цаашид өснө, нүүрч ач холбогдлоо хэзээ ч алдахгүй  гэж үзэгчид манай гариг дээр олборлож байгаа нүүрсний 15 хувь нь коксжих нүүрс байгаа нь ган үйлдвэрлэл хөгжсөөр байгаа үед эрэлт, хэрэгцээтэй байсаар байх болно гэж байна. Ган үйлдвэрлэлд нүүрстэй өрсөлдөх түлш нь байгалийн хий болж байгаа ч олон  улс оронд нүүрснээс үнэтэй байгаа болохоор коксжих нүүрс үнэ цэнээ алдахгүй гэж тэд үзэж байгаа юм.

Улс орнууд агаар мандлыг нүүрс хүчлийн хийгээр бохирдуулах явдлыг хязгаарлахыг эрмэлзэж байгаа ч энэ нь нүүрсний хэрэглээнд нэг их нөлөөлж чадахгүй гэж Wood Mackenzie-ийн шинжээчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан