Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манжуурт “Олон улсын техник технологийн үзэсгэлэн” амжилттай болж өндөрлөв


Э.ГАНЦЭЦЭГ


Хятадын умард бүс нутгийн олон улсын техник технологи, шинжлэх ухааны 13 дахь удаагийн үзэсгэлэн яармаг Манжуур хотноо энэ сарын 3-5-нд амжилттай болж өнгөрлөө.

Хятадын Шинжлэх ухаан, техник технологийн яам, Инженерийн академи, ӨМӨЗО-ы Засгийн газар, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Оросын Байгаль нуурын бүс нутгийн Засгийн газар, Оросын холбооны Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн яармаг нь гурван улсын хамтын ажиллагааг шинжлэх ухаан, техник технологийн салбарт хөгжүүлэх ач холбогдолтой хэмээн талууд онцолж байлаа.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Олон улсын техник технологийн үзэсгэлэн яармаг хэдийнэ дэлхийн хэмжээнд танигджээ. Монгол, Орос, Хятад гурван улсын оролцогч, үзэгчдээр хязгаарлагддаг байсан бол өдгөө Герман, Солонгос, Малайз, Камбож, Армени зэрэг 10 гаруй орны иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагууд бүтээгдэхүүнээ дэлгэн оролцох болж. Үзэсгэлэнд оролцогчдын тоо 9600 хол давж, 31 мянган нэр төрлийн бүтээдэхүүн дэлгэгдэж, үзэгч, бизнес эрхлэгчдийн тоо хэдийнэ 430 мянгад хүрчээ. Түүнчлэн, энэ үеэр 960 гаруй хэлэлцээр хийгдэж, үзэсгэлэнд оролцогсод нийт 32 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Энэхүү үзэсгэлэн нь Хятад, Монгол, Орос гурван улсын техник технологийн шилдэг бүтээл сурталчлах, харилцан туршлага солилцох өндөр ач холбогдолтой төдийгүй тэдгээр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гарах нөхцөлөөр хангаж байгаа юм. Жилээс жилд оролцогч байгууллагын тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанаржиж байгаа нь умардын үзэсгэлэнгийн нэр хүнд, цар хүрээг тэлж Манжуур хотын “нэрийн хуудас”  болоход нөлөөлсөн байна.

Үзэсгэлэнгийн талбай нийт гурван заалнаас бүрдсэн бөгөөд дотроо мянга орчим лангуу, гаднаа 10 мянган ам.метр үзүүлэнгийн зориулалтын талбайтай байсан юм. Үзэсгэлэнгийн үеэр Орос, Монгол, Хятадын техник технологи, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Гуандун, Гуанши муж болон Монгол Улс хамтран ажиллах, Хятад, Орос, Монгол гурван улсад хэн хэнд нь ашигтай байх эдийн засгийн  коридорыг бий болгох хамтын ажиллагааны форум болов. Түүнчлэн, Орос, Монгол, Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн техник технологийн хэлэлцэх хурал, төсөлд гарын үсэг зурах ёслол болсон юм.


“Органик” Монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл сонирхож байна

Умардын олон улсын техник технологийн үзэсгэлэнд манай улсаас их дээд сургууль, хүрээлэнгийн 24 төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгчид оролцсоноос Монгол Улсын ууган байгууллагын нэг болох Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 13 дахь жилдээ оролцож буй. Одоогоос нэгэн жарны өмнө байгуулагдсан тус хүрээлэн өдгөө гарааны компанитай болж, зах зээлд 10 гаруй нэр төрлийн эм, эмийн бодис нийлүүлж байгаа аж. Өнөө жил  үзэсгэлэн зохион байгуулагчид үйлд­вэр­­лэлд шинэ технологи нэвт­рүүлсэн эсэх буюу иннова­цыг үйлвэрлэлдээ хэрхэн нэвтрүүлсэн талаар үзэсгэлэнд оролцогчдод гол шалгуур болгосон гэнэ. Иймд манай улсаас ихэвчлэн хүрээлэн, лабораторын дэргэдэх гарааны компаниуд энэ удаагийн үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. НЭМХ-гийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал “Манай хүрээлэнгээс гол нэрийн таван бүтээгдэхүүнээ танилцуулахаар ирсэн. Тодруулбал, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, хепатитын С вирусийн олон угшилт өвөрмөц иммуноглобулин, балнадын нян залгиур, судасны иммуноглобулин, томуугийн эсрэг вакцин байгаа. Энэ дундаас галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг онцолмоор байна. Учир нь, энэ төрлийн вакцин Хятадын гэлтгүй дэлхийн зах зээлд өндөр үнэтэй байдаг. Харин манайх эх орондоо үйлдвэрлэсэн тарилгаа илүү хямд үнээр санал болгож байна. Хүмүүс ч их сонирхож байна” гэсэн юм. Эднийх Өвөрмонгол, Хөх хотын олон улсын эмнэлгийн хороотой хамтран ажилладаг учраас Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлжээ.

Түүнчлэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн шинэ эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалж байв. Хэдийнэ бидний танил болсон “Сүүлэнхүү” брэнд өнөө жил анх удаа тус үзэсгэлэнд оролцож байгаа аж. Зөгийн бал, уурагтай сүүлний тос, биеийн шингэн саван гээд “Сүүлэнхүү” брэндийн цуврал бүтээгдэхүүн үзэсгэлэн сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байсан юм. Мөн Ерөнхий болон сорилгын биологийн хүрээлэн Монгол Алтайн барагшунаа танилцуулж байлаа. Эрүүл мэндийн байгууллагууд энэ мэт шинэ төрлийн эм, бэлдмэлээ санал болгож байсан бол Хөвсгөл, Дорнод, Ховд аймгаас ирсэн хувиараа бизнес эрхлэгчид ааруул цагаан идээ, архи, ус, жүүс, жимсний чанамал, дээл хувцас, ноос ноолууран эдлэл гээд өөрсдийн гараар урласан зүйлсээ дэлгэн худалдаалж байсан юм. Хятадын иргэд “Хужирт”, “Дорнод” брэндийн цэвэр усыг ихээр сонирхож, худалдан авч байв. Түүнчлэн, ноолууран хувцас эрэлт ихтэй байлаа. Үзэсгэлнгээс нэг зүйл анзаарагдсан нь хэдий Монгол бүтээгдэхүүн органик, цэвэр байгалийн гаралтай ч баглаа боодол, өнгө үзэмжний хувьд сайжруулахаар зүйлс олон байв. Ямартай ч, Хята­дын төдийгүй дэлхийн зах зээл “органик” Монгол бүтээг­дэ­хүүнийг ихэд таашааж байсан нь үзэсгэлэнгээс харагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан