Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр нуруун дээрх ачаагаа буулгах хүсэл байвч...


Н.БАТ

Монгол Улсын нийт автозамын урт нь 49900 км. Үүнээс улсын чанартай автозам нь 12700 км. Тиймээс Үндэсний хөгжлийн цогц бодлогод 2021 он гэхэд Монгол Улс 10 мянга гаруй км хатуу хучилттай автозамтай болно гэж тусгасан юм. 2010 онд гаргасан судалгаагаар 2830 км хатуу хучилттай автозамтай байсан улс 10 жилийн дотор энэ зорилгодоо хүрэхийн тулд багадаа 1000 км хатуу хучилттай автозам жил бүр барьж байгуулах зайлшгүй шаардлага тулгарна. Гэвч тэр их мөнгийг Монгол Улс жил бүр төсөвтөө суулгах боломж бий юу.

2013-2015 онд үндсэндээ хамгийн их хөрөнгө замын салбарт зарцуулж, тэр хэрээр бүтээн байгуулалт хийсэн 2013 онд 1824, 2014 онд 831, 2015 онд 729 км хатуу хучилттай автозам тавьсан хэмээн Засгийн газрын тайланд дурдсан байдаг.  Энэ бол хүн бүрийн ад үзээд байгаа Чингис бондоор хийсэн гялтайх ажлын нэг. Уг нь 2016 он гэхэд бүх аймгаа хатуу хучилттай автозамаар холбоно гэсэн том зорилго дор автозамын салбарынхан ажилласан юм. 2016 онд 1500 гаруй км замын ажил хийж, Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгаа автозамаар нийслэлтэй холбоно гэж байсан эдийн засгийн хямралын улмаас гээд энэ ажлын хурд ч саарсан.

Шинээр байгуулагдсан МАН-ын Засгийн газрын 100 хоногийн үеэр үлдсэн зургаан аймгаа автозамаар ирэх жилүүдэд холбоно хэмээн ЗТБХБ-ын сайд хэлж байсан. Тэгэхээр энэ ажлын хурд эрс саарсан нь тодорхой. Эдүгээ Монгол Улсын хатуу хучилттай автозамын урт 5354,6 км урт болоод байна. Нэгэнт л хөгжлийн зүг тэмүүлж байгаа улсад автозам бол хамгийн чухал дэд бүтэц. Гэхдээ автозамын хөгжил жилд хэдэн км урт хатуу хучилттай автозам тавьсан бэ гэдгээр хэмжигддэггүй. Улсаас их хэмжээний мөнгө зарж барьсан замаа хэрхэн олон жил ашиглаж болох вэ, улсын энэ хөрөнгийг хэрхэн үрэгдэж үгүй болгохгүй вэ, автозамаар зорчиж буй иргэн бүрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гээд олон асуудал дагуулдгийг хэн бүр мэднэ.

Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар  Монгол Улс жилд дунджаар 2000 км автозамын засвар арчлалтын ажил зайлшгүй хийх шаардлагатай гэнэ.  Дунджаар 55 тэрбум төгрөг энэ ажилд зарцуулах шаардлагатай гэж үзсэн байна. Гэвч сүүлийн таван жилд замын засвар, арчлалтанд нийт 87 тэрбум төгрөг хувиарласан байгаа юм. Зам Тээврийн яамны мэргэжилтэн Х.Оргил-Эрдэнийн хэлснээр 2020 он гэхэд нийт 7000 гаруй хатуу хучилттай автозамын засвар арчлалтыг дунджаар 65 тэрбум төгрөгөөр хийх нь. Үүнээс 15 тэрбум төгрөгийн замын сангийн төлбөр хураамжаар бүрдүүлнэ гэж тооцож буй аж. 2017 оны төсөвт замын арчлалт, засварт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 487 км замд нэн яаралтай засвар хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Автозам арчлалтын компаниудыг хувьчлах уу, болих уу

Ато замын засвар арчлалын компаниуд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагдаж, өр авлагаа тооцуулж, ажлаа дүгнүүлдэг. Сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллах болсон тус компаниудын ажлыг хувийн компаниуд хариуцан ажиллах боломжтой хэмээн нэг талаас үздэг. Өнгөрсөн сард төрийн өмчит компаниудыг тоолж, өр авлагын асуудлыг нарийвчлан гаргах үеэр ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ирэх жилд хувьчлах компанийн жагсаалтад аймгуудын АЗЗА-ын компаниудыг оруулах хэрэгтэй гэж байсан юм. Гэвч үүний араас эдгээр компанийг хувьд шилжүүлчихвэл улсын өмч болсон зам эзэнгүйдэж, сүүлийн хэдэн жилд чардайн байж хийсэн шинэ замуудын ажил үр ашиггүй зүйл болчихвий гэх асуудал гарч ирсэн юм. Учир нь хувийн компани бол ашгийн төлөө явах нь зүй. Төрөөс төсөвлөж өгсөн мөнгөнд тааруулж ажиллах уу, эсвэл замуудаа бас хувьд шилжүүлж авах уу, хэрхэн хөрөнгө босгож ажиллах вэ гэх зэргээр олон асуудлыг шийдэх шаардлагатай болов. Тиймээс ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор мэргэжлийн байгууллагуудыг цуглуулан тэдний саналыг юун түрүүнд сонсч, зөвлөмж боловсруулан асуудлыг нэгтгэн шийдэх нь зүй гэсний үндсэн дээр нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулав.

Өнөөдөр Төрийн өмчит гэх 20 компани улсын чанартай 8521 км автозамыг хариуцан ажилладаг.1000 гаруй ажилтан 400 орчим техник технологитой эдгээр компани 2011-2015 онд орлого зарлагын хувьд нэлээн өссөн бол 2015 оноос эрс буурсан гэнэ. 2011онд 217 сая, 2012 онд 621 сая төгрөгийн ашигтай ажилласан ч 2013 онд 526 сая төгрөгийн алдагдалтай, 2014 онд 536 сая төгрөгийн ашигтай, 2015 онд 1,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 4,6 тэрбум төгрөгийн машин тоног төхөөрөмжийн урт хугацаат зээлтэй  гэсэн баримт бий.
Үндсэндээ төрийн санхүүжилт хангалтгүй, тогтсон цагтаа ордоггүй гэх зэрэг шалтгаанаар машин механизм тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж чаддаггүй.    Өнөөдөр мөрдөгдөж байгаа зах зээлийн үнэ ханшаас доогуур нормтивтэй. Ашиг орлого багатай учраас мэргэжлийн сайн боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулах нь хүндрэлтэй гэх зэрэг олон шалтгаан тэднийг хувьд шилжүүлэх нь дээр гэх сэдлийг буй болгож байгаа нь тодорхой.

Харьяалах эзэн олонтой ч халамж тавих нь бараг үгүй

Зам тээвэр хөгжлийн төвийн захирал Р.Буд ийн хэлээд аймгуудын Автозам засвар арчлалтын компаниудыг яг одоогоор хувьчлах нөхцөл, хугацаа нь болоогүй байна гэв.

 Монгол бол автозамын өөрийн гэсэн онцлог сүлжээтэй. Томоохон даваа ихтэй учраас өвлийн улиралд арчлалтын компаниуд багагүй ачаалалтай ажилладаг. Өнөөдрийн байдлаар 47 хэсэгт шуурхай ажлын хэсэг байгуулж, тоног төхөөрөмж хүн хүчээ төвлөрүүлэн ажиллаж буй. Гэтэл тэдний хувьд чичлэх эзэн олонтой. Р.Буд захирлын хэлснээр “Төрийн өмчит гэдгээрээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагдаж байгаа боловч орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас орон нутгийн засаг захиргааны харьяанд ч юм шиг ажилладаг. Хийж гүйцэтгэж байгаа гэрээт ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн төв, ЗТБХБЯ-ны харьяаных мэт, мөнгөө авах болохоор Сангийн яам хүртэл явдаг. Ийм олон давхар харьяалалтай. Гэтэл компанийн чадавхийн хувьд үнэхээр доогуур.  Тэрбум хүртэлх төгрөгийн өртэй, 600 хүртэл сая төгрөгийн авлагатай, дунджаар ажилчид нь 288 мянгаас 800 мянган төгрөгийн цалинтай. Хэдийгээр мэргэжлийн инженерүүдтэй ч даамлуудын хувьд ихэвчлэн мэргэжлийн бус байна. Мэргэжлийн нэгдсэн удирдлагагүй, боловсон хүчний бодлого алдагдсан. Харьяа байгууллагуудын нэг нь ч үүнд анхаардаггүй” гэнэ.
Тиймээс 60 гаруй хувь нь техник технологийн шинэчлэл сүүлийн 5 жилд  огт хийж чадаагүй. Байгаа хэд нь элэгдэл хорогдолд орчихсон. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл ч  байхгүй болсон гэхэд хилсдэхгүй болж. 

“Хувийн компаниудын хариуцсан замын хувьд зуны улиралд эзэнгүйддэг. Уг нь зундаа бүх засвар арчлалтын ажлаа амжуулах ёстой ч, ашигтай ажилдаа илүү анхаарлаа хандуулж, барилгын ажлын тендерт оролцож ажиллах нь элбэг учраас замын ажлыг үндсэнд нь орхигдуулдаг” хэмээн Р.Буд захирал хэлээд “нэгдүгээрт, үнийг чөлөөлөөд төр зохих хөрөнгөө төсөвлөөд байвал хувьчлахад асуудал алга. Гэтэл нэг жил шаардлагатай хөрөнгийг таван жилд төсөвлөж байгаа тохиолдолд төрийн зохицуулалт байхаас өөр аргагүй. Хэрвээ хувьчилбал, Монгол улсын автозам эзэнгүй болно. Хоёрдугаарт, хувьчлагдсан компани гэдэг ашиг л хөөнө. Тэгэхээр ашиг хөөх компани ашиггүй салбартаа санаа тавих нь юу л бол. Аймгуудын АЗЗА-г нэг удирдлагатай болгох шаардлагатай. Нэг газрынх нь харьяалалд оруулах хэрэгтэй” гэсэн юм.

“Ер нь, 12600 км улсын чанартай замын засвар арчлалтанд  120 гаруй компани ажиллах шаардлагатай. Олон улсын стандартын дагуу ажиллана гэвэл үүнээс ч олон байх ёстой. Цаашид энэ салбарт ажиллагсдыг хувийн хэвшил байхаар тооцож төлөвлөх нь тодорхой. Мөн томоохон даваа гүвээг аж ахуйн нэгж айл өрхөд түрээсээр хариуцуулах арга замыг судлах. Автозамын засвар арчлалтын компаниудыг бүсчлэн хөгжүүлэх нь чухал. Маш их хүнд суртал байна. Нэг ажил хийх гэж хэчнээн хүнээр гарын үсэг зуруулж, хянуулж явж байна. Хүнд суртал маань хэдэн компанийнхаа захирлуудын нурууг авчихдаг.  Ажлын шуурхай байдлыг хангаж итгэлцлийг бий болгох шаардлагатай. Улс болон олон улсын чанартай замаа үнэлэх зайлшгүй шаардлага бий”  хэмээн өөрийн санаа бодлыг хуваалцав.

Хувийнх уу, улсынх уу

Одоогоор хувийн 8 компани 3869 км замыг хариуцан ажиллаж байгаа аж. Саруул харгуй компанийн захирал Б.Содмөнхийн хэлснээр эдийн засаг, улстөрөөс хараат бус байх нь тэдэнд олон талын давуу байдлыг буй болгодог гэнэ. Гэвч зам арчлалтаас ашигтай ажиллана гэдэг тун хүндрэлтэй байгаа учраас ихэвчлэн барилгын ажлын гүйцэтгэлээр ашигтай ажиллаж байна хэмээн хүлээн зөвшөөрсөн. Харин төрийн өмчит “Төв АЗЗА” компанийн захирлын хувьд 1 тэрбумаас дээш төгрөгийн ажил хийж байж, 1 төгрөгөөс 1 мөнгөний ашигтай ажиллах тухай ярьж болно. Түүнээс өнөөдрийн хувиарлаж байгаа 70 гаруй сая төгрөгт ашигтай ажиллах тухай ярих боломжгүй гээд 2012 онд Төв аймгийн замын тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй ажил авсны хүчээр техникийн шинэчлэл бага ч атугай хийх боломжтой болсон. Мөн төрийн өмчит компанийн захирлууд улс төрөөс хамааралтай дөрөв, заримдаа хоёр жилийн үечлэлтэй ажилладаг нь компанийн үндсэн үйл ажиллагаанд ч нөлөөлж байгааг сануулав. Мэдээж, төрийн өмчит компанид илүү олон зовлон бэрхшээл байгаа нь тодорхой. Хувийн компаниудад ч илүү олон давуу тал байсан юм. Гэвч зам эзэнгүйдвэл ямар байдал үүсэх вэ гэдэг эцсийн дүнг л тооцох нь юу юунаас чухал биз.
Баахан хөрөнгө зарцуулж тарьсан моддоо бид эзэнжүүлж чаддаггүй учраас жилийн дараа л сугалахаас өөр аргагүй байдалд ордог. Тэгвэл зам эзэнгүйдвэл зорчигчдын аюулгүй байдлаас эхлээд улсын зарцуулсан хөрөнгө салхинд хийснэ. Эдийн засгийн хувьд хэдий хэмжээний хохирол амсахыг ч тооцоолох хэрэгтэй. Гэхдээ хувийнхан төрийн компаниудаас илүү ажилладаг нь бодит амьдрал дээр хамгийн тодорхой байдаг зүйл. Хамгийн гол нь хаа хаанаа хариуцлагаа ухамсарлаж хүлээж сурах нь чухал. Улс хийлгэсэн ажлынхаа мөнгийг өгдөг, хувь нь хариуцсан ажлаа чанартай хийж чаддаг, түүндээ эзэн болчихдог бол төрийн нуруун дээрх ачааг хувь руу шилжүүлэх шиг сайн зүйл хаа байх билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан