Жил бүр 120 мянган хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэдэг. Үүний дийлэнх хувийг бөөр шилжүүлэн суулгах мэс засал эзэлдэг. Зарим тохиолдолд амьд донороос эрхтнийг нь шилжүүлэн суулгадаг ч үлдсэн хувьд нь гэнэтийн осолд орсон, зүрхний шигдээс болсон, эсвэл цус харваж талийгч болсон нэгний эрхтнийг шилжүүлэн суулгадаг. Шинжлэх ухааны ололт дэвшлийн ачаар энэ төрлийн мэс засал хөгжсөн ч тохирох донор олдохгүй, эсвэл гэнэтийн осол эндэгдлээр өнгөрсөн хүний эрхтнийг шилжүүлэхэд цаг хугацаа алдах зэргээс болоод олон сая хүн эрүүл эрхтэн хүлээж байхдаа нас барж байна. Тийм ч учраас судлаачид хүний эрхтнийг заавал хүнээс авахгүйгээр ургуулж, бий болгох аргыг туршиж эхэлсэн. Эрдэмтэд олон янзын арга туршиж байгаагийн нэг нь 3D-гээр хэвлэх арга юм. “Био хэвлэл” гэж нэрлээд буй энэ арга одоохондоо туршилтын түвшинд яваа ч 3D-гээр хэвлэсэн эдийг эмийн туршилтад ашиглах зорилгоор аль хэдий нь худалдаанд гаргаад эхэлжээ.
2000-аад оны эхэн үеэс хөгжиж эхэлсэн “био хэвлэл”-ийн процессыг тайлбарлавал ерөнхийдөө амьд эсийг хэвлэгч машины хошуун дээр гэмтээхгүй цацсаны дараа эсүүд хоорондоо нэгдэж, урган төлжөөд амьд эд болдог аж. Ийм процессоор чих, яс, булчинг амьтанд ургуулж, шинээр ургасан эд эрхтэн хэрхэн эзнийхээ биетэй нэгдэн нийлж байгааг эрдэмтэд цөөнгүй туршилтаар харжээ. Өнгөрсөн жил гэхэд Чикагогийн Нортвестерн их сургуулийн хэсэг судлаач хулганы биед хиймэл өндгөвч ургуулсан байна. Харин одоогоор хүнд зориулан бэлгийн булчирхай ургуулах буюу хэвлэх талаар хаана ч тодорхой туршилт хийгээгүй байна. Харин цусны судсыг ургуулах туршилт нэлээн амжилттай яваа аж. Хятадын Ченду хот дахь “Сычуань Ревотек” биотехнологийн компани артерийн судсын нэг хэсгийг сармагчинд суулгасан байна. Одоо энэ туршилтаа хүн дээр хийхээр төлөвлөж байгаа аж. “Био хэвлэл” хөгжсөнөөр амьтны эрхийг зөрчлөө хэмээн нэлээн маргаан шүүмжлэл дагуулдаг туршилтад амьтан оруулахын оронд ЗD-гээр хэвлэсэн эд, эрхтэнд шинэ эм, бэлдмэлийг турших боломж нээгдэнэ. Нөгөө талаар амьтанд бус хүний эд эрхтэнд туршилт хийснээр эм хангамжийн компаниуд илүү нарийвчилсан дүн шинжилгээ хийх давуу талтай. Яг ийм зорилгоор “L’Oreal”, “Procter & Gamble” зэрэг компани хүний арьсыг “хэвлэхээр” ажиллаж байна. “L’Oreal” гэхэд хуучны технологийг ашиглан жилд таван метр шахам арьс хэвлэдэг болжээ. Био хэвлэл хөгжсөнөөр цаашид үүнээс ч их арьсыг хэвлэх боломжтой бөгөөд ганцхан төрлийн арьс бус яг хүнийх шиг хуурай, тослог, эмзэг гээд төрөл бүрийн арьс ургуулж болох ажээ.
Арьсыг ургуулснаар зөвхөн гоо сайхны компанийн туршилтад ашиглахгүй. Арьсны янз бүрийн шархлаа, түлэгдэлтийн үед нөхөн сэргээх зорилгоор ашиглах юм. Ингэхдээ арьсыг тусгай лабораторид хэвлэх биш, харин өвчтөний өөрийнх нь бие дээр ургуулах аргыг судлаачид сонирхож байна. АНУ-ын Пенсильвани дахь “Renovacare” хэмээх компани түлэгдсэн өвчтөний шархан дээр үүдэл эсийг цацах “буу” зохион бүтээж байгаа аж. Үүдэл эс нь эсийг бий болгодог анхдагч эс юм. Үүдэл эсийг тухайн өвчтөнөөс авах учраас арьс ургуулах явцад дархлааны систем нь гадны эд гэж хүлээн авахгүй байх давуу талтай аж.
Хүний эсийн тусламжтайгаар эд ургуулах анагаах ухааны энэ бүх туршилт, ололт амжилт нь эцэстээ хүний эрхтэнг бий болгох, эрүүлжүүлэх зорилготой. “Roots Analysis” хэмээх анагаах ухааны технологийн компанийн төсөөлж буйгаар зургаан жилийн дотор эрдэмтэн судлаачид хүний элгийг ургуулчих болов уу гэсэн найдлага тавьж байна. Өөрөө нөхөн төлждөг эрхтний хувьд элгийг ч мөн төдий хугацаанд био хэвлэлийн тусламжтайгаар ургуулж чадна гэсэн хүлээлт байна. Харин зүрхний хувьд илүү урт удаан хугацаа шаардлагатай аж.