Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

29 дүгээр сургуулийн удирдлагууд номхорчээ


                    -Эцэг, эхчүүд төдийгүй багш нарыг  дохионы хэлний сургалтад хамруулж эхэлжээ-

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн зарим сурагч өнгөрсөн сард багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл зарлаж хичээлээ хаясан. Энэхүү үйлдлээ бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл дохионы хэлийг чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна хэмээн тайлбарласан. Мөн багшийн ур чадвар, харилцаа, ёс зүйн асуудлаар БСШУСЯ-ны удирдлагуудад гомдол гаргаснаар асуудал олны анхаарлын төвд очсон гэхэд болно.

Тэр бүү хэл, хичээл хаясан сурагчдын нэг С.А нь БСШУСЯ-нд хүргүүлсэн шаардлагын хариу ирэхгүй бол 4 сарын 7-нд Сүхбаатарын талбай дээр жагсаал хийнэ, дэмжих нь ирээрэй хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан уриалж байсан удаатай. Харин яг энэ өдөр нь БСШУС-ын сайдын тушаалын дагуу сургуулийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг судалж дүгнэлт гаргах чиг үүрэгтэй томилогдсон ажлын хэсэг хэвлэлийнхэнд дүгнэлтээ танилцуулсан юм.

Дүгнэлтэд:

-Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш суралцагчийн хоорондын ойлголцол харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүйгээс үл ойлголцол үүсэх хандлага байгааг анхаарч, багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох

-Багш нарын дохионы хэлний ур чадвар сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай сургалтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах гэсэн хэсгүүд багтсан байсан.

Гэвч ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг сонсголгүй хүүхдийн хос хэл, соёлын боловсролын болон эрт оролцооны боловсролын Монгол Улсын хэмжээний цор ганц мэргэжилтэн болох Б.Намираа дараахь байдлаар тодорхойлсон байна.

  “Богино хугацаанд багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, дохионы хэлийг нь сайжруулах шийдвэр гарчээ. Энэ бол зүгээр л гал унтраасан, юм хийсэн, хийж байгаа харагдах гэсэн хуурамч шийдвэр гэж би харж байна. Их сургуульд 3-4 жил үздэг сонсголгүй хүүхдийн тусгай боловсролыг энэ багш нар богинохон хугацаанд мэддэг болно гэж үү?!?!?

Дохионы хэл бол нэг бие даасан хэл, өөрөөр хэлбэл эдгээр дохионы хэлгүй багш нарын хувьд нэг гадаад хэл юм. Тэгвэл нэг гадаад хэлийг богино хугацаанд гялс сураад мундаг болох боломж байдаг билүү? Эдгээр багш нар онцгой авъяастай л биш бол ингэх боломжгүй. Мэргэжлийн хүний хувьд энэ дүгнэлтэд сэтгэл дундуур байна. Эндээс сонсголгүй хүүхдүүд юу ч хожихгүй, ямарч өөрчлөлт гарахгүй, дохионы хэлгүй багш, чадваргүй захирал, завхарсан сургалт арга зүй, бэлгийн хүчирхийлэл байсаар байх болно. Монголд дүлий хүн болж төрснөөс Америкт дүлий нохой болж төрсөн нь дээр юм байна” гэжээ.

Тэгвэл дээрх тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч эхэлжээ. Тодруулбал,  Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургуулийн том зааланд эцэг, эхчүүдэд зориулсан дохионы хэлний сургалтыг нэгэн ТББ явуулж эхэлсэн байна. Үнэ төлбөргүй энэ  сургалтад бүхий л ангийн хүүхдүүдийн эцэг, эхийг хамруулж байгаа юм байна.  Гэхдээ ирэх намраас төлбөртэй болгож эцэг, эхчүүдээс 5000, багш нараас 10,000 төгрөгийн хураамж авахаар болжээ.

Ийнхүү 29 дүгээр сургуульд олон жил бугшсан гэх асуудал ил болж эхнээсээ зөв голдирол руугаа орох шатандаа явж байгаа нь энэ. Тиймээс эрхийнхээ төлөө дуугарч үнэнийг илчлэн гаргаж тавьж чадсан С.А тэргүүтэй хүүхдүүдэд талархах нь зүйн хэрэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан