Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Насанжаргал: Шинэ цагийн Бодоо нар гарч иржээ



А.ЭРХЭС

Монголын чөлөөт бөхөд амьдарлынхаа 40 гаруй жилийг зориулж яваа Олон усын хэмжээний мастер, дасгалжуулагч Ө.Насанжаргалтай ярилцлаа. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны нэр хүндийг элдэв хов жив хэрүүлтэй хутгах ёсгүй хэмээн өөрийн байр сууриа ийн илэрхийлсэн юм.

-Нэг хэсэг Монголын чөлөөт бөхийн холбоо уначихлаа, өндийхгүй нь гэж их шүүмжилдэг байсан. Дараахан нь удирдлагууд нь солигдсоноос хойш амжилттай явна гээд амтай болгон нь магтсан. Гэтэл өнөөдөр хэдэн багш, тамирчид нь хэвлэлээр холбооны удирдлагуудаа муу хэлээд яваад байна?
-Ах нь олон жил бөхийн төлөө явсан хүн. Олон ч жил барилдсан, багшаар ажилласан. Сүүлийн үед чөлөөт бөхийнхний үйл хэрэг, дотоод амьдралыг анхааралтай ажиглаж ирлээ. Эхлээд өөрийн ажиглалтын талаар ярихаасаа урьтаж өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбоо ямар байсныг нь хэлэх нь зүйтэй болов уу.
1993-2008 он хүртэл Монголын чөлөөт бөхийн холбоонд Басхүү гэж хүн дангаар ноёрхсон байдаг юм. Ерөөсөө л хувийн өмч шигээ үзэж,  ашигласан. Шүүгч гэхээр Басхүү байдаг, гадаадын тэмцээн уралдаанд явах, шагнал урамшуулал авах болохоор мөн л Басхүү байдаг. Үүнийг нь тэр үеийн шүүгч, багш дасгалжуулагчид бүгд мэднэ. Ганц жишээ хэлэхэд, түүний дангаараа ноёрхсон 20 гаруй жилд Адъяатөмөр гэж ганц хүн л гавьяат дасгалжуулагч болсон байдаг юм. Гэхдээ нэлээд адармаатайгаар гавьяат болсон. Басхүү ч гавьяат болгочихсон юм биш. Анка Ганбаа Сүхбатаар хөөцөлдүүлж байж гавьяат болгосон байдаг. Нэг үгээр хэлбэл, шавь нар нь хөөцөлдөж гүйсээр багшийгаа гавьяат болгосон хэрэг. Уг нь, тэр үед гавьяат дасгалжуулагч болох боломжтой олон дасгалжуулагч байсан. Харамсалтай нь, дасгалжуулагчийнх нь алдар, шагналыг өгүүлээгүй. Шагнал урамшууллыг өөрөө л авна. Энэ үед Энхтайван, Лу.Энхбаяр, Ихбаяр нарын шагналыг ч өгүүлэхгүй их удсан. Болд, Өсөхбаяр хоёр тухайн үед холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Бадамжунай даргад танилцуулж нэлээд хөөцөлдсөний үр дүнд гавьяатыг нь олгуулсан байдаг.

-Ер нь, энэ А.Басхүү гэж яачихсан хүн бэ. Үнэхээр болж бүтэхгүй зүйл хийдэг байсан хэрэг үү. Хүмүүс бол түүнийг их л нэр алдартай шүүгч гэж хардаг?
-Хүмүүсийн мэдэхгүй их олон муухай зүйлийг хийсэн дээ. Архи их уудаг болсноосоо хойш олимп шүүх эрхээ хасуулж байлаа. Мөн олон ч хүнд хууль бусаар виз гаргаж өгсөн гээд яривал их юм бий.Түүний визний наймааг олон ч хүн гэрчилдэг. Визний наймааг цэцэглүүлсэн гэж хэлж болохоор. Өөрийн унаган шавь Ганболдоос хүртэл 5000 ам.доллар аваад АНУ-ын виз гаргаж өгсөн байдаг. Мөн өөрийн шавь Сүхбаатарыг хүчингийн хэрэгт холбогдуулж их удаан зовоосон. Ер нь л дандаа шавь нараа гомдоож явдаг увайгүй хүн.
 
-Тэгэхээр та холбоогоор далимдуулж мөнгө олдог байсан гэх гээд байна уу?
-Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд Басхүүгийн ажиллаж байх үеийн амжилт гэж хэлэхээр олигтой зүйл байдаггүй юм. Энэ нь Басхүүгийн бөхийн холбоогоор далимдуулж мөнгө олох гэсэн чинь хүсэлтэй нь холбоотой. Тэр үед чинь гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцохдоо багш, тамирчид өөрсдөө зардлаа олдог, гаргадаг байсан. Хамгийн сонирхолтой нь холбоонд тусалсан хүмүүсийн, компаниудын өгсөн мөнгийг хаана, хэнд зарцуулсан нь одоо хүртэл ойлгомжгүй байгаа юм. Бодвол хувьдаа завшсан байх. Яагаад ингэж хардаад байдаг юм бэ гэхээр Бадамжунай дарга холбооны ерөнхийлөгчөөр ажиллах үедээ 30 дэвжээний санхүүжилтийг шийдэж өгсөн. Гэтэл эдгээр дэвжээг Басхүү аймгуудад зарсан. Гэхдээ бүр үнийг нь нугалаад шүү. Гэвч дэвжээ зарсан мөнгөө холбоонд өгөөгүй. Холбоонд байсан жийп машиныг хүртэл хувьдаа аваад гарсан.Үүнийг нь нотлох гэрчлэх хүмүүс ч бий. Энэ мэтээр увайгүй байдал гаргаад байсан болохоор нь бөхчүүд 2008 онд чөлөөт бөхөөс холдуулсан. Энэ хүнийг холбооноос холдуулах ажилд Х.Баянмөнх аварга, Б.Болд нар нэлээд идэвхийлэн оролцож байсныг нь одоо ч тод санаж байна. Одоо болоод байгаа үйл явдал бол А.Басхүү холбооноос зайлуулагдсан өш хонзонгоо авах, энэ үйл хэрэгтээ Цогтбаяр, Хосбаяр, Баяраа, Пүрэвбаатар гээд багш нараас гадна холбоонд дургүйцсэн хэсэг бүлэг хүмүүсийг зохион байгуулж сүүлийн хоёр жил эрээ цээргүй авирлаж байна. Ялагдлаа хүлээж сур.

-Нэг ёсондоо нэг хүний дарангуйллаас нь гаргасан гэж ойлгож болох нь?
-Энэ цагаас хойш МЧБХ нэлээд нээлттэй болж ирсэн. Олон ч олон улсын шүүгчтэй болсон. “Гацуурт”-ын Чинбат маш сайн ажилласан гэдгийг нь энд дурдах нь зүйтэй. Бизнесийн маш өндөр мэдрэмжтэй, шилдэг бизнесмэн хүнийхээ хувьд бөхийн холбоог бодит утгаар нь хөгжүүлж, удирдаж явсан. Дөрвөн жил удирдахдаа бөхийн холбоонд хэрэгтэй олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Наад зах нь стандартын дэвжээ, өндөрлөгөөтэй болгосон. Мөн хөдөө орон нутгийг дэмжих жил зарлаж олон ч аймгийг дэвжээгээр хангасан. Энэ нь орон нутагт бөхийн спорт хөгжих алхам болсон.Үр дүн нь өнөөдөр гарч байна. Саяхан болж өнгөрсөн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Баянхонгор, Булган, Өвөрхангайн хүүхдүүд ямар сайн болсныг үзэгчид анзаарсан болов уу. Энэ чинь сүүлийн долоо, найман жилийн хугацаанд холбооноос хөдөө рүү хандаж явуулсан бодлогын үр дүн юм. Өсвөрийн аваргууд орон нутгаас л төрлөө. Тиймээс өөрсдийгөө мундаг гээд байгаа хотын нийгэмлэгийн хүүхдүүд хаачсан юм бэ гэж ам асуумаар санагдсан шүү.

-Ингэхэд холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Дагвадорж аварга та хоёр нэг нутгийнх байх аа?
-Тийм. Бид хоёр нэг нутгийнх. Энэ хүний ачаар Монголын чөлөөт бөх нэлээд өндөр төвшинд гарсан. Дэлхийн бөхийн холбооны ерөнхийлөгч, удирдлагууд нь хүртэл Дагвадорж аваргыг дэлхийн од гэдэг утгаар нь хүлээж авдаг юм билээ. Тиймдээ ч Дагвадоржийг холбооны ерөнхийлөгч болгосон даруйд нь тэд Азийн бөхийн холбооны ерөнхий санхүүжилтийн албаны даргад томилсон. Мөн Дэлхийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд оруулна гэдэг хүсэлтээ удаа дараа ирүүлсэн гэсэн. Ер нь, чөлөөт бөхийн түүхэнд урд өмнө нь байгаагүй гадаад харилцааг бий болгосон юм. Энэ хүний нэр нөлөөгөөр олон ч тэмцээн зохион байгуулах эрхийг нь Монгол Улсад өгсөн. Жил болгон олон улсын тэмцээн зохион байгуулах эрхийг манай улсад өгсөн. Хүмүүс сайн санаж байгаа байх. Олимпын эрхийн дөрвөн тэмцээний нэгийг манай улсад өгсөн шүү дээ. Энэ нь Монголын спортын түүхэнд байгаагүй том амжилт. Дэлхийн том орнууд, тухайлбал, АНУ, Орос улс энэ эрхийг авах гээд хөөцөлдөөд бараагүй. Энэ мэтээр Дагвадорж аваргын нэр нөлөө холбоонд олон ч удаа тусаа өгсөн гэж боддог. Холбоог санхүүжүүлж байсан энэ, тэрийг нь яривал их юм бий.

-Гэвч чөлөөтийнхөн өөрсдөө л элдвээр гоочилсоор байгаад холбооноосоо явуулсан шүү дээ?
-Холбоог нураах, унтраах хүсэлтэй хүмүүс сүүлийн хэдэн жил Дагвадорж аварга руу их дайрсан. Удаа дараа нэр хүндэд нь халдаж, хангалттай их доромжилсон. Эцэст нь тэд санасандаа хүрч чадсан. Дагвадорж аварга Монголын чөлөөт бөхийн холбооноос явахдаа нэг л үг хэлсэн байдаг. Ердөө “чөлөөт бөх баяртай” гэж. Чөлөөт бөхийн холбоог орхисноос нь хойш спортын олон холбоод түүнийг булаацалдаж байна. Эхнээсээ санал хүсэлтээ явуулсан гэж байсан. Тэгэхээр МЧБХ-ноос Дагвадорж гэдэг хүнийг явуулснаараа үймээн самуун дэгдээгчид үнэхээр том гэмт хэрэг хийсэн гэж би хувьдаа боддог. Нэг үгээр хэлбэл, уучлашгүй том алдаа юм. Үүний цаана нөгөө л Басхүү байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж хэдэн багш нарыг турхирсаар байгаад түүнийг явуулж, санасандаа ч хүрсэн.
Уг нь, энэ хүмүүс эхлээд Дагвадорж гэдэг хүн болохгүй байна, дарамтлаад байна гэж ярьж гарч ирсэн шүү дээ. Тэгээд Дагвадоржийг болиулахаар хуралдсан хурал дээр тайланг нь ч тавиулаагүй.  Ялангуяа “Алдар” нийгэмлэгийн багш нар энэ хурлыг зохион байгуулалттайгаар үймүүлээд хийлгээгүй. Үнэндээ Дагвадорж дөрвөн жилийн хугацаанд маш их ажил хийсэн болохоор тэд тайланг нь тавиулахаас үхтлээ айсан байх. Энэ хурал дээр Басхүү нөгөө л хэл ам гаргаад байдаг багш нарыг урдаа суулгачихаад “одоо чи гар, чи ингэж хэл” гэж заавар зөвлөгөө өгөөд сууж байсныг дэргэд нь байсан хүмүүс гэрчилдэг. Одоо бүр сүүлдээ энэ заваан юмандаа тамирчдыг татан оролцуулж байна.

-Д.Дагвадоржийг л холбооноос явуулчих юм бол бүх зүйл сайн сайхан болно гээд байсан хүмүүсийн санаа ер амарсангүй. Тэгэхээр ганц Д.Дагвадорждоо ч хамаг учир байгаагүй юм шиг ээ?
-Дагвадорж аваргын орных нь хүнээр хэнийг сонгох вэ гэхэд тэд Бүргэдаа, нөгөөх нь Эрдэнэтийг үймүүлээд байдаг Алтанхуяг хоёрыг санал болгосон байдаг. Гэвч хуралд сууж байсан 170 гаруй төлөөлөгч санал нэгтэйгээр орилж, ийм хүмүүсийг ерөнхийлөгчөөр тавихгүй гэж бухимдацгаагаад хурлыг орхиод гарсан. Энэ бол бодит үнэн.

-Ч.Дамдиншарав гуай бол таны багш. Харин Б.Болд таны жингийн тамирчин байсан. Сүүлийн үед энэ хоёр хүнийг бөхийн холбоог үймүүлдэг, ард талд нь зангиддаг гэж ярих болсон. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Ингэж ярьж ерөөсөө болохгүй. Яг нарийн ярих юм бол энэ хүмүүс чинь Монголын чөлөөт бөхөд олон жил бие сэтгэл, хөрөнгө мөнгөө зориулсан юм шүү. 20, 30 жил нэг хүний дарангуйлалд явсан чөлөөт бөх сүүлийн найман жилийн хугацаанд их өөр болсон.
Үүний үр дүнд олон арван шүүгчтэй боллоо, гавьяат багштай боллоо, сүүлийн жилүүдэд тамирчдын амжилт ч өссөн. Тиймдээ ч дэлхийн бөхийн холбоо Монголын чөлөөт бөхийн холбоог шилдэг гэж хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Үүнээс илүү яах ёстой юм бэ. Ерөөсөө л энэ хүмүүсийн ярьдаг зүйл нь “би, би, би” л болж. Яг л “Тэмцэл” кинон дээр гардаг шиг. Энэ кинон дээр Бодоо “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн, би л сийлсэн. Тэгэхээр ардын нам гэдэг миний л нам гэж” хэлдэг шүү дээ. Тиймээс шинэ цагийн Бодоо нар гарч иржээ л гэж харж байна. Хамгийн гол нь энэ хэд өөрсдөө “Алдар” нийгэмлэгийг сайн болгочихсон юм шиг л яриад байх юм. “Алдар”-ынхан бид л сайн байна, бидэнд өрсөлдөгч байхгүй гэх зэргээр ярьж байна. Тэгж ч ярих юм бол “Алдар” нийгэмлэгийнхэн хэзээнээсээ л сайн байсан юм шүү. Миний үед гэхэд Цэрэнтогтох аварга, А.Баатархүү, М.Хойлог, О.Энхтайван, Д.Оюунболд, Б.Болд, Д.Баяраа  гээд Монгол Улсын бүхий л аваргууд, нэг номерууд байсан. Тэр үед Дамдиншарав багш яагаад одоогийн энэ хэд шиг миний хүүхдүүд, өгөхгүй гэж үймүүлээд байдаггүй байсан юм бэ. Ерөөсөө л үе үеийн “Алдар”-ын тамирчид хүчтэй байсан. Тэр бүү хэл шигшээгийнхнээс илүү байсан үе ч бий. Тийм учраас энэ хүмүүс “Алдар” нийгэмлэгийн нэр хүндийг ашиглаад, шигшээ багийн эсрэг турхираад байх хэрэггүй юм. “Алдар”-т ямар ч багш очсон сайн байдаг гэдгийг санаж яв.

0 Сэтгэгдэл
Ene Bashuu gedeg hunii horlon suitgeh ajil herees heterchee.Olimpod muu oroltson asuudal bol ene hunteishuud hamaatai. OLIMPIIN umnu eregtei emegtei bagiig hoorond ni hagaralduulj holboo bolon tuunii udirdlagaruu eldveer dairch heruuliin buzar bolson doo. Iim uchraas ene nuhriin buh gavya shagnaliig huraan avch buhuus zailuulah heregtei.Olon saihan zaluuchuudiig horloj horlosoniihoo goriig amsah heregtei. SANAA Muu bol zaya muu gedegdee
Хамгийн их уншсан