Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч:Энхтүвшин: Хүн гүрний түүхийг өгүүлсэн хүүхэлдэйн кино холливудтай хамтарч хийнэ

ХҮҮХЭЛДЭЙ УРЛААЧ Ч.ЭНХТҮВШИНТЭЙ УУЛЗАЖ ЯРИЛЦЛАА. ТЭРЭЭР 2005 ОНООС ХОЙШ МОНГОЛ ХҮНИЙ ЭРТНИЙ ТӨРХИЙГ ИЛТГЭСЭН ХҮҮХЭЛДЭЙ УРЛАХ АЖИЛД БИЕ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ ЯВАА НЭГЭН. МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙ КИНО УРЛАГИЙН ХОЛБОО, НҮҮДЭЛЧДИЙН УРЛАГИЙН ТӨВИЙН ТЭРГҮҮН. УСАН МОГОЙ ЖИЛД ХҮННҮ ГҮРЭН БАЙГУУЛАГДСАНЫ 2222 ЖИЛИЙН ТЭГШ, САЙХАН ОЙ БОЛЖ БУЙГ ТОХИОЛДУУЛАН ТЭР ҮЕИЙН АХУЙГ УРЛАЛААРАА ИЛЭРХИЙЛЭХ ХҮҮХЭЛДЭЙН КИНО ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЖ БАЙГАА. ЭНЭ АЖЛЫН ТАЛААР ТҮҮНТЭЙ ХӨӨРӨЛДЛӨӨ.


-Таныг Хүннү гүрний түүхээр хүүхэлдэйн кино хийх гэж байгааг сонссон. Хүүхэлдэйн кино гэхээр их содон сонсогдож байна л даа?
-Хүннү гүрэн байгуулагдсны тэгш ой энэ могой жилд тохиож байна. Энэ ойд зориулж дэлхийд түүхээ таниулсан, гурван хэмжээст “Хүн гүрэн” хэмээх хүүхэлдэйн кино хийе гэж бодсон. Гэхдээ Холливудтай хамтарч, дэлхийд гарах өндөр чанартай бүтээл хийхсэн гэж зорьж байгаа. Энэ сардаа киноны маань зохиол анхны хувилбараар гарчихна. Дөрвөн бүлэгтэй байна. Одоогийн байгаа зохиолоор бол 4-5 цаг үргэлжлэх болчихоод байгаа. Мэдээж үүнийг хянан тохиолдуулж, редакторлаад багасгана. Их гүрэн байгуулагдсан 2222 жилийн ойн жил энэ сайхан ажлаа эхлүүлнэ. Харин ирэх морин жилд амжуулаад киногоо нээчих юмсан гэж хүсч, төлөвлөж байгаа.

-Холливудтай хамтарч ажиллана гэхээр их л зүтгэх шаардлагатай болох нь. Кино урлагийн тэр том ертөнцөд нэвтрэх арга замыг тань сонирхож болох уу?
-Бүтээлээ Холливудад гаргана гэдэгтээ ерөөсөө эргэлздэггүй. Европ, Хятад болон бусад оронд хүүхэлдэйн киноны экспо байнга болдог. Товчхон хэлэхэд тэндээс хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч, хамтрагчаа олж бүтээлээ амилуулна. Үүний тулд маш сайн зохиол гарчихсан, ямар ямар дүр гарах, хэдэн хүн тоглох гээд бүх зүйл тодорхой болсон байх ёстой. Хийх цаг хугацаа, түүхэн улбаа, оролцогч тал, дэмжигчид нь ч тодорхой болчихвол киногоо бүтээхэд арай дөхөм болно гэж бодож байна.
Тэр экспод оролцохоос өмнө бидэнд маш их бэлтгэл хэрэгтэй. Гаргасан зохиолоо эрдэмтэн, судлаач олон хүнээр хянуулж, түүхч, шинжээчээр дүгнэлт хийлгэж байж бүрэн гүйцэд болгоно. Нөгөө талаас нийт монголчуудаа “Хүн гүрэн” хүүхэлдэйн кино төсөлд татан оролцуулахыг хүссэн юм. Модунь Шаньюгийн 10 өөр дүрээс нэгийг нь сонгохын тулд маш олон хүний сэтгэлгээ хэрэгтэй. Тэгэхээр зурах дуртай бүх хүний дунд уралдаан зарлачихъя. Мэргэжлийн зураач, төрийн шагналтан, гуравдугаар ангийн хүүхэд ч уралдаанд оролцох боломжтой. Хүүхэлдэйн кино гэдэг өөрөө хязгааргүй ертөнц. Киноны дараа дүрүүд нь тоглоом болоод худалдаанд гарахад хэн бүхэнд таалагдахаар сайн байх ёстой. Тэгэхээр тэр олон төрлийн санаа, хэд хэдэн янзын дүрээс хамгийн сайныг сонгодог юм.

-Хүүхэлдэйн кино бол хамгийн орлоготой ч хамгийн их ажилтай төсөл. Тэгэхээр Монголын төр засаг компаниуд дуртайяа дэмжсэн биз дээ?
-Бүх зүйл зохиолоос хамаарна. Зохиолоо гараас гаргаагүй байж хүн бүрээс дэм эрээд хандаад явах дэмий. Мэдээж түүх, археологи, цэрэг дайны тактик гээд олон талаас эрдэмтэн, мэргэдийн санал, зөвлөгөөг авч ажиллана. Үүнээс гадна бөөгийн уламжлал ёсоо тусгахын тулд мундаг бөөтэй хамтрах болсон. Нөгөө талаас хөрөнгө оруулагчийн туслалцаа зайлшгүй шаардлагатай. Гэвч төрийн төсөвт хүүхэлдэй урлалд зориулсан өчүүхэн ч хөрөнгө алга. Хувийн компаниудаар явж байгаа боловч тэдний ашиг сонирхол миний зорилгоос өөр болчихоод байгаа юм. Яагаад гэхээр “Хүн гүрэн” тодорхой хэдэн зорилготой. Нэгдүгээрт, монголчуудын түүхийг дэлхийд шинээр танилцуулъя. Хоёрдугаарт, энэ хүүхэлдэйн киног Холливудтай хамтарч бүтээх замаар монголчууддаа зам тавьж, гүүр гаргаж өгье. Мөн энэ үеэр 2-3 хүнээ хүүхэлдэйн кино бүтээхэд сургаад авъя гэх зэргээр ач холбогдлыг нэрлэж болно. Эцсийн дүнд “Хүн гүрэн” бүх монголчуудын оролцоо, өмч бүтээл, нийтийн төлөө, урлагийн төлөө байгаасай гэж хүсч байна.

-Таны буцашгүй тэмүүлэл, хөдөлмөрийн үр дүнд ямар ч байсан Хүннүгийн түүхийг өгүүлсэн хүүхэлдэйн кино дэлхий дахинд гарна гэдэгт итгэж эхэллээ?
-Би ч бас итгэлтэй байна. Миний хувьд “Хүн гүрэн” хүүхэлдэйн кино боллоо гэхэд зохиогч гэдэг статусаа алдахгүй байхыг л зорьж байгаа. Яахав дэлхий дахин, Холливудын анимэйшн ертөнцөд Монгол хүний нэр орог. Нэгэнт гарчихвал манай улсад хүүхэлдэйн кино хийх маш олон зохиол байна шүү дээ, “Гэсэр”, “Жангар” бол Европт төдийгүй дэлхийд гайхагдаж, хэн бүхнийг хүмүүжүүлж байна. Хувилгаан дүртэй Гэсэрийн дэргэд хүн аалз, супермэн гайхмаар юм биш. Аль нэг хэсгийг нь ямар нэг засвар хийхгүйгээр таслаад авахад л тэр чигээрээ кино байдаг. “Гэсэр” зохиол монгол, энэтхэг хувилбартай хэдий ч хятадуудад байхгүй. Гэтэл тэд удахгүй Холливудад очоод Гэсэрээр кино бүтээх гэж байна. Хэрэв тэд хийвэл хэдэн сая ам.долларын хөрөнгө хаяж чаддаг шүү дээ. Энэ кино нь манай “Хүн гүрэн”-тэй зэрэгцээд гараад ирвэл бидний бүтээлд хүндээр тусч мэдэх юм.

-Монголд хүүхэлдэйн кино хийх туршлага бага хэдий ч та маш их судалгаа хийсэн байх. “Хүн гүрэн”-ий зохиолыг яаж гаргасан бэ?
-“Хүн гүрэн” кинонд Модунь Шанью хаан гарах хэдий ч түүнийг илүү тодотгоогүй. Гэхдээ тэр үеийн ахуй байдлыг тод тусгана. Хушаань буюу хятадууд Хүннүгийн баруун зүгээс цөмрөн халдаж байгаагаар зохиол өрнөх юм. Ер нь дэлхий дахинд түүхэн хүүхэлдэйн кино гэж байдаггүй. Ердөө ганцхан гогцоо олж хараад л түүнийгээ “нухчихдаг”. Өнгөрсөн жил “Хатан зориг” /Brave/ гэдэг түүхэн юм шиг хүүхэлдэйн кино гарсан. Эртний Шотландыг харуулсан л болохоос яг бодит түүх биш. Эмэгтэйчүүд хаадын тааллаар хүнд богтлуулж очдог байсан бол түүнийг нэг гүнж эсэргүүцэж, харваж байлдаж байгаагаар харуулдаг шүү дээ. Бас Хятадын “Мулан” гэж кино бий. Эрэгтэй хүүхэд л цэрэгт явдаг байсан бол нэг удаа Мулан гэдэг охин орчихсон байхгүй юу. Тэгээд л тулалдаад, дайтаад л “бужигнуулсаар” байгаад дуусгадаг.
Сонирхолтой зүйл хэлэхэд, Хятад улсыг саяхан эдийн засгийн уналтаас “Мулан”, “Кунгфу Панда 1, 2” гэсэн хүүхэлдэйн кино аваад гарсан гэдэг юм. Зөвхөн энэ кинонууд байж болох ч эдийн засгийн сэргэлтэд маш их хувь нэмэр оруулсан байна. Жишээ нь, “Мулан” хүүхэлдэйн киног бүтээсэн ном гэхэд л 100 ам.долларын үнэтэй. Үйлдвэрлэгч орон учраас панда, Мулан хоёрын чихмэл, тоглоом, комикс, ном гээд бүх л боломжоор борлуулалт хийсэн. Ганц Мулан биш морь, жанжин, дөрвөн найз, дайсан нь, луу, бясаа хүртэл хэдэн сая ширхэг борлогдож, маш их мөнгө олдог байх нь.

-Хүннүгийн үеийн хүүхэлдэйн киног дагаад энэ төрлийн бизнес ч хөгжинө?
-Мэдээж тийм. Үүнээс гадна бид компьютерийн стратеги тоглоом гаргана гэж бодож байгаа. Хүүхдүүд “Дота” их тоглож байна шүү дээ. Тэгвэл Хүннүгийн баатрууд Хан улс, Ром гүрэнтэй яагаад тулалдаж болохгүй гэж. Дэлхий дахинд хүүхэлдэйн киноны бизнес маш их орлого олж байгааг мэдээллээс бид үздэг. Юун уул уурхай, хэдэн сая ам.доллар тэнд эргэлддэг биз дээ.

-Өдөрт хэдэн хүүхэлдэй урладаг вэ. Гарын шавь хэр олон болсон бэ?
-Би анх бөөг дүрсэлсэн хүүхэлдэй бүтээж байсан. 2005 онд таван хүүхэлдэй урлаж, 2006 онд оюуны эрхийн патентаа авсан. Түүнээс хойш 10 гаруй шавьтай болсон ч сүүлийн үед хамт ажиллах зав гарахгүй байна. Ер нь өдөрт 5-10 хүүхэлдэй гаргачих боломжтой. Шат дамжлагын байдлаар шавь нар маань урлаад би ерөнхийд нь гадаад зан байдал, нүүрний төрхийг нь харчихдаг. Одоо энэ бүтээлүүдээ хүүхэлдэйн кино урлаг болгоод монголчуудаа дэлхийд харуулахаар ажиллаж явна.
Уолт Диснэй анх Микки Маус зурчихаад ингэж хөдөлгөж болно, хүүхэлдэйн кино хийх гэсэн юм гээд хөрөнгө хайж 100 шахам банкаар орсон гэдэг. Тэр үед дайн болж байхад юу яриад байна аа гээд хөөгдөөд л гардаг байж. Явж явж Европын нэг банк дэмжээд хөл дээрээ боссон түүхтэй. Түүнтэй адил би ч бас юмаа хийхээр зогсолтгүй хөөцөлдөж байна. Мэдээж бүх юм бэлэн болчихсон. “N’coosh” нэрийн дор хүүхэлдэйнүүдээ урлалаа. Модунь Шаньюг харсан хүн байхгүй учраас ийм байж болох юм гэж санаагаар л дүрсэлсэн. Өмсдөг хувцас, хүлэг морийг нь тодорхой судалгааны дагуу төсөөлж бүтээлээ.

-Хүүхэлдэйнүүдийг тань харахаар их өвөрмөц төрхтэй “хүн” байдаг шүү дээ. Хүннүгийн энэ төрхийг яаж олсон бэ?
-Яахав миний дотоод сэтгэлийн ихэнх нь энэ ажилдаа орчихсон явна. Байнга л бодоод яваад байхаар тухайн цаг үедээ орчихдог юм. Заримдаа зүүдэлдэг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан чинь нэг зүйлд хамаг анхаарлаа хандуулаад, сэтгэлээ зориулчихаар тэгдэг юм байна. Нөгөө талаас тодорхой судалгаанд тулгуурласан. Хүннүгийн цаг үед амьдарч байсан хүний палеонтологийн олдворын дүгнэлтээс харвал тэр үеийн хүн монхор хамартай, дагз нь арагшаа түрсэн гэдэг нь тодорхой болоод ирнэ. Дашрамд сонирхуулахад Хүннүгийн үеийн археологийн олдвор хүүхэлдэйгээр бид “N’coosh” брэндийн лого хийсэн. Тэр үед хүүхэлдэй урлаж байжээ гэсэн үг. Цаашилбал, энэ урлалын үүсэл нь 2200-аад жилийн өмнө болж таарна. Одоо л хүүхэлдэй урлал сэргээх гээд яваа болохоос монголчууд аль эрт үүсгэсэн зүйл байх нь.

-Монгол, монголчуудын гэх үгийг та их хэлэх юм. Та хэр үндэсний үзэлтэй хүн бэ?
-Би их үндэсний үзэлтэй, эх орондоо тун хайртай хүн. Намайг АНУ-д үзэсгэлэн гаргаад явж байхад тэндэхийн хүмүүс энд үлдчих, чамайг дэмжье, уран бүтээлээ хийгээд явбал амжилтад хүрнэ гэж хэлдэг байсан. Монголыг бодвол уран бүтээлчийг дэмждэг, ойлгодог, чамайг хамгаалах хууль эрх зүй нь хавьгүй сайн гэж их ятгаж байлаа. Гэхдээ би үгүй ээ, эх орондоо л хурдхан харих минь гэж хэлээд ирсэн.
2006 онд 208 хүүхэлдэйгээр үзэсгэлэн гаргасан. Бүгд өөр өөрийн зан араншин, үйл хөдлөлтэй. Тэнд байсан бүх хүүхэлдэйг гадаадынхан худалдан авч, одоо зураг л үлдсэн. Дотоодод бүтээлээ борлуулах гэхээр хүмүүсийн амьдралын түвшин доогуур, худалдаж авах болоогүй байна л даа. Манай хүүхэлдэйнд монголд байдаг маш олон төрлийн материал ордог. Арьс, үс, сур, явуу, сувд, шүр гээд л. Тэгээд үнэ нь 100 ам.доллар гэж тогтооё. Гэтэл АНУ-ын Аляска мужид аваачвал үнэ нь 700-800 ам.доллар хүрнэ. Аляскад жилдээ сая гаруй жуулчин ирдэг. Тэр их мөнгө олоод, юу ч бодохгүй амьдарч болохоор л байгаа юм. Гэхдээ би тэгэхгүй, эх орондоо байх дуртай. Зүрх сэтгэлээ дагаад, үүх түүх соёлоо дэлхийд таниулахаар хичээж явна.

-Дэлхий дахинд хүүхэлдэйн урлал хэр хөгжсөн байдаг бол?
-Маш их хөгжсөн, ялангуяа Японд. Саяхан Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болж, хүүхэлдэй урлалаар олон улсад алдартай Осом Бошо гэдэг эмэгтэй үзэсгэлэн гаргасан. Тэр хүн одоо 80 настай, сүүлийн 60 жил хүүхэлдэй урлаж байгаа. Манай бүтээлийг хараад Азид ноёрхлоо тогтоосон хүүхэлдэйн брэнд бүтээе гэж хэлсэн. Ивээн тэтгэлэг, замын зардал бүх зүйлийг би гаргая, гагцхүү бүтээлийн түүхий эд, материалынхаа зардлыг чи өөрөө даа. Тэгээд Япон улсын иргэдийг гайхуулж, оюун санааны таашаал өгсөн үзэсгэлэнг чинь нээж өгье гэж санал тавьсан. Энэ ажил хэрэгжвэл япон хүүхэлдэй яаж бүтээдэг, анимэйшн хэрхэн хийдгийг харж судалъя гэж бодож байна. Японы хүүхэлдэйн кино бол айхтар шүү дээ, шууд Холливуд руу гарах боломжтой. Энэ нь магадгүй манай японтой байгуулсан хамтын ажиллагаагаараа дамжуулаад дэлхийн тавцанд гарах зам ч байж болох юм.
Ер нь миний хүүхэлдэйнүүд бол хаан урлаг хэмээгдэх баримал юм. Харин уран зургийг хатан урлаг гэж ярьдаг. Бүх талаас нь харж болж байвал тэр баримал гэсэн ойлголт бий. Тэгэхээр хийсэн хүүхэлдэйнүүд маань бүх талаасаа харагддаг, баримал болж байна. Баримлыг юугаар хийх нь хамаагүй. Мод, төмөр, хуванцар, хог, хүрэл, шавар гээд ямар ч материал ашиглаж болдог. О.Бошо гуай хүүхэлдэйнүүдийг маань харчихаад энэ ёстой амьд, сүнстэй байна гэж шагшиж байсан. Яагаад гэхээр тэр хүний бүтээл нь шаазан юм л даа. Зөвхөн урдаас нь л харж болдог шаазан. Гадуураа торго, дурдан гээд боловсруулсан хээнцэр зүйлээр чимсэн. Гэтэл дэргэд нь манай хүүхэлдэйнүүд түүхий эд материалаар л бүрдсэн гэдэг нь хавьгүй амьд, өөр харагдсан хэрэг.

-Хүүхэлдэйг хүмүүс хүүхдийнх гэж нэг хэсэг ойлгодог байхад зарим нь тоглоом гэж үздэг. Таны хувьд хүүхэлдэй гэж юу вэ?
-Тоглодог ч бай, үгүй ч бай хүүхэлдэй бол оюуны өмч, өв соёл. Хүүхэд түүгээр тоглоод түүх, ахуй уламжлалдаа суралцдаг. Театрт тоглолт хийлээ ч гэсэн оюун санааны бүтээл, хүмүүжил олгох жишээтэй. Барбара гэдэг эмэгтэйг “Барби” хүүхэлдэй болгочихсон байхгүй юу. Одоо дэлхий нийт түүгээр тоглож, хүүхдүүд хүмүүжиж байна. Миний хүүхэлдэйнүүдийг хүн сувинер байна гэдэг, байж болох л юм. Гэхдээ юу өгүүлж, харуулах гэсэн бэ гэдэг нь миний хувьд чухал л даа.

0 Сэтгэгдэл
Хүүхэлдэйн кино гээчийн тухай өчүүхэн ч мэдлэггүй ***** байна даа. Ямар даргаас нь хэлдэн төгрөг аваад арилж өгөх болдоо энэ. Үзээдийн алмас шиг хэдэн хүүхэлдэй шавсаныгаа бас Хүннүү гэнэ. Эх орноо, ард түмнээ доромжилсон ийм халтуурчид сүүлийн үед улам л ихсээд байна.
Jaahan ongirtson nuhur yumuu daa
manaihan oordiigoo gadniihand ingej zerleg humuus shig surtalchlah ni yamar hereg baidiim boldoo.
Mundag hun yum. Zorison buhen chine buteg gej yorooy ... uneheer bodoh asuudal bna.. jishee ni mulan gehed mongolchuudiig mash doosh ni hiisen huuheldei bolsonshduudee
Хамгийн их уншсан