"Дуу дууны сайхныг дуулаач та дэлхий минь
Цэцэг цэцэгсийн гоёмсгийг тэврээд инээгээч хүмүүс минь
Ээж, ээжийн хүүхдүүд ялгалгүй билээ дэлхий минь
Эх хүний сэтгэл үрдээ жаргалыг хүснээ хүмүүс минь..."
Тэр хорвоогийн жаргалыг өөрийнхөөрөө мэдэрч, тэр л мэдрэмжээ дууны урлагт шингээн үлдээсэн нь өдгөө ч дуулагдсаар байна. Уран бүтээлээрээ хүмүүний сэтгэлийг хөндөж, хоногшин үлдээнэ гэдэг уран бүтээлч гэгдсэний хэрэг гэлтэй.
Нэгэн цаг үеийн дүр төрхөө мөнхлөн том линз зүүж, даалинбан тэрлэгээр гоён авахуулсан түүний зураг миний ширээн дээр байна. Дотны хүмүүсийнх нь ярьснаар аргил хоолойтой энэ эрхэмтэй би үг сольж төвдөхгүй, эмээн зүрхшээмээр дүр төрхтэй аж. Гэтэл оюунаа мэрэн байж бүтээсэн түүний дууг сонсохоор цаана л зөөлөн, дулаан санагдах нь гайхмаар. Улсын баяр наадмаар хөдөө, хотгүй эгшиглэж сэтгэл догдлуулах “Сайхан монгол морь”, “Бүүвэй л хорвоо”, гитарын намуун эгшигтэй өнгө хоршин уянгалах “Ухаарч амьдрах хорвоо”, “Дуу минь, дэлхий минь”, “Уулсын сайхан Улаанбаатар”, “Хүн хүндээ хайртай явъя” гээд олон сайхан дууны эзэн бол энгийн хэрнээ эгэлгүй Л.Дагвадорж.
"Өнөөдөр намайг хүмүүс дууны хаан гэлээ. Угтаа, би боол нь юм шүү дээ" хэмээн уран бүтээлийн цэнгүүн дээрээ ярьж суусан архивийн бичлэгийг нь үзээд яруу найрагч Лувсангийн Дагвадорж гэдэг хүн хэн байсныг ухаарсан юм. Тэр зүгээр л яруу найрагч байж шүү дээ. Ямар нэг төрийн гавьяа шагналгүй энгийн л нэгэн. Түүнтэй хамтран уран бүтээл хийж явсан хүмүүс гавьяатаас дээш төрийн шагнал, цол хэргэм хүртсэн байдаг юм билээ. Өдгөө алтан үеийнхнээс төрийн шагналгүй хоцорсон дөрвөн хүн л байдаг гэдэг. Тэр нь алдарт дуучин П.Адарсүрэн, С.Цэрэнчимэд агсан. Мөн хөгжмийн зохиолч Д.Алтантуул бол эд нартай уран бүтээлээ туурвиж, хөөрч догдолж явсан Л.Дагвадорж. Төрийн хайр хишгийн хаагуур өнгөрснийг нь гайхмаар ч эдгээр уран бүтээлчийн залуу халуун насны оргилуун сэтгэлээ шингээн бүтээсэн уран бүтээл нь одоо ч дуулагдсаар, дурсагдсаар байгаа нь хамгийн том шагнал биз ээ. Ийм л нэгэн яруу найрагчийн тухай хүүрнэх гэсэн юм.
Л.Дагвадорж 1936 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт “Бурхан улаан” хэмээх уулын хадны завсраас ургасан ганц улиасны дэргэд төрсөн хэмээн дурьдатгалдаа бичсэн байдаг бөгөөд тэр л модыг шүтэж амьдарсаар энэ хорвоогоос буцсан юм. Энэ л эрхэм 1970, 80-аад оны гэх тодотголтой, зүрх сэтгэлд хоногшсон гайхамшигт дуунуудаараа монгол хүний ертөнцийг үзэх үзэл, ёс суртахуун, зан заншил, эх дэлхий, эх орноо шүтэх бишрэхүйн гүн ухаан хийгээд хүний хайр сэтгэл, хүн байхын сайхныг дуундаа шингээн үлдээсэн аж.
1960-аад оны зун Ардын дуу бүжгийн чуулгын дарга Д.Батцэнгэл Л.Дагвадоржтой рашаан сувилалд хамт амарч байхдаа түүний дуулахыг сонсоод “Сайхан дуулдаг залуу байна" гээд чуулгадаа урьжээ. Ингэж чуулгатай холбогдон урлагт эргэлт буцалтгүй орсон түүхтэй. Тэрээр Зүүнхараагийн Төмөр замын соёлын ордонд сайн дурын уран сайханч байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дууг дуулж, “Тожоо жолооч” жүжигт тогложээ. Октябрийн баярын 50 жилийн ойд зориулсан уралдаанд түрүүлсэн “Залуусаа дуулаад явъя” хэмээх дуу түүний анхны шүлгээр нь бүтсэн уран бүтээл. Үүнээс хойш урын сангаа зузаатган 300 орчим дуу бүтээжээ. “Цэлгэр цэнхэр нутаг”, “Дуундаа жаргалтай дэлхий”, “Хөглөж орхиогүй эгшиг”, “Эр хүн”, “Хүж дэлхий амгалан байг”, “Ухаарч амьдрах хорвоо” зэрэг шүлгийн ном, “Буянтын урсгал” роман, “Сохор хүүхэн”, “Нүгэл нь үгүй хайр”, “Учгийн зангилаас” зэрэг өгүүллэг, туужийн номууд Л.Дагвадоржоор овоглодог.
Л.Дагвадорж Ардын дуу бүжгийн чуулгад дуучин, утга зохиолын эрхлэгч, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга, “Үлгэрийн далай чуулгын” дарга, Их зохиолч Д.Нацагдоржийн музейн эрхлэгчээр ажиллаж байсан. Түүний залуу нас, амьдралын түүх урлаг соёлтой салшгүй холбоотой.
Хэдий тэрээр бурхны оронд одоод олон жилийг үдсэн ч хань, үр хүүхэд, найз нөхөд, ард түмэн, шавь нарынхаа болон бүтээл тууривалд нь амьдарсаар байна. Ингээд түүнийг зүрхэндээ мөнхөлсөн хүмүүсийн дурсамжаар багахан хором аяласнаа хүргэж байна. Д.Дагвадоржийн тухай дурсамж хязгааргүй ажээ.
Шагнал ч яах вэ, болох биз
Л.Дагвадоржоор овоглох 200 гаруй дуунаас бүжгийн жүжгийн дуу ч бий. Гэхдээ эдгээр дуунаас нэгэн дууг онцлох нь зүйтэй болов уу. Дуучин Н.Төмөрхуягийн дуулсан
"Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ..." гээд аргадангуй аястай дуу бий.
Л.Дагвадорж агсаны гэргий П.Батдорж нүдэндээ нулимс дуслуулан, хоолой нь зангирч амьдралынх нь өмөг түшиг болсон тэр хүнийг дурсаж сууна. "Хойч үеийн хүүхдүүд өвгөний минь дууг дуулж, цааш нь дамжуулаасай л гэж хүсдэг" хэмээх нь найрагчийн дуугаар дамжуулан хэлэх гэсэн ухаарлыг бусдад өгөх гэсэн хэрэг биз ээ.
Л.Дагвадорж Зохиолчдын эвлэлийн шагналд нэрээ дэвшүүлсэн байж. Тухайн үед Б.Нацагдоржийн музейд ажилладаг байхад нь МЗЭ-ийн нэг нөхөр ирээд "Чамайг шагналаас хассан шүү" гэж хэлчихээд яваад өгч л дээ. Тэр үед урмаа хугалуулсан найрагч хажуудаа суух эхнэртээ "За яахав дээ. Тэгж байгаад болох байлгүй дээ. Миний бичсэн номнууд л нийтэд түгж байвал болох нь тэр" гэж хэлээд инээвхийлсэн гэдэг. Тиймдээ ч түүний бичсэн дуу
"Амьдрал гэдэг жаргал дуулсан цайлган дэлхий
Амьдарна хэмээх учрал хайрласан сайны хорвоо..." хэмээн эгшиглэсээр л байгаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг уйлуулсан дуу Л.Дагвадоржийн бүтээл. Хүүхэд асрах төвийн захиалгаар бүтээсэн "Эрэл хүслийн дуу"-г дуулсан дуучин нь "Би энэ дууг бүтэн дуулж чаддаггүй юм. Дуулахаар уйлчих гээд байдаг. Ганцхан удаа л бүтэн дуулсан" хэмээн ярьсан байдаг.
"Бүүвэй л хорвоо" бүх нийтийг унтуулна
Нам, засгийн хатуу дэг дор амьдардаг байсан 1980-аад он. Урлаг уран сайханд хатуу хяналт тавьж, шинэ уран бүтээлүүдийг хатуу шүүлтээр оруулна. Ялангуяа, дууны урлагт. Ая дан, шүлэг гээд л. Ямар сайндаа “Бүүвэй л хорвоо” гэдэг нэрийг нь сонсоод бүх нийтийг унтуулах дуу гээд хааж байх вэ дээ.
Ардын жүжигчин Б.Зангад анд найзыгаа дурсахдаа "Лувсангийн Дагвадорж бид хоёр нэг нутгийн хүмүүс. Мөнх цаст их уулс, Ховд гол, Буянт голын бэлчирт хамт тоглож өссөн хүүхдүүд. Тиймээс надад “Бүүвэй л хорвоо”-г дуулах хувь тохиосон нь нутгийн уул усны энерги байх. Тэр үеийн уран бүтээлчдээс Дагвадоржтой хамтарч уран бүтээл хийгээгүй хүн бараг л байхгүй дээ" хэмээн ярив. Үнэхээр түүнтэй гар нийлэн ажиллаж, уран бүтээл туурвиагүй дуучин тухайн үедээ л үгүй. Нутаг усныхаа энергийг шингээн байж бүтээсэн дууныхаа тухай найрагч хожим хуучлахдаа "Би хайрла гэдэг үгийг бүүвэй л гэж бичсэн. Бүүвэй л хорвоо, бүүвэй л гээд биччихсэн чинь бүх дэлхийг унтуулах дуу байна гээд хаачихсан. Харин сүүлд танин мэдэхүйн нэг аскийн тэмцээнд Зангад маань хүүхдүүдэд зааж өгснөөр нийтэд түгсэн л дээ" гэсэн байдаг. Харин Ардын жүжигчин Б.Зангадын дараа Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт дуучин Г.Түмэндэмбэрэл агсан дөрвөн ятгын хоршлоор дуулсан нь нийтэд ихээхэн түгээсэн юм.
Найзыгаа намд элсүүлэхээр зохиосон дуу
Л.Дагвадорж найрагч өөрөөсөө ах, дүү, үеийн гээд олон найзтай байж. Хэн ч тусламж гуйгаад очсон сэтгэлээрээ тусалдаг болохоор түүнийг тойрон хүрээлэгч олон байсан хэрэг биз. Тэдний нэг бол Ардын жүжигчин Д.Самбуу. Тэрээр Л.Дагвадорж агсаныг дурсч байна. "Намайг Улсын ардын дуу бүжгийн чуулгад очиход Дагваа ах тэнд ажилладаг байлаа. Би МАХН-д гишүүнээр элсэх гэж өргөдөл өглөө. Тэгсэн хотын намын хорооны дарга Алтангэрэл "Чи хотын тухай нэг дорвитойхон ажил хийгээд ороод ир. Намд элсэх чинь шууд нээлттэй болно" гэдэг юм байна. Тэгэхээр нь Дагваа ахад учир байдлаа хэлээд хотын тухай шүлэг бичиж өгөөч гэж захилаа. Дагваа ах маргааш нь надад “Үйлсийн сайхан Улаанбаатар” гэдэг хоёр бадаг шүлэг бичиж өгөхөд нь Лувсаншарав багшаар ая хийлгэж дуулсан юм даг. Ингэж “Үйлсийн сайхан Улаанбаатар” гэдэг дуу долоохон хоногийн дотор бүтсэн түүхтэй" хэмээн ярилаа.
Сайхан чамайгаа санаж явах жаргал
Цэргийн албанд морьдсон эр нөхрөө санагалзсан эхнэр хүний сэтгэлийн үгийг шингээсэн нэгэн дуу одоо ч дуулагдсаар. Тэр бол "Цэрэг эрийн гэргийн дуу". Энэ дууг радиогоор цацагдсан даруйд нь цэргүүдээс маш олон захидал авсан нь эр цэргийн дуу хоолой болж чадахуйц дуу зохиож өгөөч гэсэн хүсэлт байж. Ингээд "Гэргийдээ дуулсан дуу" бүтсэн аж. 1980-1990 оны хооронд "Хүсэлтийн хариу" нэвтрүүлгээр хамгийн их хүсэлт авсан дуу бол энэ хоёр. Хүмүүний амьдралын нандин мөчийг дуундаа шингээж чадсанаараа Л.Дагвадорж дууны урлагт нэрээ мөнхөлсөн юм.
“Унаган хайр”-т учир бий
1960 оны сүүл үе 70, 80, 90-ээд оныхноос Л.Дагвадоржийн дууг дуулаагүй дуучин гэж үгүй. Ардын жүжигчин А.Долгор "Манай танил дуучин надад нэг дуу өгсөн. Чамд л тохирох дуу байна гэсэн. Тэр нь Лувсангийн Дагвадоржийн “Эр хүн” дуу байсан. Би ч маш дуртай хүлээн авч дуулсан. Дуулсныхаа дараа Дагвадорж гуайтай уулзах завшаан олдсон. Надад үг тодруулж асуух хэрэг байсан юм. Тэгсэн "Аан тийм үү, чи миний тэр дууг дуулж байна уу" гээд их дуртай хүлээж авсан. Би аз жаргалын ад биш гэж дуулаад байдаг байсан. Тэгсэн чинь ад биш гэдэг чинь буруу, адвиш гэж дуул. Адвиш гэдэг чинь тэнгэрлэг хийморьлог гэсэн утгатай үг гэж захиж билээ" хэмээн найрагчтай уулзсан учралаа эргэн дурсав.
Л.Дагвадоржийн олон сайхан дууг амьдруулсан дуучин бол УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах. Түүнийг дуулдаг гэдгийг нь олонд таниулсан дуунууд Л.Дагвадорж найрагчийн бүтээлүүд байдаг. Жүжигчин маань ч өнөөдөр энэ алдарт авьяастанд мөргөж явдаг. Тэрээр "Лувсангийн Дагвадорж найрагчийн хэд, хэдэн дууг дуулсандаа би маш их баярлаж явдаг. Тэр дундаас Г.Алтанхуягийн хөгжим “Унаган хайр”, “Амьдралын анхны хонх” гэсэн хоёр дуу онцгой байр суурь эзэлдэг. Энэ хоёр дуугаар л хүмүүс намайг мэддэг юм. Хоёулаа жүжгийн дуу. Хоёулангийнх аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Алтанхуяг бичсэн. Мөн “Бэр цэцэг”, “Үлгэр дууссан хойно” зэрэг киноны дууг бас энэ хоёр хамтарч бүтээсэн байдаг. Ер нь, Дагвадорж гуай хосгүй сайхан найрагч байсан. Харахад бүдүүн баргийн харагддаг ч дотоод сэтгэл нь уян яруу, уран тансаг яруу найрагч. Нэг түүх дурсахад, Дагвадорж гуай нэг өглөө гүүрээр гарч явтал унаган багын хайртай хүн нь тааралдсан гэсэн. Тэр эмэгтэй Дагвадорж гуайд яг анх танилцаж байсан тэр үеийнхээрээ харагдсан гэдэг. Тэгэхэд тэр эмэгтэй нэлээд нас ахичихсан байсан гэсэн. Тэгээд л
Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайр аа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайр аа... гэсэн энэ дахилтаасаа эхэлж шүлгээ бичсэн гэдэг" гэв.
Түүний дуу одоо ч ергүүлсээр
Дуу зүрхнээс гарч, зүрхэнд хүрдэг. Дууны урлагийг шувуутай зүйрлэвэл ая нь өндөрт хөөрөх хүч, харин үг нь агаарт тогтох чадвар юм. Л.Дагвадорж агсаны дуунуудад өндөрт хөөрөх хүч хайрласан уран бүтээлчдийн нэг нь хөгжмийн зохиолч Д.Алтантуул. Тэрээр "Лувсангийн Дагвадоржийн шүлэг "Хүж дэлхий амгалан байг" дуунд анх удаа би ая хийсэн. Уг нь, өөр үгэнд ая хийж байсныг Дагваа ах сонсоод “Анхны уран бүтээлээ ийм юмаар хийгээд дэмий. Ахад нь нэг шүлэг бий” гэсэн. Би ч яахав, янаг амрагийн тухай дуу хийх гээд сууж байсан хэрэг л дээ. Түүнээс хойш Дагваа ахын дүүдээ зориулан бичсэн "Эмч хүн жаргалын ээж", "Ухаа хонгор морь", "Ухаантай ээж", "Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу" зэрэг олон дуу хамтарч хийсэн. Нэг өдөр орж ирээд "Ухаа хонгор морь" дууны шүлгийг өгөөд "Нансалмаа дуулах юм. За хө, сайхан ергүүлээд байгаарай... гэсэн. Би хотод өссөн хүүхэд болохоор нөгөө ергүүлэхийг нь ойлгодоггүй. Давхих, хатирах, шогшуулах, цогиулах гээд зогсчихдог. Ергүүлэх нь санаанд ордоггүй. Тэгээд Нансалмаагаа бодоод л хийсэн дээ. Л.Дагвадорж ах сонсоод ихэд таалагдсан бололтой. "Ээ дээ энэ чинь л ергүүлж байгаа юм шүү дээ" гэж байсан. Дуу болчихсон болохоор би ч нөгөө ергүүлэхийг асуугаа ч үгүй өнгөрчихсөн. "Эмч хүн жаргалын ээж" дууг өөрийнхөө эмч эмэгтэй дүүдээ зориулсан дуу, би ч бас эмчид зориулсан" хэмээн ярих намбалаг эмэгтэй насаараа Ардын дуу бүжгийн чуулгад ажилласан. Одоо тэтгэвэртээ суусан ч бас л гавьяа шагналгүй. Гэхдээ түүний зохиосон "Монгол морь" дууны ая улсын наадам бүрээр сэтгэл хөвөлзүүлсээр.
Лувсангийн Дагвадорж “Дууны шүлгийн хаан”
Дуунд дуртай монгол түмнийг дуугаар нь тайтгаруулж, омогшуулж, хөглөж, бадрааж, магадгүй гуниглуулж, уйлуулж чадсан олон сайхан уран бүтээлч бий. Монголчуудын дуулдаг дуу хэдэн мянгаар тоологдох ч чухамхүү ая дан хийгээд шүлэг найргаар зохицолдон тунгалагшсан нь хэдэн мянгаар биш. Тийм ч учраас урлагийг хүний зүрх сэтгэл хэмждэг. Тэрхүү хэмжүүрт эхний бас эцсийн тоо үгүй аж. Дуу хэр их цаг хугацааг туулан дуулагдаж байгааг нь анзаарахгүй байж болохгүй. Дуу зохиогдож бас дуулагдаж л байдаг. Бас мартагддаг. Мартагдахгүй зүрх сэтгэлд хоногшин үлдсэн дуу бол шүлэг, аяны зохицолгоо, дуулалтын ур зэрэгтэй холбоотой. Тийм л авъяас билиг, тийм л уран бүтээлчийг эргэн дурсахыг хичээлээ.