Орой ажлаа тараад гэртээ очиход ээж маань “даралт ихэдчихжээ” гээд эм уугаад байж байдаг. Эмээ, өвөө гээд л аль настай хүмүүс дандаа даралт ихсэх өвчтэй байх аж. Хэн хүнгүй үүнийг хөгшин хүний л өвчин юм болов уу гэж боддог. Гэтэл энэ өвчин хөгшин хүний өвчин биш, харин амьдралын буруу хэв маягаас үүсдэг өвчин аж. Байгалийн эрс тэс уур амьсгал, хүнд аж байдлаасаа болоод Монголчууд өөхтэй мах идэж, сүүтэй цай уух нь алдсан энергээ нөхөх гол үүсвэр гэж үздэг. Байгалийн бэрхшээлийг сөрөн, дөрвөн улирлын туршид нүүдэллэж мал хариулан амьдардаг тэдэнд өөх тос ихтэй, шимтэй хоол унд нь, амьдралын төлөөх тэмцлийнх нь салшгүй хэсэг байсан. Гэтэл суурин амьдралд шилжин, хотод амьдрах болсон бидний хөдөлгөөн хязгаар-лагдмал болж, биеэсээ төдийлөн их илчлэг алдахаа байжээ. Өөх тос ихтэй хоол унд хэрэглэх нь биед шим тэжээл болохоосоо илүү хор болох нь их болсон байна. Монголчууд ихэнхдээ давс¬тай шорвог хоол, цай хэрэг¬лэх, дээр нь архи тамхи байнга хэтрүүлэн хэрэглэ¬дэг, гайхалтай муу зуршил-тай хүмүүс. Энэ шалтгаан нь Монголчуудын хувьд цусны даралт ихсэх өвчний урьтал болж байна. Үүнээс гадна таргалалт нь өөр нэгэн үндэс нь болж байгаа. Өөх тос ихтэй, илчлэгтэй хоол нь , цусны судсыг хатууруулж, биед илүүдэл өөх хуримт¬луудаг. Таргалснаар олон өвчний “уурхай” болдог төдийгүй хамгийн түрүүнд цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх гол шалтгаан болж байна. Мөн бидний байнгын архи тамхины хэт хэрэглээ нь цусан дах хлостериний хэмжээг ихэсгэн, биеийн амин чухал эрхтэн зүрхийг гэмтээдэг аж. Зүрхэнд ямар нэгэн өөрчлөлт орсноор тархинд цус харвах, чихрийн шижин, бөөрний дутагдал зэрэг аль нэг өвчний эхлэл болдог байна. Судалгаагаар манай орны насанд хүрсэн хүмүүсийн 28 хувь нь цусны даралт ихсэх өвчнөөр өвдсөн байдаг. Тэдгээрийн тал нь энэ өвчнөөр өвдснөө мэдээгүй байдаг. Тухайлбал “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд саяхан “Сүхбаатарын талбай”-д 420 хүний цусны даралтыг хэмжихэд 120 хүн нь цусны даралт хэвийн хэмжээнээс хэтэрсэн байжээ. 14 хоногийн турш биеэ ажиглахад дээд, доод даралтын хэмжээ тань 140/90-ээс дээш гарч байвал та цусны даралт ихсэх өвчнөөр өвчилсөн гэсэн үг. Дэлхийд цусны даралттай 1.5 тэрбум хүн байдгийн 45 хувь нь даралттай гэдгээ мэддэггүй гэсэн тооцоо гарчээ. Хэрвээ даралттай гэдгээ мэдэхгүй явсаар байвал нэг л өдөр хурц үедээ орж, тархинд цус харвадаг байна. Эсвэл бөөрний дутагдалд орох, чихрийн шижин өвчнөөр өвдөх гэх мэт хурц өвчин дагуулдаг байна. Бидний ойр дотны хэн нэгний маань тархинд цус харван, хэвтэрт орсон нь захын жишээ. Манай орны хувьд даралт ихсэх өвчин нь халдварт өвчин буюу БЗХӨ, ДОХ-оос илүүтэйгээр газар авч, үхэлд хүргэх гол шалтгаан нь болж байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байсаар байхад хүний амь цаг бусаар эрсдэх, эсвэл тахир татуу болж байгаа нь манай улсад ихээхэн эмгэнэл юм. Энэ байдал нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн бай¬гуул¬лага манай улсад үндэсний хүрээнд, урт хугацааны хөтөл¬бөр боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. Тэдний гол зорилго нь хүн амын амьдралын хэв маягийг өөрчлөх. Амьд¬ралын зөв хэв маяг гэдэг нь илчлэг багатай хоол унд хэрэглэх, өдөрт арван мянган алхам буюу 30 минут алхахад л хангалттай. Байнга махан хоол идэхгүй байх нь энэ өвчнөөс найдвартай сэргийлэх нэг арга. Хамгийн сонгодог арга нь сүүтэй цайг давстай уухгүй байх. Ард иргэдийн хувьд ч эрүүл мэндийн боловсрол муутайгаас буруу хооллон, биедээ хортой гэсэн болгоныг хэрэглэж байна. Архи ууж согтох, тамхи татан орчноо бохирдуулах, элсэн чмхэр, давс, чихрийг аль болох бага хэрэглэх хэрэгтэй байна. Зохистой хооллолт гэдэг нь өөрийн биедээ “шатаах” энергээ бодож хоол¬лоно гэсэн үг. Хэт таргалахгүй байх нь урьдчилан сэргийлэх арга юм.
Монголчуудын хувьд амьд¬ралын хэв маяг угаас буруу биш юм. Тухайлбал ямар улиралд , цаг агаарын ямар нөхцөлд, хэдэн насны, ямар малын махны, ямар хэсгийг хэн идэх вэ гэсэн нарийн дэг жаягтай байсан ард түмэн. Гэвч зарим зан заншил, уламжлал нь орчин үеийн амьдрал нийцэхгүй байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломж бидэнд байна.
Цусны даралт ихтэй хүмүүсийг эмчлэх арга нь манай улсад нэгэнт хоцрогджээ. Энэ нь нэг талаас эмнэлэгийн эмч ажилтан нартай, нөгөө талаас хувь хүний эрүүл мэндээ хэрхэн анхаарч байгаагаас ихээхэн шалтгаалдаг ажээ. Даралтаа байнга хэмжиж байх нь энэ өвчнийг хурц үед шилжүүлэхгүй байх сайн талтай. Манай эмч нар даралт ихтэй хүмүүсийг курсээр эмчилдэг. Гэвч энэ нь үр дүнгүй байна. Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага аль бага тунгаар, хямд үнийн эмийг тогтмол уухыг зөвлөж байна. Эмээ ууж байгаад орхих бус тогтмол уух нь тэдгээр аюулт өвчнөөр өвдөхгүй байж чадна гэж үзэж байна. Энэ тухай өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч С.Говин мэдэгдсэн юм.
Монгол Улс эмнэлгийн эмч, ажилтнаар бүрэн хангагдсан гэдэг. Гэтэл цусны даралт ихсэх өвчний үед зөв оношилж, зөвлөгөө өгч, урьдчилан сэр¬гийлж чадах эмч нь тун ховор гэнэ. Учир нь манай ихэнх эмч нар хурц өвчнийг эмчлэхэд бэлтгэгдсэн байдаг учраас архаг өвчнийг эмчлэхэд тун дутаг-далтай байдаг аж. Энэ нь 90-ээд оноос өмнө төгссөн эмч нарт хамаатай болохоор ЭМШУИС үүнд дүгнэлт хийж хичээлийн программдаа өөрч¬лөлт оруулж байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа сумын эмч, өрхийн эмч нарт энэ өвчнөөс сэргийлэх дадлага эзэмшүүлэх зорилгоор давтан сургалтад хамруулан, дахин бэлтгэж байгаа юм байна. Мөн нарийн мэргэжлийн эмч нар даралттай хүнийг онцлон анхаарч үзэхгүй байснаас хүндрэл гаргах нь олонтоо. Сүүлийн хэдэн жил манай эрүүл мэндийн байгууллагууд өвчнийг өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлогыг баримталж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай орны өвчлөлтийн онцлог байдлыг харгалзан, цусны даралт ихсэх өвчнийг бууруулах, өвдөхөөс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгоход ихээхэн анхаарч байна.