Өнгөрсөн баасан гарагт Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьжээ. Анхны хэлэлцүүлэг нь өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өрнөж асуудлыг парламентаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. “Монголын алт” ХХК буюу “МАК” ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Тус компани 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн баталгаажуулжээ. Үүгээр улсын бүртгэлд 250.4 сая тонн хүдэр, 66167 тонн молибден, 11.127 кг алт бүртгүүлсэн юм байна. Харин хайгуулын ажилд тус компани 2.679.400 ам.доллар зарцуулсан бол нөхөн төлбөрт 714.760 ам.доллар төрд төлжээ. Мөн тус компанийн Цагаан суваргын ордод оруулсан хөрөнгө оруулалт одоогоор 323.1 сая ам.доллар юм байна. Хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйл заалтыг үндэслэж төрийн эзэмшилд ордын 34 хувийг авах заалт оруулж ирж буй юм. Тодруулбал, “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэх заалттай. Төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031.2 сая ам.долларын 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгө гаргаснаар, төр 34 хувийн хувьцаа эзэмших аж. Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг дээрх агуулга бүхий УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Ашиглалтад байгаа ордоос төр тодорхой хувийг эзэмших нь байж болох зүйл. Гэвч эзэмшиж байгаа хувь хэмжээнийхээ хэрээр хөрөнгө зарцуулах шаардлага ургана. Тодруулбал, 350.6 сая ам.доллараа хаанаас, хэрхэн гаргах вэ гэдэг асуулт олон хүнд эргэлзээ төрүүлж байв. Салбарын сайд үүнд хариулахдаа “34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гаргаж шийдвэрлэнэ. Сангийн сайд үнэт цаас гаргах ажлыг хариуцна” хэмээсэн. Гэхдээ хуульд 34 хувь хүртэл гэж тодотгосон байдаг тул төрийн эзэмших хувь хэмжээ 30, 20 эсвэл 10 хувь ч байхыг үгүйсгэхгүй. Тэр хэмжээгээр төрийн нэрээр бонд гаргаж, хөрөнгө нийлүүлэх хэмжээ багасна. Тогтоолын төсөлд багтаасан өөр нэг чухал зүйл нь хэрэв төр хувь эзэмшихээр бол хувьцааг нь “Эрдэнэс МГЛ” ХХК-д харьяалуулж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарч компани байгуулах талаар тусгасан аж. Цагаан суваргын орд нь 16 жил ажиллана, энэ хугацаанд 11 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Улсын төсөвт дөрвөн их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэхээс тал нь рояльтын татвараар орж ирнэ. Харин хөрөнгө оруулалтын зардлаа 6.6 жилд нөхнө гэсэн тооцоог тус, тус гаргасан юм байна.
Парламентын гишүүд уул уурхайн ордуудад төр хувь нийлүүлж, оролцохоос халширч, хаширсан бололтой болгоомжилсон үг унагах аж. Тухайлбал, Д.Ганбат, Л.Энх-Амгалан нар төрөөс хувь нийлүүлэх 34 хувийн олон сая ам.доллар гаргаж чадна гэдэгт эргэлзэж байв. Д.Батцогт гишүүн “МАК бол муу ч сайн ч үндэсний компани. Өөрийн хөрөнгөөр бүх эрсдэлээ үүрээд ирсэн байхад түүнээс нь төр 34 хувийг авч болох юм уу. Түүний оронд Засгийн газар үндэсний компаниа дэмжээд явах ёстой юм биш үү” гэж байв. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хуульд заасан заалтын дагуу тус ордод төр 34 хувь эзэмшихээр оруулж ирсэн” гэж хариуллаа. Мөн “Уул уурхайн сайд та хувийнхаа ажлыг хийж байсан бол ийм эрсдэлтэй төсөлд халааснаасаа 350.6 сая ам.доллар гаргах байсан уу” гэж асуух хүн ч таарсан. Бүр зарим нь “Нэг их ашигтай төсөл биш учраас тогтоолыг хэлэлцэх асуудлаа хойшлуулъя” хэмээн шулуухан хэлсэн. Гэвч Д.Ганхуяг сайд асуудалд тулхтай хандаж “Асуудлыг яаран шийдэхээс аргагүй ээ. Энэ бол миний дур мэдэж хийсэн ажил биш УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Тэгээд ч бүх зүйл хуулийн хүрээнд яваа, хүн бүр хуулиа дагах ёстой учраас буруудах зүйлгүй” хэмээн хариу өгч байлаа. Байнгын хорооны хэлэлцүүлэгт “МАК”-ийн дэд захирал Цогтоо ирсэн. Уул уурхайн олборлолтын ажил эхлэх цаг болчихоод байхад төр 34 хувийг эзэмших үү, огт эзэмшихгүй байх уу гэдгээ тодорхой хэлчихмээр байна. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагч нартай харилцахад илүү амар болж, ажил үргэлжилнэ. Одоо бол энэ тодорхойгүй байдлыг хүлээгээд л, бүх зүйл гацчихаад байна хэмээн ярилаа. Тус компанийн хувьд ажлаа үргэлжлүүлэхэд төрийн эзэмшил байх эсэх нь огт хамаагүй бөгөөд бизнесийн зарчмаар ажлаа явуулах боломж үргэлж нээлттэй байгаа гэнэ. Гагцхүү хөрөнгө оруулагчдад л эрсдэлтэй нөхцөл байдал үүсчихээд буйг хэллээ.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд санал хуваагдчихаад байсан хэдий ч энэ мэт асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээд, асуудлаа илүү тодорхой болгож, нэг мөр шийдье хэмээсэн. Тийм ч учраас парламентад хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэгт олонх гараа өргөв.