Чингис хааны өмнө ба хойно монголчуудын дунд хоёр шашин албан ёсоор дэлгэрчээ. Өмнө нь, байгаль дэлхий, газар тэнгэр, гал усаа амьд хэмээн үзэж, итгэж, биширсэн хүмүүсийн бөөгийн шашин байв. Энэ бол хүн төрөлхтөн үүсч хөгжихтэй ханьсан уламжилсан бараг анхдагч итгэл үнэмшил. Хаан төрөө тохинуулсны хойно шашны эрх чөлөөг тунхаглахад хүчтэй дэлгэрсэн нэгэн урсгал бий. 2500 жилийн тэртээх Будда гэх гэгээрсэн залуугийн зам мөрийг дагасан олон ертөнцийг үзэх, хорвоог таних тэр цогц ухаанаа Буддын эсвэл бурхны шашин хэмээв. Чингис хаант Их Монголын үед ижил тэнцүү гэдгийг нь албан ёсоор зарласан энэ хоёр итгэл үнэмшил холилдож, харшилдаж зуун зууныг элээсээр Богд хаант Монгол Улсын хувьсгалт шинэчлэлийн үед хоёул амь бөхөв. Гэхдээ түр зуур.
Саяхан даа. Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулж монголчуудын мандал сэхэл дахихад шашны эрх чөлөөг тунхаглав. Яг л Чингис хаан мэт. Шашны өлсгөлөнд автсан монголчуудын дунд өнөөх бөө хийгээд буддын суртал хуурай өвсөнд тавьсан гал мэт түргэн дүрэлзэв. Нэмээд шинэлэг үзэл ч түгсэн. Гэхдээ нийгмийн олонхоо ажаад байхад эхлээд шар дээлт хувраг дээр очоод дараа нь хэнгэрэг барьсан бөө нараас тусламж эрдэг бололтой. Юутай ч энэ хоёр их нийтлэг аж. Гэтэл...
Хоёр шашин манай оронд хавчигдаж үгүй болоод дахин сэргэхдээ 70 жил алгассан гэж болно. Гэтэл монгол хэмээх айлын орчин нөхцөл тэс ондоо болсныг шашин хэрхэн мэдэх, мэдэвч дасан зохицох боломж нь хүн хэмээх субьектээс хамааралтай. 1.2 сая нүүдэлчин малчид хотод чигжиж, хашаа байшин, нийтийн байр, орон сууцнуудыг дүүргэжээ. Тэдний итгэх, бишрэх, сүслэх, дагах эрх чөлөө нээлттэй боловч эдүгээгийн хот, суурин газарт харьцангуй хязгаарлагдмал юм. Ёстой л чиний эрх чөлөө миний эрх чөлөөний хязгаарт тулаад зогсоно гэдэг хотын хууль хэрэгжиж байна. Эс бөгөөс та нүгэл үйлдэж буйгаас ялгаагүй. Миний сонгон авч буй сэдэв бол утгаа алдаж, учраа олохгүй байгаа шашиндах зуршил. Шашиндах...
Өглөө чанасан цайнаасаа анхалж өрхийн тэргүүнд аягалаад бурхны өмнө дээжлэх нь буддад сүсэгтэй олон монголын зан. Үдэш, оройн бүрэнхий болоход Алтангадсаа тойрон эргэх Долоон бурхан одонд сүжиглэн, хүслээ шивнээд өөдөө цацна. Тагттай нь тагтнаасаа, тагтгүй нь цонхноосоо, цонхгүй салхивчаараа дээжээ дээш дээш нь цацдаг. Харамсалтай нь, сайхан хүсэл дайж, өөдөө өргөсөн сүү, цай, идээний дээж нь тэнгэрийн гүн рүү, сансрын хязгаар руу одохын оронд дэлхийн татах хүчинд аргамжуулан доошилсоор "газарддаг” билээ. Газардах ч гэж ганган машины шил, толь, гадар, дугуйг цоохортуулан буудаг. Ганц удаа биш өглөө, үдэшгүй давтдагийг бодоход энэ үйлдлийг зуршил гэхэд хилсдэхгүй биз. Энэ чинь тэгээд буян санасан үйлдэл үү.
Хуучин цагт ээжүүд, эмээ нар, эмэг эхчүүд маань өргөө гэрийнхээ тооноор толгой, цээжээ цухуйлгаад дээжээ өргөөд байсан бил үү дээ. Зулайгаа дарж малгай тавиад, хаалгаар гарч, хойд зүг рүү хандасхийгээд хүслээ шивнэж дээжилнэ. Энэ жишгийг өнөөдөр Улаанбаатар хотод дагая гэвэл дээж өргөдөг, шашин шүтдэг, хүслээ шивнэдэг хэн гуай ч байсан өндөр байрнаасаа лифтээрээ буугаад, орцноосоо гарч хэд алхаад, дээжнийхээ дуслаар бусдын эд хогшлыг "онохооргүй" зайдуу очоод үйлдэж болох юм. Бурхнаас юм гуйж байгаа бол ядаж хумсын чинээ хөдөлмөр гаргах хэрэгтэй биз дээ. Бидний өвөг дээдэс хүрээ орж, Ганданд мөргөж, хүслээ даатгахын төлөө олон мянгаараа хаа байсан Ховдоос явган гарч, зам зуур сунаж мөргөсөөр байгаад ирдэгтэй харьцуулахад орцноосоо гараад хүслээ шивнэх нь юу ч биш байлтай. Энэ ч яахав 130 мянган машины эзэнд л хамаатай.
Үүнээс ч аймар асуудал бий. Нийтийн байр, орон сууцанд “бөмбөрддөг” шашинчдаас улаанбаатарчууд үнэхээр залхаж байна. Залхлаа гээд хэлчих гэхээр хараал, жатгаас нь айх хэцүү. Хэлэхгүй тэсэхэд ясны хэцүү. Хэнгэрэг дэлдэж, тэнгэртэй шууд харьцдаг бөө нарын асуудлыг энд хөндье. Дээрхтэй адил жишгээр харьцуулж үзье. Бөөгийн домог, түүхийг судалж үзэхэд тэд онгод тэнгэр, өвөг дээдсээ хүндэтгэж ахуй орчин, гэр орноосоо тусад нь авч үзэн, ихэд хүндэтгэдэг байж. Тодруулбал, бөөгийн өргөө, урц, овоохой барих эсхүл ой тайгын гүнд ажиллана. Орчин цагийн бид гэр орон, ажлын газар тусдаа байдагтай л төстэй юм даг уу. Бөөгийн шашны хувьд байгаль, дэлхийтэй шууд утгаараа холбогддог тул ой, тайга, хадны агуйд ч юм уу эзгүй газар онго, шүтээнээ залах нь цөөнгүй. Одоо ч Их Тэнгэрийн ам тийш, Богд уулын ар хормойд хадаг, яндраар багласан шовгорууд байдаг. Харин их хотын соёлд нүүдэлчний амьдралаас үүдэлтэй бөөгийн шашин хуучин янз байдлаараа яавч тохирохгүй. Тиймээс нийтийн байр, сургууль цэцэрлэг, гэр хорооллоос зайдуу ажлын байр түрээсэлбэл зохино. Эсвэл дуу чимээ нэвтрүүлдэггүй ханатай студид онгодоо залах юм уу огт дуу чимээ гаргадаггүй хэнгэрэгтэй болчиход гэмгүй. Эдийн засаг хүндэрч, түрээсийн байр үнэд орсон энэ цагт Богд ууландаа очоод гал түймэр тавьчихгүйхэн шиг онгодтойгоо хүүрнэлдээд байж болмоор санагдана.
Хэрэв тэгэхгүй гэвэл хөгшид, хүүхэд гэлтгүй залуу үе бидэнд ч стресс нэмэх юм байна шүү. Хэл ам, хараал жатга хийдгийг нь дуулсан энгийн номхон иргэд та бүгдээс эмээсэндээ шууд ороод хэлж чадахгүй Хотын дарга Э.Бат-Үүлээс “Хотод бөөлдөггүй болгож өгөөч” гэж гуйж явна. Үндсэн хуулиар тогтоосон итгэх, эс итгэх эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж болшгүй тул зөвлөх, сануулах, сэдэл өгөх зорилгоор үүнийг бичив. Бичигч миний бие заримдаа гэр орондоо чангахан дуугарч, дуулж суухаас сэтгэл зовнидог юм. Хоёр талын хананы цаана мөн л айл амьдарч, хүүхэд унтаж, хэн нэгэн ирээдүйн ерөнхийлөгч хамаг анхаарлаа төвлөрүүлэн хичээлээ давтаж, хөгшин настай юм уу хөгжлийн бэрхшээлтэй эсвэл өвчин туссан ядарсан нэгэн шаналж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс хөнжлийнхөө дэргэд хэнгэрэг дэлдсэн бөө нар минь дуу чимээгээ аядаарай. Мөн хэдэн алхмаас залхуурч хүний машин заваартуулдаг ээжүүд минь нэгийг бодоорой. Эрхэм таны өмссөн гутал, өлгөсөн цүнх, нөмөрсөн хүрмийг тань хэн нэгэн санаандгүй халтайлгачихвал хэрхэх вэ гэдгээ, бодоорой бодоорой. Автобусанд чихэлдэхдээ хөл дээр чинь гишгэж, гутлыг нь цоохортуулахад яадаг билээ, бодоорой бодоорой. Хэдхэн жилийн өмнө олон хоногоор бясалгаж бясалгаж гарч ирээд монголын толгой баячуудыг алгадаад "Сайн бодддд..." хэмээн хоолой зангируулан хэлж асан Б.Осгонбаяр ламтны үгээр бичвэрээ төгсгөе.
Сайн боддд, сүсэгтнүүд минь.