Ардчилсан хувьсгалын он жилүүдэд олныг нэгтгэн, биднийг юуны төлөө тэмцэж, юуг цогцлоохоор эвлэлдэн нэгдэж байгааг үргэлж сануулж байсан зүйлийн нэг нь “Хонхны дуу” хэмээн Булган аймгийн МоАХ-ны партизан, ахмад гишүүн Д.Лхагвадорж хэлэв. Нэг нот нь ч баларталгүй чихэнд хоногшсон энэ дууны зохиогч С.Цогтсайхан хорвоогоос хальсан ч уран бүтээл нь мөнхөрч, түүхийн нэгээхэн хэсгийг хөгөлж байсан учраас тэрбээр С.Цогтсайхан агсанд зориулан хөшөө босгохоор зориг шулуудсан аж. Түүнээс гадна түүний “эсэргүү” дуу үнэнийг өгүүлж, олны сэтгэлийг хөндөж чадсан нь ардчилал буугаар биш дуугаар ялахад асар их хувь нэмэр оруулсан гэдгийг нь цохон тэмдэглэхийг хүссэн юм. Энэ талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-“Хонхны дуу” Хонх хамтлагаасаа хальж, бүхэл бүтэн ардчиллыг төлөөлж чадсан. Тиймээс бүтэн нийгмийг зурагласан энэ дуу хэрхэн төрөх болсон талаар та тухайн үеийн дурдатгалаа хуваалцахгүй юу?
-1980-аад оны сүүлчээр ЗХУ болон бусад социалист орнуудад өрнөсөн улс төрийн үйл явдлууд нь коммунист дэглэм удахгүй задран унахыг илтгэж байлаа. Монголын радиод сэтгүүлчээр ажиллаж байсан журмын нөхөр С.Цогтсайхан тэр үеэс эхлэн манайд 70-аад жил тогтсон коммунист дэглэмийн эсрэг, нийгмийг ардчилахын төлөө тэмцэлд өөрийгөө эргэлт буцалтгүй зориулсан.
Харин яаж гэдгийг нь одоо хэлье. Би 1988 оны үед хөдөөний цөлхи эр л байсан. Тухайн үед хэдэн шүлэг барин радио, телевизээр гүйж явахдаа, анх Цогоотойгоо танилцсанаа одоо ч гэсэн тодхон санадаг. Тэгээд итгэлт найз нөхдийн хамт байгуулсан “Шинэ үе” нууц бүлгэмд нь элссэн. Улс төрийн хувьд далд боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулах эхлэлээ тавьж байсан үе л дээ. Нийгмийн эрх чөлөөгүй байдал, хүнд суртал нь улс орны хөгжлийг хойш татаж байгааг хүмүүст ухааруулах, нийгмийг сэрээх, ардчилсан өөрчлөлт, шинэчлэлд ард түмнийг уриалж улмаар хувьсгалт тэмцлийг өрнүүлэх нь нууц бүлгэмийн зорилго байсан. Харин энэ үеэс улс төрийн тэмцлийн энгийн аргууд болох ухуулга хуудас наах, цуглаан жагсаал хийхээс гадна, олон түмний сэтгэлийг дуудах хүчирхэг зэвсэг болох дуу хөгжим нь ямар чухал нөлөө үзүүлж болохыг Цогоо маань олж харсан юм. Хараад зогсохгүй энгийн хирнээ хурц үгтэй хүнд шууд хүрэх дуунуудыг өөрөө зохиож, тэдгээр дуугаа хүмүүст хүргэхийн төлөө өөрийн бүхий л авьяас чадвараа дайчлан, ардчилсан хувьсгалд хүмүүсийг дуудан зоригжуулснаараа ардчиллын өмнө том гавьяа байгуулсан хүн дээ.
-Улсын филармонийн зааланд анхны тоглолтоо хийж байсан нь их зоригтой алхам болсон гэдэг. Тухайн үедээ бол нийгмийг шүүмжилсэн дуутай тоглолт болох хэцүү байсан байх?
-1989 оны эхээр ардчилсан хувьсгалын уриа дуудлага болсон “Би дуугүй байж чадсангүй”, “Рашаантын-18”, “Өршөө”, “Бидний араншин”, “Хонхны дуу”, “Би ажилгүй хүн”, “Цаасан малгай”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг дууны үг, аяыг нь зохиож, Цогоо дотны найз Н.Энхбаярыгаа хань татсанаар “Хонх” хамтлагийг үүсгэн байгуулсан. Харин хамтлагийн гишүүн Н.Энхбаярын аав Улсын филармонд олон жил дарга хийсэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Намсрайжав байсан нь тоглолтоо хийхэд их тус болсон. Хөгжмийн найруулга, бичлэгийг техникийн болоод мэргэжлийн зохих түвшинд хүргэж хийхэд нь “Соёл-Эрдэнэ” хамтлаг дэмжлэг үзүүлсэн. Тэд анхны “Бидний араншин” тоглолтоо хийхэд бидний найз нөхөд, ах дүү танилууд гээд 200 гаруй хүн очиж үзсэн. Цаашдаа ам дамжин яригдсаар дараагийн тоглолтууд улам л өргөн хүрээг хамарч, танхим дүүрэн хүнтэй болсон доо. Харин 1990 оноос өмнө шинэ дуу, шүлэг, ном уран бүтээл бүхнийг Соёлын яамны Уран сайхны зөвлөл улс төрийн талаас нь хянаж, олон нийтэд хүргэх эсэхийг нь шийднэ. Хэрэв социалист, коммунист үзэл суртлыг шүүмжилсэн агуулгатай бүтээл гарвал зохиогчийг нь байцаадаг, баривчилдаг, шоронд хүртэл хорьдог байлаа. Гэтэл Цогоогийн зохиосон дууны үг нь төр засгийн бодлогод нь тохирохгүй, “байж боломгүй” тийм л бүтээл байсан. Ухуулах хуудас наасан хэргээр Цогоо маань НАХЯ-ны хараа хяналтад байсан үе болоод тэр үү анхны тоглолтод энгийн хувцас өмссөн цагдаа, НАХЯ-ны ажилтнууд ирснийг санаж байна. Хэрвээ тоглолтын үеэр хэв журам алдагдвал баривчлах, тараах зэрэг арга хэмжээ авахад бэлэн гэсэн үг. Түүний хувьд энэ тоглолт нь өөрийн үзэл бодлыг олон нийтийн өмнө анх удаа чөлөөтэйгөөр илэрхийлсэн, басхүү аз туршсан зоримог алхам байлаа. Анхны тоглолт амжилттай болсноор Цогоо маань их урам зориг авч өөртөө итгэлтэй болсон доо. Тэгээд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Вовка хочоороо алдаршсан Д.Энхболд нар хоёр дахь тоглолтоо 1989 оны есдүгээр сарын 23-нд хийж, 400 гаруй, маргааш нь 500 орчим хүн ирж үзсэн. Хотын дарга Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Асар богино хугацаанд дуу бүхэн нь гарсан даруйдаа хит болж, уран бүтээлүүд нь ар, араасаа ундарч байсан нь гайхмаар”.
-Ардчилсан нийгмийг ч шүүмжилж байсан?
-Тийм. Монгол улс системийн хувьд ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжин орсон ч бодит байдал дээр тэнэмэл жаалууд бий болж, мөнгө бүхнээс дээгүүрт тавигдсан “зэрлэг капитализм” руу орж болохыг “Тэнэмэл жаалууд”, “Мөнгө”, “Нутгийн уулс”, зэрэг шинээр зохиосон дуунуудаараа өгүүлж, “Ирж яваа цаг” хэмээн концертоо нэрлэсэн. Саяхан “Нутгийн уулс” дууны талаар “Мэднесс” хамтлагийн ахлагч Ч.Оюунсайхан “Уул уурхайг буруу ашигласнаас болж унаган байгаль хэрхэн сүйдэхийг Цогоо ах 20 гаруй жилийн өмнө яаж мэдэж, ийм дуу зохиосныг нь гайхан биширч байна” гээд ярилцлага өгсөн байна лээ. Тэр хүн амьд сэрүүн байсан бол дуу хөгжмөөр өнөөгийн нийгмийн болох, болохгүйг ч шүүмжилсээр л байх байсан гэдэгт би бат итгэдэг. Харамсалтай нь, 1997 оноос шашин рок урсгалын “Хийморийн сан”, “Жанлавцогзол” гэсэн хоёр шинэ дуу зохиож, цаашдаа энэ чиглэлээр бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байсан ч 2000 оны аравдугаар сард тархиндаа хүнд гэмтэл авч, хараагүй болон хэвтэрт орсны улмаас олны хүртээл болгож амжаагүй байсаар 44 насандаа 2004 онд насан эцэслэсэн.
-Гэхдээ түүний дуунууд одоо л амьдарсаар байна. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүн энэ хорвоод том мөртэй хэвээр л байна. Үүнийг ч та мэдэж байгаа байх. Тийм ч учраас түүнд зориулсан хөшөө босгох талаар хөөцөлдөж яваа юм уу?
-Түүний дуунуудыг олон хамтлаг дуучид өөрийн хэв маягт оруулан дуулж, олон дахин амилуулсаар ирсэн. Гэхдээ дууны утга санаа хичнээн гүнзгий байна, төдий чинээ урт насалж, үеийн үед дурсагдан дуулагдах тавилантайг “Хонхны” Цогтсайханы уран бүтээлүүд тод харуулсаар байна шүү дээ. Эгэл жирийн инженер хүртэл “Хонхны дуу”-нд зориулсан хөшөө бүхий С.Цогтсайханы нэрэмжит хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж дурсгалыг нь мөнхжүүлэх сайхан санаачилга гаргаж байсан нь сэтгэл хөдөлгөдөг.
-Түүнд зориулсан хөшөөг хаана, хэзээ, ямар зардлаар босгох гэж байгаа юм бэ. Бэлтгэл ажил нь эхэлсэн үү. Ер нь хэзээнээс хөшөө босгох талаар бодсон юм бэ?
-Тэр бол ардчиллын “дууч шувуу”. Түүнд хөшөө босгох хэмжээний гавьяа, хойч үедээ дурсагдах бахархал гэж бий. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх. Орь ганц “Хонхны дуу” бус олон гүн гүнзгий утгатай нийгмийг сэрээсэн, цочрол өгсөн бүтээлийг ар, араас нь туурвиж чадсан цэл залуухан хүн байсан. Хэдийгээр байсан гэдэг үг асар их харамсал дагуулах ч түүний орон зай өдийг хүртэл байгаа гэж бардам хэлнэ.
Харин бид түүнд зориулсан дурсгалын хөшөөг анхдагчдын өлгий нутагт сүндэрлүүлэх ажлыг олон жил бодож, ярьж явсаар 2010 оноос ажил хэрэг болгохоор зориг шулуудсан. Тэгээд Булган аймгийн МоАХ-ны анхдагчид хөшөөний макет, газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр олон даргын хаалга татлаа. Тухайн үед манай аймагт одоогийн сөрөг хүчин засаг барьж байсан учраас бидэнд үүдээ дэлгэх дарга үнэндээ байгаагүй.
Харин 2012 онд Булган аймаг орон нутгийн сонгуулиар түүхэндээ анх удаа ялалт байгуулсан нь хөшөөг босгоход нөлөөлөх холбогдох шийдвэрүүд гарч буйд талархалтай байна. 2013, 2014 оны захирамжаар хөшөө босгох ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, бүрэлдэхүүнд нь Булган, Орхон аймгийн ардчилсан холбооны гишүүдийн төлөөлөл орсон. Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг аймагт ирэх үеэр хөшөөний шавыг тавьж, хөрөнгө мөнгө босгох ажлыг санаачлагчдын зүгээс эхлүүлсэн. Тиймээс энэхүү хөшөөг босгох ажлыг Ардчилсан холбооны үе, үеийн гишүүд, дэмжигчид ардчиллын төлөө гэсэн сайн санаат олон мянган хүний дэмжлэгтэйгээр сүндэрлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Мөн хөшөөг босгох ажилд зүтгэл гаргасан хэд, хэдэн хүнийг дурдах нь зүйтэй байх. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, МоАХ-ны гишүүн Д.Мягмарсүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, мөн тус газрын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Алтанхуяг болон Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарын олон хүнд талархаж байгаагаа илэрхийлье.
-С.Цогтсайхан агсны хөшөө, түүний дуунаас залуу үе юуг сурах ёстой гэж та боддог вэ?
-Бидний үеийнхэн болон залуучууд энэ нийгмийн үнэн төрхийг гажуудуулсан олон араншин гаргах болсон. 25 жилийн өмнөх үеийн дарга нарын үр хүүхдүүд одоог хүртэл социалист нийгмийн үзэл суртлаа гээгээгүй байна. Хамгийн гол нь сэтгэлгээний эрх чөлөө бус эд баялгийн буюу социалист сэтгэлгээ нь хэвээр байгаа нь харагддаг. Унах машин, орох орон, ажил хөдөлмөр гээд бүх зүйл нь байгаа ч ардчиллын эрх чөлөөнөөс илүүтэй хуучин үеийн хямсгар зангаа ахуйлаг байдлаар гаргаж байна. Энэ бол социалист буюу удамшсан хэв заншил нь уураг тархин дотор нь задраагүй өндөг мэт байж л байгаатай ялгаагүй хэрэг.
Тэд ардчилсан нийгэмд хангалттай эрх чөлөөг эдэлдэг мөртлөө сонгууль бүрийд хуучин үе рүүгээ тэмүүлж, ямагт унаж байгаа нөгөө нам руугаа тэмүүлдэг. Гэтэл сөрөг хүчин гэдэг өөрөө өдийг хүртэл хуучин дэглэмийг нэвт шингээсэн байдлаа өөрчилж чадахгүй байна. Ардчилал гэдэг ганцхан байдаг зүйл. Бидэнд хоёр дахь боломж гэж үгүй. Хүн хоёр амьдардаггүйтэй адил. Харин үүнийг арчилж үр, хүүхэд, хойч үедээ үлдээж, сэтгэл зүрхэнд нь нар мэт гэрэлтүүлэн үлдээж чадвал, ардчилал хоёр дахиа амьдарч байгаа гэсэн үг. Хоёр гэлтгүй цаашид мөнхөд ч амьдрах боломжтой. Харин энэ “Хонхны дуу” нь ямагт эгшиглэж, ардчилал эрх чөлөөний төлөө тунхаглалаа зарлаж, мөнхөд Монголын хөх тэнгэрт ноёрхон орших болтугай гэж ерөөмөөр байна.