Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Дамдинсүрэн: Нийтийн тээврийн нүүр царай 10 хоногт “илчлэгдлээ”


Нийслэлийн нийтийн тээврийн системийг шинэчлэх, үйлчилгээг боловсронгуй болгох зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын автобусны маршрутыг өөрчилж, багц тасалбар борлуулах туршилтын ажил дууслаа. 10 хоногийн турш үргэлжилсэн энэхүү ажлын үр дүнгийн талаар өчигдөр үйлчилгээ үзүүлэгч компаниуд ярилцаж эхэлсэн бөгөөд эцсийн дүгнэлтийг хараахан хийгээгүй байна. Бид энэ талаар Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

-Нийтийн тээврийн үйл­чилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор хэрэгжүүлсэн тө­лөв­­­лөгөөний туршилтын хуга­цаа дууслаа. Танай хол­бооны зүгээс дээрх ажлыг хэрхэн дүгнэв?
-Нийтийн тээвэр шинэчлэ­лийн энэ асуудлыг манай холбоо 2011 оноос эхлээд л ярьсан. Юу гэхээр, нийтийн тээврийн орлогын төлөөх өрсөлдөөнийг байхгүй болгохын тулд орлогыг нь төвлөрүүлж, хуваарилж бо­лох гаргалгааг хийсэн. Ха­рин ингэхийн тулд нийтийн тээв­рийн сүлжээг дахин төлөв­лөж, нийтийн тээврийн автобус­нуудын чиглэл давхардахыг багасгах хэрэгтэй болсон.
Ингээд 2011 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл бичиж, тухайн үеийн Засаг дарга, холбогдох газруудад хүргүүлсэн. Харамсалтай нь тухайн үед хэн ч үүнийг дэмжиж авч хэлэлцээгүй. Тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Автобус-1” компанийн санаачилгаар “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” сэдэвтэй чуулганыг нийт тээвэрчдийнхээ дунд зохион байгуулсан. Энэхүү чуулганы үр дүн нь яг л бидний боловсруулсан дээрх төсөлд чиглэсэн. Хэдийгээр улс төр болон эдийн засгийн талаасаа хэрэгжүүлэхэд бэрх байсан ч үүнээс өөр гарц байхгүй учраас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэлээд  зориг гаргасны үндсэнд дээрх төслийн туршилтыг эхлүүлсэн. Үүнд манай холбооны зүгээс их баяртай байгаа. Харин 10 хоног хэрэгжүүлсэн туршилтын бэлтгэл ажил болон мэдээллийн дутмаг байдлаас үүдэн эхний хоёр, гурван хоног иргэдийг чирэгдүүллээ. Гэсэн ч үлдсэн хугацаанд туршилт маш амжилттай боллоо гэж манай холбоо дүгнэж байна.

-Гэхдээ хүрэлцээ бага, хүлээлт их байлаа шүү дээ. Туршилтын явцад хэдэн том оврын автобус үйлчилгээнд явсан юм бэ. Зарим аж, ахуй нэгж автобусаа гаргах­гүй бай­на гэсэн. Үүнийг алдаг­дал­­­тай холбоотой хэмээн тайл­­барлаад байх шиг. Алдаг­­­­­­дал хэдэн төгрөгт хүрэв?
-Туршилт эхлэхэд 780 гаруй автобус үйлчилгээнд явж байсан. Ингээд наймдугаар сарын 24,25-ны өдрүүдэд зарим чиглэлийг хуучнаар нь болгож өөрчилсөн. Мөн төв замын чиглэлд автобусны хүрэлцээ дутагдсан учраас нэмж автобус гаргасан. Ингээд нийтдээ 870 гаруй автобус 10 хоногийн турш үйлчилсэн. Харин энэ хугацаанд зохих ёсны алдагдал мэдээж гарна. Анхнаасаа нийтийн тээврийн компаниуд нийлээд 1.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх юм байна гэсэн тооцоо гаргаад байсан. Гэхдээ энэхүү алдагдлыг хотын удирдлага болон үйлчилгээ үзүүлэгч гэсэн хоёр талаасаа хариуцахаар болоод ажилласан. Гол нь эцсийн үр дүнд  бид нийтийн тээврийн компаниудын орлогыг төвлөрүүлж болох юм байна гэдгийг бодитоор харуулж чадлаа. Өөрөөр хэлбэл, орлогын төлөөх өрсөлдөөнийг зогсоож чадах юм байна гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Ингэснээрээ нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох юм. Иргэд ч орлого төвлөрүүлэх буюу бөөний үнэтэй тасалбар гаргах асуудлыг  сайшааж байна. Харин маршрут төлөвлөлтийн тал дээр бага зэрэг асуудал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэсэн ч иргэдийн дийлэнх нь нааштайгаар хүлээж авсан гэдгийг бид өөрсдийн судалгаанд тулгуурлан хэлж болохоор байна. Харин энэ асуудлыг дэмжихгүй хэсэг бүлэг хүмүүс байгаа.

-Хэсэг бүлэг гэдэг нь зориудаар гэсэн утгатай сонсогдож байна. Тэгэхээр хэн нэгнийг хамааруулж ойлгох хэрэгтэй юу?
-Би сая нийтийн тээврийн салбар зах зээлийн горимд шилжин ажиллаж эхэлснээс хойш энэ салбараар бизнес хийдэг болсон хэсэг бүлэглэлийг хамааруулж хэлсэн.
Тэд энэ салбарыг муу байлгах үнэхээр сонирхолтой. Яагаад гэвэл, дутагдал дээр дөрөөлөөд янз бүрийн гадаад, дотоод төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, зам, чиглэлийг хувийн юм шиг ашиглах боломж үүссэн байна.
Харин иргэдийн зүгээс эко бүс (хотын төвөөр татвар төлж зорчих хөтөлбөр) ярьсантай холбоотойгоор бага зэрэг сэтгэл дундуур хандах шиг боллоо.  Дараа нь улс төрийн буюу сөрөг хүчний зүгээс дээрх ажлыг дэмжихгүй байгаа хандлага ажиглагдлаа. Гэхдээ нийт масс бол энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа.

-Бизнес бүлэглэл гэдгийг дахиад тодруулаад өгөхгүй юу?
-Би нийтийн тээврийн салбарт 2004 онд орсон. Энэ хугацаанд нийтийн тээврийн салбарыг хөгжүүлье гээд асуудал дэвшүүлэх бүрийд эсэргүүцэх хүн олон байсан. Гэтэл саяхан парк шинэчлэл гээд автобус үйлдвэрлэлээ л гэж байна. Тэгээд автобусаа шинэчлэх нэрийн цаана автобус шахах наймаа явж байна. Угтаа бол нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж автобусаа сайжруулах хэрэгтэй шүү дээ. Цаашлаад Азийн хөгжлийн банкны зээл тусламж авах, автобуснуудын сэлбэгийг бөөнөөр нийлүүлэх, тусгай замын автобус гээд янз бүрийн “наймаа” явагддаг. Тэр хүмүүст бол нийгмийг хөгжүүлэх ямар ч сонирхол байхгүй. Энэ нь юунаас үндэстэй вэ, гээд хувийн бодлоо хэлбэл, 2000 оноос эхлээд Нийслэлийн ний­­тийн тээврийн бодлого зо­­хи­­цуулалтыг хариуцсан газ­­рыг аж, ахуйн тооцоот бол­гож ажиллуулсантай хол­боотой. Өөрөөр хэлбэл, аж ахуйн тооцоон дээр нэртэй тээвэрч­дээс хууль бус хураамж авдаг, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бай­гаа нэрийдлээр мөнгө угааж эхэлсэн. Харин 2010 онд Нийс­лэлийн нийтийн тээврийн газар төрийн агентлаг болсноор ажилчид нь төрийн албан хаагч болж, төсвөөс цалинжиж эхэлсэн. Гэвч 10 жилийн хуга­цаанд олсон орлогоосоо ца­­линж­даг тогтолцоо нь өнөөд­рийг хүртэл нураагүй бай­­на.
-“Автобус-1,3” болон “Ца­­хилгаан тээвэр” гэсэн ул­сын компаниудыг нэгтгэх тушаал, шийдвэр гарсан. Ингэс­нээр хувийн хэвшилд ямар дарамт ирэх вэ?
-Эдгээр компанийг нийлүү­лэхээр боллоо гэж мэдээлэл авсныхаа дараагаар хувийн хэвшлийн компаниуд цуглаж, ярилцсаны үндсэнд дээрх нэгдэл нь улс төр, эдийн засаг, компанийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийсэн байгаа. Ингээд үр дүнг нь Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д уламжилсан. Тэд хуралдаж үзээд нэгтгэх асуудлыг шийдвэрлэсэн. Харин бидний зүгээс нэг л зүйлд дургүйцэж байгаа. Юу гэхээр, төрийн өмч, хувийн өмчийн ялгаа гаргаж харьцвал бид зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, бид нийтийн тээврийн салбарын 70 хувийг эзэмшиж байна. Энэ харьцаанд төр давуу эрхтэйгээр орж ирвэл бид эсэргүүцнэ. Төр өөрийн компанидаа чиглэл мартшрутын давуу эрх олговол хэцүү шүү дээ. 

-Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд явсан маршрутад төр, хувийн гэсэн ялгаа гарсан уу?
-Үгүй. Энэ байдлаар үйлчилгээнд явбал, төр, хувийн хэвшлийн хооронд ямар нэг маргаан гарахгүй. Яагаад гэхээр, олсон орлогоо төвлөрүүлж, ажилласан цагаараа мөнгөө авч байгаа. Үүнээс үзвэл орлого гэдэг зүйл чинь бүх юмны дайсан болчихоод байна. Орлогын төлөөх тэмцэл байхгүй 10 хоногт нийтийн тээврийн будлианы гол үүсвэр нь орлого байсан гэдэг нь харагдлаа. Бүр сэтгэл зүрхэнд нь шингэчихсэн байна шүү дээ. Сүүлдээ бүр компанийнхан тасалбараа борлуулах гэж буудлаа булаа­цалдаж байна. Одоо ч гараад харахад мэдрэгдэнэ. 10 хоног дуусав уу, үгүй юу автобусны буудал автобусаар дүүрчихсэн. Эмх замбараагүй байгаа. Нэг жишээ хэлэхэд л, нэг агшинд буюу 08.00 цагт гэхэд Багшийн дээдийн буудал дээр 25 компанийн 30 гаруй автобус ирж зогсох график байдаг. Ингээд дөрвөн зам хүртэл 2-3 эгнээ болоод бие, биетэйгээ уралдаад дуусдаг. Гэтэл сая орлого байхгүй явуулахад бүгд л шил, шилээ дараад яваад болж байна.

-Автобуснууд ар, араасаа цуваагаар явах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа ч өнгөрсөн 10 хоногийн байдлаас харвал иргэдэд ашиггүй байдал үүссэн. Ар, араасаа ирээд ч автобусны буудал дээрх зорчигчид шингэрээгүй?
-Албан ёсны ажилд манай холбоог оролцуулаагүй. Бид өөрсдөө санаачилгаараа өглөө 06.30-22.00 цаг хүртэл туршилтын ажилтай танилцаж явсан. Ингээд төлөвлөлтийн алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, хүрэлцээ муу байгааг мэдсэн ч автобусныхаа тоог нэмэхгүйгээр замаа уртасгаж байсан. Богино эргэлт хийхэд 10 автобус явж байсан бол замыг урт эргэлттэй болгосон ч автобусны тоог нэмээгүй. Ингэхээр буудал хооронд зай гарсан. Түүнээс автобус тасалдсан, яваагүй тохиолдол байхгүй. Харин маш том дутагдал гарсан нь троллейбусны шугам тасалсан асуудал гарсан. Үүнээс болж төв зам, модны хоёр гээд түгжрэл маш их гарсан. Мөн буудал дээр цуваа байдлаар автобуснууд 2-3 минутын зайтай очих нь хугацааны хувьд их байгааг ажиглалаа. Өөрөөр хэлбэл, төв замаар зорчих зорчигчдыг ачаалал багатай тээвэрлэхийн тулд буудал дээр автобуснууд 40 секунтын зайтай явуулах хэрэгтэй юм байна.

-Нийтийн тээврийн шинэчлэлийн туршилтын хугацаанд зорчигч 500 төгрөгөөр бүтэн өдөр зорчиж байлаа. Харин дээрх асуудал нэг мөр шийдэгдвэл сарын 30 мянган төгрөг гэж яригдаад байгаа. Энэ тал дээр танай холбоо ямар бодлого баримталж байгаа вэ?
-Сарын 30 мянган төгрөгийн тасалбар гаргаад маршрутыг энэ чигээр нь юм уу, эсвэл бага зэрэг задлаад явах бүрэн боломжтой. Төлөвлөж байснаар энэ сарын 23-наас явсан ч болно. Тасалбарыг хэвлүүлэх, борлуулахад ямар ч асуудал гарсангүй. Харин 30 мянгын тасалбарыг иргэд дэмжих үү, гэдэг асуудал байна. Хэрвээ, 25 юм уу, 30 мянган төгрөгийн тасалбар гаргавал, тасалбарыг хэвлэх, борлуулах зардлыг даатгалын компаниар гаргуулаад, иргэдээ даатгах бас нэг боломж байгаа гэж харж байна. Гэнэтийн ослын даатгалд даатгана гэдэг нийтийн тээврийн хөгжилд бас нэг дэвшил болно. Харин 25 мянган төгрөгийн тасалбар гэвэл цаана нь алдагдал хүлээх мөнгийг нийслэлээс гаргана. Ийм журмаар л явах байх.

-Зорчигчтой шууд тулж харьцдаг жолооч, мөнгө хураагч нар 10 хоногийн туршилтын ажлыг нэлээд эсэргүүцэж, иргэдийг өдөөн хатгалаа гэж би хувьдаа дүгнэсэн. Юу гэхээр,  жолооч буудал хэтэрч зогсох, буудал алгасах зэрэг үйлдлийг олон гаргасан бол, кондуктор 11-11 төвд хандаж, шинэчлэлийг эсэргүүцэх хэрэгтэй хэмээн иргэдэд хэлж байгаатай олон таарлаа. Үүний цаана шугам, эргэлтээс жолооч, мөнгө хураагч нар цалингаас гадуур орлого олдог гэсэн хар байна?
-Тийм зүйл байгаа. Үүнийг үгүйсгэх ямар ч аргагүй. Мөн хэнээс ч нуугаад хэрэггүй. Гэхдээ ийм зүйл төрийн өмчит компанийн ажилчдын дунд илүү байдаг. Яагаад гэхээр бид төр, хувийн гэлтгүй зөндөө шалгалтаар явлаа. Тэгэхэд, хувийн компанийнхны тасалбараа борлуулж байгаа байдал, идэвх маш сайн байсан. Харин төрийн компаниуд график мөрдөхгүй байх, тоомжиргүй хандах зэрэг үйлдлийг маш их гаргасан. Үүнд, төрийн компанийнхан алдагдалд ороход жолооч, мөнгө хураагчид хамаагүй байдаг гэсэн шалтгаан нэгт бичигдэнэ. Ялангуяа “Автобус-1” компанийн ажилчдын дунд үүнийг эсэргүүцэж байгаа олон хүн байсан. Нэг чиглэлд явж байгаа гурван автобус хүртэл яг, шилээ дараад зогсчихсон л байна лээ. Бид үүнийгээ болиул гэж удирдах ажилчдад нь хэлсэн. Гэтэл дутагдлыг нь засахын оронд урдаас тайлбар хэлж байгаа юм. Мөн мөнгө хураагчгүй гэж зарласан байтал автобус дотроо тасалбараа таслаад явж байсан. Гадаа зогсохоос бэрхшээж байна. Гэтэл хувийнхан өдөржингөө л гадаа зогсож, тасалбараа борлуулсан. Дашрамд дурдахад иргэд бүгд тасалбараа авсан. Нэг автобусанд ихдээ л 3-4 хүн тасалбаргүй зорчиж явсан.Тэгээд шалгалтаар тасалбараа ав гэхээр нэг нь бүгдийнх нь өмнөөс тасалбар аваад байгаа юм. Энэ бол санаатай үйлдэл. Туулайчилж яваад байна, орлогогүй, ашиггүй боллоо гэсэн зүйлийг л массд “хатгаад” байгаа хэрэг гэж дүгнэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан