Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Батсүх: Би ардчилал гэдэгт хүний эрх, эрх чөлөөг туйлаас эрхэмлэдэг


Ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан, тэр дундаа үндэсний үзэл суртал суулгах асуудал хөндөж байсан МоАХ-ны партизан Ч.Батсүхтэй ярилцлаа. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд Даваа овогтой Батсүх гэдэг нэрээр оролцож байсан юм. Харин 1990 оноос хойш хүний эрх, эрх чөлөө нээгдсэнээр Чимэдоржийн Батсүх хэмээн өөрийн нэрээр овоглох болжээ.

-Яриагаа та МоАХ-тай хэр­­хэн холбогдож байсан та­лаар эхлүүлье. Ямар уч­раас ардчилсан хувьсгалд оролцох хүсэл төрж байсан юм бэ?
-Намайг ЗХУ-д сурч байхад 1970 оны шувтрагаар Монгол Улсад өөрчлөлт эхэлсэн ардчиллын салхи сэвэлзсэн үе байлаа. ЗХУ-ын харьяанд Украин, Беларус, Латви, Литва, Эстон  гээд олон улс багтдаг. Тэгвэл бид хаана яваад байна вэ. ЗХУ-ын харьяа 16 дахь орон юм уу, эсвэл тусгаар улс гэдгээр нь биднийг хүлээн авдаг юм уу гэсэн бодол төрж эхэлсэн. Тухайн үеийн манай улсын оюутнуудыг тусгаар тогтносон улсын иргэн гэдгээсээ илүү хол­бооны улсын харьяа мэтээр үзнэ. Тэр үед би их гүрний дээрэнгүй үзлийг мах цусаараа мэдэрсэн учир ардчилсан хувьсгалд сэтгэл­зүйн хувьд бэлтгэгдсэн байсан. Мөн үндэсний үзэл надад сууж. Иймээс Эзэн хаанаа дээдлэх агуу их гүрэн байсан үеийг нь дуурсгах үзэл бий болж эхэлсэн.

-Танд үндэсний үзэл суусан нь ардчилсан хувьс­гал эхлүүлэх суурь тавьж өгсөн гэсэн үг үү?
-Тийм ээ. Би ЗХУ-д Багшийн их сургуулиа төгсч ирээд Боловсрол судлалын үндэсний хүрээлэнд эрдэм судлалын ажил хийж эхэлсэн. Ингээд судлаач болсон учраас ертөнцийг өөр өнцгөөр харах болсон. Үндэснийхээ түүх соёлыг сэргээхэд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг бодож тунгааж байлаа. Тэгээд их хаадын үеэс улбаатай театр урлагийн ямар үзэгдэл байсан бэ гэдгийг судалсан. То вангийн найман багачуудын дэг,  Равжаа хутагтын Саран­хө­хөө теарт театрчилсан тоглолт байжээ гэдгийг олж мэдсэн. То вангийн дэг гэдэг Их хаадын үеэс улбаатай байсан байгаа юм. Тухайн үед  Эрийн гурван наадам хийхдээ хүүхдүүдийг бэлтгээд Эрийн гурван наадмын үеэр тоглуулдаг байсан. Би тэрийг судалж байгаад Дорнод аймагт хүүхдийн чуулга байгуулсан. Тэр үед нийслэлээс Түдэв гуай очиж миний хийж байгаа зүйлийг анзаарч нийслэлд ирээд Цэдэнбал Филатовад хэлсэн. Ингээд намайг хүүхдүүдтэйгээ хотод ирж тоглох санал явуулж мөнгө хөрөнгө гаргаж өгсөн. Энэ тоглолтыг тэр үеийн нам засгийн удирдагч нар үзсэн. Тухайн үед тоглолт хийж намын удирдлагуудад үзүүлнэ гэдэг тэр болгон олдоод байдаггүй завшаан шүү дээ. Энэ жүжгийг тавьснаар нийгэмд шуугиан дэгдэж эхэлсэн. Хүүхдийн язгуур урлагийн тоглолт анх удаа тавигдсан. Тиймээс нийгэм доргиж хүлээн авсан. 1983-1984 оны заагт тоглож байлаа. Энэ бол их гүрний дээрэнгүй үзлийн эсрэг түүх соёлоо сэргээх ажлыг эхлүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл үндэсний үзлийг гаргаж ирж байгаа гэсэн үг.

-Нийгэмд шинэчлэл өөрчлөлт хийгээд ирэхээр сайн болон саар зүйл их л тохиолдож байсан байх?
-Тоглолт тавихад нэг хэсэг нь сайхан хүлээж авахад нөгөө хэсэг нь дургүйцэж байсан. Ер нь аливаа шинэчлэл өөрчлөлтөд нийгэм дургүй байдаг. Дорнодын театрын зарим нөхөд дургүйлхэж эхэлсэн. Энэ боломжийг нь би ашиглаад Төв Халх руу шилжье. Тэгээд Халх хүүхдүүдийн зан үйлийг судалъя гэсэн бодол төрлөө. Ингээд Баянхонгор руу томилолтоор очсон. Театрт нь хөгжмийн багш, удирдаачаар ажилласан. Гэтэл Баянхонгор аймгийн намын хорооноос намайг дуудаад таныг энд ажиллуулахгүй томилолтоо аваад буц Дорнод аймаг руу оч гэсэн. Энэ нь надад хүндээр тусч энд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл байдаггүй юм байна гэдгийг дахин ухамсарласан. Ингээд би өвлийн хүйтэнд арванхоёрдугаар сард шуудайнд хэдэн хувцасаа чихээд хань, үр хүүхдүүдээ дагуулаад замын унаанд суугаад явсан. Дорнод аймагт очиход минь сэтгэлд хүрсэн сайхан ажил өгөөгүй. Соёлын хэлтэст кабинетын эрхлэгч болгосон. Ингэхдээ 750 төгрөгийн цалинг буулгаад 650 төгрөг болгож байлаа.

-Таныг үндэсний үзэл агуулсан хүүхдийн бүтээл анх тавьсан гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?
-Миний далд ухамрсарт коммунист тогтолцоо социалист нийгмийг үзэн ядах сэтгэл төрж байсан. Энэ тогтолцоог яавал өөрчлөх вэ гэсэн бодол өдөр шөнөгүй миний зүрх сэтгэлд  хургах болсон. Ингээд гурван жил Дорнод аймагт байхдаа Герцины Туулсан зам төрсөн бодол  гэдэг  нийгэм улс төр гүн ухааны зохиол, мөн Монголын нууц товчоог уйгаржин бичгээр нь уншсан. Монголын нууц товчоог уйгаржин бичгээр нь уншсан хүнд маш өөр мэдрэмж төрдөг юм билээ. Жинхэнэ язгуурын монгол хэл, соёл, улс төр буюу язгуурын язгуур тэндээс мэдрэгддэг. Тэгэхээр үндэсний үзэл улам лавширч монголоо хайрлах монгол хүнээ энэрэх хүсэл оргилсон. Ингэж байтал 1980 оны сүүлээр Баянхонгор аймгийн намын дарга нь өөрчлөгдөж намайг буцаад аймагтаа урьсан. Би Халх хүүхдийн зан үйлийн соёлын биет болон биет бус өвийг судалж байгаад тэнд найрал хөгжим бий болгох зорилготой байсан. Тэгээд хүүхдийн “Тэмүүжин” дуурь тавьж тоглуулсан. Энэ үед Чингис хааныг магтан дуулж болдоггүй үе байсан. “Тэмүүжин” дуурь маань Чингисийн тухай бараг анхны бүтээл байсан байх. Энэ нь иргэдийн үндэсний үзлийг сэргээсэн. Ингээд би иргэдийн үндэсний ухамсрыг сэргээхээр лекц тавьж байлаа. Баянхонгорт нам эвсэл байгуулагдаж эхэлж байхад үндэсний дэвшлийн хөдөлгөөн байхгүй байв. Тэгэхээр намайг тойроод үндэсний дэвшлийн хөдөлгөөн бий болсон. Би өөрөө үндэсний үзэлтэй хүн болохоор тэр шүү дээ. Олон нам хөдөлгөөн бий болоод ирэхээр тэд нийлээд хувьсгал хийдэг. Тэр хөдөлгөөнийг удирдаж байсан хүмүүсийн нэг нь би юм. Хөвсгөл, Баянхонгор, Дарханд өлсгөлөн болсон. Үүний удирдах штабд би ажиллаж байлаа.  

Тэр үед төр удирдаж байсан хүмүүс луйвар хийж өмч хөрөнгөтэй болсон

-Анхны жагсаал цуглаанд та ямар үүрэгтэй оролцож байсан бэ. Энэ үеийг эргэн дурсахад?
-1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд том цуглаан болсон. Бараг анхных нь болов уу даа. Тэр цуглаанд оролцохдоо сэтгэлийн дуудлагаар л ирж байсан. Тэрнээс биш намайг уриад онгоцоор авч ирээгүй. Энэ үед бүх зүйл хэцүү нууц байлаа. Биднийг хянасан, тандсан байдалтай. Тухайн үед дүүргүүдийг район гэдэг байлаа. Дөрвөн районоос цуглаан орж ирсэн. Би хөдөө шилжихээсээ өмнө Сүхбаатар дүүрэгт амьдарч байсан. Иймээс Сүхбаатарын жагсагчидтай нийлсэн. С.Зориг агсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж том лоовуузан малгай өмссөн байсан. Нэг содон зүйл нь Сүхбаатарын талбайг гурван удаа тойрч уухайлж гороолсон. Ингэж цуглаанд оролцож байгаа нь бид жаахан ч гэсэн нийгмийн стрессээ тайлж байгаа хэрэг. Тэгээд жагсаал тараад маргааш өглөө нь Баянхонгороос Д.Сосорбарам ирж индэр дээр гарсан байсан. Тэгээд Д.Сосорбарамтай уулзаж  МоАХ-нд элсч цэнхэр үнэмлэхээ авсан.

-Ардчилсан хувьсгал өрнүүлж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлэх, хянасан бай­далтай байдаг байсан гэлээ. Та ямар учраас хоёр овогтой байсан юм бэ. Ер нь 1990 оны хувьсгалд оролцсон хүмүүс олон зүйлээ золиосолсон гэдэг шүү дээ?
-Хувьсгал тэмцэл өрнүүлээд ирэхээр тухайн үед хамгийн муухай харагддаг хүмүүсийн нэг нь би болж хувирсан. Тэгэхээр намайг яаж театраас нь салгах уу, Баянхонгороос явуулах уу гэсэн бодлого явж ирсэн. Энэ үед ардчилсан хүчин сул байлаа. Тэгээд Баянхонгорт  байх боломжгүй болоод хэдэн хүүхдээ дагуулаад нийслэлд ирж Баянхошуунд айлын гэр бариад налайхаас нүүрсний хог олж ирээд түлж хүндхэн л амьдарч байв. Баянхонгорт байхад намайг хувьсгалт намыг дарангуйлагч гэж хэлсэн гээд шүүхэд өгсөн. Ёондон, Бүүвэй, Готов, Найдан бол тухайн үед манлайлж байсан. Бид хэд гэрээрээ уулзаж хэлэлцдэг байсан. 1990 оны арваннэгдүгээр сард ил гарсан. Би  өнчин хүүхэд. Аав маань эх орны дайнд оролцож цэргээс халагдаж ирээд нас барсан. Тэгээд аавын төрсөн дүү нь намайг хүн болгосон. Хүний хүүхэд хүрэн бөөртэй юм чинь ухаан ороод аав бодогдоно биз дээ. Тэгээд ааваараа овоглосон. Хүний эрх, эрх чөлөө сэргээгдсэн гэдэг чинь сайхан юм даа.

-Танд одоо ардчилсан хувьсгалд оролцож байхдаа ингэх байж дээ гэсэн бодол төрдөг үү?
-Одооний өндөрлөгөөс харахад сонин л доо. Хувьсгалд оролцсон хүмүүст нэг нийтлэг зүйл байдаг юм. Огт амбиц байхгүй. Юуны төлөө тэгж амиа өгөх гээд зүтгэж байсан юм бүү мэд. Одоо бодоход инээдтэй ч юм шиг, аймар ч юм шиг санагддаг. Би одооных шиг албан тушаал, амбиц юу ч хүсээгүй. Би нам байгуулж үзсэн дарга нь байсан. Холбоо байгуулсан, удирдаж явсан. Хувьсгалыг ухаантнууд сэдэж зоригтнууд хийж луйварчид хождог гэдэг үг байдаг. Үнэхээр л луйварчид хожсон. Одоогийн баян тансаг хүмүүс бүгд хувьсгалт намынхан байна шүү дээ. Сүүлдээ ардчилсан намынхан ч орж байгаа байх. Тэр үед төр удирдаж байсан хүмүүс луйвар хийж олон өмч хөрөнгө  хувьчилж аваад гарсан. Бид л гахай явган, нохой нүцгэн болсон. Байр орон сууц, ажлаа алдсан. Бид ардчилалд оролцсоны төлөө ядуугийн ядуу байсан. Гэхдээ яах гэж тэгж явж байсан юм бол гэсэн бодол байдаггүй юм билээ. МоАХ-ынхон халуун сэтгэлтэй ямар ч үед туг бариад босох тэнхээтэй хүмүүс. Надад ч гэсэн тийм сэтгэл байгаад л байдаг. Одоо ч гэсэн ардчиллаа хамгаалаад босоход бэлэн байна. Би ардчилал гэдэгт хүний эрх эрх чөлөөг туйлаас эрхэмлэдэг.

-Тэр үед таны ой ухаанд суусан хамгийн сайхан дурсамж юу байв?
-Би хэдийгээр орон сууц, театр, ажлаа алдаж байсан ч МоАХ-ыхон анхдугаар их хурлаа хийж байсан, Ардчилсан нам байгуулсан гээд сайхан мэдээ сонсохоор тэр бүхэнд баярлана. Тэр л сайхан мэдрэмж байлаа. Тэрнээс биш одон медаль авахаар нэг  их хөөрцөглөөд баярлаад байхгүй юм билээ. Ер нь үйл хэрэг нэгт нөхөдтэйгөө хамт байх нь баяр байсан.

-Та одоо юу хийж байна вэ. Ямар нэг хүүхдийн байгууллагад харьяалагдаж байна уу. Эсвэл хувиараа уран бүтээл туурвиж байна уу?
-Тэтгэвэртээ гараад Баянхонгортоо очиж амьдарна гэсэн бодол тээгээд явж байна. Үлдсэн амьдралаа төрсөн ах дүү, хамаатныхаа хажууд өнгөрүүлнэ дээ. Харин хийж бүтээх оргилсон хүсэл их байна. Тухайлбал, хүүхдийн академик найрал дуу хийх юмсан гэсэн бодол байна. Би дуурийг нь тавьж өгсөн хүүхдийн том найрал хөгжим зохиож,  театр байгуулж өгч байсан. Энэ бол түүхэнд монгол кино болоод үлдсэн. Хүүхдийн академик найрал дуу гэж дэлхий дахинд хөгжсөн зүйл байдаг. Харин манайд хөгжөөгүй. Үүнийг би хөгжүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бол миний мэргэжлээр төгссөн хүн байдаггүй юм билээ. Хүүхдийн удирдаач. Ялангуяа хилийн чанадад.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан