Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сая л саналаа, Ажилчдын район байдгийг


Амьдралдаа анх удаа XIX хороололд байдаг оёдлын үйлдвэрийн хажуугаар өн­гөрөх­дөө хэсэг хугацаанд зог туссанаа өчигдөр гэнэтхэн саналаа. Хана туурга нь цуурч, цонх нь хагарсан, дотор нь хүн байх битгий хэл, хий үзэгдэл ч тэсэмгүй жихүүдэс төрсөн газар байсан нь зурсхийв. Тухайн үед  өндөр настай өвөөгөөсөө энэ юун барилга вэ, гэхэд “…дээхнэ үед Туул гол үерлээд энэ хавийг сүйдэлчихсэн юм. Зайсан хүртэл үерлэсэн айхавтар зүйл болсон. Одоо ч уршиг нь арилаагүй энэ хавь эзгүй зэлүүд байгаа” гэж байсан нь ч санаанд буув. Тухайн үед төдийлэн юм бодоогүй ч өнөөг хэр нь Туул гол тэгтлээ их үерлэх гэж үү, гэдгийг тунгаан бодсонгүй. Үнэндээ тэгэх ч шаардлага байгаагүй юм. Хожим нь Ерөнхий боловсролын сургуульд Ардчилсан хувьс­гал, өмч хувьчлал, элдэв өнгийн тасалбар гээд ээдрээ­тэй хичээлийг судалж байх­даа өнөөх оёдлын үйлдвэ­рийн талаар дахин нэг бо­дох шаардлага гарав. Учир нь, өвөөгийн хэлдгээр үерт автаад үгүйрчихсэн тус газрыг өмч хувьчлал гэ­дэг зүйл үгүй хийчихсэн гэдгийг эрэгцүүлэх сөхөөтэй бас баримжаатай болсон юм. Онолын хичээлээр энэ тухай мэдлэгийг олгодоггүй ч шуураад өнгөрсөн өмч хувьчлал олон үйлдвэрийг хэрхэн дампууруулсан бэ гэдгийг бодох сэдэл төрүүлсэн байх. Одоо ч гэсэн өмч хувьчлал зөв байсан уу, буруу байсан уу гэдэгт Монголчууд туйлд нь хүртэл хариулж чадахгүй. Эдийн засгийн мэдлэгтэй, овсгоотой нэгэн нь тасалбарыг эгэл жирийн иргэд шиг цэнхэр, ягаан гэж өнгөөр нь бус үнэ цэнээр нь ялгаж байсан бол тэд өнөөдөр хожсон бас өмчтэй болсон учраас хувьчлал тэдний хувьд ялалт. Харин эдийн засгийн шил­жилтийн шуурганд нэрвэгдсэн иргэдийн хувьд тэд бусдын ялалтыг луйвар гэж хардаг. Зарим талаараа тийм бас үгүй байх.

Тэгвэл одоо бага насандаа балгас гэж харж байсан Хан-Уул дүүргийн оёдлын, гутлын, хүнсний зэрэг үйлдвэрүүд хэрхэн оршин тогтнож байна вэ. Ажилчдын Район гэгдэж, олон мянган иргэдийг аж­лын байраар хангахын сацуу дотоодын элдэв хэрэгцээг тултал нь хангаж илүүдлийг нь экспортолж байсан үйлд­вэрийн энэ буурь өнөөдөр ямар төрхтэй хоцров.


Эхлээд, илүү өнгөлөг болж

XIX хороолол өнгө нэмжээ. Хан-Уул дүүрэгт бага насаа өнгөрүүлсний хувьд олон жилийн дараа харьцуулан дүгнэвэл хоёрдмол утгатай “гялгар” гэдэг нэг үгээр илэрхийлж болох юм шиг санагдлаа. Хан-Уул дүүргийн XIX хороолол буюу тухайн дүүргийн II, III хороонд ад үзэгддэг гэр хорооллын бүс бараг байхгүй. Харин ч сүүлийн 2-3 жилд бат бөх барилга гэхээс илүүтэй гоёмсог, чамин шилэн барилгууд сүндэрлэх болсон. Саяхан үүд хаалгаа нээсэн  “Интермед” гэх эмнэлэг хүртэл шөнийг өдөр шиг гэрэлтүүлж тус хорооллыг илүү гялгар харагдахад хувь нэмрээ оруулсан байна лээ. Хамгийн чухал нь, “Чингис” бондын санхүүжилтээр тавигдсан зам харгуй нь илүү өргөн больж, тээврийн хэрэгслүүд саадгүй нэвтэрч байна. Дүүргийн Засаг даргын тамгын газын байр гэхэд л 10 гаруй давхраар хэмжигдэж, Хан-Уул дүүрэг гэсэн өнгийн гэрэл харц булаана. Гэхдээ өнгөн хэсгээс хойшилбол асуудал арай өөр. Энэ бүх гялгар барилгын ард хуучирч муудсан, шавар шавхайдаа баригдсан зам харгуй нуугддаг. Бараг бөөрөө наасан гэхэд хилсдэхгүй олон үйлдвэрүүд бий. Социализмаас хойш тэдгээрийн зарим нь үүд хаалгаа нээсэн бол огтхон ч салхи “амсаагүй”, тоосонд дарагдаад нарны гэрэл ч нэвтэрч чадахааргүй болсон байшин хүртэл тэнд бий. Гэхдээ хамгийн чухал нь цөөхөн хэдхэн үйлдвэрүүд нь одоо хэр нь дотоодын гутлын, бөс барааны, хувцасны хэрэгцээг хангах бүрэн чадалтай хэвээрээ байгаа юм. Харин энэ ид шидийг ашиглаж чадахгүй байгаад л бидний хамгийн том асуудал оршино. Яг л гартаа шидэт дохиур барьчихаад шившлэгээ мартдаг дагина шиг.

Илүү үндсэрхэг гэдэг ч…

Хоёр өдрийн өмнө Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд зар тараасан юм. Шинэ яам, шинэ хүн учраас түүний юу бодсон хийгээд ямар алхам хийх гэж байгаа нь сонирхолтой сэдэв. Тиймээс юу ч байсан хошуу дүрээд үзэхээр шийдтэл түүнтэй хамт “Үйлдвэр комбинат”-аар хэрэн хэсч, олон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах ажилд олон сэтгүүлчдийн хамт нэгдэх хэрэгтэй болсон. Ингээд тавхан минутын өмнө очоод “Эрэл” үйлдвэрийн хашаа даган алхахдаа анх дурдаж байсан оёдлын үйлдвэрийн талаарх дурсамжаа сэдрээж орхисон юм. Д.Эрдэнэбат сайдын эхлээд танилцана гэсэн “Эрэл” үйлдвэр ч хуучин дурсамж шиг танил санагдсан. Сүүлийн үед л маркетингийн шинэчлэл хийж, “Эрэл” банкаа “Ариг” хэмээн хөл хөдөлгөөнд оруулсныг эс тооцвол “Эрэл” хэзээний л “Эрэл” хэвээрээ байв. Харин нам гүмхэн үйлдвэр рүү нь ганц хоёрхон ажилчин илт гуниг тээн алхаж харагдлаа.

Ингээд түрүүлж ирсэн миний хажуугаар Д.Эрдэнэбат сайд, түүнийг дагасан машин дүүрэн сэтгүүлчдийн цуваа салхи татуулаад өнгөрчихөв. Араас нь яаруу алхсаар “Эрэл” группийн босго давтал “Эрэл”-ээр овоглосон Б.Эрдэнэбат хэдийн сайдтай яриагаа эхлүүлчихэж. Шинэ мэдээ гэвэл, бараг л түүний амь амьдрал болсон “Эрэл” групп энэ удаад асфальт бетон үйлдвэрлэлээрээ орон нутгийн чанартай замд хүч үзэхээр болсон тухай. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” гэж бичсэн социалист нийгмийн үеийн хаягаа хэзээ ч сольж үзээгүй тус үйлдвэр энэ удаад авто замын технологиор тэргүүлэгч Япон улсын инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болсон байна. Мөн сайшаалтай нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат авто зам тавих бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ, голын хайргыг хөндөхгүй талаарх яриа байв. Энэ талаар өөрөөс нь тодруулбал, “Цагаан давааны болон Баян-Эрхэтийн битумын ордыг эзэмшиж байгаа. Цагаан давааны карьерын үйлдвэр нь цагт 300 тонн, жилд нэг сая 440 мянган тонн чанартай дайрга буталдаг. Уг дайргаар 600 маркийн төмөр бетон эдлэл, хурдны болон даацын асфальт бетон хольц үйлдвэрлэхэд хэрэглэдэг” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тус группийн асфальт бетон үйлдвэр нь Итали, Германы тоног төхөөрөмжөөр тоно­логдсон бүрэн автомат гэв. Өөрийн ашиглалтын тус­гай зөвшөөрөлтэй орд газар болох Баян-Эрхэтийн уурхайгаас байгалийн битумж­сан чулуулгаа, элс хайрганы карьераас дайр­гаа авч Япон улсын авто замын инженертэй хамтран хурдны болон даацын хатуу хучилттай замын асфальт бетоныг чанартай үйлдвэрлэх боломжтой болчихоод байгаа юм байна. Тиймээс тэд өөрсдийн хөрөнгөөр бий болгосон асфальт бетон үйлдвэр, сорилын лабо­ратор зэргээ ашиглан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх сонир­холтой байгаа гэдгээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэ­батад уламжиллаа.

Өнгөрсөн онд Улаан­баатар хотод шинээр болон засаж сайжруулах 91.25 урт км авто замын төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Үүнд нь 465.2 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн дүн мэдээ байгаа юм. Харин авто замын захиалагчаар Нийслэлийн авто замын газар ажилласан. Тиймээс “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат энэ их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож сайн чанарын асфальт ний­лүүлэх сонирхолтой бай­гаа гэдгээ тус газрын дар­га Д.Нанзаддоржид уламжилжээ. Тэрбээр “Эрэл” асфальт бетон үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шууд худалдан авна гэж хэлээгүй ч Улаанбаатар хотод ши­нээр тавигдах болон өргөт­гөх шаардлагатай замд ашиглаж үзэх талаар санал солилцоод, багагүй амжилт гаргасан байна. Тиймээс тус үйлдвэрийн энэ жилийн зорилго нь Улаанбаатар хотод хэрэгжих  авто за­мын зарим төслүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж тодорхойлогдож байгаа юм. Харин орон нутгийн чанартай авто замыг дараагийн зорилгоо болгожээ. Гэхдээ Аж үйлдвэрийн сайд тэдний ажилд ам сайтай байгаагаас үзвэл энэ нь ойрын зорилго ч болж болох юм. Тухайлбал, Д.Эрдэнэбат сайд товч бөгөөд тодорхойгоор “Үндэсний үйлдвэрлэлээ бид дэмжиж байгаа. Энэ талаарх асуудлыг нухацтай авч хэлэлцэнэ. Энэ жил нийслэлтэй хамт­ран ажилла. Налайх-Улаан­баа­тарыг холбосон зам тавина. Энэ ажилд танай ком­пани оролцоод үз. Чанараас шалтгаалаад ирээдүй чинь хамаарна шүү. Амжилт хүсье” гэж хэлсэн юм. Хэрэв тэгвэл тус компани үйлдвэрээ босгоход бодитоор зарцуулсан зургаан сая ам.доллар (үйлдвэрийн нийт төсөл 18 сая ам.доллар) “салхинд хийсгэхгүй” байх боломжтой юм. Нэмж хэлэхэд, тус үйлдвэр нэг ээлжээр ажиллавал 1200 тонн, хоёр ээлжээр ажиллавал хоногт 2400 тонн асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Мөн орон нутгийн зам тавих болбол үйлдвэрээ зөөж байрлуулах боломжтой. Юутай ч, тус үйлдвэр Улаан­баатар, цаашлаад Монгол Улсыг холбосон орон нутгийн чанартай авто замын ажилд санаархаж байгаа бол үүнээс “өчүүхэн” асуудал хоолойд нь хутга тулгачихсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэх ком­пани (жижиг, дунд үйлд­вэр) ч байлаа. Ингээд “Эрэл” группээс гараад “гу­рав” алхалгүй дараагийн бас да­раагийн компанийн асуу­дал биднийг угтсаар байсан юм.
Хоёр дахь болон гурав дахь, дөрөв дэх… үйлдвэрээр бид арьс ширний, гутлын, ноос ноолуурын, автомашины эд ангийн зэрэг үйлдвэрээр орох ёстой байсан. Гэхдээ хуучны арьс ширний үйлдвэрийн бууринд 2005 оноос хойш төвхөнөсөн “Мон-Ирээдүй” компани нь ажлын хуваарьт ороогүй байсан ч энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Дээр хэлсэнчлэн үйлдвэрүүд хаяа дэрлэн байрладаг, зовлон нэгтэй учраас хуваарьт ороогүй нэрээр тус үйлдвэрийг Д.Эрдэнэбат сайд алгасах учиргүй гэж үзэв. Тус компани нь бусдын л адил Монгол Улсад элбэг байдаг малын гаралтай арьс ширэн түүхий эдийг дэлхийн жишигт нийцүүлэн хагас болон гүн боловсруулж дотоодын болон гадаад зах зээлд худалдаалах зорилготой байгуулагдаж байжээ. 2013 онд БНСУ-ын “Piwon” савхины үйлдвэрийн технологичидтой, дараа онд нь Италийн “Colloroba Italia S.p.A” химийн материалын компанитай, мөн Финланд улсын “Kokolan” савхины үйлдвэртэй хамтран “Shrunken” зэрэг олон төрлийн савхийг амжилттай туршсан зэргээр гадаад зах зээлийг сонирхдог байна. Гэхдээ хонь, ямааны арьсаар гутлын дотор, бээлий, хувцасны бэлэн савхи, цүнхний зориулалттай савхи, сарьс мөн үхэр, сарлагийн гөлөм, гутлын ул гутлын түрүүний шир, ургамлын гаралтай идээлгэтэй савхи, шронкен төрлийн савхи зэргийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд түлхүү нийлүүлдэг аж.

Ингээд тус компанийн “хар дэвтэр”-ийг сөхвөл тэрбум гарсан тоо нэг, хоёр удаа тааралдав. Тухайлбал, өнгөрсөн онд “Мон-Ирээдүй” компани нь бог малын арьсыг хагас боловсруулж Итали руу 32 мянга, Вьетнам руу 14 мянга, БНХАУ руу 32.1 мянган ширхгийг тус тус гаргаж, нийт 4.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Харамсалтай нь, хагас тэрбум гаруй төгрөгөөр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулж, бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх оролдлого хийсэн ч дотоодын худалдан авагчдын нийт орлого хагас боловсруулсан арьс экспортлохоос бага буюу ашиггүй туссан талаар тайланд тоон дүнгээр бичигджээ. Тухайлбал, онцгой байдлын хувцас, хувцасны зориулалтын савхи зэрэг бүтээгдэхүүнийг борлуулж, 425.4 сая төгрөгийн орлого олсон бол үйлдвэр өргөтгөх хөрөнгө оруулалтад 577.2 сая, зээлээр 191.3 сая төгрөг зарцуулсан байна. Эргэлтийн хөрөнгийн хувьд тус компани 1.3 тэрбум, зээлээр 712.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Хамгийн харамсалтай нь арьсны чанар жилээс жилд муудаж, бараг л сүүлийн дамжлагаар гарч ирсэн арьс “шүүрэн шанага” шиг цоорчихсон гарч ирдэг талаар тус компанийн захирал асуудал хөндөн ярьсан. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлийн явцад бус малын арчилгаа, эмчилгээний асуудлаас үүдсэн гэж байгаа юм. Хамгийн асуудал багатай гэж үзсэн хоёр үйлдвэрээр л “шагайхад” наад зах нь иймэрхүү асуудал сөхөгдөх янзтай байна. Гэхдээ “Эрэл” группийн уриа бусад жижиг дунд үйлдвэр шигээ “Үндэсний үйлдвэрлэгч” гэдэг нэртэй. Эргэлтийн хөрөнгө болоод чанар чансаагаараа хавь илүү ч “үндэсний” гэдэг энэ үг дотоодын бүх л үйлдвэрлэгчдэд хэрэг болж байгааг анзаарах биз ээ. Импортын барааг ардаа үлдээх гэсэндээ аргаа барсан энэ үг “хулхи” гэдэг тодотголтой импортын барааг яагаад ялж чадахгүй байгааг бид “Үйлдвэржихгүй бол хөгжихгүй” булангаараа хүргэсээр байх болно.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошгыг хамгаалах хуулийн орчин үгүйлэгдэж байна

-Олон үйлдвэрээр орлоо. Олон ч асуудал яригдаж байна. Хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй нь энэ юм даа, гэсэн бодол төрөв үү?
-Хамгийн түрүүнд үйлдвэр­лэж чаддаг бүтээгдэ­хүүнээсээ эхлэх хэрэгтэй. Бид юу үйлдвэрлэдэг байсан. Одоо юу үйлдвэрлэж байна. Ямар түүхий эдэд тулгуурлах вэ гэдгийг нь эхлээд тодорхойлох учиртай болохоор өнөөдөр би үйлдвэрүүдтэй танилцаж байна. Саараасаа эхлээд сайн зүйл ч байна.

-Арьс ширний үйлдвэ­рүүд үйлдвэрийн дамжла­гаас үл шалтгаалсан гэмтэл гарч байгаа гэж хэллээ?
-Манайх бэлчээрийн мал аж ахуй учраас нядалгааны асуудал хүндээр яригддаг. Ялангуяа малыг эрүүлжүүлэх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй болчихсон юм байна. Арьсыг хэчнээн сайхан боловсруулсан ч чанарын гологдол өндөр юм байна гэдгийг бид нүдээрээ харлаа шүү дээ. Тиймээс энэ асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн яам болон хөдөө орон нутгийн удирдлагуудтай харилцан ярилцах хэрэгтэй. Ингэхдээ, орон нутагт малын түүхийн эдийн үйлдвэр, технологийн парк байгуулах нь зүйтэй талаар түлхүү хөндөх хэрэгтэй гэж бодлоо.

-“Мон шибасаки” автомашины эд анги боловсруулах үйлдвэртэй танилцах үеэр сэлбэг хэрэгслийн тосолгооны материалын гаалийн татвар өндөр байдаг талаар ярилаа. Харин эсрэгээр БНХАУ-аас орж ирсэн арьс, ширэн гэх бүтээгдэхүүнүүд дотоодод үйлдвэрлэснээс хямд орж ирдэг талаар арьс ширэн бүтээгдэхүүний хэд, хэдэн үйлдвэр гомдоллож байна. Цаашлаад хуулийн байгууллагаас зарласан тендерт урд хөршөөс хямд үнээр орж ирсэн “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн шалгарч байгаа гээд маш түвэгтэй асуудал дэвшүүллээ. Тэгэхээр үүнийг ямар замаар шийдвэрлэх хэрэгтэй вэ. Одоогоор хууль эрхзүйн орчин байхгүй байна?
-Хаврын чуулганаар бид хамгийн түрүүнд Үйлдвэр­лэлийг дэмжих хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Монголдоо хийж чадаж байгаа бүтээгдэхүүнийг импор­тын бараанаас хамгаалах нь чухал асуудал. Худалдааны сөрөг үр дагавар үүсч болзошгүй ч, бид үргэлж импортын худалдаагаар амьдарч болохгүй. Илүү өргөн хүрээнд харвал, энэ нь үндэсний эрх ашгийг хүртэл хөндөх хэмжээний асуудал юм. Харин шир гэсэн мөртлөө “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой хулхи бүтээгдэхүүн тендерт 15 мянган төгрөгөөр шалгарсан жишээг бид бүгдээрээ харлаа. Гэтэл хажууд нь чанар сайтай 17 мянган төгрөгийн дотоодод үйлдвэрлэсэн ширэн бүс тендерт өндөр үнэтэй шалтгаанаар унасан байна. Гэхдээ үүнийг би тухайн тендер зарласан газрын дарга нарын буруу гэж харахгүй байгаа. Дунд нь бараа шахдаг сүлжээ бий. Төрийн мөнгөөр наймаалцдаг. Тиймээс үүнийг бид хүлээн зөвшөөрч яавч болохгүй. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг оруулна. Өөрөөр хэлбэл, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг (хуулийн байгууллагад ашигладаг арьс ширэн бүс, гутал, бусад хэрэгсэл зэрэг) худалдаж авахыг хамгийн түрүүнд төрийн байгууллагуудад “үүрэгдэх” хэрэгтэй. Ингээд дуусахгүй цэцэрлэг сургуулиуд хүртэл сандал ширээний тендер зарладаг.
Манайхан сандал ширээг бол бүр л асуудалгүй хямд, чанартай хийж чадна шүү дээ. Бидэнд энэ мэт дотоодын үйлдвэрлэлийг дэмжих олон боломж байгаа.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан