Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын сэтгүүлзүй буюу Нууц амраг

Н.БАТ

“Монголын улс төрийн орчин цэвэршихгүйгээр сэт­гүүл­зүй цэвэршихгүй нь. Улс­төрчдөд шинэ соёл хэрэгтэй байна. Иргэдийн язгуур эр­хийн нэг болох мэдэх эрхийг эн тэргүүнд тавьж чаддаг эр зориг, зөв хандлага, шинэ соёл тэдэнд хэрэгтэй байна.

Монголын сэтгүүлчид юунаас татгалзах ёстой вэ? Улс төртэй цус холилдохоос татгалзах ёстой. Монголын улс төр, сэтгүүлзүй хоёр өвөр түрийдээ орж янаглаж амраглахаас татгалзах ёстой. Амьдрах чадваргүй, өөрийгөө аваад явж чадахгүй нууц амрагийн гунигт тавилан Монголын сэтгүүлзүйд хэрэг­гүй. Харин төрийн сайн хамт­рагч, алдаа оноог нь шударгаар хэлж хазайхад нь тулж, хальтрахад нь түшдэг сайн анд нь манай сэтгүүлзүй байх ёстой. Төр нь эргээд сэтгүүлзүйгээ хүчтэй, мэргэжлийн, ёсзүй­тэй, санхүүгийн эрх чөлөөтэй, хараат бус байхад нь туслах ёстой. Ийм шинэ соёлыг бий болгохын төлөө явцгаая. Төр хэвлэл хоёрын харилцааны тухайд бид өмнө нь баримталж ирсэн зарчмаа эргэж хармаар байна. Монгол Улс, Монголын ард түмэн гэсэн нийтлэг эрх ашгийн төлөө бид зөв зүйл дээр төрөө дэмжиж, бурууг нь шүүмжлэн засуулах ёстой.

Сонгууль болохоор, улс­төрч­дийн зөрчил хурцда­хаар, намууд хэрэлдэхээр захиал­гат суртал ухуулга түгээж жаахан орлого олдог ядмаг сэтгэлгээнээс, буруут­ныг буруу үйлдлээр нь, нүгэлтнийг нүгэлт үйлдлээр нь далимдуулан сүрдүүлж хэдэн төгрөг тоншдог ядруу аргаас татгалзах ёстой. Мэргэжлийн бус байдлаас татгалзах. Ухаалаг бус өрсөлдөөнөөс татгалзах ёстой. Зэрэг зэрэг сонин, сайт гаргаж, ижил төстэй бизнес эрхэлж, хэн нь ч дэвждэггүй байдлаас татгалзаж, нэгдэх хорших, илүү хүчирхэг болох шаардлага байна. Мэргэжлийн анд нөхдийн эв нэгдлийг эрхэмлэн зах зээлийнхээ багтаамжид нийцсэн чансаатай цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болохын төлөө одооноос бид хичээмээр байна.

Бидний, Монголын сэт­гүүлч­дийн тугаа болгох, эрхэмлэн дээдлэх гурван зүйл бол профессионализм, мэргэжлийн ёсзүй, нийгмийн хариуцлага юм.” хэмээн МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум дээр тавьсан илтгэлдээ дурджээ.  Энэ бол нэг талаар хатуу мэт сонсогдовч, гашуун үнэн юм. Сэтгүүл зүй улстөрчийн халаасанд байгаа нь “үгүй гэж толгой сэгсрээд ч нэмэргүй” алтан үнэн юм. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн жинхэнэ эздийг зарлана гэж бид сүр дуулиантайхан хэлдэг ч энэ бол нууц биш бүх хүнд ил байдаг л зүйл. Хэн аль хэвлэлийн эзэн бэ гэдгийг хэвлэлийнхэн байтугай захын хүн ч андахгүй. “Улс төр, сэтгүүлзүй хоёр янаглаж, амраглаж чаддаг ч нууц амрагийн тавилан сэтгүүлзүйд нүүрлээд буй нь ч хоёр гараа өргөөд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн билээ. Улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал гээчид хамгийн түрүүнд сэтгүүлзүй өртөж, энэ салбарт ажиллаж байгаа хэдэн мянган хүн маргааш ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд бэлэн байна. Бид өөрсдийгээ “дөрөв дэх” засаглал хэмээн лут нэрлэдэг ч өнөөдөр “шал арчих” төдийгээр амь залгуулж яваа хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг биш байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрсдөө хүлээн зөвшөөрч, толгой дохиж гэмээнэ маргаашийн гарцыг эрж чадах биз.

Өчигдөр Дэлхийн хэв­лэ­лийн эрх чөлөөний өдөр тохио­лоо. Монголын сэтгүүл­чид энэ өдрийг даруухан тэмдэглэв. Учир нь, бидэнд яг үнэндээ гайхуулах зүйл “ховор” байлаа. Бидний халаас хов хоосон. Хоосон халаастай хүн зоригтой дуугарч чадна гэж үү.

Глоб интернэшнл төв, Нээлт­тэй нийгэм форум, МСНЭ-тэй хамтран өчигдөр дэл­хийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан хэлэл­цүүлэг өрнүүлсэн. Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал  “Сэтгүүлч­дийн мэргэжлийн үйл ажил­ла­­гаанд хөндлөнгөөс орол­цох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүү­лэх, сэтгүүлчдийг айлган сүр­дүү­лэх, заналхийлэх, мэдээлэл олж авах түгээхэд нь саад хийх, нууц эх сурвалжаа илч­лэ­хийг албадах зэрэг оролд­лого нэмэгдсэн дүн байна” хэмээсэн юм.

Энэ бол бид аль ч талаараа улстөрчийн халаасанд байгааг илтгэх баримт. Харамсалтай нь, халаас улам гүнзгийрч, үзэг улам далд орсоор л...
Санхүүгийн төгс төгөлдөр эрх чөлөөгөө олчихсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёстой л нүдний гэм. Тэгэхээр хам­гийн түрүүнд бид гарцаа хайж, санхүүгийн эрх чө­лөөг бий болгож гэмээнэ да­раа дараагийн асуудлаа ший­дэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, хамтран зүтгэх цаг нь болсон нь үнэн.
Хэвлэлийн хүрээлэнгийн су­дал­гаагаар одоогоор Мон­­­голд 400 гаруй хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 4400 орчим хүн ажилладаг гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан