Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрэл зургийн “Шинэ бүтээл-Хүмүүс”


Улиран одсон цаг хугацаа, урсан өнгөрөх он жилүүдийг хэнбугай ч нэхэн очиж хэсэгхэн ч атугай зогсоожэс чадна. Гэтэл гэрэл зурагт эгнэшгүй эрхэм үүрэг ногдож энэ бидний үед өнгө нэмж, өнгөрөн одсон он жилүүдийг өнөө хүртэл аргамжсаар... Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн шатаар мацаж явахдаа гэрэл зураг гэгч гайхамшигт урлаг, технологийн шийдлийг нээн илрүүлсэн нь нэг бус нэлээн хэдэн шат алгасах үсрэнгүй хөгжлийн эхлэл байв. Улмаар түүх, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт мөн сэтгүүлзүйтэргүүтэй нийгмийн бүхий л салбар нэгжидгэрэл зургийн хэрэглээ, хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр өдгөө өөрийн гэсэн үнэ цэнэ, байр суурь бүхий урлагийн төрөл зүйл, сэтгүүлзүйн хэлбэр болон хөгжжээ. Тэр дундаа гэрэл зургийн “хаан” хэмээн өргөмжлөгддөг баримтат гэрэл зураг дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн гол “зэвсэг” хэвээр байна.
Манай улсад ч 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрхчөлөөний тухай ойлголт, үзэл санаа дэлгэрч тэр хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч олширсон. Магадгүй энэ үеэс л баримтат гэрэл зураг эрчимтэй хөгжих эхлэл тавигдсан гэж болно. Өдгөө өдөр тутмын сонин, сэтгүүл, мэдээллийн сайтын гэрэл зурагчид болоод баримтат гэрэл зураг сонирхон судалж, авдаг чөлөөт уран бүтээлчид “хаан” гэрэл зургийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж, нийгэм олон нийтэд таниулах, сурталчилах ажлыг хийсээр байна. Үүний жишээ бол уламжлал болон зохиогддог “Шинэ бүтээл-Хүмүүс” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн билээ.
Нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит эл үзэсгэлэнг жил бүр “Ц.Батзориг” сангаас санаачлан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн “Шинэ бүтээл-Хүмүүс 4” нэрэн дор нийт 22 гэрэл зурагчны 30 бүтээлээр үзэгч олонд хүрэв.
“Шинэ бүтээл-Хүмүүс” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн нь энэ төрлөөр уран бүтээл туурвих сонирхолтой шинэ, залуу гэрэл зурагчдыг дэмжих, цаашид баримтат гэрэл зургаар дагнан зураг авах хүсэл эрмэлзэлтэй болгох, бүтээлийг нь олон нийтэд таниулан, хөгжүүлэх зорилготой. Тиймдээ ч жил жилийн үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчдаас гадна сонирхогч, оюутан залуусыг татан оролцуулсаар байна. Энэ жилийн үзэсгэлэнд оролцсон 22 зурагчны долоо нь их, дээд сургуульд энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус байлаа.

С.Цацралт: Уншигчийг уйдаах, сунжирсан бичвэрийн оронд тал нүүр тас хийсэн зураг өг
Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн захирал С.Цацралттай баримтат гэрэл зургийн талаар ярилцлаа.

-Таны бодлоор баримтат гэрэл зураг гэж чухам юу вэ, үнэ цэнэ нь юунд оршдог юм бол?

-Яахав, гэрэл зургийн бусад төрөл, хэлбэрийг бодвол илүү өгүүлэмжтэй, уншууртай мөн нийгмийн асуудлыг хөнддөгөөрөө онцлог. Манайхан баримтат гэрэл зураг гэхээр жаахан хар бараан талаас нь харж, ойлгоод байдаг. Угтаа тийм биш. Баримтат зураг гэхээр л заавал ийм тийм гэх юм байхгүй. Баримтат зураг уран сайхны шинжтэй, тавилтай ч байж болно. Жишээ нь, үзэсгэлэнд тавигдсан гэрэл зурагчин Одбаярын морь хөтөлсөн хоёр хүүгийн зураг байна. Магадгүй, маргааш наадам болно гэсэн агуулга бүхий мэдээ, жижиг бичвэрт гайхалтай нийцэх зураг. Наадам болох уу болно, уяачид сунгаа сойлгоо хийж байна уу, хийж байна. Энэ бол цаг үеийн мэдээ. Гагцхүү тухайн бичвэрт төгс нийцэж агуулгыг нь улам баяжуулах тийм л зураг байх ёстой юм.

-Хоёулаа энэ тухай өмнө нь ч ярьж байсан. Таны яриад буй сайн зургуудыг баримтат зургийн жинхэнэ талбар байх учиртай өдөр тутмын сонины редакц дээд тал нь 30-40 мянган төгрөгөөр нь үнэлж байгаа. Тэгэхээр энэ жинхэнэ үнэ цэнэ үнэлэмж нь мөн үү?

-Магадгүй сэтгүүлч нухаж нухаж тал нүүр бичнэ за бүр бүтэн нүүр текст, материал байлаа ч ганц зургаар өгүүлж чадаж байгаа юм. Тийм ч учраас уншигчийг уйдаах, сунжирсан бичвэрийн оронд тал нүүр тас хийсэн зураг өг л дөө. Энд хэлэхэд би өдөр тутмын сонинд гэрэл зураг сонгодог эрхлэгч, редакц өөр хэн байдаг юм гэрэл зургийн редактор гэж байдаг бол тэр хүмүүсийг энэ үзэсгэлэнг ирж үзээч гэж хүсмээр байна. Ийм зураг ийм мэдээнд орж болох юм байна. Тийм ч зургаас санаа сэдэл авч асуудал дэвшүүлэн бичиж болох юм байна гэдэг сэдэл аваасай гэж хүсч байна. Улмаар зурагчнаасаа ийм зураг шаардах ёстой юм байна гэдэг бага ч болов ойлголттой болоосой.

Д.Давааням: Баримтат гэрэл зураг бол хаан зураг

Жил жилийн “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнг жил бүр гардан зохион байгуулж ачааны хүндийг үүрдэг “Ц.Батзориг” сангийн гүйцэтгэх захирал Д.Давааням бол баримтат гэрэл зураг дагнан авдаг нэгэн. Гэрэл зураг авч, хэвлэл мэдээллийн салбарт арван жил хүчин зүтгэж буй түүнийг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүний Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэвлэл мэдээллийн ажилтан цол тэмдгээр шагнасан юм.

-Юуны өмнө баяр хүргэе. Их ажлын ард гарлаа мөн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа?

-Баярлалаа.

-Үзэсгэлэнд ирсэн хүмүүс ярьж байна л даа. “Хүмүүс” үзэсгэлэн жилээс жилд өргөжиж, чанаржиж байна гэж. Гардан зохион байгуулсан хүний хувьд энэ жилийн онцлог юу байв?

-Өнгөрсөн жил 30 гаруй гэрэл зурагчин бүтээлээ ирүүлж байсан бол энэ жил хоёр дахин их буюу 50 гаруй хүний бүтээл ирж түүнээс 22 зурагчны 30 бүтээл үзэгчдэд хүрээд байна. Түүнчлэн баримтат гэрэл зураг авах хүсэл сонирхолтой, суралцаж буй залуус жил ирэх тусам олширч байна. Энэ чиглэлээр дагнан ажиллаж, суралцаж буй хүний хувьд надад таатай, баярлууштай санагдаж байна даа. Яахав, хүмүүс баримтат гэрэл зургийг сонирхдоггүй юм шиг хэр нь сонирхдог, авдаггүй мэт боловч аваад байдаг. Гэвч нуулгүй хэлэхэд нийгэмд давамгайлж буй өнгө хөөсөн, хэт гялгар зургуудаас харьцангуй цөөн учир хөгжил нь жаахан удаан байж болох талтай. Бид энэ хөгжлийг хурдасгах, шат ахиулах улмаар дэлхий дахинтай эн зэрэгцэхийн төлөө л ажиллаж байна.

-Таныхаар баримтат гэрэл зургийг тодорхойлбол?

-Энэ үгийг олон ч удаа сонсч байсан л даа. Би хувьдаа гэрэл зургийн хаан нь баримтат гэрэл зураг гэдэгтэй санал нийлдэг.

-Бүх урлагийн хаан нь кино урлаг гэдэгтэй адил..?

-Тийм, баримтат гэрэл зураг бол хаан зураг. Гэрэл зургийн бүх л төрөл, хэлбэр явсаар нэгэн цэгт зангидагддаг гэвэл тэр оргил нь баримтат гэрэл зураг юм. Ер нь, баримтат зураг гэж яг үүнийг хэлнэ, тийм зургийг баримтат гэнэ гэсэн тогтсон тодорхойлолт, ойлголт гэж үгүй. Тийм ч учраас үзэж харж, үүх түүхийг нь мэдсэн хойноо хүмүүс баримтат гэрэл зураг гэж юу юм гэдэг өөрийн гэсэн үнэлэмж, ойлголттой болдог.

-Түүхэн ач холбогдол талаас нь авч үзвэл?

-Гэрэл зураг дэлхий нийтийг нэгтгэж тэр ч бүү хэл төр эргүүлж, дайны галыг зогсоож байсан удаа бий. Тиймдээ ч түүхэн талаас нь авч үзвэл дахин давтагдашгүй эх сурвалж болж чаддаг. Өнөөдөр чи аппаратаа үүрээд гарч болно. Магадгүй маш сайн гэж хэлж болохоор зургууд авна. Гэвч бид одоохондоо баримтжуулах зорилгоор л ар араас нь дараад байна. Угтаа, баримжуулах байдлаар зураг авах баримтат болгох хоёр асар их ялгаатай. Гэхдээ энэ миний л бодол юм шүү. Үүн дээр нэмж хэлэхэд баримтат гэрэл зургийн хөгжилд шууд нөлөөлж, үнэлэмж үнэ цэнийг нь өсгөх зүйл бол томилолт. Саяхан улс орны хэмжээнд ой, хээрийн түймрийн олон тохиолдол гарч гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ үеэр түймрийн голомт гэгдэж байсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу зурагчдаас явсан нь цөөн. Үүнтэй адил нэг үе Ноён уул, Ноён уул гээд л хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон л бичиж байсан. Гэвч нөгөөх Ноён уулын нэг ч гайгүй кадр гарч ирээгүй. Үүнд би зурагчдаа буруутгах гэсэнгүй. Харин гэрэл зургийн томилолт гэдэг ойлголт манайд бий болоогүй байна. Мэдээж бензин тосноос аваад замын зардал энэ тэрд маш их хөрөнгө орно. Гэтэл энэ мөнгийг редакц гаргах нь ховор. Тийм боломж бололцоотой нь ч цөөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан