Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Энхзаяа: Байгалийн онц аюултай үзэгдэл агшин зуурын байдаг

Л.Хатанбаатар

Наймдугаар сард цаг агаарын байдал урьдчилсан төлөвөөр ямар байх, хур тунадасны хэмжээний талаар Ус цаг, уур орчны судалгааны хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Энхзаяагаас тодрууллаа.

-Энэ зуны хувьд нийт нутгаар гандуу буюу хур бороо багатай байлаа. Хур тунадасны хувьд өнгөрсөн жилтэй харьцуулбал?
-Долдугаар сарын 20-ны байдлаар аймгуудын Хөдөө аж ахуйн цаг уурын өртөө, харуулаас ирсэн мэдээгээр нийт нутгийн 50 гаруй хувьд ургамлын гарц сайтай, 40 хувьд гандуу, үлдсэн 10 хувь гантай гэсэн мэдээлэл ирсэн. Гантай гэсэн 10 хувийн газар нутгийг нэрлэвэл Увс аймгийн Сагил, Түргэн сум, Хөвсгөлийн Хатгал, Архангайн Хайрхан, Сэлэнгийн Хушаат, Мандал, Баянгол, Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтийн Баян-Овоо, Баянмөнх, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Хүрмэн, Дунд-Говь аймгийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Дэлгэрэх гэсэн сум ороод байна.

-Тариалангийн бүс нутгуудад хэдий хэмжээний хур тунадас орсон бэ. Хур бороо ороогүйгээс ган болж, ургац ихээр алдлаа гэж тариаланчид хэлж байгаа?
-Газар тариалангийн бүс нутгуудад хур тунадас харьцангуй бага орсон. Зургадугаар сарын эх болон сүүлээр хур тунадас орсон. Сарын дундах 14 хоногт их халалт болсноос гантай боллоо, ургахаа болилоо гэж байна. Түүнээс олон жилийн дундаж орчим хэмжээтэй хур тунадас орсон байгаа. Түүнчлэн баруун аймгуудын нутаг болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дундажаас илүү хэмжээний хур тунадас орсон. Говийн аймгуудын нутгаар зургадугаар сард хур тунадас сайн орсноос зуншлага сайтай байна гэсэн мэдээ ирж байсан.

-Наймдугаар сард нийт нутгаар цаг агаарын байдал ямар байх урьдчилсан төлөв гарсан бэ?
-Наймдугаар сарын урьдчилсан төлөвөөр бол агаарын температурын хувьд баруун зүгийн нутаг Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нийт нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан буюу 1-1.5 хэмээр дулаан, бусад аймгийн хувьд олон жилийн дундаж байхаар төлөв гарсан. Хур тунадасны хувьд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, харин Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгийн хувьд олон жилийн дундаж орчимд хур тунадас орно гэсэн төлөвтэй. Төвийн нутгаар хувьд олон жилийн дундаж орчим  бороо орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан байгаа.

-Газар тариалангийн бүс нутгаар цаг агаарын байдал цаашдаа ямар байх вэ?
- Хөдөө аж ахуйн цаг уураас гаргасан урьдчилсан дүгнэлтээр наймдугаар сарын цаг агаарын нөхцөл байдал нь бэлчээрийн болон таримал ургамлын ургалтын байдалд таагүй нөлөөлж, харин хадлан тэжээл бэлтгэх ажилд эерэг нөлөө үзүүлнэ гэж гарсан.

-Газар тариалангийн бүс нутгууд ган гачигтай байв. Ойрын үед эдгээр нутгуудад хур тунадас их орлоо. Ингэснээр таримал ургамлын өсөлтөд нөлөөлөх үү?
-Төдийлөн нөлөөлөхгүй байх. Буудайнд чийг хэрэгтэй хугацаа нь зургадугаар сар юм. Энэ хугацаа гантай байснаар ургалтад муугаар нөлөөлсөн.

-Байгалийн онц аюултай үзэгдлийг урьдчилан таамаглах боломжтой юу?
-Байгалийн онц аюултай үзэгдэл гэдэг агшин зуурынх байдаг. Хоёр жилийн өмнө Архангайн Хашаат суманд болсон үзэгдэл бол үүний нэг жишээ юм. Хэдхэн минутын дотор хуй салхи маш хүчтэй дэгдэн машин хийсгэсэн явдал болсон. Байгалийн онц аюултай үзэгдэл манайд харьцангуй бага болдог. Ийм үзэгдлийг урьдчилан мэдээлэх боломж бараг байхгүй. Зуны хувьд бол усархаг бороо, өвлийн улиралд  их хэмжээний цас орно гэдгийг урьдчилан таамаглахаас биш, хичнээн миллметр хэмжээтэй бороо орж, үер болохыг хэлэх боломж байдаггүй. Өөрөөр хэлбэл хэд хоногийн өмнөөс аянга цахилгаантай усархаг бороо орохыг мэдэж чадахаас биш, хичнээн хэмжээтэй орохыг таамаглах боломжгүй юм.

-Ирэх жил мичин жил болно. Мичин жилээр зуд болдог зүй тогтол байдаг гэсэн ойлголт бий. Энэ нь шинжлэх ухааны хувьд хэр үндэстэй бэ?
-Наймдугаар сарын 25 гэхэд хүйтний улирлын урьдчилсан зургаан сарын мэдээ гарна. Энэ нь есдүгээр сараас ирэх оны хоёрдугаар сар хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв юм. Энэ мэдээгээр ирэх жилийн цаг агаарын ерөнхий төлөвийг харж болно. Үүгээр энэ өвлийн байдал ямар байх нь тодорхой болно. Жилд хоёр удаа дулааны, хүйтний гэсэн улирлын мэдээ гаргадаг. Мөн сарын болон долоо хоног бүрийн урьдчилсан мэдээ бэлтгэж, иргэдийн хэрэгцээнд бидний зүгээс нийлүүлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан